Дампуу яамны золиос нь СУРАХ БИЧИГГҮЙ ХҮҮХДҮҮД


Монголын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан бүтэн гурван жилийн турш гар дээрээ тавих сурах бичиггүй хичээллэв. Нэг бол ахлах ангийн сурах бичиг зохиох, хэвлэхэд шаардлагатай мөнгийг нь Сангийн яамнаас шийдэж өгөхгүй гацаана.

Эсвэл сурах бичгийн тендерийн маргаанаас болоод бүх ажил “Зэлтэрийн гацаа”-нд түгжигдэнэ. Ийм завхарсан дампуу зүйлийн хажуугаар хоноцын сэтгэлгээтэй сайд нар нь нүдэн балай, чихэн дүлий зөрөөд л өнгөрдөг. 

Одоо хүртэл арванхоёрдугаар ангийнхан сурах бичиггүй аргацааж байхад салбарын яамныхан нь огт өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж, “Ерөнхий сайдын даалгавраар шинжлэх ухааны хүрээлэн тус бүрээс 20 сая төгрөг гаргуулан мөнгө босгох ажил хийж байна гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна” хэмээн “шар сайт”-ынхантай мөчөөрхөж суух юм. 

Их нүүдэл ачаалсан жингийн цуваа явж байхад замын нохой боргоох тоолонд зогсож, чулуу авч шидээд байх зав уг нь байдаггүй сэн. Яалтай билээ дээ, манай энэ боловсролын эзэнгүйдсэн тогтолцоог.

Монгол Улсыг ирээдүйд авч явах монгол хүнийг төлөвшүүлэх үүрэгтэй нийгмийн суурь институц болох ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан яагаад сөхөөд харах сурах бичиггүй өнөө хүрэв гэдгийг өгүүлэхийн тулд багахан түүх сөхөх хэрэгтэй болно. 

2013 оноос Ё.Гантөмөр сайдын эхлүүлсэн сургалтын цөм хөтөлбөр хэмээх бүрэн дунд боловсролын ээлжит шинэчиллийн хүрээнд бүх ангийн сурах бичгийг шинээр зохиож, хэвлэх ажил өрнөсөн билээ.

Өнөөгийн боловсролын чиг хандлага нь мэдлэг олгохын тулд олон төрлийн, хэт шинжлэх ухаанч хичээлээр “бөмбөгдөхийн” оронд тухайн сурагчийг ирээдүйн амьдралдаа өөрийгөө аваад явчих хэмжээний чадвартай, бүтээлч бие хүн болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа тул агуулгын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байсныг үгүйсгэхгүй.

Урьд нь манай сургалтын агуулга тодорхой нэг сэдэвт суурилсан судлагдахуун төвтэй байсныг өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх нь цөм хөтөлбөрийн гол зорилго байсан гэдэг. Ингээд сайдыг нь үүрэгт ажлаа хийх хугацаанд буюу 2016 он гэхэд бага, дунд ангийн сурах бичиг зохиох, хэвлэх ажил бараг ихэвчилжээ.

Гэвч намар нь хичээлийн шинэ жил эхлэхэд ес, арав, арваннэг, арванхоёрдугаар ангийнхан сурах бичиггүй сууж байсан шалтгааныг зохиох, хэвлэхэд шаардлагатай дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамныхан шийдэж өгөхгүйгээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байв. 

Улсын мөнгөний авдрыг манаж буй яамныхны хэлдэг шиг угтаа энэ бол эдийн засгийн хямралаас болоогүй, харин сайд, дарга нар өвөлжин, хаваржин сонгуулийн бэлтгэл хангаж гүйгээд, юун хүүхдүүдийн сурах бичигт анхаарах манатай байсны илрэл гэвэл үнэнд дөхнө.

2016-2017 оны хичээлийн жилээс нэвтрүүлж эхэлсэн ахлах ангийнхны сургалтын цөм хөтөлбөрийн дагуу бол хамаатны маань охин ирээдүйд эзэмших сувилагч мэргэжлээ бодолцоод, заавал сонгон судлах хичээлээрээ хими, биологи, физик голлон үзэх ёстой байсан юм. 

Гэвч цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлийн төлөвлөгөөнд хамгийн их өөрчлөлт оруулсан, бас хамгийн их хохирол амсаж буй нь тэдний үеийн X ангийнхан. Х ангийн сурагчид заавал судлах хичээлээрээ улсын шалгалт өгч, заавал сонгон судлах хичээлээрээ батламж аваад, сонгон гүнзгийрүүлэх хичээлээрээ хоёр үе шаттай шалгалт өгсний дараа тухай хүүхдийн 35 кредит цаг гүйцэх ёстой байв. 

Гэтэл өнөө эдийн засагч юм уу, эмч болох хүсэлтэй хүүхдэд заавал монгол хэлний хавсарсан нийлмэл өгүүлбэрийг ойлгуулах гэж хичээх албагүй, гишүүдээр зуруулах гэж үйлийг нь үзэх бүр ч шаардлагагүй гээд байсан цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурах бичиг нь хэвлэгдэхгүй явсаар Х ангиа төгссөн.

Дээрээс нь нэг бүлэгт 20-30 хүүхэд байх ёстой гээд заачихсан учраас тус сургуулиас хими, биологийн хичээлийг сонгосон сурагчдын тоо дээрх хэмжээнд хүрээгүй гэсэн шалтгаанаар өнөө хүртэл тэдний ангийнхан олонхоо дагаад математик, англи судалж буй. Өнгөрсөн жил анги дэвшихэд нь мөн л арваннэг, арванхоёрдугаар ангийн сурах бичгийг хэвлэх байтугай зохиож ч эхлээгүй байсан тул тэгж ингэсхийж явсаар хавартай золгожээ. 

Арваннэг, арванхоёрдугаар ангидаа 36, 34 кредит цагийн хичээл судлаад, ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээгээ авах эрхтэй болно гээд байсан хөг нь ч аль эрт өнгөрсөн гэсэн үг. Ингээд амьдралынхаа хамгийн эгзэгтэй, чухал үед ирээдүйн ажил мэргэжлийнхээ баримжаа болгохоор сонгон судлах гэж буй хичээлээ ч үзээгүй, сурах бичиг ч үгүй төгсөх ангид орох нь тэр.

Сурах бичиггүйн улмаас бага ангийн хүүхдүүдтэй адил “Монголын нууц товчоо”-г хуулан бичээд, цаг нөхцөөж байсан “золиосны” үеийнхэн энэ жил дахиад л улирсан баларсан хуучин номуудаа хувилж, хоорондоо дамжуулаад ашиглаж байгаа аж. 

Хичээлийн шинэ жил талдаа орох гэж байхад төгсөх ангийнхан яагаад одоо хүртэл сурах бичиггүй явсаар байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Цөм хөтөлбөрийн хүрээнд одоо 24 нэр төрлийн сурах бичгийг шинэчлээгүй үлдсэний найм нь арванхоёрдугаар ангийнх. 

Эдгээр сурах бичгийг зохиох сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зохион байгуулсан. Улмаар наймдугаар сарын 17-нд сурах бичиг хэвлэх сонгон шалгаруулалтаа зарлаад байтал хувийн эрх ашгаа 600 мянган хүүхдийнхээс дээгүүр тавьдаг зарим нэг аж ахуйн нэгж аль хавар болоод өнгөрсөн тендерийг будилаантай гэж үзээд шүүхэд өгчихсөн” гэдэг тайлбар хэлэв. 

Шүүх өнөөх гомдлыг нь хэлэлцэх, байхын зуурт эргэж буцаасаар энэ сарын эхээр сая нэг хэрэгсэхгүй болгож, “зовлонт” 24 нэр төрлийн сурах бичиг хэвлэгдэх шатандаа оржээ.

Угийн хөл, толгойгоо алдсан эмх замбараагүй боловсролын салбар руу хэн дуртай нь ноцож, ажилд нь саад учруулдаг болсны жишээ энэ буюу. Үүнд төр, тодруулбал, бодлого тодорхойлогч салбарын яамны буруу хангалттай их буй. Гадаадын хөгжингүй орнуудад сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх хэлбэр нь товч бөгөөд тодорхой бас цомхон шат дамжлагатай байдаг бол манайхан барилдахаасаа таахалзах нь их гэдэг ортой. 

Тухайлбал, урьд нь манайд сурах бичиг зохиох эрхийг хүмүүс хийж туурвисан бүтээлээрээ олж авдаг байсан бол 2009 оноос хойш яамны томилгоогоор бүхнийг шийддэг болсон нь хар дагуулах томоохон эхлэлийг тавьжээ. Улмаар яамнаас томилогдсон ажлын хэсгийнхний зохиосон сурах бичиг бол “алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” гэдэг шиг олигтой шалгуур, хяналтгүйгээр хэвлэгдэх бүрэн эрхтэй төдийгүй тэдгээрийг хэрэглэх зөвшөөрлийг ч дээрээс шууд олгодог. 

Түүнчлэн томилогдсон ажлын хэсгийнхний дутуу орхисон сурах бичгийн эх зохиох ажлыг гүйцээхийн тулд зохиолыг дэмжих тендер зарладаг, эцэст нь хэвлэх болоход дахиад сонгон шалгаруулалт явуулдаг нь дамжлага болгондоо “мөнгө эргэлдүүлдэг” гэх хэрүүл маргаан дагуулдаг билээ. Тиймээс дунд нь түмний хүүхдүүд л хохироод үлдэж байна. 

Манайхан ч хонь шиг “номхон” хүлээцтэй ард түмэн учраас хүүхдийнхээ сурах бичиг зэргийн төлөө сайн дураараа нэгдэж, эсэргүүцэл илэрхийлнэ гэж гонж. Намар хичээлийн шинэ жил эхлэнгүүт багш нар нь ажил хаяад, хүүхдүүдийн хичээл дэнтэй дунтай байсан тул хэвлэлийнхэн ч сурах бичгийн асуудлаар яамныхны чихнээс хонх уяагүй өдий хүргэсэн бололтой.

Ямартай ч яамныхан энэ ондоо багтаагаад шинээр хэвлэсэн сурах бичгүүдээ хэрэглэгчдэд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгааг эцэст нь дуулгая. Угаасаа арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амрах юм чинь тэр болтол амжуулчихна гэсэн давхар бодолтой байгаа биз. Харин хоёрдугаар сард хичээл эхлэхэд төгсөх ангийнхан дахиад сурах бичиггүй сууж байвал амаа асуулгана гэдгээ мэдээрэй, яамныхаан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)