Дамжин өнгөрч буй нислэгийн тоо анх удаа 100 мянгад хүрчээ

Манай улсын агаарын замаар нэг жилд дамжин өнгөрч буй нислэгийн тоо анх удаа 100 мянгад хүрчээ. ХБНГУ-ын “Люфтханза” агаарын тээврийн компанийн Мюнхенээс Шанхайн чиглэлд нисэж явсан “Эйрбус 340” агаарын хөлөг өчигдөр 11.45 цагт манай улсын агаарын хойд хилээр орж ирсэн нь 100 мянга дахь нислэгээр бүртгэгдсэн юм байна.

Энэ талаар ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргалаас тодруулахад “Манай улсын агаарын зайг ашиглан буухгүйгээр зөвхөн дамжин өнгөрч байгаа нислэгийн тоо 100 мянгад хүрлээ. Энэ бол Монгол Улсын түүхэнд анх удаа хүрч буй дээд амжилт. Бид 2007 онд жилд 60 мянган нислэгийг газрын удирдлагаар хангадаг байсан.

Үүнээс 10 жилийн дараа буюу энэ он дуусахад 115 мянган нислэгт хүрэх тооцоотой байна. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж буй нь төр, засаг, Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-аас шат дараалан хийж хэрэгжүүлж байгаа, олон арга хэмжээний үр дүн гэж хэлж болно. Бид 2011 онд Монгол Улсын агаарын зайд нислэгийн багасгасан босоо зайчлал буюу тухайн үед 500 метрээр онгоц зөрүүлдэг байсныг 300 метр болгож багасгасан юм. Ингэснээр агаарын зайн багтаамж 40 хувиар нэмэгдсэн.

2012 онд бид Монгол дахь агаарын зайг хянадаг, нислэг хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд бодит ажиглалтын систем буюу локатор нэвтрүүлсэн. Онгоц хоорондын тууш зайчлал 10 минут буюу 150 км байсныг 30 км хүртэл багасгаснаар Монгол Улсын агаарын зайн багтаамжийг тав дахин ихэсгэсэн. Ингэснээр манай орны дээгүүр нисэн өнгөрөх онгоцны тоо нэмэгдэх боломжбүрдсэн.

Мөн дамжин өнгөрч буй агаарын хүлгүүдээс авдаг татварын системийг шинэчилсэн” гэлээ. Манай улсын ИНЕГ 87 улсын агаарын тээвэрлэгч 184 компанитай хамтарч ажилладаг бөгөөд тэдгээр компани манай улсын дээгүүр онгоцоо явуулдаг гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)