Д.Амарбаясгалан генсекээр, Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар сонгогдлоо

МАН-ын VII бага хурал өчигдөр болж, төрийн албан тушаалд томилогдсон гишүүдээ бага хурлын бүрэлдэхүүнээс хасаж, шинэ хүн сонгох, намын ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын дарга М.Энхболд бага хурлыг нээсэн улс төрийн илтгэлдээ “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг, хариуцлага” хэмээн онцлоод “Сүүлийн жилүүдэд ардчилал нэрийн дор дураараа аашлах, үүрэг хариуцлагадаа эзэн биш байх явдлыг өөгшүүлж, хариуцлага тооцох механизм эрс суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай нам энэ буруу зуршлаас ангид байх ёстой. Хариуцлага бидэнд, Монгол Улсад ус, агаар мэт нэн чухал байна. Бид хариуцлагатай байж чадах, эсэхээс, хэрхэн ухамсарлан хэрэгжүүлэхээс улс орны хийгээд МАН-ын ирээдүй шалтгаална” гэв.

Мөн “УИХ-ын 2-3 бүрэн эрхийн хугацаа дамнасан ч батлагдаагүй хуулийн төсөл, бодлогын шийдэл цөөнгүй. Улс оронд тулгамдсан болон ирээдүйд нэн чухал тэдгээр асуудлыг нухацтай авч үзэж, тооцоо судалгаа хийж, ард түмэн, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, гарцаагүй зөв шийдэл олох түүхэн боломжийг МАН алдах эрхгүй. Үндсэн хууль болон Сонгуулийн, Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна” гэлээ.

Намын даргын илтгэлийг сонссоны дараа төрийн албанд томилогдсон 33 хүнийг бага хурлын гишүүний сонгуульт ажлаас чөлөөлж, орны хүмүүсийг сонгох, намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, орон тооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Төмөрхүү нарыг жинхлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн одоо болтол бага хурлын гишүүн болоогүй байсан бөгөөд сая нэмэгдсэн 33 хүний нэг нь тэр байв. Намын дарга М.Энхболд ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Д.Гантулга нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийн нэрийг дэвшүүлсэн байна.

Ингээд Д.Амарбаясгалан өрсөлдөгчгүйгээр ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Бат-Энх бага хурлын гишүүдийн олонхын саналаар нарийн бичгийн дарга боллоо.

Мөн төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нартай хариуцлагын гэрээ байгуулах талаар ярьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)