Д.Алтанхуяг: Монголын балетынхан “Шанхайн уралдаан”-д оролцож байгаа нь хамгийн чухал

Шанхайн балетын олон улсын VI уралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж байхад тус уралдаанд зочноор уригдан очоод буй “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягтай холбогдож мэдээлэл авсан юм. Уралдаан маргааш өндөрлөнө.

Хоёр жил тутамд болдог тус уралдаанд энэ удаа 16 орны 73 балетчин өрсөлдөж байгаа аж. Манай улсаас шинэхэн Гавьяат, ДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин, мөн тус театрын балетчин Ц.Хишигжаргал нар урилгаар оролцож буй. Уралдааны эхний,  сонгодог балетын үзүүлбэрийн шатанд манай О.Анужин “Корсар”-ын па де де бүжиглэж, дараагийн шатанд шалгарч, орчин үеийн бүжгийн төрлөөр ур чадвар харуулах боломжоо нээгээд байлаа.

Залуу балетчин Ц.Хишигжаргал хүчтэй өрсөлдсөн ч дараагийн шатанд ур чадвараа харуулж хараахан чадсангүй. О.Анужин удаахь шалгаруулалтаа хэрхэн давсан талаар удахгүй мэдээлэх болно. “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн Д.Алтанхуягтай ярилцсанаа хүргэе.

-Энэ хэр чансаатай уралдаан бэ?

-Одоогоос 12 жилийн өмнөөс зохион байгуулж эхэлжээ. Энэ удаагийнх нь шагналын сан 50 мянган ам. доллар. Шагнал өндөртэйдөө бус балетын урлаг амьдрал нь болсон олон үндэстний уран бүтээлчдийн маш том баяр болж байна. БНХАУ энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгдөг юм байна. Нийт 24 сая хүн амтай Шанхай хотын иргэд хэдэн өдрийн турш энэ уралдаанаар амьсгалж байна.

Хэвлэл мэдээллйн хэрэгслүүд бүгд мэдээлж, гудамж бүрт уралдааны тухай мэдээлэл байна. Бээжингээс албаны хүмүүс олон ирсэн. Шанхай хотын дарга, удирдлага, соёл урлаг хариуцсан түшмэлүүд нь нээлтэд нь бүгд ирлээ. Мөн хотын удирдлагаас өдөр бүр ирж, явцтай танилцан, амжилт хүсч, орон орны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсээр.

Энэ наадмыг сонгодог урлагийн дэлхийн хэмжээний арга хэмжээ болгож, бүжгийн урлаг, тэр дундаа балет бол бахархал, үнэ цэнэ, хүч чадал юм гэдгийг харуулдаг юм уу гэж бодлоо.

-Манай балетчдыг Улаанбаатарт болсон Монголын балетын олон улсын анхдугаар уралдааны үеэр урьсан. О.Анужин амжилттай өрсөлдөж яваа юм байна. Ур чадвараар гадаадын шилдгүүдтэй эн тэнцүү байна, тийм үү?

-Дутах юмгүй, сайн байна. Ер нь сүүлийн үед манайд сайн балетчин болохоор залуус нэлээд гарч ирж байгаа. Гол нь тэднийгээ бүх талаар дэмжих хэрэгтэй. Энэ жил манай улс балетын олон улсын анхдугаар уралдаанаа зохион байгуулсан нь цагаа олсон, оновчтой шийдэл болжээ.

“Шанхай балет”-ын захирал Шин Ли Лид талархаж байна. Манай улсад уралдааны шүүгчээр очсон болохоор биднийг мэддэг болсныг хэлэх үү, Монголын балетыг дэмжих гэсэн хүсэл, сэтгэлтэй нь олон талаар харагдах юм.

Надад тусгай өрөө гаргаж өглөө. Манай О.Анужингийн хамтран бүжиглэгчээр “Шанхай балет”-ынхаа супер одыг нэр заасан. Энэ бүхэн их хүндлэл. Мөн бидний хувьд шат ахисан амжилт. Энэ жил БСШУСЯ, Соёл урлагийн хороо, ДБЭТ, манай сан хамтарч олон улсын уралдаан зохион байгуулсны үр дүн ингэж гарч байна. Бид уралдаан зохион байгуулахдаа юуг боломжийн түвшинд хийж, хаана алдсанаа ойлгож байна.

Зочноор ирснийх бүхнийг тайван ажиглаад сайхан явж байна. Дараагийн олон улсын уралдаанаа 2020 онд бүгдээрээ эхнээсээ маш сайн зохион байгуулалттай хийх хэрэгтэй гэж бодож байна.

Яг одоо орчин үеийн бүжгийн төрлийн шалгаруулалтын дүн хүлээгээд сууж байна.

-Манай О.Анужин гараад ирэх болов уу?

-Мэдэхгүй. Уг нь боломжийн бүжиглэсэн. Эхний шатанд өрсөлдсөн Ц.Хишигжаргал маань маш сайн байсныг тэмдэглэж хэлмээр байна. Би ч “За, болчихлоо. Маш сайн“ гэж бодож байсан юм. Гэтэл дүн гарахад дараагийн шатанд шалгараагүй байлаа.

-Хишгээ эх орондоо ирчихсэн үү?

-Үгүй ээ, яалаа гэж. Энд хамт байна. Анужингаа дэмжээд, юм үзэж хараад байж байгаа. Урлагийн энэ их том арга хэмжээг хүмүүс хэрхэн зохион байгуулж байна, юуг яаж хийдгийг бид бүгд хамтдаа харж, үндсэндээ судалж байна. Манай улс олон улсын II уралдаанаа хоёр жилийн дараа зохион байгуулахад бид гурвын үзсэн, харсан, ойлгосон зүйлүүд маш их хэрэг болно.

Өмнө нь би олон улсын уралдаануудад оролцдог, өөрөөр хэлбэл өөрийгөө бэлтгэдэг, хүмүүстэй нэг их уулздаггүй, тайзан дээр гарч бүжиглэдэг тийм л хүн байлаа. Олон улсын найман уралдаанд оролцсон юм билээ. Мөн Ролан Петигийн багт аялан тоглож байхдаа ч тэр сайн бүжиглэхээ л бодно уу гэхээс өөр юунд ч анхаардаггүй байжээ.

Харин өөрсдөө олон улсын уралдаан зохион байгуулах болохдоо л “Ямар том ажил барьж авав аа” гэж бодсон. Төрийн дэмжлэг, балетын урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, олон хүний ачаар ард нь гарсан. Одоо энэ хүмүүстэйгээ хамтраад хоёр дахь уралдаанаа маш сайн зохион байгуулна. Азид балетын олон улсын уралдаан ховор. Энэ гоё урлагаар дамжуулж эх орноо, үндэстнийхээ давуу талуудыг, уран бүтээлчдээ дэлхийд сурталчлах өргөн боломж байна.

Нэг холбогдсоных гээд бодож байснаа нэлээд ярьчихлаа. Манай Анужин гайгүй гараад ирэх байх аа. Хоол унд зохихгүй байна уу, хоол боловсруулах талд жаахан асуудалтай байгаад байна. Түүнээс болж нэлээд ядарсан. Эхний шатандаа ч гэсэн тийм байдалтай бүжиглэсэн. Даваад гарсан. Балет бол гоо сайхны урлаг. Гэлээ ч биеийн, булчин, шөрмөсний, хүчний хуваарилалтын урлаг.

Хүч, энерги зарцуулдгаараа тамирчидтай адил. Аль аль нь өөрийгөө ялан дийлэхийн, тэсвэр, тэвчээртэй эсэхийн шалгуур байдаг. Шилдгүүдийн эгнээнд багтсангүй гэж харамсах юмгүй. Дэлхийн бүх тивийн хамгийн шилдэг 73 балетчиныг “Шанхай балет”-ын захирал болоод удирдлагын багийн гишүүд өөрсдийн нүдээр харж, судалж урьсан шүү дээ. Монголын балетынхан энд оролцож байгаа нь чухал.

Энэ бүх балетчины болоод уригдсан хүмүүсийн Шанхайд байх хугацааны бүхий л зардлыг зохион байгуулагчид дааж байна. Сонгодог урлагийн ийм том баяр болж байна. Уралдааны явцыг интернэтээр дэлхийд шууд цацаж байна. Тэгэхээр дэлхий нийт Шанхайд балетын олон улсын уралдаан болж байна гэсэн мэдээлэлтэй байна. Холбогдож мэдээлэл авч байгаад баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)