Даланзадгад суманд шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83%-тай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байгаа юм.

МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байна.

Шинээр барьж байгаа цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй аж.  Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж байна. Цэвэрлэх байгууламж 8 дугаар сард ашиглалтад орно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)