Далайн буланд “нуугдагсад”

Маршалл болон Соломоны арлууд, Микронез, Кирибати, Палау, Самоа, Тонга, Вануату, Науру, Тувалу нь бүгд Номхон далайн арал улс бөгөөд шинэ төрлийн коронавирусийн үхлийн аюулаас зайлсхийж чаджээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр сард эрх баригчид гадаадын жуулчдыг нэвтрүүлэхгүй, иргэдээ хил давахыг хориглосон аж. Үүний үр дүнд “Ковид-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Аз жаргалын эдгээр арлын зарим нь хөрөнгө оруулсан хүнд иргэний харьяалал олгох санал тавьдаг байжээ. Цар тахлыг дэлхий даяар давсны дараа ийм хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн тоо эрс ихсэх бололтой.

АЗТАЙ АРЛУУД

“Одоо манай улс энэ дэлхийн хамгийн аюулгүй газар байх” гэж Маршаллын арлуудаас АНУ-д суух Элчин сайд, хатагтай Роксан Кабрал үзэж байна. Манай гаргийн халдвар хамгийн их тархсан улс дахь ажлынхаа байр луу тэрбээр очихгүй байхыг илүүд үздэг. Р.Кабрал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогдсон хэдий ч эх орондоо үлджээ.

Байгаль орчин, арлуудыг хамгаалахад хяналт тавьдаг олон улсын байгууллагууд дэлхийн дулааралтай тэмцэхэд бэлэн. Энэ жил Маршаллын арлууд дахин онцгойрч, бусдаас түрүүлж, гуравдугаар сарын эхээр гадаадынхныг хил нэвтрүүлэхгүй, иргэдээ хилийн чанадад зорчихыг хоригложээ. Хятадтай харилцаагаа бүр эрт буюу хоёрдугаар сард тасалсан байна. Цар тахал диваажингийн буланг тойрч өнгөрөх нь тодорхой болсон аж.

Хэмжээг нь эрс багасгасан ч гадаадаас авдаг барааны улмаас эрсдэл бага гэлтгүй байв. Хавайн арлуудаас Америкийн Гуам чиглэлийн нислэг долоо хоногт хэд хэдэн удаа Маршаллын арлуудад буудаг байсан нь цар тахал дэгдсэнээс хойш сард нэг болж цөөрчээ. Зорчигчид (нэгэнд ч Маршаллын виз олгоогүй) онгоцноос буухгүй. Ачааг буулгамагцаа ариутгаж байна. Номхон далайн орнуудад усан замаар хүрэх боломжтой ч таатай бус. Гадаадын иргэд 21 хоног хөл хорионд байх бөгөөд эрэг рүү буух эрх авахын тулд гурван удаа шинжилгээ хийлгэж, халдвар тээгээгүй гэдгээ нотлох хэрэгтэй болдог.

ХАШИГДСАН ДИВААЖИНГИЙН БУЛАН

Маршаллын арлуудаас баруун тийш орших Палау улс гадаад ертөнцөөс тусгаарлагджээ. Үр дүн нь хөрш улсын адил боловч эдийн засгийн алдагдал иргэдэд нь хүнд тусаж байна. Төсвийнх нь 60 хувийг аялал жуулчлал бүрдүүлдэг. Диваажингийн арлын наран шарлагын газруудад хязгаарлалт тогтоосноор эзгүйрч, зочид буудлын тогооч нар эх орон нэгтнүүдээ урихаас өөр аргагүй болсон аж.

“Ковид-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь тус улсын нийслэл Корорыг хаа сайгүй байгаа сандрал тойрсонгүй. Өнгөрсөн хавар тус арлынхан дэлхий нийтийн адил ариун цэврийн цаас, ариутгалын бодис, согтууруулах ундаа олноор нь худалдан авч, нөөцөлсөн. Австрали, АНУ-д өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоосон нь палаучуудыг бүрмөсөн импортгүй болох нь гэсэн айдаст автуулжээ. Урьд нь ийм зүйл тохиолдож, муугаар эргэж байсан аж. Соёл иргэншлээс тусгаарлахаас өөр аргагүй болохдоо арлынхан юуны түрүүнд нөөцдөө санаа тавьжээ.

Коронавирусийн халдвар авах эрсдэл тэдэнд Маршаллын арлынхнаас хурцаар мэдрэгдсэн байна. Өнгөрсөн хавраас эхлэн Засгийн газар нь иргэдээ татаж эхлэв. Амьдрахад уйтгартай, мөнгөгүй болсон, хөлийн газар олноороо ажиллах шаардлагын улмаас палаучууд хилийн чанадад зүдрэх болсон аж. АНУ-д “Ковид-19” туссан номхон далайнхны эзлэх хувь тус улсын дундаж үзүүлэлтээс хэд дахин их байна. Халдвар тараах эрсдэлтэй ч Палау иргэдээ татахаар болсон. Харин Маршаллын арал эх орон нэгтнүүдээ авахгүй гэдгээ мэдэгджээ. Хилийн чанадад тус улсын жирийн хэдэн зуун иргэн төдийгүй Эрүүл мэндийн сайд Жек Ниденталийн гэр бүл хүртэл байгаа аж.

“АМРАЛТ, СУВИЛЛЫН ГАЗРЫН ХУРААМЖ”

Номхон далайн ямар улс иргэдээ татаж, аль нь үүнээс татгалзаж буй тухай асуудал тус бүс нутгаас илүү чухал ач холбогдолтой болжээ. Номхон далайн зарим улс паспортоо тодорхой хэмжээний мөнгөөр авах боломжийг гадаадын иргэдэд олгодог, эсвэл олгож магадгүй. Энэ нь олон зүйлийг өөрчилнө. Өвөрмөц орны иргэн болохын тулд хөрөнгө оруулах нь аврагдах, цар тахлын шинэ давлагаатай тулгарахаас зайлсхийх, эсвэл бүр дэлхийд нүүрлэх, тааварлахын аргагүй ослыг давах боломж олгох юм. Коронавирус хаана хүрсэн, эсвэл хүрээгүйг хэдийн сайн мэддэг болсон манай гаргийн чинээлэг иргэд арлынхны саналыг ажиглаж л байгаа.

Цар тахал гараагүй Кирибати улс 1990 оноос 15 мянган долларын хөрөнгө оруулсан хүнийг иргэнээ болгоход бэлэн байв. 2004 онд авлигын улмаас эл саналаасаа татгалзжээ. Гэвч 2010 оноос хуучин журмаа сэргээх талаар тус бүс нутаг даяараа буюу Тонга, Самоа, Палау, Тувалу, Микронез, Маршаллын болон Соломоны арлууд, мөн Кирибатид ч ярих болсон аж. Харин ханш нь хэдэн зуугаас олон мянган долларт хүрчээ.

Хөрөнгө оруулалтын цагаачлалын асуудал хариуцсан компаниуд цахим хуудсандаа мэдээлснээр коронавирусээс ангид буй бас нэг улс болох Вануту цар тахлын өмнө хөрөнгөтэй гадаадынхныг 130 мянган доллароор иргэнээ болгож байв. Цар тахлын дараа ч тус улсын эрх баригчид үнээ нэмэхгүй байх бололтой. Тус арлын төсөвт мөнгө илүүдэхгүй, Палаугийн адил Вануату аялал жуулчлалын орлогоо алдсан нь эмзэг тусаж, наран шарлагын газрууд нь эзгүйрч, зочид буудлуудын ажилтнууд шинэ ажил хайх болжээ.

ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРААЛ

Номхон далайн орны иргэн болохын өмнө газар зүйн байдал, байгаль орчныг нь сайн судлах хэрэгтэй. Өнгөрсөн оны байдлаар диваажингийн гэмээр зарим арал манай гаргийн жуулчид хамгийн цөөн очдог улсад тооцогдож байна. Тухайлбал, Тувалу жилд 200 орчим жуулчин хүлээн авдаг. Ижил нөхцөлтэй Науругийн үзүүлэлт ердөө 160. Эдгээр аралд дэд бүтэц хөгжөөгүй нь газар зүйн алслагдмал байрлалтай нь холбоотой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор эдгээр улс эрсдэлийн бүсэд оршдог. Агаарын температур нэмэгдэхийн хэрээр далайн түвшин дээшилнэ. Үүний ууршгаар XXI зууны эцсээр энэ хоёр улс усанд автах эрсдэлтэй.

Эрсдэл нүүрлэж мэдэх бас нэг улс Кирибатигаас 2015 онд явсан Иоане Теитиота уур амьсгалын дүрвэгчээр өөрийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн манай гаргийн анхны хүн болжээ. Номхон далайн ус гэрт нь улам ойртсоор буй учир зугтах нь түүний хувьд ганц аврал хэмээн тэрбээр үзэж байна. Шинэ Зеландын шүүх түүний дүрвэгч болох гэсэн шалтгааныг хангалтгүй хэмээн үзэж, татгалзсан хариу өгчээ. Харин НҮБ түүнд тулгамдсан асуудлыг ойлгон хүлээн авч, уур амьсгалын цагаачлал нь XXI зууны чухал сорилт болохыг зарласан байна. Ийм аюул нүүрлэсэн орнуудын тоонд Кирибатиг багтаажээ.

Диваажингийн арлуудад усны асуудлаас гадна эрүүл мэндийн тогтолцоо сул аж. “Ковид-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй учир тусгаар тогтносон жижиг улсууд аюулгүй байна. Гэсэн ч тэдний газар нутагт халдвар тээсэн нэг л хүн очвол байдал эрс өөрчлөгдөнө. Эл өвчнийг түргэн дарах боломж нутгийн эмч нарт байхгүй. Дэлхийн бусад улсаас тусгаар оршин тогтноход тэд бэлэн бус аж. Палау үүнд онцгой анхаарч байна. “Манайх алслагдмал, жижиг улс учраас тулгамдсан асуудлаа шийдэж чаддаг. Гэхдээ вирус илэрвэл бидэнд тулгарах сорилт хоёр дахин нэмэгдэнэ. Тиймээс үйл явдал ингэж өрнөхөөс зайлсхийхийг бид их хичээж байна” гэж Палаугийн Ерөнхийлөгч Томас Ременгесау хэлжээ. Тэрбээр хөрш Умард Марианы арлуудын жишээг татав. Аюулгүй байдлын бүх арга хэмжээг авсан хэдий ч өнгөрсөн долдугаар сард халдварын анхны тохиолдлыг хамгийн аюулгүй гэгдэх эргээс илрүүлсэн аж. Энэ сорилтоо жижиг улс давж чадах, эсэхийг цаг хугацаа харуулах биз. Палау, Маршаллын арлууд болон Тувалу байдлыг амьсгаа даран ажиглаж байна.

Бэлтгэсэн: Б.Ариун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)