Дайриймаа: Авто машины жинг хөдөлгөөн дунд нь хэмждэг болсноор замын эвдрэлийг багасгана

Манай авто замын салбарт энэ жил шинээр найман стандарт боловсруулан баталжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн С.Дариймаагаас тодрууллаа.  

            -Монголд өнөөдөр хэрэгжиж байгаа авто замын зарим стандарт, норм нормативыг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэдэг. Салбарын судалгаа шинжилгээг нь хийдэг байгууллагын хувьд танайх энэ талаар ямар ажил хийж байна вэ?

            -Монгол Улсын авто замын салбарт өнөөдөр 200 гаруй норматив баримт бичиг мөрдөж байгаа. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох авто замын томоохон бүтээн байгуулалт ид өрнөж буйтай холбоотойгоор олон норм норматив, стандартыг шинэчилж, заримыг нь шинээр боловсруулж байна. Тухайлбал, энэ жил авто зам, замын барилга байгууламжийн ажил, материалын шинжилгээний чиглэлээр найман стандарт шинээр баталсан. Одоо шинэчлэн боловсруулж байгаа 22 норм, стандарт бий.

            -Шинээр баталсан стандартууд ямар ач холбогдолтой баримт бичгүүд юм бол?

            -Авто замын хаалт ямар стандарттай байх ёстойг анх удаа албан ёсоор хуульчилж өглөө. Урьд нь манайд ийм стандарт байгаагүй учраас төлбөр хураах цэгүүд, төлбөртэй авто зогсоолын газрынхан буруу зөрүү төлөвлөсөн хаалт хэрэглээд, ард иргэдийг бэртээлээ, машин техникийг нь сэвтээж гэмтээсэн гэдэг гомдол их гардаг байсан. Одоо тэгвэл дээрх байгууллагууд энэ стандартыг мөрдөж эхэлснээр аль аль талынх нь аюулгүй байдлыг хангах боломжтой болсон. Бас нэг онцлох стандарт бол машины жинг хөдөлгөөн дунд нь хэмжих олон улсын баримт бичгийг Монголд анх удаа нэвтрүүллээ. Хотоос гарах замуудын төлбөр хураах цэгүүдэд авто пүү ажилладаг шүү дээ. Түүн шиг замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэлгүй, авто машины жинг хөдөлгөөн дунд нь хэмжих стандарт нэвтрүүлснээр замын эвдрэл гэмтлийг багасгах чухал ач холбогдолтой юм. Энэ замаар төдөн тонноос дээш ачаатай машин зорчиж болохгүй, энд болно гэдгийг зааж өгснөөр эдэлгээ нь ч уртасна. Нөгөөтэйгүүр, уул уурхайн болон барилгын компаниудыг дээрх стандартыг мөрдөхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Энэ мэтээр цаашид бид замын барилга, байгууламжийн ашиглалтад хяналт тавих чиглэлээр олон стандарт, норм норматив боловсруулж, мөрдүүлнэ.  

            -Монгол Улсын авто замын хучилтын стандарт таван см гэдэг. Гэтэл япончууд Нарны замын зөвхөн асфальт хучилтийг 14 см зузаан тавьсан. Манайх замын хучилтаа энэ стандарт руу дөхүүлж болдоггүй юм уу?

            -Авто замын барилгын ажлын норм норматив, чанарын хяналтын стандартыг эхнээс нь шинэчилж байгаа. Манайх өмнө нь Оросын стандартыг мөрддөг байсан шүү дээ. Эдгээрийг шинэчилж, америк стандарт нэвтрүүлж эхэлж байна. Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тулгуурлан авто замын шинэ хийц, төрөлжүүлсэн стандарт боловсруулах чиглэлээр бид үе шаттай ажлууд хийж байгаа. Гэвч олон улсын жишигт нийцүүлсэн шинэ стандартуудыг мөрдүүлнэ гэхээр замын хийцийн өртөг нэмэгддэг. Үүнийг хаана хаанаа ойлгож, тухайн замын онцлогт тохирсон стандарт нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй юм. Одоо манайд ийм зохицуулалт байхгүй учраас авто замын хучилт таван см-ээс доошгүй байх ёстой гэдэг стандартыг ихэвчлэн мөрдсөөр байгаа. Гэхдээ бүгд тийм биш. Жишээ нь хаана, ямар зориулалттай зам тавихаас шалтгаалаад хучилтын стандарт өөр байдаг. Тухайн замын барилгын ажлын зураг төслөөр хучилтыг хэдэн үеэр хийхийг зааж өгдөг. Тэр зураг төсөлд заасны дагуу норм, дүрмээ баримтлаад явдаг. Гуравдугаар зэрэглэлийн, хот доторх замд гэхэд л хучилтыг хоёр үеэр буюу 7-9 см зузаан хийх ёстой байдаг.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)