Дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох Дайчилгааны тухай хууль

УИХ-ын 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт оруулсан болон шинээр баталсан хуулиудыг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа Дайчилгааны тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орсныг хүргэе. Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Дайны байдлын тухай, Зөрчлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зургадугаар сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар баталсан.

Дайчилгааны тухай хууль 1998 онд батлагдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж иржээ. УИХ-аас 2015 онд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, 2016 онд Монгол Улсын батлан хамгаалахын багц хуулиудыг баталсантай уялдуулж Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Тиймээс улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох, дайчилгааны талаарх субъектүүдийн үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх зорилгоор Дайчилгааны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)