Дайнд ялахын тулд тулаанд ялагдав

Асуудлыг Оросоос эхэлье. “А” хэсгээ тэргүүлэх тэргүүн зэргийн шаардалга тэдэнд байгаагүй. Учир нь хоёрдугаар байр илүү ашигтай байх төлөв анхнаасаа бүрэлдсэн. Тиймээс дасгалжуулагч Станислав Черчесов өмнөх хоёр тоглолтод голлох үүргийг гүйцэтгэсэн Жирков, Головин, Фернандес гурваа өчигдөр болсон Уругвайн эсрэг тоглолтод гаргаагүй. Тэр ашиг нь юу вэ гэж? Хэрэв Уругвайг хожоод нэгдүгээр байрыг эзэлвэл шөвгийн 16 шатны тоглолтоо Сочид хийнэ. Хоёроор шалгарвал нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэхдээ 80 мянгын үзэгчийнхээ өмнө тоглоно. Сонголт аль нь вэ? Мэдээж, Москва. Гэртээ бэлтгэлээ базааж байгаад чухал тоглолтод оролцох шиг тав тух гэж юу байх билээ. Сочигийн +30 хэмд тоглох шиг муухай нөхцөл гэж хаа байх вэ. Самара хотын 32 хэмийн аагим халуунд Орос, Уругвайн хөлбөмбөгчид гүйх гэж махаа идсэн шүү дээ.

Удаахи нюанс нь, хасагдах эхний шатны өрсөлдөгчөө аргалж чадваас шөвгийн 8-гийн учраа нь бусдаас сулавтар байх нигууртай юм. Одоогийн хүснэгт, болох тоглолтуудаас харахад энэ шатанд Хорват, Данийн хожсон нь шалгарч үлдэхээр байна. Энэхүү хоёр нюанс Оросын шигшээд нэгийг бодогдуулсан байж таараа. Мэдээж, ард түмнийхээ өмнө албаар хожигдоно гэж юу байх билээ. Тиймээс хожих, хожигдохын аль нь ч бай гараад үзэлцэе л гэж Черчесов шийдэж. Ингэхдээ дараагийн шатны тоглолтдоо бэлтгэх зорилгоор гурван шинэ хөлбөмбөгчинг Уругвайн эсрэг тоглуулсан. Гэвч энэ төлөвлөгөөг нь Смольников үгүй хийв. Оростоо тоглож байна гэж төсөөлж л дээ. Улсынхаа топ клуб “Зенит”-гийн нөлөөнд дулдуйдаж хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй байдалдаа мань хүн бүр дасчихаж. Шар хуудастай байж алдаж явуулсан хүнийхээ араас өшиглөсөн хачин үйлдлийг нь ингэж л тайлж ойлгоно. Тэр талбайгаас хөөгдсөнөөр оросууд 65 минутын турш 10-лаа тоглосоор 0:3-ээр дийлдсэн. Турших гэсэн тактикийнхаа биелэлтийг харж чадаагүй ч гэлээ Черчесов хоосонгүй. Ямар байрлалд юу үгүйлэгдэж байгаагаа сайн мэдэж авлаа. Айхтар их магтаалд умбаж агаар мандлын дээр гартал хөөчихсөн тоглогчдын нь ханад ч дарагдав. Одоо бүх юм өөр болсон, бүх учраа хүчтэй шүү гэдгээ ухаарсан. Үүний үр дүн Испанитай хийх тоглолтоос харагдах биз ээ.

Харин “Б” хэсгийн лидерүүдийн дунд “Оросын төлөөх” дажин өрнөв. Португаль, Испанийн хувьд хасагдах шатанд эхлээд Оростой, дараа нь Дани, Хорватын ялсантай өрсөлдөх шиг дардан зам үгүй шүү дээ. Тиймээс тэд хэсгийн тэргүүн байрыг эзлэхийн тулд байдаг хүчээ шавхаж, байгаа хөлсөө урсгав. Бүр сүүлчийн хором хүртэл тэмцлээ. Минут биш секунд шүү. Яг энэ мөчид хоёр тоглолтын шийдвэрлэх гоолууд орсон. Энэ бол португаль, испаничууд Оросыг ямар их “хүсч” байсны тод баталгаа. Роналду талбайгаас хөөгдөнгөө алдсаныг харсан байх. Ямар их хор шар, хүсэл тэмүүлэл вэ. Уурлаж бухимдаад, ноцолдож нүдэлдээд байх шаардлагагүй нөхцөлд мань хүн том асуудал үүсгэсэн. Видео шүүгч байгаагүй бол талбайгаас өдийд хөөгдчихсөн байх байлаа. Хөгширсөн гэх Иньеста багаа хожилд хүргэх гэж ямар их хөдөлмөрлөв өө. “Барса”-даа ингэж гүйгээгүй шүү, энэ жил. Эгзэгтэй үед багийн балансын доголыг жигдрүүлж, аюултай мөчид тоглолтын мяндсан судсыг атгаж байлаа. Нуль ухаан.

Орчин үеийн хөлбөмбөг гэж зүгээр л ШАТРЫН НҮҮДЭЛ болж. Тоглолтын эхний секундээс сүүлчийн дооль хүртэл урьдчилан тооцогдож байна. Ийм нүүдлийг португаль, испаничууд өчигдөр хийлээ шүү дээ. Португаль өргийг боловсруулагч нь дасгалжуулагч Сантуш байсан бол Испанийн тавилыг удирдагч нь Иньеста байв. Эцсийн дүнд Испанийн аз шовойж дээр яригдсан дөт замыг урдаа заслаа. Асуудал шийдэгдсэн байдал нь бүр ч нарийн. Португаль, Испанийн авсан оноо нь 5. Оруулсан гоол нь 5 болон 6. Ганцхан гоолын зөрүү л бүхнийг шийдэв. Олон гоол оруулснаараа Испанийн шигшээ Оросыг аманд авч, Португалийн баг хүчирхэг Францын өвөрт шидэгдэв.

Дараагийн нүүдэл өнөө орой хийгдэнэ. Стратегийн давуу байдал Хорват, Францын гарт бий, тактикийн санаачлага Исландад байгаа. Аргентинд бол найдвар л байна. Ай даа, мөн ч гоё нүүдэл хийгдэх буй за. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)