Давшилт, ухралттай тодотгол

УИХ-ын ээлжит бус чуулганыг баасан гаригт хаав. Сүүлийн хэдэн өдөр эрхэм түшээд 21.00- 22.00 цаг өнгөртөл хуралдаж, шахсаны эцэст ийнхүү хаасан нь тэр. Үүгээр хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа дуусгасныг УИХ-ын дарга онцолсон байна лээ. Төсвийн гүйцэтгэл, энэ оны тодотгол, 2017-2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах нь уг чуулганы гол зорилго байлаа.

Ялангуяа төсвийн орлого тасрахаар байгаатай холбогуулан оруулж ирсэн тодотгол нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртсэн юм. Ер нь хамгийн их хэл ам, шүүмжлэл дагуулсан тодотгол боллоо. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд бүсээ чангалах нь зүйн хэрэг. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэхээс илүү иргэдийн халаас руу гараа дүрэх хялбар арга сонгосноороо эрх баригчид буруудсан юм.

Засгийн газраас найман төрлийн татвар нэмэх, цалин, тэтгэмж хасах, торгууль, хураамжийг өсгөх санал оруулж ирээд иргэдэд ч, сөрөг хүчинд ч баахан “балбуулав”. Эрхбиш байгуулагдаад хоёрхон сар болж буй, “дөжирч” амжаагүй байгаа учраас тэд иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч, татвар нэмэх, цалин хасах саналаа буцааж баталлаа. Гэхдээ мэдээж бүх хүн сэтгэл хангалуун үлдсэнгүй.

“ЭНЭ ОНД ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХҮМҮҮСИЙГ ХОХИРООХГҮЙ”

Найман төрлийн татвар нэмэхийг нийгмээрээ эсэргүүцэж, эдийн засаг хүнд үед иргэдийнхээ нуруун дээрх ачааг нэмэх хэрэггүй хэмээн гишүүд нь ч сануулснаар Засгийн газар саналаа буцаасан. Иргэд ч тайвшрав.

Орон нутгийн сонгуулийн өмнө намынх нь нэр хүнд үүнээс болон унаж буй учраас дээрх саналаа түр хойшлууллаа гэсэн хардлагад эрх баригчид “Ирэх онд ч татвар нэмэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сайн хэрэг. Сонгуулиар амласнаа тэд биелүүлэх үүрэгтэй. Гэвч энэ жил тэтгэвэртээ гарах гэж байсан төрийн албан хаагчид “бөөрөнхий” хариутай, хүлээлттэй үлдэж байна.

Тэдэнд төрөөс нэг удаа, гурван жилийн үндсэн цалинтай нь дүйх хэмжээний тэтгэмж олгодог. Гэтэл тодотголоор 12 сар болгон бууруулах санал орж ирснээр батлахаас нь өмнө амжаад тэтгэвэртээ гарах гэсэн хүмүүсийн хүсэлтэд байгууллага нь дарагдсан юм. Тэтгэвэртээ гарах төрийн албан хаагчдын тэтгэмжийг бүрэн олгоход энэ онд 102 тэрбум төгрөг хэрэгтэй байсан аж.

Гэвч энэ оны төсөвт 66 тэрбум төгрөг л баталсан юм байна. Дутуу мөнгийг нь нэмж олгох эдийн засгийн боломж тааруу учраас эрх баригчид шууд л хасах, танахыг илүүд үзсэн хэрэг. Нөгөө өнцгөөс бол байсан мөнгөнд нь тааруулсан гэсэн үг. Гэвч энэ санал нь нийтийн эсэргүүцэлтэй дахин тулсан учраас тайвшруулсан хариу хэлээд орхиж байна.

Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолыг батлахдаа “Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын тэтгэмжийг ажилласан хугацаанаас нь хамаарч буцааж 36 хүртэлх сар болгон оруулж ир” гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн юм байна.

Ингэснээр аравдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газраас тэтгэмжийн хэмжээг багасгасан алдаагаа засах учраас энэ онд тэтгэвэрт гарах нэг ч хүний эрх ашиг хохирохгүй гэсэн тайлбарыг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийхдээ онцолсон. Ингээд тодотголоор тэтгэмж хасаж баталсан ч энэ сардаа багтаан өргөн барих хуулиар уг асуудлыг нөхөн шийдэх юм байна.

ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 51 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАВ

Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголд орлого, зарлага нь адилхан нэмэгдсэн байсан. Төсвийн алдагдлыг ядаж 1-2 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол байдал хэцүүднэ хэмээн Монголбанк ч, УИХ-ын гишүүд ч олон удаа сануулсан. Гэхдээ эцэст нь алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр бууруулан баталж байна.

Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхний саналын дагуу улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65 тэрбум төгрөгөөр бууруулахаар болов.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр багасгахаар болж буй аж.

Ийнхүү хэл ам, шүүмжлэл дагуулсан төсвийн тодотголыг баталлаа. МАН-ынхан сонгуулиар өгсөн амлалтынхаа эсрэг “давшилт” хийсэн ч олон нийтэд ялагдан ухарлаа. Ирэх гурван сар гаруйн хугацаанд ямартай ч иргэдийн цалин хасагдахгүй, татвар нэмэгдэхгүй болж байна. Бас он дуустал оюутнуудад 70 мянган төгрөгийнх нь тэтгэлгийг олгох аж.

Нөгөө талаар олон нийтийг бүхэлд нь хамраагүй зарим нэг “халааслах” арга, санал хэвээр үлдэж байна. Тухайлбал, ослын тэмдэг, эмийн сан зэрэг тодорхой хэрэгслийг жолооч нараас шаардаж, дутуу хүнийг торгож буй. Эндээс төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Тэгэхээр улсынхаа төсвийн алдагдлыг төлөх үйлсэд хүчин зүтгэх, эсэхээ жолооч нар шийдэх хэрэгтэй болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)