“ДАВХАР ТАТВАРЫН ГЭРЭЭГ АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨХ, ҮГҮЙ БОЛ ХУГАЦАА НЬ ДУУСАХАД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОДЛОГО БАРЬЖ БАЙГАА”

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр товлосноосоо хоёр цаг гаруйн дараа хуралдлаа. Эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын танилцуулснаар биелэлт 76.1 хувьтай буй аж. Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээ төлөвлөсний 65 нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай бол 27 нь бүрэн, 23 нь 90 хувь, 20 нь 70, 11 нь 50 хувь биелжээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Энхболд давхар татварын гэрээг эргэж харахыг анхааруулж, хаврын тариалалтын бэлтгэл хангах, малын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй болон V цахилгаан станцын талаар тодруулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Засгийн газар бусад улстай байгуулсан давхар татварын бүх гэрээг эргэн харж, шинэчлэх чиглэл барьж байгаа. Манай улс гадаадын 33 улстай ийм гэрээтэй. Эдгээрээс тавынх нь гэрээг хүчингүй болгосон.

Үлдсэн гэрээ нь татварын эрх зүйн орчны хувьд манайхтай ижил төстэй. Ер нь давхар татварын гэрээг өөрийн улсад ашигтайгаар өөрчлөх, үгүй бол хугацаа нь дуусахад хүчингүй болгох бодлого баримталдаг. Газар тариалангийн салбарт цогц бодлого дэвшүүлж, богино хугацааны арга хэмжээг дэс дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Тариалалтын чиглэлээр гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр жагсаалтыг шинэчлэн баталж, үрийн нөөцөд анхаарч байна. Тариаланчдад энэ долоо хоногоос зээл олгож эхэлнэ. Ноолуурын үнийг бууруулахгүй байх цогц арга хэмжээ авч байгаа.

Холбогдох хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон” гэв. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “V цахилгаан станцыг концессоор барихаар гэрээ байгуулсан. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтцийг нь шийдвэрлэнэ. Станцын ус, газрын асуудалтай холбогдсон дагалдах гэрээнүүдийг энэ сард багтаан байгуулж дуусгахаар ажиллаж байна.

Эдгээрийг байгуулж, концесс эзэмшигч хөрөнгө босгосон санхүүгийн хаалтын гэрээг эцэслэсний дараа барилгын ажил эхэлнэ” гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн С.Дэмбэрэл 2015 онд өрхийн бодит орлого яаж өөрчлөгдсөн, зээл, орлогын харьцаа ямар байгаа, уул уурхайн болон уламжлалт бус экспортын хэчнээн бүтээгдэхүүн гадаад зах зээлд гаргасныг тодруулж асуусан боловч ажлын хэсэг тоймтой хариулт өгөөгүй учраас энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахаар боллоо.

Түүнчлэн гишүүн Ц.Дашдоржийн хүсэлтээр зам, барилгын ажлын хөрөнгө оруулалт, гүйцэтгэл болон ипотекийн зээлийн эх үүсвэртэй холбогдсон тодорхой тоо баримтын талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд ирүүлэх үүрэг хүлээв. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Г.УЯНГААС УЛБААТАЙ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Мөн гишүүн Н.Батбаярын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй бол түүнийг уг хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцохоор нэмэлт оруулж буй юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Г.Уянга нарын гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргаж, түүнийг нь хэлэлцэх гэхэд хуралдаа оролцохгүй байснаас үүдэн гишүүн Н.Батбаяр уг төслийг санаачилсан юм.

Гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ч зуун хувь дэмжлэг хүлээв. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог. Гэвч өрсөлдөөн их энэ үед Дархан мэргэн төрөх боломж хомс байгаа гэж үзэн, улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байрт шалгарсан харваачид “гоц харваач”, хоёрдугаарт шалгарсан бол “гарамгай мэргэн”, нэг түрүүлсэн харваачид “улсын мэргэн”, улсын мэргэн цолтон түрүүлбэл “улсын хошой мэргэн”, хошой мэргэн цолтон түрүүлбэл “даяар дуурсах мэргэн”, даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.

Тус хуралдаанаас Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг гишүүн М.Батчимэгээр ахлуулан байгуулахаар боллоо.

Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)