“Давхар дээл”-ийн дууль дуусахгүй нь

УИХ-ын гишүүнийг сайдаар томилж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт, тэнцвэр алдагдаж байгааг засаж, “давхар дээл”-ийг нь тайлж, нимгэлэх нь өдгөө маргаан тарьж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол асуудал биш гэж үү. Тиймээс Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн л “давхар дээл”-тэй байж болох санал хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд тунаад буй. Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Дээрх зохицуулалтыг баталчихвал хоёр засаглалын хоорондох хяналт сайжрах нь лав. Тэгвэл Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн заасан.

...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаа батлах, эсэхээс үл хамааран шийдэл хүлээж буй асуудал нь нутгийн удирдлагын гажуудал, зөрчил юм...

Энгийнээр хэлбэл, ИТХ, Засаг дарга хамтран, харилцан хяналттайгаар нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Гэтэл хамтран атгах учиртай нутгийн удирдлагад Засаг даргын оролцоо өндөр, давуу байдалтай явж ирсэн байдаг. Үүнийг бидэнд хэдийн танил болсон “давхар дээл” гэх нэршлийн хүрээнд ойлгож болох юм. “Давхар дээл”-ийн дууль дуусахгүй нь.

Нэн ойрын баримт хэлье. МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл, Монгол дахь Конрад-Аденауэр сан хамтран хийсэн гурав дахь удаагийн бодлогын судалгааны тайлан, зөвлөмжийг өчигдөр Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөв. Энэхүү бодлогын судалгааны сэдэв нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь”. 2017 онд анхны судалгаагаа эхлүүлэхдээ Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл гэх бүтэц бий болгон, Монгол, Германы 20 орчим судлаач, эрдэмтнийг багтаан ажиллажээ. Тэд гурван жилийн өмнө ч нутгийн удирдлагын үр нөлөө бүхий тогтолцоо бий болгох арга замыг эрэлхийлж байжээ. Чухам тэр үед ч улстөрчдийн дунд Үндсэн хуулийн маргаан ид өрнөж, нутгийн удирдлагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох вэ гэдгийг ярьж байв. Нутгийн удирдлагыг хэрэгжүүлж буй Хурлууд бие дааж, хараат бусаар ажиллаж чадахгүй байгааг энэ удаагийн судалгаа ч нотолж байна. 

Жишээ нь, энэ оны зургадугаар сарын байдлаар нийслэлээс гадна зарим аймаг, сумын нийт 11 ИТХ-ын төлөөлөгчдийн 43.2 хувийг тухайн орон нутгийн Засаг даргаас шууд хамааралтай буюу түүний орлогч, доод шатны нэгжийн Засаг дарга, төрийн үйлчилгээний албан хаагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар бүрдүүлж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын төлөөлөгчөөр гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс сонгогддог, эсвэл сонгогдсоныхоо дараа дээрх албан тушаалд очдогоос нутгийн удирдлагын болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт давхцаж, хяналт алдагдаж буй шалтгаан энэ. Улмаар ИТХ-ууд Засаг даргын боловсруулж, танилцуулсан асуудлыг хэлэлцэхэд дийлэнх хугацаагаа зарцуулж, идэвхгүй ажилладаг нь илт аж. Судалгаанд дурдсанаар ИТХ-уудын хэлэлцсэн асуудлуудын 65.6 хувийг Засаг дарга боловсруулсан байх жишээтэй. Гэтэл иргэний өмнөөс сонгогдсон төлөөлөгч өөрөө асуудал боловсруулан шийдвэрлүүлсэн тохиолдол ердөө 0.07 хувийг эзэлж байна. Уг нь Үндсэн хуульд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн заалт бий.

Орон нутаг дахь улстөржилт, намчирхал хэтийдсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бус “намуудын төлөөлөгчдийн хурал” болчихоод байна гэлтэй. Өнгөрсөн хугацаанд 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, 330 суманд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 8089 хүний ердөө 1.3 хувь нь бие даан нэр дэвшсэнээс харахад ч ойлгомжтой. Бусад 98.7 хувь нь улс төрийн намууд, тэр дундаа ээлжлэн эрх барьсан АН, МАН-ын төлөөлөгч гэсэн үг. Тиймээс ч ИТХ дахь намын нөлөөллийг багасгах, төрийн албан хаагчдыг тэнд орох боломжийг хаах хэрэгтэйг судлаачид хэлж байна. Цаашлаад орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж, оролцохыг нь хориглох талаар хуульчлахыг шаарддаг. Гэхдээ орон нутгийн сонгуульд намыг оролцуулахгүй гэх хязгаарлалтыг Үндсэн хуулиар бий болгосон ардчилсан улс байдаггүйг туршлагатай хуульчид хэлж ирсэн. Харамсалтай нь, манайд шат шатны сонгууль нь иргэдийг талцуулах, нам дагасан хүн төрийн албанд ажиллах, ямар нэг давуу байдал олж авдаг. Иймд орон нутгийн сонгуультай холбоотой уг асуудлыг Улс төрийн намын, эсвэл Сонгуулийн тухай хуулиар хойш тавьж, хугацаа алдалгүй зохицуулах нь зүйтэй биз ээ.

Байдал ийм атал сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд сонгох тухай саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд хөндөн хэлэлцэж байсан юм. Ийм агуулга бүхий санал УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн аль алинд нь байсан. УИХ-ын гишүүдийн хувьд дөрөв, Ерөнхийлөгч таван жилээр сонгоно гэж тусгаснаас бус зарчмын ялгаагүй заалт дэвшүүлсэн. Энэ тохиолдолд бүх нийтийн сонгуулиар сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нутгийн удирдлагын асуудалдаа ач холбогдол өгөх нь хэтийдэж, төрийн хууль биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлэх аваас түүнийг огцруулах санаачилгыг дээд шатны Засаг дарга нь сум, дүүргийн ИТХ-д оруулж, иргэдээ төлөөлж шийдвэрлэж байхаар тусгаад байсан юм. Ингэснээр нутгийн удирдлагын буюу ИТХ, Засаг даргын хоорондын харилцан хяналт-тэнцэл сайжирна хэмээн найдаж байв. Тэртэй, тэргүй тухайн орон нутагт олонх болсон намаас Засаг даргаа “тавьдаг” жишиг тогтсон атал дахин сонгууль зохион байгуулж, улстөржих ньутгагүй байлтай. Гэхдээ үүнийг хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн олонх дэмжээгүй тул “унасан”. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд нэгэнт хөндөгдсөн заалт тул ирэх найман жилийн хугацаанд үүгээр оролдох нь хуулиар хориотой.

Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэгчлэн нэг бус, нэлээд хэдэн парламент дамжин ярьж, өнгөрсөн хавар, зунжин хэлэлцэж, хэрэлдэж, зөвшилцсөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах их ажил одоогоор нам зогсчихоод байна. Энэ нь манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF)-ын “саарал жагсаалт”-д орсон, эсвэл ирэх сарын 15 гэхэд батлах учиртай ирэх оны төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг гэх мэт гэнэтийн, зайлшгүй асуудлаас болсон хэрэг биш юм. Хэдийгээр УИХ дахь үнэмлэхүй олонхыг зангидаж байгаа дарга нь энэ долоо хоногт уг төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хийнэ гэж хэлж байгаа ч зөвшилцлийн ажлын хэсгийнхэн хуралдаж, ярилцах шаардлага байгааг нуугаагүй. Өөрөөр хэлбэл, юуны түрүүнд зөвшилцөл гээч зүйл хамаг ажлыг зогсоогоод байна. Цаашлаад гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүллээ ч УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хувилбараас тунаж үлдсэн 35 санал нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй хүний дэмжлэг авч, батлагдах, эсэх нь бэрх болчихоод буй. Ард нийтийн санал асуулга явуулах хувилбар ард хоцорсон ч Ардын намынхны эв түнжингүй байдал ийн бэргэхэд хүргэсэн гэхэд болно.

Өөдрөгөөр харж, үнэмлэхүй олонх бүхий энэ парламент 27 жилийн түүхтэй Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт, өөрчлөлтийг баталсан ч үлдэж, хоцрох хэд хэдэн асуудал байна. Тэдгээр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой. Үндсэн хууль судлаачдын зарим нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг хөндөх нь зайлшгүй биш, дараа ярилцах боломжтой гэж хойш тавьдаг ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгохыг бодит байдал шаардаж буй нь маргашгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаа батлах, эсэхээс үл хамааран шийдэл хүлээж буй асуудал нь нутгийн удирдлагын гажуудал, зөрчил юм.

Харин хот, тосгоны эрх зүйн үндсийг Үндсэн хуулийн агуулгад нийцүүлсэн, “шинэтгэлийн” гэх тодотголтой заалт дэмжигдэн, тунаж үлдээд буй. Хэдийгээр Дархан, Эрдэнэтийг хотын статустайгаар, нэр заан Үндсэн хуульд тусгуулах гэсэн зарим гишүүний хувьд сэтгэл дундуур байгаа ч Д.Лүндээжанцан тэргүүтэй санаачлагчид нь “Дэлхийн улс орнуудад засаг захиргааны нэг нэгжийн нутаг дэвсгэрт хэд хэд, заримдаа олон арван хот, тосгон ямар эрх зүйн үндсэн дээр ажиллаж, амьдарч байгааг судлахгүйгээр хотыг шууд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болговоос тоо нь хяналтаас гарна. Улмаар 1990 оноос өмнө уул уурхайн үйлдвэр, сангийн аж ахуй дагасан засаг захиргааны нэгж байгуулж байсан үйл явц давтагдаж, хожим нь залруулахад маш хүнд болно” хэмээн тайлбарлаж байгаа билээ. Иймээс хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээ эдлүүлэх шийдвэрийг хуулиар тогтоох буюу УИХ-д хадгалуулахаар хал балгүйхэн санал үлдээгээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)