Давхар бүртгэл хийлгэснээр иргэдийн хандлага сайжирчээ

Монголын хөрөнгийн биржээс Үнэт цаас давхар бүртгүүлэх боломж, давхар бүртгэгдсэн анхны компанийн туршлагаас хуваалцах семинарыг баасан гарагт зохион байгуулжээ. Үнэт цаасны бүртгэлийн шалгуур болон хувьцаат компанийн тогтмол үүргийн хэрэгжилтийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг өндөр түвшинд хангадаг гадаадын 26 биржийн аль нэгэнд бүртгүүлсэн тохиолдолд МХБ-д давхар бүртгэл хийлгэхийг зөвшөөрдөг аж. Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчилсэн хуульд тулгуурлаж, Санхүүгийн зохицуулах хороо болон МХБ-ээс үнэт цаасны давхар бүртгэлийн журмыг 2018 онд баталсан. Үүний дагуу Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанийн хувьцааг өнгөрсөн зургадугаар сард анх удаа давхар бүртгэсэн юм. Тус компанийнхан “Үнэт цаасаа дотоодын биржид гаргаснаар үйл ажиллагаа явуулдаг сумдын иргэдэд үнэгүй хувьцаа эзэмшүүлсэн. Ингэснээр иргэдийн ойлголт, дэмжлэг нэмэгдсэн” гэж ярьжээ. Мөн үнэт цаас гаргах ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй дөрвөн сар орчим үргэлжилснийг тодотгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)