“Даацын мэдрэгч ажиллаагүйгээс цахилгаан шат унасан”

“Пума империал” зочид буудлын өргөтгөл буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуультай залгаа орших “Эрдэм тауэр”-ын цахилгаан шат унаж, гацсан явдал уржигдар 16 цагийн алдад гарчээ. Азаар хүн амь эрсдээгүй ч дотор нь сууж явсан найман иргэний хоёр нь хөлөө бэртээжээ. Цахилгаан шатнаас гарсны дараа тэдний олонх нь бөөлжиж, гуйвж байсан гэж уг буудлын хамгаалагч ярилаа.

Чичирхийлэл, доргилтоос үүдэлтэй гэмтэл хожуу илрэх тохиолдол бий учир иргэд эрүүл мэндээрээ хэрхэн хохирсныг дүгнэхэд эртэднэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цахилгаан шат 17 давхраас уруудаж байгаад таван давхраас гэнэт доош унаж, хонгил хэсэгт гацсан байна. Энэ үед шатны дээд хэсгээс шороо унан, гэрэл нь тасарсан гэж хохирогчдын нэг ярьсан.

Өчигдөр 12.00 цаг орчимд зочид буудалд очиход цахилгаан шат нь хэвийн ажиллаж байсан бөгөөд буудлын ажилтнууд “Өмнө нь ийм осол гарч байгаагүй. Даац хэтэрснээс ийм зүйл боллоо” гэсэн юм. Осол гарсан даруйд очиж, нөхцөл байдалтай нь танилцсан НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Сүнжидмаа “Улсын комисс буудлын өргөтгөлийг хүлээж авахдаа, цахилгаан шатанд техникийн үзлэг хийсэн. Ослын шалтгаан нь даацын мэдрэгч ажиллагаагүй болсонтой холбоотой. “Даац хэтэрлээ, аюултай шүү” гэж иргэдэд анхааруулах боломжгүй байсан гэсэн үг. Даацын мэдрэгч бол цахилгаан шатны гол эд анги” хэмээн ярилаа.

Олон нийтийн сүлжээнд түгсэн энэ талаарх мэдээллийн доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь “Шат өөр шалтгаанаар унасан байж болзошгүй, сайтар шалгах хэрэгтэй” гэсэн байв. Харин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн эл хэргийн шалтгааныг тодруулахаар шалгаж буй гэнэ. Дашрамд дуулгахад, эл зочид буудал “Dresdon elevator” брэндийн, 630 кг-ын хүчин чадалтай цахилгаан шаттай, дунджаар есөн хүн суух боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)