Даатгуулагч хариуцлагатай байхгүй бол 73.2 тэрбум төгрөг “цаас” болно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл одоогоос хоёр жилийн өмнө “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг даатгалын сангаас улсын эмнэлэгтэй ижил хувиар санхүүжүүлдэг болгоно. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, иргэдийн санхүүгийн дарамт буурч, хүссэн эмнэлэгтээ чирэгдэлгүй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ амлалт эдүгээ ажил хэрэг болж, төр, хувийн хэвшлийн эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж, үйлчилгээний зардлын тарифын зөрүү үе шаттай буурч, томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна. Тодруулбал, даатгуулагчид өмчийн хэлбэрээс үл хамааран, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ өвчний оношийн бүлгээс шалтгаалж, зардлын суурь үнийг 175 000 төгрөгөөр тооцон, хөнгөлөлт эдэлдэг байсныг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс 400 000 төгрөг болгож нэмэв.

...Менингитээр хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл өртгийн жинг нь 1.2047, зүрхний шигдээсийн эмчилгээ 2.3120, цээж, хэвлийн хөндийн эрхтний гэмтлийн үед 3.0670 гэх мэтчилэн өвчин бүрээр харилцан адилгүй үнэлсэн байна. Иргэд дээрх оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол зардлаа тооцохдоо жишээ нь, суурь үнэ болох 400 000х1.2047= 481 880, цээж, хэвлийн хөндийн эрхтний гэмтлийн үед 400 000х3.0670=1 226 800 төгрөг гэж бодон, үндсэн төлбөрөөсөө хасуулж, хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг...

Гэхдээ даатгалаас хөнгөлүүлэх 400 000 төгрөг бол зөвхөн суурь үнэ. Ингэж тодотгосны учрыг одоо сийрүүлье. Албаныхны хэллэгээр, үүнийг тухайн өвчний өртгийн жингээр үржүүлэн тооцох бөгөөд оношийн бүлэг, нэр, төрлөөс хамаарч уг үнэлгээ 1.6 сая төгрөг болтол нэмэгдэх боломжтойг иргэд заавал мэдэх хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгийг хувийн эмнэлгээс авсан тусламж, үйлчилгээний зардлаасаа хасуулна гэсэн үг. Учир нь хувийн эмнэлгүүд энэ жилээс л иргэдэд даатгалаар үнэгүй үйлчлэх гээд байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд төр, засгаас улсын эмнэлгийн үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг нь өргөжүүлж, төрөлжүүлэх, дэмжих бодлого баримталсан ч тэд ачийг бачаар хариулсаар ирснийг олон нийт гэрчлэх биз ээ. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгийн ачааллыг үүрэлцэж буйнх нь хариуд хувийн хэвшлийнхэнд жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс 30-40 тэрбум төгрөг зарцуулдаг байсан ч иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэх үүргээ төдийлөн биелүүлээгүй гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу.

Даатгуулагчид өмнө нь хувийн эмнэлгээс авсан зарим тусламж, үйлчилгээнийхээ зардлаас жилд дунджаар 800-900 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан гэх. Үүнд нь зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 онд гэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 48.8 тэрбум төгрөг олгожээ. Харин энэ онд тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмсэнтэй холбоотойгоор уг зардал 73.2 тэрбум төгрөг болж өссөн гэнэ. Тиймээс иргэд хувийн эмнэлгүүдийн даатгалаар үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид өмнөхөөсөө илүү хяналт тавьж, шаардах эрхтэй боллоо. Уг ажлыг хэрэгжүүлж, хяналт тавих үүргийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан хүлээж буй бөгөөд тэд хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлэхээр гэрээ байгуулсан улсын болон хувийн эмнэлгүүдэд чанартай, аюулгүй, хүртээмжтэй цогц үйлчилгээ үзүүлэхийг онцгойлон анхааруулснаа хэлсэн. Түүнчлэн энэ жилээс тэдэнд тавих хяналтыг улам чангатгаж, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэхгүй байх үүрэг, чиглэл өгчээ.

Гэсэн хэдий ч дээрх үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан зарим хувийн эмнэлгийнхэн даатгалын гэрээгээ зөрчин, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмж, иргэдийг хохироосон хэвээр байгаа тухай гомдол, санал ЭМДЕГ-т ирсээр байгаа аж. Үүний дагуу тус газрынхан Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооныхонтой энэ сарын 21-нд уулзаж, санал солилцсон байна. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан хувийн эмнэлгүүд цаашид даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээнээс нэмэлт төлбөр авч, иргэдийг хохироохгүй байхад анхаарч, гэрээний үүргээ биелүүлэхэд нь Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооныхныг хамтарч ажиллахыг хүсжээ. Тус холбооныхон ч уг саналыг зөвшөөрсөн гэнэ.

Тэгэхээр даатгуулагчид улсын эмнэлэгт үзүүлэх гэж олон хоног, сараар дугаарлалгүй гэрээ бүхий хувийн эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлэхэд илүү хялбар болж байх шиг. Гэхдээ дараах зүйлсийг анхаараарай. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Д.Сарангэрэл 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд 28 дугаар тогтоол гаргаж, хувийн эмнэлэгт даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хувь хэмжээ, оношийн бүлгийн жагсаалт, өртгийн жинг баталсан байдаг. Уг тогтоолд өмчийн хэлбэрээс үл хамаарч, хэвтүүлэн эмчлэх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлын суурь үнийг тус бүр 400 000, оношилгоо, шинжилгээ 55 000, сэргээн засах, уламжлалтын болон сувиллын үйлчилгээг тус бүр 250 000 төгрөгөөр хөнгөлөх болсон. Ингэхдээ өртгийн жингээс хамаарч эдгээр зардал дээр дурдсанчлан нэмэгдэх аж. Тодруулбал, менингитээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл өртгийн жинг нь 1.2047, гавал, нугасны идээт үрэвслийн үед 1.4352, зүрхний шигдээсийн эмчилгээ 2.3120, цээж, хэвлийн хөндийн эрхтний гэмтлийн үед 3.0670 гэх мэтчилэн өвчин бүрээр харилцан адилгүй үнэлсэн байна. Иргэд дээрх оношоор хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол зардлаа тооцохдоо жишээ нь, суурь үнэ болох 400 000х1.2047= 481 880, цээж, хэвлийн хөндийн эрхтний гэмтлийн үед 400 000х3.0670=1 226 800 төгрөг гэж бодон, үндсэн төлбөрөөсөө хасуулж, хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Зонхилон тохиолдох 405 төрлийн өвчнийг дээрх тогтоолд оруулж, улс, хувийн эмнэлгүүд өртгийн жин тус бүрээр ингэж тооцон, 89 000-1 600 000 төгрөгийн хөнгөлөлтийг даатгуулагчдад үзүүлэх юм.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ гэдэгт 24 цагаас дээш хугацаагаар ортой эмнэлэгт, эмчийн зааврын дагуу эмчилгээ, оношилгоо, сувилгааг цогц хийхийг хэлэх бөгөөд уг үйлчилгээг даатгуулагчдад зохих журмын дагуу үзүүлсэн эмнэлгүүд л улсаас санхүүжилтээ авах юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эмчилгээ, үйлчилгээнд эмчийн үзлэг, зөвлөгөө, эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувилахуйн тусламж багтсан байна. Эдгээрийг зайлшгүй шаардлагаар буюу үйлчлүүлэгчээр гаднаас авхуулсан тохиолдолд тухайн эмнэлэг зардлыг нь заавал буцаан олгохоор дээрх 28 дугаар тогтоолд журамлажээ. Түүнчлэн хэвтүүлэн эмчлэх хугацаанд тухайн иргэнд үзүүлсэн шүд, амны хөндийн амбулаторийн үзлэг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний төлбөрийг ч даатгалаас санхүүжүүлэх юм байна. Өвчтөнийг тасаг хооронд шилжүүлэн хэвтүүлсэн тохиолдолд хувийн эмнэлгүүд үүнийг нэг гэж бүртгэн, оношийн бүлгээр, өртгийн жинг тооцон, зардлыг нэхэмжлэх үүрэг хүлээжээ.

Өртгийн жин гэдгийг иргэд төдийлөн мэддэггүйгээс хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, гарахдаа төлбөрөөсөө суурь үнэ болох 400 000 төгрөгийг ч хасуулж чаддаггүй, мадлуулах нь энүүхэнд аж. Уг нь төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд Эрүүл мэндийн тухай хуульд заасанчлан шинээр баталсан хууль, тогтоомж, дүрэм, журмыг иргэд, даатгуулагчдад сурталчлах, уриалах үүрэгтэй ч үүнийгээ биелүүлэх ашиг сонирхол бараг байдаггүй нь нууц биш.

Эдүгээ улсын хэмжээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн 1500 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж буйгаас 300 орчим нь ортой, үлдсэн нь үүдэн буюу өдрөөр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээрээс ортой, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг нийслэлд хөнгөлөлттэй үнээр үзүүлэх чадамжтай 84 эмнэлэгтэй ЭМДЕГ-ынхан гэрээ байгуулжээ. Тодруулбал, бидний сайн мэдэх “Баянзүрх” болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Болор мэлмий”, “Орбита”, “Ачтан”, АСЭ, АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг, “Бүсгүй”, “Хатагтай”, “Мангут”, “Номун” “Гурван гал”, “Бумаа санаа”, “Интермед”, “Интерферон альфа”, “Грандмед”, “Улаанбаатар мед”, “Аллерги мед”, “Монгол хьюндай”, “Мамба дацан”, “Далд увдис”, “Гэгээн манал”, “Мөнгөн гүүр”, “Гарьд манлай”, “Солонго”, “Улаанбаатар сонгдо”, “Таны төлөө бид”, ЭМЖЖ, АВМА, “Ортопед”, “Ивэн”, “Найдвар хоспис” зэрэг эмнэлэг багтжээ.

Гэрээт эмнэлгүүдийн жагсаалт, холбоо барих утасны дугаар, хаягийн мэдээллийг ЭМДЕГ-ын www.emd.gov.mn цахим хуудаснаас авах боломжтойг энд тэмдэглэе. Хэрэв хувийн эмнэлгүүд таныг мэдээлэлгүйгээр далимдуулж, даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний өртгийн жинг нэмж, илүү төлбөр авахыг завдвал тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарын утсанд мэдэгдэж, эрхээ эдлээрэй. Мөн улс, хувийн хувшлийн эмнэлгүүдэд даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хувь хэмжээ, оношийн бүлэг, өртгийн жинг уг сайтаас харж, эмчилгээний зардлаа өөрөө тооцох боломжтой гэсэн үг.

Хамгийн гол нь иргэд хувийн эмнэлгийг зорихдоо эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг, эсэхийг нь судалж, очоорой. Учир нь хувийн эмнэлгүүд жилд дунджаар 170 гаруй мянган хүнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг ч тэдний хэдэд нь хөнгөлөлттэй үнээр үйлчилсэн талаарх судалгаа алга. Гэсэн ч албаныхан хувийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлж, тэрбум тэрбумыг цацсаар ирсэн. Харин одооноос даатгуулагчид өөрсдийнхөө мөнгөнд хяналт тавьж, хариуцлагатай байхгүй бол хувийн эмнэлгүүдэд зарцуулахаар төсөвлөсөн 73.2 тэрбум төгрөг “цаас болж” мэдэх юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)