“Даатгалын цахим систем ажиллахгүй” хэмээн иргэдийг чирэгдүүлжээ

ЭМДЕГ-аас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгодог эрх бүхий 60 эмийн санг санамсаргүй түүврээр сонгон энэ сарын эхний долоо хоногт шалгаснаа танилцуулав. Ингэхдээ эмийн сангуудын халдвараас сэргийлсэн заавар, зөвлөмжийг мөрдөж буй, эсэх, сард хөнгөлөлттэй үнээр эм олгосон хугацаа, ачаалал, эмийн нөөц, цахим системийн хэвийн ажиллагааг нь шалгажээ. Тэдгээр эмийн сангийн дийлэнхэд нь халдвар хамгааллын горим зөрчсөн, шаардлагатай эмийн хангалт муу, нөөц бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээр нь даатгуулагчдыг чирэгдүүлж, эмээ дутуу авах, өөр эмийн сан хайх, урт дараалалд удаан хугацаагаар зогсох шалтгаан болжээ. Түүнчлэн эмийн сан эрхлэгчид даатгалын цахим мэдээллийн программыг ажиллуулахгүй, ашиглаж чаддаггүйгээс “Эрүүл мэндийн даатгалын цахим систем цаанаасаа ажиллахгүй байгаа” хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг нь тэднийг бухимдуулах бас нэг нөхцөл болдгийг албаныхан хэлсэн. Тиймээс нэр бүхий эмийн сангуудад зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Бэлтгэсэн: О.Оргилох


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)