Даалгавар хэмээх “ДАЙСАН”

Хөрш маань 2-11 насны гурван хүүхэдтэй. Бага охин нь энэ жил азаар “албатай” болсон. Том охин нь тавдугаар ангид сурдаг. 11 настай тэрбээр тун хэрсүү, бас сүрхий. Гуравдугаар ангид сурдаг, ганц хүү нь жаахан тиймхэн. Эрхэлнэ, залхуурна, бас дүүгээ шоглоно. Зуны хэдэн сараас бусдад нь хөршийн хэд үргэлж “тулаантай” байдаг юм.

-Суугаад, даалгавраа хийгээч. Чи эхлээд дүүгийнхээ даалгаврыг хийлгэчихээд, өөрийнхийгөө хий,

-Миний даалгавар барагдахгүй байна. Энэ чинь хичээлээ ойлгохгүй болохоор би яах юм бэ. Ээж ээ, аав аа, энэ чинь даалгавраа хийхгүй утсаар тоглоод байна. Би энэ бодлогыг нь ойлгохгүй юм. Та өөрөө бодоод үзэхгүй юү.

-Өө, энэ дүүг аваач ээ, хичээл хийлгэхгүй байна. Миний үзэг..., ном..., дэвтэр авчихлаа, урлаа шүү дээ. Ээ л дээ, үрчийлгэчихлээ, би одоо яах юм бэ....

Орон сууцны “цаас” шиг нимгэн ханын цаанаас өдөр бүр шахам сонсдог иймэрхүү “хэрүүл” тэднийхээс амралтын өдрүүдэд ч тасрахгүй. Хамгийн аймаар нь “дайн” ихэвчлэн 19.00 цагаас хойш эхэлж шөнө хүртэл үргэлжилнэ. 00.00 цагаас хойш бол маргаашид тооцдог гэж бодохоор хөршийнхөн маань хоног дамнан хэрэлдэж, ноцолдож, заримдаа нус нулимстайгаа холилдон байж хоёр сурагчийн гэрийн даалгавар хийлгэдэг гэсэн үг. Ингээд ч ард нь гарахгүй.

Өглөөний ээлжинд хичээллэдэг охин үүр цүүрээр явж байгаа нь үүд хаах чимээнээс илт. Үлдсэн хоёрынх нь “алба” эхлэх цаг 09.00, 13.30. Аав нь олон хоногоор хөдөө ажилладаг болохоор хэдэн хүүхэдтэйгээ “гардан тулалддаг” нь ээж. Тиймээс тэрбээр одоогоор албан ажилгүй. Зүгээр суух чөлөө завгүй ч “ажилгүй” гэгддэг гэрийн эзэгтэй нарын нэг нь тэр бөлгөө. Айлын бүсгүй бага хүүхдээ цэцэрлэгт хүргэхийн тулд замын түгжрэл, энэ тэр саадыг бодолцоод 08.20 цагт гэрээсээ гараад, эргэж ирэхэд 09.00 болчихно. Хаалгаар хамраа цухуйлгаад л “Миний хүү босоорой, даалгавраа хийхгүй бол амжихгүй нь. Хурдан бос” гэж хэлэх нь миний хувьд зурагдсан пянз сонсож байгаа мэт.

“Өчигдөр шөнө болтол юугаа хийсэн юм бол, шуугиад хүн унтуулаагүй” гэж заримдаа эгдүүцэн бодох ч өдөр бүр ингэж дайтахад хүргэдэг гэрийн даалгавар гээч “дайсан”-ыг нь даралцахаар хааяа хөршийндөө орно. Уг нь томчуудын хувьд ядах юмгүй мэт санагдавч яг тулаад ирэхээр амаргүй юм билээ, гуравдугаар ангийнхны бодлого. Бодлого гэхээсээ илүүтэй ойлгомжгүй үг, өгүүлбэр нь толгой эргүүлээд, уур бардгийг энд онцлон хэлье.

Өнгөрсөн намар хөршийн залуу маань нэг хэсэг амарч, гэртээ байлаа. Даалгавар “хийдэг” хүн нэгээр нэмэгдээд хөршийнхний “хэрүүл” хүрээгээ тэлэв. (Яг үнэндээ ээж, аав нар хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж мунгинаж, уураа бараад, эцэст нь өөрөө хийгээд өгчихдөг нь нууц биш) Аав яах вэ, гүдэсхэн загнаад “Даалгавар хийгээгүй ч байсан хамаагүй 23.00 цагаас хойш унт” гэсэн лүндэн буулгасныхаа горыг амсав. Дүү нараа халамжлах, хоол, хог шорооны “асуудал” гээд оролцохгүй ажилгүй айлын том охин нэг өглөө хичээлдээ явсангүй. Шалтгаан нь аавын тогтоосон “хөл хорионы” цагаас өмнө амжиж даалгавраа хийлгүй унтаж, “жаргасан” учраас өглөө “Хичээлдээ явахгүй, багш загнана” гээд гэдийчихсэн хэрэг. Өдөр нь хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр аав машинаа жолоодож, ээж, хүүхэдтэйгээ арын суудал дээр гэрийн даалгавраа хийсэн юм даг. Бодоод үз дээ, машин дотор тооны даалгавар хийж байгаа хүүхдийн ухаан төвлөрөх үү. Мэдээж, үгүй. Ёстой л үнэг, арслан хоёрын үлгэр шиг юм болов. Ээж бодож, хариуг нь хэлэхээр хүү замын “долгион” донсолгоон дунд муруй сарий нэг юм бичээд л явна. Тэр өдөр санамсаргүй тэдний машинд дайгдаж таарсан би хүртэл “дайсныг” нь даралцсаар сургуулийн гадаа ирэхэд цаана нь лав хоёр бодлого үлдсэн байлаа.

Ийм хачин, үлгэр шиг амьдрал байна, зөвхөн манай ганц хөршийнд бус, Монголын олон өрхийн дүр төрх нэг иймэрхүү “тулаантай”.

А охин найман настай. Мөн л гуравдугаар ангийн сурагч. Хэд хоногийн өмнө хичээлийнхээ үеэр ухаан алдаж гэрийнхэн болон багш нараа сандаргасан түүнийг ЭХЭМҮТ-ийн эмчид үзүүлж, шинжилгээ өглөө. Зүрхнийх нь цохилт нэг минутад 140 гарсан нь хэвийн үеийнхээс нэлээд өндөр үзүүлэлт. Төрөлхийн зүрхний гажигтай байж магадгүй хэмээн нарийн шинжилгээнд хамруулж, сайн гэсэн эмч болгонд үзүүлэв. Азаар муу зүйл болсонгүй. Харин эмч найман настай А-г “Архаг ядаргаатай байна” гэж оношлоод сайн амрааж, шим тэжээлтэй хоол өгөхийг зөвлөжээ. Сургуулийн “цэрэг” болсноосоо хойш А-г хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлж байсан талаар ээж нь хэлэв. Нүдээ ойр ойрхон цавчиж, үе үе толгойгоо гэнэт хойш нь “шидэж”, аймхай болж, нойргүйдэлд хүрч байсан нь мөн л ядарсных. Ингэж явсаар ухаан алдсан нь тэр.

Есөн настай охин нь сүүлийн үед их ууртай, хичээлдээ дургүй болж байгааг анзаарсан нэг ээж эмчид ханджээ. Н охин бас л архаг ядаргаанд орсноос болж бие болоод сэтгэцэд нь иймэрхүү өөрчлөлт гарч байгаа гэнэ. Ийм жишээ олон.

ХҮҮХДҮҮД ЯАГААД ЯДРААД БАЙНА ВЭ

Ядрах нь байтугай ийм үг байдгийг ч мэдэхгүй шахам насандаа монгол хүүхдүүд “Архаг ядаргаатай” гэж оношлогдож байгаа нь бараг хэвийн үзэгдэл болсон талаар эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Үүний шалтгааныг эцэг, эхчүүд боловсролын системийн буруу тогтолцоотой холбон тайлбарладаг. Бүр тодруулбал, нас, биеийнх нь онцлогт тохируулж бус, “дээрээс” баталсан гэх хөтөлбөртөө шахагдсан хичээл, даалгавраар “шавхарддаг” нь хүүхдүүдийг сульдааж байна.

1-3 дугаар ангийнхан математик, монгол хэл гэхчлэн 5-7 хичээл үздэг. Өдөрт 4-5 цагийг сургуульдаа өнгөрүүлж, 3-4 төрлийн хичээл заалгаж, тэр болгон нь гэрийн даалгавар “дагуулна”. Энэ ачаалал анги дэвших бүрт нэмэгдэх нь мэдээж. Даалгавар нь ч дагаад “томорч, чангарна”.

Н-ийн ээж “Есөн настай, дөрөвдүгээр ангийн хүүхдэд гэрийн даалгавар нь үнэхээр хэтийдэж байна. Жишээ нь, ганц тооны хичээл гэхэд л тус бүр нь 6-7 даалгавартай зургаан бодлого байдаг. Үүнээс гадна өчнөөн хичээлийн даалгавар бий. Өдөр ордог хүүхдүүд орой тараад, хотын түгжрэлд боогдож явсаар хэдэн цагт гэртээ харьж, хэзээ нь тэр их даалгаврыг хийж, хэдэн цагт унтаж, амрах юм бэ. Хуучнаар бол есөн настай хүүхэд хоёрдугаар ангийнх. Тийм байтал даалгавраар дарж “алчих” гээд байгаа нь манай сургалтын тогтолцооны гажуудал биш гэх үү. Хүүхэд л болсон хойно ээж, аав нь эзгүйд яс сууж даалгавар хийх нь бараг үгүй. Бид ажлаа тараад, гэртээ хариад хүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж ёстой “алаан” болдгийг сургуулийн “цэрэгтэй” хүн бүр л мэднэ. Хичээлийн хөтөлбөрийг сайн, муу гэхгүй. Хамгийн гол нь гэрийн даалгаврын ачааллыг тооцож, хүүхдүүдийн нас, биед тохируулж өгөөсэй” хэмээн учирлаж байлаа. Уг нь “сургууль” гэдэг нь грек хэлний “чөлөөт цаг” гэсэн үгнээс улбаатай. Явцын дунд агуулгаасаа шалтгаалан “чөлөөт цагаа өнгөрүүлэх хичээл” гэсэн утга илэрхийлдэг болжээ. Орчин цагийн сургууль нь чөлөөт цагаа өнгөрүүлдэг бус, шаталсан мэдлэг, боловсрол олгодог газар гэдгийг бүгд мэднэ. 

Гэхдээ мэдлэг, боловсролыг залхаах аргаар биш, сонирхол төрүүлж, анхаарлаа төвлөрүүлж, шимтэхгүй байхын аргагүй байдлаар ойлгуулж, сургах нь чухал, илүү үр дүнтэй болохыг өндөр хөгжилтэй орнуудын сургалтын тогтолцооноос харж болно. Энэ утгаараа Америк, Европын олон оронд сургуульдаа өнгөрүүлэх сурагчдын хугацааг эцэг, эхийнх нь ажил тарах цагтай уялдуулан, зохицуулсан, багачуудын сэтгэхүй, сэтгэцээр “нааддаг” гэрийн даалгавар гэдэг дарамтыг үгүй болгосон сайн жишээ байна. Герман, Англи, Франц зэрэг улсын бага ангийнхан 17.00 цаг хүртэл буюу албан байгууллага тартал сургуулийнхаа анги, танхимд байж, цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг юм билээ. Гэрийн даалгаврыг халахаасаа өмнө ч тийм л журамтай байсан бөгөөд тэр хугацаанд хүүхдүүд бүх ажлаа сургуульдаа амжуулчихаад гэртээ харьдаг байжээ. Тэд гэртээ даалгавар хэмээх “дайсантай” тулах биш, гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдрэх нь чухал гэдэгт мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид нь анхааран ажиллаж, хөтөлбөрөө боловсруулсан байна. 

Ер нь амьдралд хамгийн чухал нь гэр бүл гэдгийг багаас нь мэдрүүлснээр зөв хүн чанартай иргэн бойжих үндэс болдгийг сэтгэл судлаачид онцолдог. Швед, Японд амьдардаг монгол эмэгтэйчүүдийн ярианаас нэг зүйл анзаарч билээ. Японы бага сургуульд нэг хичээлийг хэдэн сарын турш заадаг нь багаасаа “ташуурдуулж” сурч, боловсорсон бидний хувьд бачимдмаар гэнэ. Тэрбээр “Монголд нэгдүгээр ангийн хүүхэд өдөр болгон шинэ үсэг заалгадаг. Харин Японд бол үүнийг хүүхдэд хэтэрсэн ачаалал гэдэг” хэмээн “шүүмжилсэн” бол Шведийн дунд сургуулийн нэгдүгээр ангийнхан (манайхаар дөрөвдүгээр анги) математикийн хичээлээрээ Монголын долоон настнуудад заадаг хэмжээний ачаалал авдаг гэсэн. Илүү сайхан амьдрал хайж хүүхдийнхээ хамт тус улсыг зорьсон нэг ээж “Муу ч гэсэн Монголдоо “нүдүүлсэн” нь дээр юм байна. Үнэндээ дутах, гачих зүйлгүй амьдарч болох ч үр хүүхэд минь үеийнхнээсээ хэт хоцорчих юм шиг санагдаад эргээд нутагтаа ирсэн” гэж ярьсан. Өдгөө харин өөрийгөө буруутгаж “Зөөлөн аргаар сургаж, амьдралд барьц алдахгүй хувь хүн болгодог швед сургалтын систем үнэхээр ухаалаг байжээ” хэмээн амаа барьж сууна. Түүний охин өдгөө 14 настай, архаг ядаргаанаас болж нүдээ байнга цавчиж, эрүүгээ шаамийлгадаг зуршилтай болсон нь гэрийн даалгаврын “ач тус” гэж халаглалаа.

Олон улсын мэргэжилтнүүдийн тогтоосноор насанд хүрсэн хүн долоо хоногт 40-өөс илүү цаг ажиллах нь хэтэрсэн ачаалал гэнэ. Томчууд ажлаа тараад гэртээ ирж, яаж ийж байгаад жаахан ч гэсэн цагийг өөртөө зарцуулдаг. Хоолоо иднэ, хэсэг сууж, цай ууна. Тэгж байгаад зурагт харж жаахан амарна. Ээж нарт тэгж “эрхлэх” цаг байдаггүй гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ л гэртээ албан ажлаа хийгээд л сөхөөгүй суухгүй нь лав. Тэгсэн атлаа хүүхдээ “Даалгавраа хий” гэж цаг, минут тутамд шахаж шаардана. Гэртээ орж ирээд хувцсаа тайлж байх хооронд нь л “Миний хүү хоолоо идчихээд даалгавраа хийгээрэй” гэж “зөөлхөн” шахаад, хэсэг байж байгаад “Одоо хичээлээ хий” гэж шавдуулж, хэдэн цагийн дараа гэхэд “тулаан” хэдийн хурцадсан байдаг шүү дээ, та нэг өдөр зориуд анзаараарай. Тэд сургууль дээр ажлаа хийж байгаад ирсэн. Ядаж гэртээ ирэхэд нь хэсэг амраах юм сан. Гэхдээ тэгэх боломжгүй нь харамсалтай. Сургалт, боловсролын тогтолцоог өөрчилж, шинэчилж байж л хэдэн хүүхдийнхээ “ясыг” амраах талаар бодох ёстой болов уу.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчдийн судалгаагаар хойд хөршийн бага ангийн сурагчид нэг хичээлийн гэрийн даалгавартаа долоо хоногт 10 гаруй цаг зарцуулдаг болохыг тогтоожээ. Манайхан тэднээс дутахгүй ачааллыг ерөнхий боловсролын сургуулийнхандаа үүрүүлж, даалгавраар “дарамталдаг”. Ингээд тооцоход, нэг хүүхэд өдөрт 4-6 хичээлийн даалгавар хийнэ. Хэдэн цаг зарцуулж байгааг тооцсон судалгаа манайд байна уу. Үүний хажуугаар томчууд хүүхдээ бүрэн “зэвсэглэж” чадавхжуулахын төлөө ямар нэгэн сургалт, дугуйлан, дамжаанд хамруулдаг. Тэр болгон нь “хөөрхөн” даалгавартай. Тэгэхээр хүүхэд өдөрт хэдэн цаг хичээл хийгээд, гэрийн даалгаварт хэдэн цаг зарцуулж байна вэ. Сургуульдаа явах, гэртээ харих болон нийтийн тээвэрт зарцуулдаг цагийг нэмбэл ямар тоо гарах бол. Лав 16-гаас илүү цаг ажилладаг нь лавтай. Гэтэл насанд хүрсэн хүн өдөрт наймаас илүү цаг ажиллах нь хэтэрсэн ачаалалд тооцогдож байна шүү дээ, боловсрол хариуцсан мэргэжилтнүүд ээ, бодлого тогтоогч эрхмүүд ээ.

2015 онд Францын эцэг, эхчүүдийн холбооныхон яг энэ асуудлыг хөндөж, гэрийн даалгавраас хүүхдүүдээ ангижруулахаар нийгэмд шуугиан дэгдээсэн. “Хүүхэд гэртээ амрах ёстой. Бид багш нарын ажлыг гэртээ хийх ёсгүй” гэсэн уриатай тэмцсэн эцэг, эхчүүдийг Ерөнхийлөгч Франсуа Олланд нь “Та бүхэн зөв асуудал хөнджээ” хэмээн дэмжсэн гэдэг. Ингээд Олон улсын боловсролын түвшнийг үнэлэх олон улсын хөтөлбөрийн шинжээчийн зөвлөсний дагуу, бага орлоготой аав, ээж нар илүү хөдөлмөрлөхийн тулд оройн цагаар хүүхдэдээ цаг зав зарцуулах боломжгүй байдаг зэрэг хэд хэдэн үндэслэлээр гэрийн даалгавар өгдөг тогтолцоог халах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. 2014 онд Англи 7-11 настай сурагчдад гэрийн даалгавар өгдөг тогтолцоогоо халсан талаар тухайн үеийн Боловсролын сайд Майкл Гоув нь мэдээлж байлаа. Израил үүнээс үлгэр авсан. Иргэдээ сонсож, судалгаа, шинжилгээнд тулгуурлан, шинжлэх ухаанчаар хөгждөг улс ийм байдаг ажээ. Энэ бол хүнлэг нийгмийн тод илрэл.

Хүүхдийн сурлагын чанарт багшаас гадна олон хүчин зүйл чухал нөлөөтэй гэдэг шиг гэрийн даалгавраар хэтэрхий дарах нь хүүхдийн сэтгэхүйд сөрөг болохыг олон улсын судлаачид мөн л тогтоочихож. Гэртээ “чих амар” байхын тулд хүүхдүүд зарим даалгавраа аав, ээждээ хэлэхгүй гүрийдэг гэнэ. Хэрэв худал хэлсэн нь баригдчихвал “Өө, мартчихаж” гэж худал хэлдэг нь буруу зуршилтай болох энгийн алхам болохыг тэд сануулжээ. Энэ нь эцэг, эх хүүхдийн хооронд хагарал үүсэх том суурь болдгийг тогтоосон юм байна. Өөр нэг сөрөг нөлөө нь хүүхдийн сурах эрмэлзлийг үгүй хийдэг гэнэ. Нэлээд олон жилийн өмнө орос мэргэжилтнүүд энэ талаар судалгаа хийгээд “Сургалтын чанар сайн, өгөөжтэй байвал заавал гэрийн даалгавар гэсэн давхар ачаалал үүсгэхгүй байж болно” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм билээ.

СУРАГЧДЫН ЯДАРГААНД ҮДИЙН ХООЛ, АНГИ ДҮҮРГЭЛТ Ч ХАМААТАЙ

Өнөөдөр манай ерөнхий боловсролын ихэнх сургуулийн анги дүүргэлт дэлхийн стандартаас 2-3 дахин их байгаа талаар бид яриад л байдаг. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэхээр оройны ангийнхан шөнө дүлээр харьдаг нь янз бүрийн сөрөг үр дагавартай байна л гэдэг. 20.00 цаг өнгөрч тарсан хүүхдүүд хэдийд гэрийн бараа хардгийг, тэгээд даалгавраа хэзээ хийдгийг мэддэг хүн байна уу, энэ салбарынхан дунд. Оройн ээлжинд ихэвчлэн ахлах ангийнхан хичээллэдэг гээд санаа амар сууна уу. Тэд удахгүй амьдралын том босго алхах хүмүүс. Тэр утгаараа их, дээд сургуульд орох бэлтгэлээ базаагаад эхэлсэн байгаа. Хэзээ энэ бүхнийг амжуулах болж байна аа, шөнө харихаар. Ийм хачин тогтолцоо байгааг мэдэхгүй байж балрах вий дээ, албаныхан маань.

ЭХЭМҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар хүүхэд архаг ядаргаанд ороход нөлөөлдөг нэг хүчин зүйл нь дуу чимээ. Дуу чимээ, шуугианы бохирдол гэсэн хэллэг хүртэл бий болоод удсан байтал хүүхдүүдээ нэг ангид 50, 60-аар нь шахаж “шопроод” болгочихоод, ярихаас хэтрэхгүй байгаа нь бидний арчаагүйнх гэчихэд хилсдэхгүй болов уу. “Ялаа дүнгэнэж байгаа мэт чих шуугидаг” гэж 16 настай нэг хүү эмчид ярьжээ. Тэдний сургууль гурван ээлжтэй, анги нь 47 сурагчтай. Мөн л ядаргаанаас болж хоолонд дургүй болсон, чимээ ихтэй газарт удаан байж чаддаггүй, дотор нь муухай оргидог гэсэн. Яг ийм шалтгаанаар хөгжмийн дугуйландаа явж чадахгүй байгаа аж. Оросын сурган хүмүүжүүлэгч, зохиолч В.Спиваковский дунд сургуулийн сурагчид ядаргаанд ордог гол шалтгаан нь урт удаан хугацаанд хичээллэсэндээ бус, байнгын дуу чимээ, хүүхдүүдийн орилоон, шуугиан гэжээ. Нэг сургуульд завсарлагааны 10 минутын хугацаанд дуу чимээний хэмжилт хийхэд 100-120 децибел хүрсэн байна. Ийм хэмжээний шуугианыг тасралтгүй 10 минут сонсоход тархи өөрийн эрхгүй ядардаг бөгөөд хүүхэд үүнийг тэр бүр мэддэггүй ч эвшээх, нүдээ нухах зэргээр бие махбод сульдаж буйгаа илэрхийлдэг гэнэ. Нэг өдөрт багадаа 4-5 удаа завсарлаж, энэ хэмжээний шуугианы бохирдолтой хүүхдүүд тулж байна. Иймэрхүү сонирхолтой, цааш нь лавшруулан судалмаар мэдээ мэдээлэл, эрдмийн ажил цөөнгүй байна.

Ингэж их ачаалал авдаг хүүхдүүд маань “Үдийн цай” хөтөлбөрөөр аяга хар цай, зүсэм талх, боовхон идээд “цадаж”, хүч сэлбэчихдэг гэж байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулсан нэр бүхий гишүүдийн “судалснаар” бол сурагчид засгаас өгдөг үнэ төлбөргүй хоолыг идсэнээр эрүүл мэндээ хамгаалаад, аав, ээжийнхээ буюу өрхийн төсвийн 10-аад хувийг хэмнэх сайн талтай гэж байгаа. Уг нь жинхэнэ утгаар нь хооллож чадвал тийм байх л даа. Ийм ч учраас олон оронд эл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гэхдээ манайхан шиг чихэр ихтэй гурилан боов, хар цай шахдаггүй. Хамгийн гол үзүүлэлт болох хоолны шим тэжээлд онцгойлон анхаарч, түүндээ тулгуурлан төсөв мөнгөө хуваарилдаг. Тэгж байж хүүхдүүдийнхээ хүчийг сэлбэнэ.

Харин манайхан нэг хүүхдэд 1000 хүрэхгүй төгрөг төсөвлөөд, түүнийх нь тодорхой хувийг ийм тийм зардалд суутгачихдаг. Энэ мэтээр хөндөх асуудал боловсролын салбарын эргэн тойронд өчнөөн бий.

Ямартай ч өдөрт өч төчнөөн цаг хичээл хийхийн зэрэгцээ гэрийн даалгаварт “дарлуулж”, чимээ шуугианд нүдүүлэх зэргээр асар хүнд нөхцөлд хөдөлмөрлөж, бор зүрхээрээ зүтгэж буй Монголын хүүхдүүд ядаргаанд орж, нүд, ам нь татаж байгааг анхаарч, арга хэмжээ авахгүй бол горьгүй нь, Боловсролын сайд аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)