Г.ЭРДЭНЭБИЛЭГ: Хийморьтой учраас л “Хийморь”-ио бүтээчихээд додигор сууж байна

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны киног “Ажнай корпорац”, “Three flames”, “Номадиа”, “Бэлгүтэй” пикчерс хамтран бүтээж, жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг найруулан, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдэд хүргэсэн. Эл бүтээл ирэх оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвших болсон билээ. Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгтэй “Хийморь” болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Явсан газрын сониноос тань сонсъё. Энэтхэгт болсон Гоагийн олон улсын кино наадам хэр өргөн цар хүрээтэй байв?

-Энэтхэгт анх удаа очиж үзлээ. Ихэнх олон улсын кино наадмыг болж буй хот, газрынх нь нэрээр нэрлэсэн байдаг шүү дээ. Гоа бол арлын хот. Гоагийн онгоцны буудлаас авхуулаад л хотын төв, далайн эрэг гээд хаа сайгүй кино наадмынхаа танилцуулгыг байрлуулж, долоо, найман газарт зэрэг зохион байгуулдаг юм байна. Хот даяараа тэмдэглэдэг баяр гэхэд ч хилсдэхгүй. Биднийг очсон өдөр “Хийморь” киног үзэгчдэд хүргэсэн. 800 хүний суудалтай танхим пиг дүүрч, хүмүүс шатны хажуугийн хэсэгт хүртэл зогсож үзсэн. Найм хоног үргэлжилдэг энэ наадмын үеэр олон улсын болон Болливудын шилдэг бүтээлүүдийг тусад нь шалгаруулдаг юм байна. Олон улсын киноны төрөлд өнөө жил 600 кино эхний шатанд шалгаруулж, тэдгээрээс 15-ыг нь онцлон үзэгчдэд хүргэсэн. Тэдний нэгт “Хийморь” шалгарч, шилдэг уран бүтээлийн цом хүртсэн.

-Тэгэхээр гадаадын 600 кинотой өрсөлдсөн байх нь. Монголчуудын эчнээ мэдэх найруулагчийн, эсвэл энэ жилийн “Оскар”, Канн зэрэг олон улсын нэр хүндтэй наадамд шилдгээр шалгарсан, эсвэл өрсөлдөхөөр тодорсон бүтээлүүд байсан уу?

-Ихэнх нь олон улсын наадмуудаас шагнал хүртсэн юм уу, нэр дэвшсэн бүтээл. Бидний эчнээ мэдэх найруулагч, дөнгөж гараагаа эхэлж буй залуу уран бүтээлч шалгарч оролцсон. Мөн үе үеийн “Оскар-ын шагналт кинонуудыг үзүүлсэн нь их сонирхолтой санагдсан.

-“Хүрэн морь”-тойгоо олон улсын хэдэн наадамд оролцчихов?

-ХБНГУ-д болсон Олденбургийн наадмаас “Spirit of cinema” буюу “Кино урлагийн амин сүнс” хэмээх шагнал, АНУ-ын Сан-Диегогийн наадмаас шилдэг кино, “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг зохиол, Энэтхэгийн Гоагийн наадмаас шилдэг бүтээлийн шагнал хүртээд байна.

-Олденбургийн кино наадамд ирэх жилээс Монголын нэрэмжит шагнал олгоно гэж сонссон. Шагналд дагалдуулдаг цомынх нь загварыг таны хүсэлтээр өөрчилсөн гэсэн үү?

-Европт зохион байгуулдаг томоохон кино наадмуудын нэг. Кино судлаачид чансаагаараа эхний тавд багтана гэдэг юм билээ. 26 дахь удаагаа болсон тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 50-ийг сонгож, сүүлчийн шатанд шалгаруулсан. Тэдгээр 50 киноноос богино хэмжээний шилдэг кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин гэхчлэн зургаан төрөлд шилдгийг тодруулсан. Гэтэл энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүн манай киног үзээд “Хийморь” заавал шагнал хүртэх ёстой. Гэтэл энэ киноны төрөлд тохирох шагнал манай наадамд алга. Тэгэхээр өнөө жилээс “Кино урлагийн амин сүнс” шагналыг нэмж олгоё” гэж шийдвэрлэсэн юм билээ. Энэ талаар сонсоод би “Шагналын анхныхыг Монголын уран бүтээл хүртсэнд бэлгэшээж байна. Цаашид энэ шагналыг Монголын нэрэмжит болгох боломжтой юу. Бид цомынх нь загварыг морины дүрстэйгээр хийлгэе” гэсэн санал тавьсан. Олденбургийн кино наадмын зөвлөл хуралдаад зөвшөөрснөөр бид цомын загварыг гаргаж, батлуулсан. Морь, дэлхийн бөмбөрцөг, шонхор шувууг дүрсэлсэн цом бий. Энэ цомыг ирэх жилээс олгох юм.

-Олон улсын кино наадамд бүтээлээ илгээх, өрсөлдөх, оролцоход юунд анхаарах ёстой вэ. Залуу уран бүтээлчдэд энэ талын мэдээлэл, туршлага дутмаг учраас сонирхох байх.

-Би “Хийморь” киноны зохиолыг 2016 онд бичээд АНУ дахь “Three flames” пикчерсийнхээ хамтрагчид руу явуулсан. Тэндхийн кино зохиолчдод уншуулан, сэтгэгдлийг нь сонсож, засварласан. Дахин Хятадын кино зохиолч, судлаачдад уншуулж, шүүлгэсэн. Анхнаасаа олон улсын наадамд сойх, гадаадын үзэгчдэд хүргэх зорилготой учраас тэр. Зохиолоо эцсийн байдлаар бэлэн болгосны дараа зургаа авч эхлэхэд дууг нь олон улсын жишигт нийцүүлэх шаардлага тулгарсан. Ингээд Малайзын дууны инженер авчирч ажиллуулсан. Дууны тохируулгыг харин Билли Ален гэж хүнээр хийлгэсэн. Өнгө шүүлтийг “Void” студи хариуцсан. Олон улсын бүх л стандартыг хангахыг хичээсэн. Хамгийн азтай нь, өнгөрсөн Каннын кино наадмын үеэр “Хийморь” киногоо анхлан хүмүүст танилцуулсан юм. Тэр үеэр Ида Мартенс гэж эмэгтэй манай киног үзэж л дээ. Тэгээд миний хамтрагч Тревор Морган Дойл, Б.Дөлгөөн нартай уулзаж, “Танай кино маш их таалагдлаа. Би “Luna media” гэж дистрибьютер компанид ажилладаг. Манайх киног гадаадад борлуулж, олон улсын наадамд зуучилдаг. Танайхтай гэрээ байгуулмаар байна” гэсэн юм билээ. Тус компанийг судалтал дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг байв. Ингээд гэрээ байгуулж, тэд манай киног гадаадад борлуулах, наадмуудад зуучлах ажлыг хариуцаж байгаа. Ёстой хийморьтой байгаа биз.

-Сүүлийн өдрүүдэд “Хийморь” киног “Оскар”-ын наадамд нэр дэвших болсон тухай шуугьж байна. Энэ талаар тодруулаач?

-“Оскар”-ын наадамд нэр дэвших эрхтэй болсноо мэдээд маш их баярласан. Эрх авсан бүтээлүүдээс сүүлчийн шатанд тавыг нь шалгаруулж, ирэх нэгдүгээр сард албан ёсоор зарлах юм билээ. Өөр нэг баярт мэдээ гэвэл “Хийморь” кино “Алтан бөмбөрцөг” наадамд мөн өрсөлдөх болсон. Холливудын сайт, хэвлэлүүдэд ч манай киноны талаарх нийтлэлүүд гарсан байна лээ. Гэхдээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-т өрсөлдөхөөр шалгарсан киногоо үзэгчдэд таниулах сурталчилгаагаа өөрсдөө хариуцдаг юм байна. Зөвхөн эдгээр наадамд өрсөлдөх киноны маркетингийг хийдэг компаниуд ч байдаг аж. Хамгийн хямд нь 25 000 ам.долларын үнэтэй.

-Харамсалтай нь, “Хийморь” киног Монголын кинотеатруудад гаргахад үзэгчид хангалттай үзээгүй. Танд гомдолтой санагдсан уу. Гэтэл одоо дээр дурдсан томоохон наадмуудад нэр дэвшсэн сургийг сонсоод л гэнэт хаанаас, хэрхэн үзэх вэ гээд хошуурцгааж байна.

-“Манайхан монгол ахуйг харуулсан киногоо нэг их сонирхохгүй дээ” гэдгийг мэдэж л байсан. Монголын кинотеатруудаар сар гаруй гараад буусан. Үзсэн хүн болгон ам сайтай байлаа. Томчууд эхлээд өөрсдөө үзчихээд, дараа нь хүүхдүүдээ дагуулж ирсэн нь сайхан санагдсан. Миний киног үзсэнгүй гэж гомдож, бачуураагүй. Учир нь миний зорилго өөр. “Хийморь”-ийг дөрвөн уулын дундах үзэгчдэд зориулж хийгээгүй шүү дээ. Нөгөөтээгүүр, монгол кино үздэггүй залуус ч бий. Тэднийг буруутгах аргагүй. Сайн, муу янз бүрийн л кино гарч байгаа. Бид үзэгчдэд бүх монгол кино муу биш гэдгийг харуулахаар хичээж байна. Би өөрийнхөө хийсэн киног сайн гэж байгаа юм биш. Гэхдээ гадаадын наадмуудаас шагнал хүртээд, гаднынхан сонирхсон болохоор сайндуу гэж бодож байна. Үүндээ л сэтгэл өег явна даа.

-Та үеийнхээ бусад найруулагчийг бодвол арай хожуу энэ ажлыг хийж эхэлсэн. “Больё. Зүгээр л жүжигчнээрээ ажиллая” гэх бодол төрж байв уу?

-Би СУИС-ийг Ардын жүжигчин, найруулагч С.Сугар багшийнхаа удирдлагад жүжигчин, найруулагчаар төгссөн. Гэхдээ төгссөнөөсөө хойш 18 жил УДЭТ-т жүжигчнээр ажилласан. “Хэзээ нэгэн цагт кино найруулна даа” гэсэн бодол тээж явснаа 2015 онд “Аав” киногоороо биелүүлсэн. Найруулсан анхны киногоороо “Академи авардс” шагнал гардуулах ёслолоос шилдэг найруулагчийн шагнал хүртсэн нь надад их урам, ташуур болсон. Түүнээс хойш “Үргээлэг-2”, “Яллагч”, “Хийморь” кино найрууллаа. “Болих уу, яах вэ, ямар хэцүү юм бэ” гэх үе зөндөө байлаа, нуухгүй. Жишээ нь, “Хийморь” киног уг нь Казахстан улсын хөрөнгө оруулалтаар хамтран бүтээх байсан юм. Гэтэл санхүүжилт нь бүтээгүй. Мөн оргодол цэргийн дүрд тоглож байсан орос жүжигчин киноны зураг авч дуусаагүй байхад өөд болсон. Гэхдээ их сонин, манай кино үнэхээр л бүтэх ёстой байсан мэт. Ёстой амин сүнстэй, хийморьтой.

-Та хэр хийморьтой эр вэ?

-Хийморьтой шүү. Тийм учраас л “Хийморь”-ио бүтээчихээд додигор сууж байна шүү дээ. Над шиг жүжигчний карьер хөөж яваад сүүлийн хэдхэн жил кино урлагт хөл тавьсан хүнд гадаадын олон наадмаас нэр хүндтэй шагнал хүртсэн нь амархан олдох боорцог биш. Дөрөв дэх бүтээлээрээ ийм нэр хүндтэй наадмуудад оролцож байгаа нь хийморьтой биз дээ.

-“Аав” киногоо найруулсны дараа тантай ярилцахад “Би жүжигчин хүн. Найруулагч гэж хэлүүлэхээс ичээд байна” гэсэн. Одоо ингэж дуудуулж дассан уу?

-Хүссэн, хүсээгүй дасаж байна. Олон улсын наадмуудад оролцоход найруулагч гэж зарлуулж байгаа болохоор. Нөгөө талаас миний л хийсэн ажил юм чинь юунаас нь ичих вэ дээ. Гол нь хийсэн ажилдаа эзэн байж, хариуцлагаа үүрэх ёстой. Сайн ч, муу ч “Би найруулсан” гэж хэлэх нь хариуцлага шүү дээ.

-Найруулагчаар ажиллаж эхэлснээс тань хойш кинонд тоглуулах санал ирэх нь цөөрсөн байх?

-Ёстой үнэн. Киноны санал ирэхээ больчихсон. “Өөрөө кино хийдэг болохоор тоглохгүй биз” гэж боддог шиг байна лээ. Уг нь би жүжигчний ажлаа хиймээр л байна. Өнгөрсөн хугацаанд 20-иод жил театрт ажиллаж, 10 гаруй киноны гол дүрд тоглосон байна. “Гоё зохиол ороод ирээсэй. Жүжигчний ажлаа хийх сэн” гэж хүсэх л юм.

-Театрын тайзаа үгүйлж байна уу?

-18 жил ажилласан газар минь учраас саналгүй яах билээ. Гэхдээ сүүлийн үед кино бүтээх, олон улсын наадамд сойх гээд сатаарах зүйл олон байгаа учраас гайгүй. Ихэнхдээ цагийн зөрүүнээс шалтгаалаад шөнө ажиллаж таарч байна. Нэг л их завгүй хүн боллоо.

-Жүжиглэх, найруулахын аль нь “амттай” вэ?

-Би жүжигчний ажилдаа илүү дуртай. Гэхдээ найруулах нь үзэл бодол, ертөнцөө илэрхийлэх боломж олгодог нь сайхан.

-Та адал явдалт, тулаант төрлийн олон кинонд тоглосон. Энэ төрлийн кино ч найруулдаг. Гэтэл “Хийморь” өөр төрлийнх. Танаас адал явдалт, тулаант төрлийн кино хүлээдэг үзэгчид бий байх.

-Заримдаа би өөрөө ч “Хийморь” киногоо үзээд “Надаас яаж гарсан юм бол” гэж боддог. Адал явдалт, тулаант төрлийн кинонд түлхүү тоглож, найруулсан болохоор тэр байх. Хүмүүс ч тэр өнцгөөс их хардаг. Би одоо ч тулаант, адал явдалт кинонд дуртай. Тийм төрлийн кино дахин хийх хүсэл ч бий.

-Олонх найруулагч мэргэжлийн бус хүмүүстэй ажиллах дургүй гэдэг. Гэтэл та кинондоо хүүхэд, бүр амьтан тоглууллаа. Дараагийн бүтээлээ ч чонын тухай хийнэ гээд ам гарчихсан. Халширдаггүй юм уу?

-Эхлээд Монголын төрийн сүлдэндзалсан морины тухай бүтээл хийлээ. Дараа нь чоно, шонхор зэрэг хийморьлог амьтдын тухайн бүтээл ч хийж болно. Яг ч сонгочихсон юм биш ээ. Монголын хийморь бахдалыг илэрхийлэх зөндөө зүйл бий. Тэднийг дэлхий даяар дуурсгах сан гэсэн зорилготой. Олон улсын наадамд оролцож явахад шүүгч, уран бүтээлч, мэргэжилтнүүд амьтантай харилцах, хүүхэд жүжиглүүлэх хамгийн хэцүү гэдгийг дуу нэгтэй хэлдэг. Хэцүү л дээ. Гэхдээ амттай.

-Ингэх, тэгэх минь яав даа гэж харамсах үе танд байдаг уу?

-Эртхэн зориглоод кино хийж, олон улсын наадамд оролцож, туршлага хуримтлуулах минь яав даа гэж бодож байлаа. Мэдээж гадаад хэл сурч, боловсорч байхгүй яав даа гэсэн бодол төрдөг. Гэхдээ одоо миний англи хэл давгүй болсон шүү. Сурахад оройтохгүй гэдэг үнэн юм. Надад боловсрох, сайн уран бүтээлүүд хийх зөндөө хугацаа байна.

-Найруулагч бүрийн кино бүтээх, уран бүтээлчидтэй ажиллах арга барил ондоо. Та ямар арга барилтай вэ?

-С.Сугар багш минь “Найруулагч гэдэг төлөвлөгөөгөө бусдад тулгадаг хүн биш. Хүн бүр өөр араншинтай. Тиймээс найруулагч сайн сэтгэл судлаач байх хэрэгтэй. Тэгж байж уран бүтээлчдээ ойлгон, хамтран ажиллаж, хүссэнээ гаргуулж чадна” гэдэг байв. Би энэ үгийг нь байнга санаж явдаг. Нөгөөтээгүүр, би найруулагч хүн илбэчин шиг л байх ёстой гэж боддог юм. Маш тооцоотой, үзэгчдийг автуулах увдистай. Ингэж сурахад цаг хугацаа, туршлага хэрэгтэй нь ойлгомжтой.

-Тун удахгүй шинэ он солигдох нь. Ирэх оны төлөвлөгөөнөөсөө хуваалцаач.

-Дээр дурдсанаас гадна АНУ-д болдог “Palm springs” олон улсын наадамд оролцоно. Энэтхэгт болдог олон улсын наадамд оролцох урилга, хамтран уран бүтээл хийх санал ч авлаа. АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран кино хийхээр тохиролцож, зохиолоо бичүүлж байгаа. Мөн 2021 онд Германы уран бүтээлчидтэй хамтран кино хийх болсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)