Г.ЭРДЭНЭБИЛЭГ: АНУ-ын Сан-Диего хотод болох наадамд “Хийморь” өрсөлдөнө

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны киног “Ажнай корпорац”, “Three flames”, “Номадиа”, “Бэлгүтэй” пикчерс хамтран бүтээж, УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг найруулан, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдэд хүргэсэн. Зохиолч Ч.Лхамсүрэн найраглалаа эх нутгаа тэмцэн гүйдэг шандаст монгол адууны тухай үе үеийн аман ярианаас сэдэвлэн, уран үгээр утга төгөлдөр, яруу сайхан бичсэн. Кинонд ч бидний мэдэх амьдрал, ахуй байдлыг гаргасан. Тус кино энэ сарын 13-15- нд ХБНГУ-д болсон Олденбургийн наадмаас “Spirit of cinema” буюу “Кино урлагийн амин сүнс” хэмээх шагнал хүртжээ. Энэ талаар найруулагч Г.Эрдэнэбилэгээс тодрууллаа.

-Олденбургийн кино наадам хэр өргөн цар хүрээтэй вэ?

-Европт зохион байгуулдаг томоохон кино наадмуудын нэг. Кино судлаачид чансаагаараа эхний тавд багтана гэдэг юм билээ.

-Өнөө жил тус наадамд хэчнээн бүтээл өрсөлдүүлсэн бол?

-Кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 50-ийг сонгож, сүүлчийн шатанд шалгаруулсан. Тэдгээрээс богино хэмжээний кино, эрэгтэй, эмэгтэй жүжигчин гэхчлэн долоон төрөлд шилдгийг тодрууллаа.

-Өмнө нь тус наадамд манай улсын бүтээл шалгарсан тохиолдол байдаг уу?

-Тус наадам энэ жил 26 дахь удаагаа боллоо. Өмнө манай уран бүтээл шалгарч байгаагүй. Тус наадмын шилдгээр шалгарсан бүтээлүүдийг Олденбургийн 10 кинотеатрт гарган, үзэгчдэд хүргэдэг юм билээ. Мөн наадмын зохион байгуулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд тус хот дахь хорих ангид шилдэг кинонуудыг үзүүлдэг уламжлалтай аж.

-“Хийморь” киног германчууд хэрхэн хүлээж авав?

-Маш их сонирхсон. Кино дууссаны дараа үзэгчид тасралтгүй алга ташиж баяр хүргэсэн. Үзэгчдийн дунд Монгол Улсын талаар огт дуулаагүй хүн ч байсан. Тэдэнд монгол ахуй, байгаль их сонирхолтой санагдсан гэсэн. Мөн үзэгчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулсан.

-Гадаадын үзэгчид танаас юуг сонирхон асуусан бэ?

-Киноныхоо бүх зургийг Монголд авсан уу, танай нутагт ийм олон адуу байдаг уу гэх зэргээр асуусан.

-Тэгвэл гадаадын кино мэргэжилтнүүд “Хийморь”-т ямар дүн тавьсан бол?

-Олденбургийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг өнөө жил Аманда Пламмер ахалсан. Тэр хүн манай киног өндөр үнэлсэн.

-“Хийморь”-ио олон улсын өөр наадамд “сойх” уу?

-Бид “Хийморь”-ио энэ жилийн Каннын олон улсын наадмаар үзэгчдэд хүргэсэн. Ирэх сарын 15-20-нд АНУ-ын Сан-Диего хотод болох олон улсын наадмын сүүлчийн шалгаруулалтад тэнцсэн. Шалгарсан бүтээлүүдтэй зэрэгцэн нэр дэвшиж, өрсөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)