Г.ЭНХТҮВШИН: Өлсгөлөн баавгайнууд хоттой хонь руу дайрч байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хар баавгай хаа сайгүй байгаа талаар нутгийн иргэдээс мэдээлэл ирлээ. Тус сумын ЗДТГ-ын байгаль орчны байцаагч Г.Энхтүвшингээс энэ талаар тодруулсан юм.

-Баавгай хоттой хонь руу дайрч, айлын гэр сүйтгэсэн гэлээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангасан уу?

-Наймдугаар сарын 29-нд айлуудын хоттой хонь руу баавгай дайрсан. Сибирийн түймэртэй холбоотойгоор хар баавгай олноор орж ирсэн. Өлсгөлөн баавгай хоттой хонь руу дайрч, идэж, заримыг нь тас татсан байна. Мөн хэд хэдэн айлын гэр сүйтгэсэн. Азаар эзгүй таарсан байна лээ. Үүнээс болоод зарим иргэн гэртээ очиж чадахгүй долоо хонож байгаа. Энэ талаар БОАЖЯ, аймгийн Байгаль орчны газар, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагад мэдэгдсэн. Манай сум гэлтгүй бусад сумд ч баавгай их байна гэх мэдээлэл ирсэн.

-Тухайн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-БОАЖЯ-наас баавгайнуудыг устгаж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Мөн ЦЕГ-аас “Үргээлэг хий” гэж сум тараасан. Сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч шөнө бүр эргүүл хийж, сум тавьж байна. Гэвч хүмүүсийг амарсан хойно 02.00 цагаас хойш ойгоос гарч, хоттой хонь руу дайрдаг. Мөн айлын илүү гэр дэх айраг цагаа, ааруул, өрөм зэргийг идчихсэн тохиолдол олон гарсан. Чацарганы тариалангийн талбайг сүйтгэсэн гээд тоочвол Сибирийн хар баавгай олон зүйл сүйтгэсэн.

-Хэчнээн айлын мал руу халдсан юм бэ?

-Хүдэр сумын нутаг Жалга, Цэнхэр гүүр, Уялга, Хөцөө, Нумт зэрэг газарт одоогоор есөн айлын 30 орчим бог мал идсэн гэх тооцоо гарсан. Өчигдөр ч айлын хоттой хонь руу дайрсан. Шөнө болгон иргэдээс дуудлага ирж байгаа. Айлууд эхнээсээ өвөлжөө рүүгээ нүүж байна. Айлуудыг нүүлгэн шилжүүлж байж л аюулгүй байдлыг хангана. Энэ жил манай нутагт баавгайн гол идэш болох самар, мойл зэрэг жимс ургаагүй шахам. Түймрээс зугтаж ирсэн өлсгөлөн хар баавгай ичихээсээ өмнө тарга авах гээд юу таарснаа сүйтгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)