Г.Энхтуяа: Отгон шавь нар яг отгон хүүхэд шиг юм

Есдүгээр сарын 1-нд “Ээж, аавыгаа санаад байна. Эмээгээсээ төөрчихлөө. Гэртээ харимаар байна” хэмээн уйлалдаж байсан өхөөрдөм зургаан настнууд ямархуу сурагч болсон бол гэсэн бодолтойгоор Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийг зорилоо. Энэ л асуултынхаа хариуг нүдээр үзэж, мэдрэхийн тулд тус сургуулийн багш Г.Энхтуяа, түүний удирддаг 1а ангийнхантай нэг өдрийг хамт өнгөрүүлэв. 

Сургалтын шинэ арга барил, хөтөлбөрийн шинэчлэл, элдэв туршлага, туршилт нэвтрүүлэхэд сургуулийн захиргааны зүгээс өмнөө барьдаг багш нарын нэг нь Г.Энхтуяа аж. Тийм ч учраас анхны гэх тодотголтой олон зүйлд оролцсон, хэлж ярих зүйл ихтэй ахмад багш тэрбээр боловсролын салбарт 35 жил зүтгэж, отгон шавь нараа эрдмийн аянд замчилж байна.

09.30. Бидний ярьж заншсанаар Модны хоёр дахь гэрт нь болзсон цагаасаа өмнөхөн очиход Г.Энхтуяа багш гэрээ цэвэрлээд, ид ажилтай байв. Хүүхдүүд нь том болж тусдаа гарсан, гэрийн ажлаа “даалгах” хүнгүй тул гарахаасаа өмнө амжуулж буй нь энэ гэсэн.

10.30. Цаг, мөч бүхэнд шинийг сурч мэдэж, хорвоо ертөнцтэй танилцан, хязгааргүй эрдмийн далайгаас бяцхан оюунаараа шүр, сувд шүүрдэхээр сэлж яваа шавь нартаа өнөөдрийн хичээлийг нь ойлгуулахад туслах гарын авлага бэлтгэхэд үдээс өмнөх цагаа зарцуулав. Тэгш өнцөгт хэлбэртэй, том, шар цаасан дээр дөрвөлжин, бөөрөнхий дүрс хайчилсан өнгийн цааснууд нааж, тэндээ зорчигч, жолооч зурснаар хэн ч харсан сургуулийн автобус багшийн гараас гарлаа. 

Монгол хэл, тооны хичээлд ашиглах өөр хэдэн үзүүлэн бэлтгэн, хэвлэх зууртаа Г.Энхтуяа багш “Би гартаа үзүүлэн барихгүй бол дан номоор хичээл заасан болдоггүй муу зантай хүн байгаа юм. Залуу байхад бүх үзүүлэн, таниулах материалыг гараараа хийдэг байлаа. Ламинатор, компьютер гэж байсан биш. Ватум цаасан дээр зурж, бичээд, гарын ая даахуйц болгохын тулд халуун усанд кино зургийн хальс хийн, бүрхүүлийг нь арилгаж, цэвэрлээд, захыг нь өнгийн утсаар оёж, бэлтгэсэн үзүүлэн, таниулах материалаа хавтасладаг байв. Одоо технологи хөгжөөд сайхан болжээ. Юу хүссэнээ хийх боломж байна” хэмээн хууч хөөрөв.

11.00. Хичээлийн бэлтгэлээ базааж дуусаад гэрээс гарлаа. Модны хоёроос Офицеруудын ордон хүртэл цаг шахам явна. Түгжрэл ихтэй үед үүнээс ч удаан явах тул хичээлээс хожигдсоноос түрүүлж очсон нь дээр хэмээн ийн эрт гардаг аж.

12.00. Түгжрэл харьцангуй гайгүй байсан тул цагаасаа нэлээд эрт сургууль дээрээ ирлээ. Хичээл эхлэх болоогүй, бэлтгэл бүрэн тул хэсэг зуурт хуучлах цаг бидэнд гарав.

Г.Энхтуяа багш гуравдугаар анги хүртлээ төрсөн нутаг Архангайдаа амьдраад, Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит сургуульд наймдугаар анги төгсжээ. Цагдаагийн алба хаагч аав нь тэр жил байгуулагдаад удаагүй, арван жилийн сургуульгүй шинэхэн хот Багануурт томилогдсоноор Г.Энхтуяагийн багш болох замыг шуудруулсан байна. Аавынх нь томилогдсон газар арван жилийн сургуульгүй учир Г.Энхтуяа хаана, хэрхэн суралцах вэ гэдэг асуудал босож ирэв. Ингээд гэрийнхэн нь Багануур луу нүүхэд 16 настай охин багш мэргэжил эзэмшихээр Багшийн техникумын оюутан болсон нь мөрөөдөлдөө хөтлөгдсөн хэрэг байлаа.

Дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөөд, очиж ажиллах газраа сонгохдоо төрсөн нутаг Архангай, өссөн нутаг Сэлэнгэ, аав, ээж, гэр орон нь төвхнөсөн Багануурыг биш, хөл тавьж үзээгүй Өвөрхангайн Хужиртыг зорьсон нь мөн л дэврүүн сэтгэлээ дагасных. Хужиртын дунд сургуулийн Гавьяат багш Санжаа гэдэг хүний тухай сэтгүүлээс олж уншаад л дэргэд нь ажиллаж, туршлага, мэдлэгээс нь сурах сан гэж бодсон гэдэг. Тэр жил Өвөрхангайн Хужиртын арван жилийн сургуульд бага ангийн багшийн орон тоо гарч, тэнд нь Г.Энхтуяа очсон нь хувь заяаны бэлэг байсан биз ээ.

Гавьяат Санжаа багшийн сургуульд очих гэж төөрч будилж, чамгүй хөглөсөн тухайгаа тэрбээр “Надтай хамт бага ангийн нэлээд хэдэн багш Өвөрхангайд очсон юм. Биднээр наадмын талбай цэвэрлүүлж хэд хонуулаад аймгийн Боловсролын хэлтсийн дарга дуудлаа. Тэгээд надад “Хотоос ганцаараа ирсэн юм гээд Хужиртын хуваарийг өглөө шүү” гэсэн. Бусад маань хөдөөгийн багшийн сургууль төгссөн байсан юм байж. Тэднийг багийн бага сургуульд хуваарилсан. Сургууль төгсөөд ажилд томилогдсон залуус 14 хоногийн амралт эдэлдэг байлаа. Хүссэн газартаа ажиллах хуваарь авчихаад хот руу буцаж, гэртээ 14 хоноод, наадмын дараа Хужиртад очлоо. Сургуулийн захирлынхыг сурагласаар олтол байшингийнхаа бүх цонхыг банзаар битүүлж хадаад, хөдөө гарчихсан байв. Сургууль руу очтол нярав, жижүүр хоёроос өөр хүнгүй. Энд ажиллахаар хуваарилагдсан, хотоос ирснээ хэлтэл “Хүмүүс амраад явчихсан. Чи ажилдаа орохоор ирсэн бол сургуулийн гадуурх том чулуунуудыг түү” гэдэг юм байна. Ингээд сургуулийн дотуур байранд орж, чулуу түүсэн шиг хэд хонож байтал наймдугаар сар гарч, ажилчид нь цуглан, агуулах барих юм боллоо. Тэнд би шавар зуурч, дранк хадан, шохой түрхээд, барилгын ажлыг баргийн эр хүнээс илүү хийж, хөдөөгийнхний нүдийг орой дээр нь гаргах шахав. “Хотоос годгоносон охин ирлээ гэсэн чинь айхтар ажилсаг юм” гэсэн яриа тэр дороо тарж, бараг л ирж харж, барьж үзэх нь халаг болж билээ. Суманд шинэ хүний тухай яриа тарах нь хурдан шүү дээ. Айлын ууган хүүхэд угаас ажилд эв дүйтэй байдаг, дээр нь оюутан байхдаа намрын ажилд дайчлагдаж Хэнтийн Баян-Овоонд чулуун хороо, Баян-Адаргад эмийн сан барихад оролцсон минь тэнд тийн гайхагдахад хүргэсэн хэрэг. Ингэж байтал хичээл орох дөхөж, сургуулийн захирал ирээд “Аймгийн Боловсролын хэлтсийнхэн андуурч томилолт бичжээ. Чи нөгөө сургуульд очих ёстой юм байна” гэдэг байгаа. Ингэж Хужиртын найман жилийн сургуулийн гадуурх чулууг түүж, агуулахын барилгыг нь барьж, зунжин ажилласныхаа дараа буруу газар очсоноо мэдэж байлаа. Ингээд холио солиогоо гаргаж, Хужиртын арван жилийн сургуульд, Гавьяат Санжаа багшийнхаа дэргэд очсон.

Намайг очингуут нэгдүгээр анги даалгасан. Бид сургуульд онол л үзсэнээс амьдралд хэрэг болох нарийн ширийн зүйлсийн талаар тун дутуу мэдсэнээ тэнд очоод биеэр мэдэрсэн. Хамгийн наад зах нь журналаа яаж хуваарилж, хувааж, хөтлөхөө мэдэхгүй, цагаан толгой заалаа гэхэд ямар үсгийг дуудахад уруул, хэл, шүд яаж байрлахыг шууд хэлчих мэдлэггүй л очиж байлаа. Энэ бүхнийг ахмад багш нараасаа, өөрийн ажиглалт, хичээл зүтгэлээр амьдралаас олж авсан” хэмээн хуучилсан.

Гавьяат багшийн хур их туршлагаас суралцаж, гурван жил хөдөө ажиллаад хотод буцаж ирнэ гэсэн “нарийн төлөвлөгөө”-тэй залуухан багшийг Хужиртад 1995 он хүртэл “чөдөрлөжээ”. Энэ тухай Г.Энхтуяа “Би хөдөө гурван жил ажил, амьдрал сураад, аав, ээждээ, гэртээ ирнэ, хотод ажиллана гэж боддог байлаа. Тэр үед бага анги гурван жилтэй байсан шүү дээ. Очингуутаа нэгдүгээр анги дааж авсан болохоор тэднийгээ төгсгөчихөөд, дахин нэгдүгээр анги авч, дундаас нь орхихгүй гэх мэтээр олон талаас нь бодсон ухаантай. Аймгийн Боловсролын хэлтсийн даргад “Энд гурван жил ажиллачихлаа. Аав, ээж, ах, дүү минь бүгд хотод байгаа. Хот руу шилжүүлж өгөөч” гэж хэллээ. Ингээд шилжинэ гэдэгтээ бат итгэчихсэн хүн хавар хичээл тарангуут хамаг юмаа хоёр чемодандаа чихэж хийгээд, сум орон, нутаг, сургуулийнхнаараа үдүүлэн, бэлэг хадаг аваад хот руу явсан юм. Жил бүр багш нарын бага хурал болдог, тэр үеэр багш нарыг ийш тийш нь шилжүүлэх асуудлыг шийддэг байлаа. Багш нарын бага хуралд сууж, шилжүүлгээ аваад ирнэ гэж аав, ээждээ хэлээд бараг өмссөн хувцастайгаа онгоцонд суугаад Өвөрхангайд очлоо. Хуралдаа суулаа, багш нарыг шилжүүлэх шийдвэр дотор миний нэр байдаггүй. “Намайг яахаар болсон бэ” гэтэл “Залуу хүнийг тогтвор суурьшилтай ажиллуул гэж нутгийн хүмүүс хэлж байна. Чи дахиад нэг жил ажиллачих. Гурван жил ажиллаж болсон юм, дахиад ганц жил юу байх вэ” гэж байна. Ингээд аав, ээждээ “Хоёр чемоданыг минь өгч явуул” гэж захиад, Хужиртдаа ирсэн. Хожим мэдэх нь ээ, Санжаа багш “Энэ охиныг явуулмааргүй байна” гэж байгаад авч үлдсэн юм билээ. Тэр жил хүүхэд нь нэгдүгээр ангид ороход надад өгнө гэсээр манай ангид оруулсан. 1986 оны намар шүү дээ.

Сүүлчийн гурван жилийн цэргийн алба хаасан залуус тэгэхэд халагдсан юм. Тэр дунд ирсэн нэг залууг манай сургуулийн химийн багш “Физик, химийн хичээлд сайн, сурлага сайтай хүүхэд байсан” гэж магтсаар физик, химийн лаборантаар ажилд авлаа. Намайг очиход ахмад багш нар “Энэ охиныг чөдөрлөөд үлдээнэ” гэцгээж, шилжээд явлаа гэхдээ би “Та нар чөдөрлөчихгүй яасан юм бэ” гэж тоглоом наргиан болгож байсан юм. Тэгтэл шилжиж чадалгүй буцаж очоод физик, химийн лаборант залууд чөдөрлүүлсэн дээ. Гурван жил ажиллаад л буцаад ирнэ гээд явсан годгор охин 11 жил ажиллаж, дөрвүүлээ болоод, 1995 онд хотод ирсэн” гэв.

13.20. Амттай ярианд автаж, сэтгүүлчийн зангаар асууж лавлаж, үгэнд дурлаж суутал нэг мэдэхэд 13.20 цаг болжээ. Хичээл 13.40 цагт эхлэх ёстой. Хүүхдүүд эхнээсээ ирчихээд сургуулийн хашаанд “эзэнгүй” байгаа. Тэднийгээ харж хандаж, цуглуулж оруулж ирэхгүй бол болохгүй хэмээн багш яаран өндийснөөр бидний яриа түр өндөрлөв.

Эдний анги 48 хүүхэдтэй. Аав, ээжийнхээ өврөөс сурагчийн ширээнд шилжсэн зургаан наснууд өдрөөс өдөрт бие даан, хэрсүүжиж байгаа ч балчир хэвээрээ. Гадуур хувцас өмсөх, тайлах, үдийн цай хуваарилж, уулгах зэрэгт ганц багш яалт ч үгүй хүчин мөхөстдөг тул ээж, аавуудын тусламжийг авч, ээлжээр жижүүр хийлгэдэг аж.

13.40. Хичээл эхлэв. Эхний цаг монгол хэлний хичээл орж, өчигдрийн үзсэн асуух өгүүлбэрийн тухай бататгахаар багш “Зуны амралт гурван долоо хоногийн дараа эхэлнэ” гэсэн өгүүлбэрт тохирох асуулт тавихыг хүүхдүүдэд даалгав. Үсээ хоёр салаа боосон, сэргэлэн бор охин гараа өргөж “Зуны амралт хэзээ болох вэ” гэв. Багш “Зөв. Өгүүлбэрээ сайн хараад арай өөрөөр хэлэх хүүхэд байна уу” гэхэд өөр нэг охин “Зуны амралт хэзээ болох юм бол”, бас нэг хүү “Зуны амралт хэзээ болохын (болох юм) бэ” гэв. Багш “Зуны амралт хэзээ эхлэх вэ” гэсэн өгүүлбэр хэлүүлэхийг зорьж, “болох” гэдэг үгийг арай өөрөөр хэл дээ гэтэл хүүхдүүд “Зуны амралтаараа юу хийх юм бол” хэмээн “хадуурлаа”. Хүссэн хариуг нь хэлээгүй ч багшийн амнаас “Буруу” гэсэн үг гарсангүй, “Бүгд зөв” гээд асуух өгүүлбэрээ сайн ойлгосон байна хэмээн магтаж, “Хэзээ эхлэх вэ” гэж асуувал илүү зөв болох тухай тайлбарласнаар энэ сэдэв хаагдав.

Ингээд харьцуулан уншиж, зөв бурууг нь ярилцах дараагийн хэсэгт хүүхдүүд “Сургуулийн үүднээс хэтэвч олбол цүнхэндээ хийх үү, эзнийг нь олж өгөх үү. Даалгавраа хийгээгүй, хичээлийн цаг болоогүй бол “Эртхэн сургууль руугаа явъя” гэх үү, “Даалгавраа хурдхан хийе” гэх үү” гэсэн асуултад өөр өөрийнхөө бодлоор хариуллаа. Энэ ярианд ангийн бараг бүх хүүхэд оролцов. Хэдхэн сарын өмнө ээж, ааваа дагаж уйлж, нус, нулимстайгаа холилдон багшаа сандаргаж байсан зургаан настнууд өдгөө “Би, би” хэмээн жижигхэн гараа өргөн өндөлзөж, зөв бурууг ялган хэлэлцдэг хэзээ язааны сурагч болжээ.

Гар өргөсөн хүүхдүүд түрийвчний эзнийг олох ямар арга байж болохыг эрэлхийлж, өөр өөрийн хувилбарыг хэлж байв. Дотор нь байгаа утасны дугаар, гэр, ажлын хаягаар хүргэж өгнө, зураг нь байвал фэйсбүүкт тавиад хайна гэх мэтийн хэрсүү хариултууд тэднийг аргагүй орчин үеийнхэн гэдгийг илтгэж, зургаан настайг нь мартуулах шахна. “Багш нь хариултуудыг сонсоод та нараараа бахархаж байна. Юунд гэдгийг мэдэж байна уу” гэхэд нэг хүү “Хичээлд сайн оролцож байгаа болохоор бахархаж байгаа юм байна” хэмээн эгдүү хүргэв. Өнөөдөр монгол хэлний хичээлээр хүүхдүүд асуух өгүүлбэр, зөв, буруу үйлдлийн талаарх ойлголтоор мэдлэгээ зузаатгав.

14.20. Хоёрдугаар цаг биеийн тамирын хичээл аж. Ширээний ард арай гэж 35 минут тогтож суудаг, гүйж харайх, зүггүйтэх хүсэл, эрч хүч дүүрэн зургаан настнуудын хувьд хүсэн хүлээдэг хичээл нь биеийн тамир. Багш нь сурагчдаа жагсаан биеийн тамирын танхим руу хүргэж өгөв. Нэгдүгээр ангийн хоёр бүлэг зэрэг орж таарсан тул биеийн тамирын танхимд нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадсаар хичээлийн цаг өнгөрлөө. Хөөцөлдөж, ноцолдон, хөгжилдөх хүүхдүүдийн шуугианыг биеийн тамирын багшийн шүгэл хэчнээн тасхийгээд ч намжааж чадсангүй. Дуу чимээгээ багасгахгүй бол дараагийн удаа биеийн тамирын хичээлд оруулахгүй гэсэн “сүрдүүлэг” харин багахан нөлөөлж, шуугиан хэсэг зуурт намдан, жагсаал, дасгалд анхаарсан.

Энэ хооронд Г.Энхтуяа багш бид хоёр яриагаа үргэлжлүүлэв. Түүнээс хотод ирсэн, сургуулийнхаа юм бүхэнд тэргүүн шугаманд явдаг багш нарын нэг болсон талаар нь сонирхоход, “Зах зээлд шилжээд, хот хөдөөгүй амьдрал хүнд, хөл, толгой нь олдохоо больсон үед хаана очиж, ямар ажил хийхээ ч мэдэхгүй, есдүгээр сар гарчихсан хойно хотод ирж байлаа. Нагац эгчийнхээ хашаанд буучихаад “Ажил олдох болов уу” гэтэл “Энд нэг сургууль байдаг юм. Захиралтай нь уулзаад үз” гээд дагуулж очсон нь өдгөө амьдралынхаа 25 жилийг зориулж яваа Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль байв. Есдүгээр сар дундаа орсон үед ажил олно гэдэг том аз байлаа. Захиралтай нь уулзахад “Энэ жил манай сургуульд олон хүүхэд шилжиж ирээд, дөрөвдүгээр ангийн гурван бүлгийн хүүхдийн тоо илүүдсэн. Тэднийг задалж, нэг анги гаргана. Тэр ангийг дааж ав” гэснээр бараг 18 аймгаас шилжиж ирсэн 36 хүүхэдтэй анги даасан багш болов. Дараа жил нь дүүргийнхээ багш нарын ур чадварын уралдаанд түрүүлж, хотын уралдаанд тавдугаар байрт орсон нь нөлөөлсөн юм уу, бага ангийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээхэд анхныхыг нь надад даалгаж байлаа. Намайг ажилд ороход хичээлийн эрхлэгч баахан юм асуусан. Одоогийнхоор бол ажлын ярилцлага байж л дээ. Тэгэхэд “Хэр туршлагатай вэ” гэхэд нь би “Хөдөө л ажиллаж байсан. Хотод олон жил ажилласан мундаг багш нарын дэргэд миний туршлага гэж юу байх вэ” гэх мэтээр өөрийгөө их голонгуй аястай ярьсан. Миний бодож явсан л тэр юм чинь. Ярилцлагын төгсгөлд хичээлийн эрхлэгч “Өөрийгөө ингэж бодож байгаа хүн цаашаа явдаг юм” гэж хэлсэн нь санаанд тод үлдэж. Тэр бас нөлөөлсөн болов уу.

Нэг хэсэг дандаа гүнзгийрүүлсэн сургалттай анги даалгадаг байлаа. Тэгж байтал “Хүүхдийг багаас нь ингэж гүнзгий, гүнзгий биш гэж ялгаж шигших нь буруу” гээд болиулсан. Залгуулаад зургаан настнуудыг сургуульд оруулдаг болгоход анхны ангийг нь бас надад өгч байлаа. Ер нь надад анхны гэх тодотголтой олон зүйл бий. 1992 онд нэгдүгээр ангиас монгол бичиг заах туршилт хийхэд анхны монгол бичигтнүүдийг авсан. Бас л зоригтой гэхэд ч хэцүүхэн туршилт байлаа шүү дээ. Багш нар нь өөрсдөө монгол бичгээ мэдэхгүй байхад ганц сар сургалтад суулгаад хүүхдүүдэд монгол бичгээр хичээл заа гээд явуулсан. Багш, шавь хоёул зэрэгцэж сураад явсан гэхэд хүүхдүүд минь гайхалтай сайн сурсан. Ганц алдаа нь цааш нь яаж явуулах, кирилл үсгээ яахыг сайн тооцоолоогүйгээс нэг үеийнхэн кириллээр алдаатай бичдэг болсон.

Зургаан настнуудыг сургуульд оруулахын өмнө анхны долоон настнуудыг авахад бас надад өгсөн. Тэр үед би сургуулийнхаа заах аргын нэгдлийн ахлагч байлаа. Зургаан настнуудын сурах орчныг бүрдүүлэх үүрэг даалгаврыг яамнаас бүх сургуульд өгсний дагуу анги танхим тохижуулах ажлыг багш нарынхаа хүчээр хийсэн. Тэр үед Сүхбаатарын талбайд бүх сургуулийн хийсэн зүйлийг дэлгэж, туршлага солилцсон юм. Тэгэхэд бидний хийсэн тохижилт их сайшаагдаж, бүх сургуульд тарсан. Манай бага ангийн тохижилт сайхан шүү дээ, хөшиг нь хүртэл хүүхдүүдийн сонирхол татах үзүүлэн байгааг анзаарсан уу. Энэ бол бидний санаачилж хийсэн ажил” хэмээн багш бахархан ярив.

15.10. Дүрслэх урлагийн хичээл эхэллээ. Г.Энхтуяа багш гэртээ “үйлдвэрлэсэн” хөөрхөн шар автобусаа самбарт тогтоож, дуурайлган хийх даалгавар өгөв. Ханатлаа гүйж харайж, биеийн чилээгээ гарган, нэг хэсэгтээ суухад ажрахааргүй болсон хүүхдүүд хайчлах, наах хичээлдээ дуртай нь аргагүй шамдлаа. Багш дундуур нь яван сайн хийж буйг нь урамшуулж, заримд нь зөвлөгөө өгнө. Заримынх нь дугуй хэтэрхий жижиг байна, харьцааг нь харж, тохируул, зарим нь дугуй хайчлахдаа голд нь ганц дугуй зураад, цаасаа дэмий үрж байна, зайг зөв ашиглаж, захаас нь эхэлбэл хэмнэнэ, хайчаа ангайлгаж тавихгүй, хайч барьсан гараараа дохиж зангахгүй гэх мэтээр багшийн үг бүхэн хорвоотой танилцаж яваа бяцхан сурагчдад нь эрдэм болох нь гарцаагүй.

15.50. Үдийн цайгаа ууцгаав. Энэ үед ч багш хярам гэж юу болох, хэрхэн хийдэг тухай тайлбарлаж, шавь нартаа юмсыг таниулсаар байх аж.

16.00. Тооны хичээл эхэллээ. Зургаан наснуудын анхаарал төвлөрөх, томоотой суух хугацаа маш богино, гүйх харайх, тоглож дэггүйтэх эрч хүчээр дүүрэн. Нэг цаг нам суусан хүүхдүүдийн зүггүйтэх хорхойг үдийн цай хөдөлгөж орхив бололтой. Багшийн үгийг сонсох шинжгүй хэсэг шуугилдав. Анхаарал, сонирхлыг нь онцгой зүйлээр татахгүй бол “Томоотой, чимээгүй” гэх үг нэмэр болохгүйг багш л мэдрэхгүй бол хэн мэдрэх билээ. “Хүүхдүүд ээ, хөшөө болж тоглоё” гэхэд 48 хүүхэд “атганд” нь ороод ирэв. “Си си маа, сэгсгэр үстэй Даариймаа” хэмээн ангиараа цуурайтуулсаар янз янзын хөшөөний дүрд хувирсан жаалууд ямар нэг анир гаргахгүй, хөдөлгөөн хийхгүйг хичээн, анги нам гүм болоход багш “За ийм чимээгүй чигээрээ тооныхоо хичээлийг хийе” гээд хичээлээ эхэллээ.

Энэ өдөр бяцханууд баганан бодолтоо бататган сурч, хэрчимт бодлого шинээр үзэв. Багш “Ангийн номын санд үлгэрийн 37, шүлгийн 16, зургийн есөн ном бий. Нийт хэдэн ном бэ” гэсэн бодлогыг хэрчмээр илэрхийлж, хариуг хэлэх даалгавар өгөхтэй зэрэг шахам хэдэн хүүхэд гар өргөв. Багшийн нэр дуудсан эхний хоёр 63, 52 хэмээн хариуг багахан зөрүүлж, гуравт дуудагдсан Амар-Эрдэнэ хэмээх сөөсгөр шар хүү 62 гэж итгэлтэй нь аргагүй хэлэв. Зургаан настнуудын онцлог юм уу, эдний ангийнхан ийм адтай, сэргэлэн юм уу, хүүхдүүд бүгдээрээ гар өргөн өндөлзөж, буруу байх вий хэмээн эмээж, биеэ барилгүй, хичээлдээ идэвхтэй оролцож, багштайгаа чөлөөтэй харилцах юм билээ. Гар өргөсөн хүүхдүүдийн тал нь зөв хариулж, үлдсэн нь багахан зөрүүлсэн ч багш “Буруу” гэж хэлсэнгүй. Харин зөв хариулсан хүүхдүүдийн нэрийг дуудаж, тэдэнд баяр хүргээрэй гэхэд хүүхдүүд эхлээд гурван удаа, түр завсарлаад зургаан удаа гэх мэтээр нэгэн хэмнэлээр алга ташив.

Хэдхэн сарын өмнө өөрөө ч уйлж, ээж, аавынхаа аньсагыг ч чийгтүүлэн сургуулийн босгоор алхсан үрс өхөөрдмөөр бяцхан хэвээрээ ч хэрсүү, ухаалаг, хэзээний “эрдэмтэй” хүмүүс болсон байна. Тэд мэндлэх, хүндлэх, баярлаж талархах, нөхдөдөө баяр хүргэх гэх мэтийн харилцаанаас эхлээд уншиж, бичиж, тоо бодохдоо түүртэхээ байж. Цаашлаад асуух өгүүлбэр, хоёр оронтой тоо, хоёр үйлдэлтэй бодлого, баганан болон хэрчмийн арга гээд бидний бодсоноос ч олон зүйлийг хичээлийн нэг өдөрт, дөрөвхөн цагийн дотор сурч, өөрийн болгож байна. Үүнийг ойлгуулж буй багш, багшийн заасныг шингээж авч буй бяцхан шавь нарын хэн хэнээр нь бахархахгүй байхын аргагүй ээ.

16.30. Хичээлийн цаг дууслаа.

16.40. Хүүхдүүд хувцсаа өмсөн гарахад эцэг, эхчүүд үүдэнд хүлээж байв. Өнөөдрийн хичээл хэрхэн өрнөсөн, гэрийн даалгавраа хэн хэн дутуу хийсэн, хэн юунд анхаарах хэрэгтэй талаар хэлж, гэрийн даалгаврыг ээж, аавуудад тайлбарлаад тараадаг аж. “Хүүхдүүд чөлөөтэй уншиж, бичиж, бодож сурсан, нэгдүгээр ангид эзэмших ёстой мэдлэгээ бүрэн эзэмшсэн тул даалгавраар дарахгүй. Энэ долоо хоногийн амралтын өдрөөр ээж, аавдаа тусалж, гэрийн ажил сурах, оймсоо угаах даалгавар өгсөн. Уншиж, бичиж, бодохыг өөрийнхөө хүслээр хийж болно” гэснээр товч хурал өндөрлөв.

17.30. Эцэг, эх, эгч, ах, эмээ, өвөө нар өөрсдийн багачуудыг аваад явахад 7-8 хүүхэд үлдэв. Гадаа удвал даарахаар сэрүүхэн байсан тул тэднийг дотогш оруулан, гэрээс нь хүн ирэхийг хүлээнгээ сурагчдын цээж бичгийг засаж, гэрийн даалгаврыг нь шалгаж эхэллээ.

19.00. Г.Энхтуяа багшаас хэдэн цагт харьдгийг нь лавлахад “19.00 цаг өнгөрөөж гараад, 20.30-ийн үед гэртээ ордог юм. Ажил тарах үеэр зүүн дөрвөн зам нам түгжирдэг учраас 18.00 цагт гарсан ч 20.00 цагт харина. Түгжрэлд дэмий зогсож байхаар ангидаа сууж дэвтэр засах, бичих ажлаа хийчихээд, зам “онгойхоор” явсан нь дээр” гэсэн.

Түүний амнаас “Миний отгон шавь нар” гэх үг нэг бус удаа гарахыг анзаарсан тул “Отгон шавь гэж бодохоор арай онцгой санагддаг уу” гэхэд “Залуу байхад ахмад багш нарыг отгон шавь гэж ярихаар яагаад тэр юм бол, түмний хүүхэд ямар ялгаа байх вэ гэж боддог байлаа. Одоо өөр дээр тулж ирээд ойлгож байна. Яах аргагүй ингэж хэлээд байдаг юм байна. Эх хүн бүх хүүхдэдээ адилхан хайртай ч отгоныгоо арай илүү онцгойлоод байдаг даа. Отгон шавь яг отгон хүүхэдтэй адилхан юм байна. Би луу жилтэй. Хужиртад очоод авсан ууган шавь нар минь луутай байсан. Отгон шавь нар маань бас луу жилтнүүд. Сонин тохиол байгаа биз. Энэ хэдийгээ отгон шавь гэж бодохоор л хайр хүрээд байдаг” хэмээсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)