Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн сурталчилгааны үеэр “Фэйсбүүк” компанийнхантай цахимаар хамтран ажиллана

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дарга Г.Чинзоригтой ярилцлаа.

-Сонгууль зохион байгуулах ажлын хүрээн дэх танай байгууллагын бэлтгэл ямар шатанд байна вэ. Нам, эвслүүд сурталчилгаанд ашиглах цахим хуудсаа бүртгүүлж эхэлсэн үү. Батламж авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлж, танайд хүргүүлсэн байх заалт хуульд бий?

-Нэр дэвшигч болон нам, эвслүүд гурван хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно. Нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд түүнийгээ бүртгүүлэх юм. Бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороо нь манайд ирүүлнэ. Одоогоор нам, эвсэл батламжаа авсан ч бие даан нэр дэвшигчид үнэмлэхээ аваагүй байгаа. Тэгэхээр манайд уг жагсаалт хараахан ирээгүй гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасны дагуу ХХЗХ нь радио, телевиз болон цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, арга хэмжээ авах зэрэг тодорхой үүрэг хүлээсэн. Бидний хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, радиогоор нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ оны нэгдүгээр сард байгуулж, хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллаж байна.

-Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам болон Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай тогтоолын төслийг танай байгууллага өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцжээ. Өнгөрсөн сонгуулийн үеэр гаргаснаас уг журам юугаараа ялгаатай вэ?

-ЦЕГ болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ өнгөрсөн дөрөвдүгээр сард уг журмыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. Өмнөхөөс ялгаатай гол зүйл нь цахим орчин дахь сурталчилгаанд хийх зохицуулалтыг илүү нарийвчилж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан. Ингэснээр шуурхай ажиллах боломж бүрдэж буй юм.

Харин Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг ХХЗХ, СЕХ хамтран баталсан. Энэ удаагийн журамд өмнөхөөс ялгаатай хэд хэдэн зохицуулалт бий. Тухайлбал, радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ СЕХ-нд бүртгүүлдэг байсан бол одоо ХХЗХ-нд бүртгүүлнэ. Сурталчилгаа нэвтрүүлсэн тухайгаа ХХЗХ-нд долоо хоног бүр тайлагнадаг байсан бол сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх үүрэг хүлээж байгаа. Түүнчлэн нам, эвслүүдийн бэлтгэсэн мэдээг сурталчилгаа гэж үздэггүй байлаа. Одоо бол сурталчилгаанд тооцох төдийгүй тухайн радио, телевиз нь редакцын мэдээнээс тусад нь гаргах ёстойг журамд тусгасан. Хамгийн гол нь хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөсөн.

-Цар тахалтай холбоотойгоор дээрх тогтоол, журмыг дахин хэлэлцэж, батлах шаардлага бий юү?

-Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай эдгээр журмыг өнгөрсөн сард баталсан тул дахин өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоол, журмын дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Холбогдох хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд зохицуулалтын дагуу журмыг нь шинэчлэх магадлалтай юм.

-Энэ жил сонгуулийг уламжлалт хэлбэрээр, эсвэл цахимаар зохион байгуулах үгүй нь эргэлзээтэй байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгааг цахимаар явуулж магадгүй гэсэн яриа бий. Тэгвэл байгууллагын үүрэгт өөрчлөлт гарах байх, тийм үү?

-Сонгуулийн сурталчилгаа цахим орчинд илүү өрнөх болов уу гэсэн таамаглалаар бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажиллаж байна. Цар тахал гарсантай холбоотойгоор сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компанийн төлөөлөгч Монголд ирж чадахгүй болсон. Гэхдээ бид сонгуулийн сурталчилгааны үеэр тэдэнтэй онлайнаар шууд холбогдож, хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ сарын дундуур цахимаар дахин хуралдахаар төлөвлөсөн. Сонгуулийг шударга, хуулийн дагуу явуулах нь ХХЗХ-ны хуулиар хүлээсэн үүрэг болоод буй.

-Сонгуулийн сурталчилгааны үеэр зөрчил гаргасан сайт, телевизийн олон суваг дамжуулах эрхийг сурталчилгааны хугацаа дуусах хүртэл хаана гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Ингэж зохицуулах болсон шалтгаан юу вэ?

-Хуульд ингэж заасан ч Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамд илүү нарийвчилж зохицуулсан. Уг журмын дөрөвдүгээр зүйлд зааснаар, холбогдох эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийн дагуу хууль зөрчсөн мэдээ, мэдээллийг хязгаарлах мэдэгдлийг манай байгууллагад хүргүүлж болно. Хэрэв тухайн веб сайт нь мэдэгдэлд дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол бид хуульд заасны дагуу технологийн арга хэмжээ авна. Технологийн арга хэмжээ гэдэг нь тухайн цахим хуудсыг хаах хүртэл арга хэмжээ авахыг хэлж буй юм.

-Харилцаа холбооны зохицуулах хороо нь СЕХ-ны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг нь бууруулах технологийн арга хэмжээг сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно гэж хуульд тусгажээ. СЕХ-ноос ямар санал гаргасан тохиолдолд ийм арга хэмжээ авах юм бол?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасны дагуу СЕХ нь цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд авах технологийн арга хэмжээ авах саналыг албан бичгээр ХХЗХ-нд ирүүлнэ. Бид үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчтэй хамтран технологийн арга хэмжээ авах туршилт хийж эхэлсэн.

-Нэр дэвшигчид подкаст, влог хийх зэргээр өөрийгөө таниулж эхэлжээ. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээр үүнд хэрхэн хяналт тавих юм бол. Онлайн буюу цахим сурталчилгаанд хязгаар тавих уу, подкаст, влогийг сурталчилгаанд тооцох уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.1.3-т заасны дагуу бүртгэлгүй цахим хуудаснаас сонгуулийн зар сурталчилгаа явуулах боломжтой. Ингэхдээ нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээллийг (нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа) олон нийтэд ойлгомжтой, ил тод харагдахуйц байдлаар нийтлэх ёстой. Хэрэв ингээгүй тохиолдолд хууль бус сурталчилгаа явуулсан гэж үзээд хариуцлага тооцох юм. Бүртгэлгүй хэрэглэгчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл буюу хууль бус зар сурталчилгааг нэвтрүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй. Үүнд ЦЕГ, ХХЗХ, СЕХ зэрэг олон байгууллага хамтарч хяналт тавина.

-Цахим сурталчилгаатай холбоотой ямар нэг асуудал, гомдол гарвал иргэд энэ талаар хаана хандаж, мэдэгдэх ёстой вэ?

-Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын дагуу сонгуулийн сурталчилгаатай хол-боотой гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргах боломжтой. Холбогдох эрх бүхий гэдэг нь цагдаагийн, шударга өрсөлдөөний, тагнуулын зэрэг төрийн захиргааны байгууллага юм. Харин ХХЗХ нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэрэглэгчийн гомдол маргаан хүлээж авах боломжгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)