Г.Чинзориг: “Никитон” хамтлаг пянзаа гаргаасай гэж хүсдэг

Амьдралыг илүү утга учиртай, сонирхолтой болгодог олон зүйлсийн нэг нь хобби. Зоос, маркаас эхлээд төрөл бүрийн зүйл цуглуулдаг хүмүүс бий. Тэдний нэг болох пянз цуглуулагч Г.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр бага насныхаа мөрөөдлийг хоббигоо болгожээ.

-Пянз цуглуулах болсон шалтгаан юу вэ?

-Цуглуулж эхлээд удаагүй, гурван жил л болж байна. 1980-аад оны үед сонсдог байсан. Тэр үед бүх зүйл ховор. Ялангуяа пянз бараг олддоггүй байлаа шүү дээ. Гадаадад сурдаг оюутнууд зуны амралтаараа ирэхдээ хэдэн пянз авчирна. Мөн Дэнжийн мянгын зах дээр пянзны наймаачид байлаа. 

Би хөдөөнөөс хотод оюутан болж ирэхдээ хэдэн пянзтай байв. Түүнийгээ хотын хүүхдүүдийнхтэй солилцож сонсоно. Гэхдээ орон нутагт голдуу л хуулбар пянз байдаг, харин хотын хүүхдүүдэд жинхэнэ нь байна. Нийгэм хаалттай учраас Баруунаас пянз орж ирэхгүй, социалист орнуудынхыг л зардаг. 

1981 онд манай нутгийн нэг хүн Германд нэг сарын курст сурчихаад ирэхдээ Германы “Чингис хаан” хамтлагийн пянз авчирсан гэж дуулаад “Пянзаа өгөөч. Сонсчихоод өгье” гэж гуйтал “Үндэсний үзэлд харшилсан гээд цагдаагийнхан хураагаад авчихсан” гэж билээ.

Тийм л нийгэм байлаа шүү дээ. Хуурцаг бол элбэг. Хүнээс гуйж авсан пянзныхаа дууг хуурцагт хуулж авна. Энэ мэт дурсамжаасаа болоод ч тэр үү, пянз цуглуулж эхэлсэн дээ.

-Пянз тоглуулагч нь элбэг байсан уу?

-Одоогийнхтой харьцуулахад инээдтэй. ОХУ-аас оруулж ирсэн, хүчин чадал, дуугаралт нь тааруухан тоглуулагчаар л сонсоно. Гадаадад сургууль төгсөөд ирсэн ах, эгч нарын авчирсан тоглуулагчийг гуйн, худалдаж авдаг байлаа. 

Мөн Улсын их дэлгүүрийн баруун тал болон III, IV хороололд байсан хуучин барааны дэлгүүрээс янз бүрийн тоглуулагч олж авна шүү дээ. Үүнээс гадна Улсын их дэлгүүрийн “Өндөр үнэтэй тасаг”, мөн “Баянгол” рестораны валютын тасагт дандаа гадаадын тамхи, пянз, тоглуулагч зардаг байв. Түүнийг нь очиж харна. Авч чадахгүй ээ. Харж шүлсээ гоожуулж байгаад л гарна. 

Одоо манайд байгаа хуурцаг тоглуулагч хөгжим (магнитофон)тухайн үед “од” байв. Хөгжим сонсдог бүх хүний мөрөөдөл байсан юм. Дуугаралт ч гоё. Тухайн үед авч чадаагүй. Харин нэлээд сүүлд нь авсан.

-Яагаад саяхнаас пянз цуглуулж эхэлсэн юм бэ. Ид сонирхож байхдаа цуглуулж болоогүй юм уу?

-1990 онд зах зээлд шилжиж, би ч эхнэр, хүүхэдтэй болоод хөгжмөө анхаарах завгүй болж, хэдэн пянз минь сүйтгэгдээд дууссан. Мөн дэлхий нийтээр CD гэж хошуураад, пянз үнэгүйдэж, манайхан ч байсан хэдийгээ хаясан. 

Харин европчууд нэлээд хадгалсан юм билээ. Гэхдээ бас л үнэ нь буурч, 50 центийн л ханштай болсон байгаа юм. Гэтэл 7-8 жилийн өмнөөс хүмүүс дахиад л пянз руу хошуурдаг боллоо. Учир нь пянз CD-нээс илүү “амьд” дуугардаг гэдгийг хүмүүс ойлгох болсон. Ингээд буцаад пянз үйлдвэрлэж эхэллээ. 

Би 2015 оны есдүгээр сард тоглуулагч авч, пянз цуглуулж эхэлсэн. Анх ОХУ-аас хамтлаг, дуучдын 40-өөд пянз авч байв. Түүнээс хойш хөгжим, тоглуулагчаа хэд хэдэн удаа сольсон. Пянзнуудаа ч олшруулж амжлаа.

-Пянз нь бусад зүйл цуглуулахаас юугаараа ялгаатай вэ?

-Үнэтэй хобби гэж боддог. Нэг пянз хамгийн багадаа л 40-50 мянган төгрөгийн ханштай. Тоглуулагч нь бүр ч өндөр өртөгтэй. Нэг сая төгрөгөөс хямд гэж байхгүй. Өсгөгч гэхэд л хуучин, хямд нь 300-400 мянган төгрөгийн үнэтэй байсан. 

Шинийг нь авч дийлэхгүй юм билээ. Хүүхэд байхдаа сонсдог, дуртай байсан дууныхаа пянзнуудыг одоогоор бүгдийг нь олж, цуглуулгаа баяжуулсан. Үүндээ багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцууллаа. Пянзанд бараг донтож байгаа.

-Хамгийн их хичээл зүтгэл гаргаж олсон ямар пянз байна вэ?

-Надад хэдэн хамтлагийн багц цомог бий. Тэдгээрийг цуглуулахад нэлээд хугацаа зарцуулсан. Жишээлбэл, “Queen” хамтлагийн 15, “Pink Floyd”-ын 15, “Boney M”-ийн ес, “Abba”-гийн долоо, “Modern talking”-ы зургаан цомгийг он дарааллаар нь цуглуулсан. Ингэхдээ олдсон болгоныг цуглуулахгүй шүү дээ. 

“Boney M”, “Modern talking”-ы цомог гэхэд Германы “Hansa” брэндийн үйлдвэрлэснийг нь авсан. Хамгийн анх үйлдвэрлэснийг нь олох чухал. Энэ мэтээр нэлээд цаг хугацаа, мөнгө төгрөгөөр олдсон нь илүү үнэ цэнтэй. Цуглуулга гэдгийн мөн чанар нь энэ юм болов уу л гэж боддог.

-Пянзнуудаа хаанаас авдаг вэ. Монголоос хэр олдож байна?

-Ихэвчлэн гадаадаас авдаг. Заримдаа “Amazon” сайтаас захиална. Мөн Нидерландад амьдардаг Одон гэж бүсгүй рүү захина. Монголоос гэвэл Пунцаг гэж хүн нийлүүлдэг. Түүнчлэн адил хоббитой хүмүүс пянз солилцох нь элбэг. 

Сүүлийн үед залуус их сонирхдог болсон байна лээ. “Пянз цуглуулагчдын групп” гэж бидний цуглаж, санал солилцдог цахим групп бий. 6000 гаруй гишүүнтэй болсон. Гэхдээ тэдний дунд ажиглагч нар ч бий л байх.

-Үнэтэй цуглуулга гэж байсан. Таны цуглуулгаас хамгийн үнэтэй нь хэдэн төгрөгийн өртөгтэй вэ?

-Өөрийн худалдаж авснаас гадна хүмүүсийн бэлэглэсэн пянзнууд бий. Саяхан “Boney M”-ийн нэг пянзыг 30 евро буюу 180 мянган төгрөгөөр худалдаж авсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. 110-120 мянган төгрөгөөр авсан нь элбэг. 

Сүүлийн үед пянзны үнэ улам л өсөх боллоо. Ялангуяа саяхан “Queen” хамтлагийн тухай кино гарснаас хойш пянзных нь үнэ эрс нэмэгдсэн байна лээ.

-Ямар төрлийн дууг ихэвчлэн сонсдог вэ?

-Рок, поп, сонгодог гээд бүгдийг нь л сонсоно. Гэхдээ 1990, 2000-аад оны хамтлаг дуучдыг бараг сонсохгүй. Бага, залуу насандаа сонссон дуунууддаа л их дуртай. Ганцхан дууны төлөө ч пянз худалдаж авах тохиолдол бий. 

Сонирхуулахад, бид зүүн Европын хөгжмийн урсгалыг голдуу сонсдог. Социалист улсуудын хамтлаг, дуучдын дуу ОХУ-аар дамжин манайд орж ирсэн юм билээ. Жишээлбэл, америкчууд “Smokie”, “Modern talking”, ABBA-г төдийлөн мэддэггүй. Тиймээс тус улсын пянзны дэлгүүрүүдэд дээрх хамтлагийн пянзнууд харьцангуй хямд байдаг.

-Цуглуулгад тань одоо хэчнээн пянз байгаа вэ?

-Бусад цуглуулагч нартай харьцуулахад минийх цомхон. Одоогоор 700 гаруй пянз бий. 1970, 1980-аад онд хит болж байсан хамтлаг, дуучдын пянз бараг бүгд бий гэж боддог.

-Монголын хамтлаг, дуучдын пянз бий юү?

-Манайд пянз гаргасан хамтлаг, дуучин тун цөөн. “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, сүүлийн үед “Хурд”, “Lemons”, “The colors”-ынхон пянзаа гаргасан. “The colors”-ынхоос бусад нь миний цуглуулгад бий. “Инээмсэглэл” хамтлаг пянзаа гаргах сураг дуулдсан. “Никитон” хамтлагийн пянз гараасай гэж хүсдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)