Г.ЦЭЦГЭЭ: Органик бүтээгдэхүүн тариалахад бага хэмжээтэй талбай тохиромжтой

Монголд анх удаа органик газар тариалан, хүнс үйлдвэрлэлийг эхлүүлэх сургалт, арга зүйн зөвлөмж боловсруулан, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, төсөл хэрэгжүүлж буй “ADRA Монгол” олон улсын байгууллагын органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн менежер Г. Цэцгээтэй ярилцлаа.

-Органик хөдөө аж ахуй гэж юу вэ. Газар тариалан эрхлээд 60 жил болсон, бусад улс оронтой харьцуулахад эрүүл, элэгдэл багатай хөрс шороотой гэгддэг манай улсын газар тариалангийн салбарт илүү сайжруулах, эрүүл бүтээгдэхүүн тарьж, ургуулах ямар боломж байгаа бол?

-Органик хөдөө аж ахуй гэдэг нь синтетик химийн бордоо, химийн гаралтай пестицид хэрэглэхгүйгээр тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөл, экологийн процессууд, биологийн төрөл зүйл, хөрсний шинж чанар, эргэлтэд түшиглэсэн газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэх тухай ойлголт, технологи, үйлдвэрлэл юм. Шинжлэх ухааны ололт амжилт, инновацыг уламжлалт технологитой хослуулан хөрс, экосистем, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор газар тариалан эрхлэх үйл явц гэж ойлгож болно. Манайд атар газар эзэмшээд олон арван жил болсон ч байгалийн цэвэр гэсэн баталгаатай, гэрчилгээ, шошготой бүтээгдэхүүн хараахан үйлдвэрлээгүй, химийн янз бүрийн бодисын хэрэглээнд тавих хяналт бага байдаг зэрэг сул тал бий. Тиймээс органик хэмээх шинэ аргачлалыг нутагшуулах, олон нийтэд таниулах ажлыг эхлүүлэх цаг хугацаа нь болсон.

-Манай улсад анх удаа өнгөрсөн жил органик бүтээгдэхүүн тарьж, ургац хураан авсан гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Органик газар тариалангийн тухай хуулийг 2016 онд баталж, 2017 оноос мөрдөж эхлүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах, органик хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны дэмжлэгтэй, Германы Засгийн газрын санхүүжилтээр, “АDRA Монгол” олон улсын байгууллагын органик газар тариалангийн түншлэл төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн 11 сумын 30 хоршооны 300 гаруй ногоочин, зөгийчнийг бэлтгэн, хамтран ажилласан. Тэд 80 гаруй га талбайд, 19 төрлийн хүнсний ногоо тарьж, 950 тонн ургац, зөгийн бал 4.5 тонныг хураан, зах зээлд нийлүүлсэн. Цаашид “Сэлэнгэ органик” брэндийг бий болгохоор зорьж байна.

-Олон нийт органик хүнсний талаар ямар ойлголттой байна. Хэрэглэгчид энэ талаар юу мэдвэл зохих вэ?

-Хүний эрүүл мэнд алдагдах үндсийн 70-80 хувь нь идэж буй хүнс, 20 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийгээгүйгээс шалтгаалдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хамгийн чухал нь аюулгүй, баталгаатай, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Тухайн хүнс эрүүл байх гол үзүүлэлт нь органик аргаар тариалж, тордон, хураан авч, хадгалсан байх учиртай. Үүнийг нь хянан баталгаажуулж шошго, тэмдэг тэмдэглэгээ олгодог. Органик гэдэг үгийг төр “эзэмшдэг” учраас ХХААХҮЯ тийм шошго олгодог юм. Хөндлөнгийн болон хамтын баталгаажилтын гэсэн хоёр аргаар бүтээгдэхүүний үүсэл гарлыг тодорхойлж, чанарыг нь үнэлдэг. Хөндлөнгийн баталгаажилтыг тухайн бүтээгдэхүүнийг экспортлохоор зорьж буй улсаас авдаг. Ийм баталгаажилт өндөр үнэтэй байдаг. Тухайлбал, АНУ-аас чанарын баталгаа авч, бүтээгдэхүүндээ шошго наахын тулд эхний гурван жилд 100 000 ам.доллар төлдөг юм байна. Гарааны компаниуд ийм төлбөр төлж чадахгүй учраас дотоодоосоо, органик гэсэн тэмдэглэгээ авч болно. Тодорхой хэмжээний төлбөр төлөх бөгөөд гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлэх баталгаа болдог. Мөн ногоочид, зөгийчид бие биенээ хянадаг. Энэ бол бүлгийн буюу хамтын баталгаажилтын арга юм. Байгальд ээлтэй аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тангараг өргөсөн, ногоочид, зөгийчид ажиллаж буй учир бие биедээ хяналт тавих эрхтэй гэсэн үг. Өнгөрсөн жил шилжилтийн үеийн органик гэсэн тэмдэглэгээ авсан. Энэ жилээс цэвэр органик гэсэн шошготой болно. Ингэснээр бүтээгдэхүүн экспортлоход нэг алхам урагшилна.

-Органик газар тариаланг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл болон давуу тал нь юу байна?

-Дэлхийн хүн ам хурдацтай өссөөр буй тул хүнсний хэрэглээ ч нэмэгдсээр байна. Олон хүнийг их хэмжээний ургац, түүхий эдээр хангах үүднээс бөөний үйлдвэрлэлд химийн бордоо, өсгөвөрлөгч бодисууд ашиглахыг зогсоохгүй байх. Харин улс үндэстэн, муж, бүс нутгийн хэмжээнд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааг хөгжүүлэх боломжтой. Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн нь органик газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийг нутагшуулах таатай орчин болж, дэлхий нийтэд органик газар тариалангийн бүс нутаг гэж танигдаж болно. Ер нь газрын өгөөжийг олон жил үе удмаараа тогтмол хүртье гэвэл байгальд ээлтэйгээр хөрсөө ашиглах учиртай. Химийн хортой бодис хэрэглэхгүйгээр байгалийн аргаар тариалан эрхлэхэд га-гаас авах ургацын хэмжээ бага байх боловч борлуулалтаас олох орлого чамгүй.

-Органик бүтээгдэхүүний амт, чанарыг иргэд хэрхэн үнэлэв. Уламжлалт аргаар ургуулсан ногоо, зөгийн балнаас харьцангуй өндөр үнэтэй гэсэн ойлголт цөөнгүй хүнд бий.

-Манай тариаланчид өнгөрсөн намрын хураасан ургацаа бүрэн борлуулж дууссан. Худалдан авагчид нь бусад ногооноос илүү амттай, шүүслэг байсан талаар сэтгэгдлээ ирүүлж, энэ жилийн ургацнаас нь томоохон хоёр сүлжээ дэлгүүр, зоогийн газрууд захиалсан байна лээ. Үнэ нь кг тутамдаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс 500-2000 төгрөгөөр илүү байсан. Тодруулбал, зөгийн бал, сүүнцэр зэрэг өртөг ихтэй бүтээгдэхүүн нь 2000, бусад ногоо 500-1500 төгрөгөөр ахиу үнэтэй байжээ. Ер нь органик хүнс хэрэглэх нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгосон хүмүүс илүү үнэ төлөхдөө цааргалдаггүй. Бас органик гэдгийг нь баталгаажуулсан ногоо, жимсийг дунд сургуулийн хүүхдүүдийн үдийн цай, хоолонд өгч хэвшвэл, эрүүл монгол хүн өсгөх, тариаланчдын эдийн засгийг дэмжих хамгийн үр дүнтэй арга болох байх. Мэдээж органик бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн хэрээр үнэ нь хямдрах боломжтой. Энэ жил 300 га талбайд хүнсний ногоо тариалахаар төлөвлөн, ажлаа эхлүүлсэн тул ургацын хэмжээ ч өнгөрсөн жилийнхээс гурав дахин өсөх боломжтой.

-Ногооны үр, бордоог хаанаас авдаг юм бэ. Химийн ямар ч бодис хэрэглэхгүй гэсэн үг үү?

-Хөрсний тэнцвэрийг хадгалах, хортон шавжийг устгах гэх мэт үүрэгтэй, хуулиар зөвшөөрөгдсөн 280 нэрийн бодис ашиглах боломжтой. Үрийг нь “Монгол ногоо” төслийн хүрээнд Германаас авчирсан. Мөн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулсан органик үрийг ч ашигласан. Энэ жилийн тариалалтдаа өнгөрсөн оны бүтээгдэхүүнээс үрэлгээ хийнэ. Ташрамд хэлэхэд, органик хөдөө аж ахуйн түншлэл төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байх үед органик бордооны үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй байв. Өдгөө ногоочид маань гурван ч үйлдвэртэй хамтран ажилладаг болсон. Малын бууц, ноосноос гадна чийгийн улаан өтөөр бордоо хийдэг аж ахуйн нэгжүүд Сэлэнгэ, Төв аймагт байгуулагдан, 2019 онд 110 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Ер нь дэлхий дахинд органик бордоо эрэлт ихтэй, өртөг өндөртэй байдаг. Манай улс бордооны арвин түүхий эдтэй тул ноос, өтөг бууцаар хийн олон улсад нийлүүлбэл ашиг их олох боломжтойг аж ахуйн нэгжүүд мэдэрч, эрчимтэй ажиллаж буй.

-Органик тариалан эрхэлье гэсэн хүмүүс хаана, хэнд хандах вэ. Ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд манай байгууллагын зүгээс үнэ төлбөргүй сургалт явуулж, мэдээлэл өгч болно. Орон нутгаас бидэнд хандан, овьёос, замбайн гурилын үр тарьдаг талбайгаа органикжуулан, баталгаажуулалт хийлгэн, бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоо илэрхийлсэн. Гэхдээ бидний санхүүжилт хязгаарлагдмал учраас хандсан хүн бүрийг үр, бордоо, техникээр хангах боломжгүй. Цаашид төслөө үргэлжлүүлэх боломжтой болж, санхүүжилтээ нэмж чадвал татгалзах зүйлгүй.

Органик бүтээгдэхүүн тарих талбайг бэлтгэх наад захын шалгуур бий. Өдөрт олон тооны автомашин хөлхдөг авто замаас 250, органик бус тариалан эрхлэгчийн талбайгаас 50 метр зайтай талбайд тариалалт хийх ёстой. Хашаа, зуслангийн газартаа ногоо тарихаар бол хашаа руугаа тулгалгүй 5-10 метрийн наана ногоогоо тарина. Мөн хог, зэрлэг ургамлаа гараараа түүнэ, шинжилгээнд хамруулж, хэрэглэхийг зөвшөөрсөн усны үүсвэрээс ногоогоо услах зэрэг шаардлагыг ханган, орчны шинжилгээнүүдийг хийлгэсэн байна. Түүнчлэн өөрийнхөө ажлын арга зүй, ашиглаж буй бодис, техникээ ойр орчмын тариаланч, аж ахуйн нэгжээр хянуулж, нээлттэй ажиллан, хамтын баталгаажуулалтыг хийлгэх гэх мэт дүрмийг мөрдөнө. Үүний эцэст бүтээгдэхүүнийг органик хэмээн үнэлэн, гэрчилгээ олгодог.

-Дэлхий дахинд органик хөдөө аж ахуй хэр хөгжиж байна вэ. Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт ямар байдаг бол?

-2018 онд дэлхийн 181 улсад, 70 сая га талбайд гурван сая тариаланч органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн 97 тэрбум еврогийн худалдаа хийсэн гэсэн мэдээ бий. Тариалангийн талбай, ажилласан хүний тоотой нь харьцуулахад борлуулалтын хэмжээ, ашиг нь тун өндөр байсан гэсэн үг. Европын Холбооны улс, ялангуяа Германд органик хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй байдаг юм билээ. Азиас БНХАУ органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалт, импортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.

Органик бүтээгдэхүүн тарихад бага хэмжээтэй талбай илүү тохиромжтой. Тиймээс ч 9-20 хүнтэй, хоршооллыг сонгон төслөө хэрэгжүүлж байгаа. Жижиг талбайгаас чанар сайтай, шимтэй ногоо хураан авч ахиу үнээр борлуулж чаддаг нь ашиг өндөр байхад нөлөөлдөг. Ер нь газар тариаланд бөөний үйлдвэрлэл буюу том талбайтай, томоохон аж ахуйн нэгжүүд орлого ашиг сайтай байдаг. Тэгвэл иргэд хашаандаа, зусландаа, хэмжээ багатай тариалангийн талбайг органикжуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хамтарч борлуулалтын суваг нээж чадвал өрхийн орлогод дэмтэй, эдийн засгийн өгөөжтэй байх боломжтой.

-Цаашид органик газар тариаланг хөгжүүлж, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангахад тулгамдаж буй асуудал таны бодлоор юу вэ?

-Бага хэмжээний санхүүжилтээр богино хугацааны төслийг бид хэрэгжүүлж эхэлсэн. Санхүүжилтыг нэмэгдүүлж чадвал сонирхсон иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хамруулж органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Салбарын яамнаас бодлогыг нь боловсруулж ногоочид, аж ахуйн нэгжүүд, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг ч органик газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тусгайлан дэмжин, хөнгөлөлттэй зээл тусламж олгоход илүү анхаарвал аль аль талдаа өгөөжтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)