Г.УЯНГА: Гадаадад сурах төлөвлөгөөг 1-2 жил боловсруулах шаардлагатай

Төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгч, ирээдүйн мэргэжлээ сонгох амаргүй даваатай нүүр тулж байна. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцах сонирхолтой залуучууд нэмэгдэж, тэр хэрээр эртнээс бэлтгэлээ базаах болсон. Ийм зорилготой сурагч, залууст БНСУ-ын “Дангүг” их сургуулийн оюутан Г.Уянгын зөвлөгөөг хүргэе.

Гадаадад суралцахаар шийдсэн бол юунд анхаарах вэ?

-Би 2019 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг гадаад харилцааны мэргэжилтнээр төгссөн. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр “Дангүг” их сургуульд мэргэжлийнхээ дагуу магистрын зэрэг горилон суралцаж байна. Тэтгэлгээр суралцах нь давуу тал ихтэй. Нэгдүгээрт, төлбөрөө олох гэж хичээлийн хажуугаар ажил хийх шаардлагагүй. Зөвхөн хичээлдээ төвлөрөх боломжтой. Олон залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийж, төлбөрөө олно гэсэн төлөвлөгөөтэй хүний нутаг зорьдог ч бодит байдалд энэ нь тийм ч амар зүйл биш. Хоёрдугаарт, хичээлд зарцуулах цаг хангалттай учир олон орны оюутантай танилцаж, сэтгэлгээний хүрээгээ тэлэх боломж олгодог. Тиймээс ямар нэг сургуульд элсэх хүсэлт гаргахаасаа өмнө тэтгэлэгт хамрагдах боломж бий, эсэхийг судлах хэрэгтэй. Хэрвээ ахлах ангид сурдаг бол төгсөхөөсөө нэг жилийн өмнө, оюутнууд III дамжаанаасаа эхлэн өөрийн тодорхойлолтдоо анхаарах ёстой. Зөвхөн голч дүн өндөр байлаа гээд тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Тиймээс сайн дурын ажил хийж, тэмцээн, уралдаанд оролцон, нийгмийн идэвхтэй байж өөрийгөө сорих хэрэгтэй. Мөн суралцах хугацаандаа судалгаа хийж, эрдэм шинжилгээний хуралд оролцон, цаашлаад өөрийн бүтээлийг хэвлүүлбэл том давуу тал болно. Хувийн зардлаар гадаадад суралцахаас илүү ямар нэг тэтгэлэгт хамрагдах боломж байна уу, үгүй юү гэдгийг сайн судлах нь чухал.

Амьдрах орчин солигдоход ямар бэрхшээл тулгарч байв?

Уур амьсгал, хоол хүнс гээд ялгаатай зүйл олон. Энэ бүхэнтэй зохицож амьдрах хэцүү. Мөн соёлын ялгаатай байдлаас болж олон удаа хүнд байдалд орж байсан. Тэглээ гээд шантарч болохгүй. Чөлөөт цагаараа шинэ зүйл туршиж, хүмүүстэй танилцаж, нөхөрлөснөөр орчиндоо хурдан дасах боломжтой. Ахмад настан, эсвэл өндөр албан тушаалтай хүнтэй хүндэтгэлгүй яриад, буруу ойлголт төрүүлэх тохиолдол байдаг. Мөн хоолны соёл өөр тул алдаа гаргах нь бий. Тиймээс сурахаар төлөвлөсөн улсынхаа соёл, ёс заншлыг судлах хэрэгтэй.

Монгол болон гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр юугаараа ялгаатай бол?

-БНСУ-ын их, дээд сургуулийн багш нар оюутнуудынхаа үзэл бодлыг их хүндэлдэг. “Ийм арга зүйгээр хичээлээ заавал болох уу. Ямар чадварт суралцахыг хүсэж байна” гэх зэргээр санал асууж, сургалтдаа тусгадаг. Цар тахал дэгдсэн учир одоогоор цахимаар хичээллэж байна. Гэхдээ танхимын сургалтаас дутахгүй зааж, зөвлөдөг. Технологи өндөр хөгжсөн, хүмүүсийнх нь хандлага эрүүл, зөв учир БНСУ-д сурч, хөдөлмөрлөх таатай.

Тэтгэлгийн эсээнд юуг анхаарах хэрэгтэй бол?

Солонгосын бүх их, дээд сургууль элсэгчдээ эсээ бичүүлж шалгадаг. Таны боловсролын гэрчилгээний дүн сайн байлаа ч эсээгээ чадварлаг бичиж, өөрийгөө ойлгуулахгүй бол их сургуулийн ярилцлагад дуудагдана гэж санах хэрэггүй. Тухайн улс болон сургуулийг яагаад сонгох болсноо элсэлтийн эсээндээ тодорхой тусгах ёстой. Сургуулийн удирдлага эсээгээр дамжуулан биднийг шинждэг. Тухайлбал, юу сурах, ямар хичээлд суух, төгсөөд хаана ажиллах зэрэг тодорхой мэдээллийг хүлээж байдаг юм. Ирээдүйгээ хэр тод харж чадна, тэр хүний эсээ бусдаас өндөр оноо авна. Тиймээс эсээндээ тусгайлан анхаарал хандуулах нь зүйтэй. Элсэлтийн материал хүлээж авах өдрөөс багадаа хоёр сарын өмнө бэлдэж, сургуулийнхаа цахим хуудастай танилцаарай. Тэтгэлэгт хөтөлбөрт хүчээ үзэхээр шийдсэн бол олон эсээ бичих шаардлага тулгарна. Таны бичсэн эсээ Монголын төдийгүй өөр орны оюутнуудынхтай өрсөлдөх тул нийтлэг агуулгаас зайлсхийж, давуу тал, онцлогоо гаргахыг хичээгээрэй. Суралцах улсынхаа түүх, соёлыг сонирхож буйгаа ч тусгах нь зөв.

Солонгос хэл сурахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

-Өгүүлбэрийн бүтэц, дарааллын хувьд солонгос, монгол хэл төстэй. Тиймээс монголчуудад энэ хэлийг сурахад давуу тал их бий. Ганц үг цээжилнэ гэхээс илүү багцаар нь тогтоовол илүү үр дүнтэй. Эсвэл найруулга сайтай олон төрлийн эсээ цээжилбэл тустай. Эсээ цээжилснээр доторх шинэ үгсийг амархан нүдэлж, ямар тохиолдолд, хэзээ хэрэглэдгийг нь мэддэг. Мөн дүрмээ ч тогтооно. Солонгос хэл сурч буй хүмүүс хэлний бэлтгэлд хамрагдах нь тийм ч үр дүнтэй биш. Зарим тохиолдолд эх орондоо хэл сурах нь санхүү, цаг хугацаа хэмнэдэг. Тиймээс аливаа хэлийг эх орондоо суралцаад, дараа нь тухайн улсад гүнзгийрүүлэн эзэмшвэл илүү үр дүнтэй санагддаг.

Монгол болон солонгос оюутнуудын хичээл хийх арга барил ялгаатай юу?

-Оюутнууд шөнө, оройн цагаар ч номын санд хичээлээ хийж байхыг хараад анх гайхаж, биширсэн. 02.00-03.00 цагт ч номын сан нь олон хүнтэй байдаг. Оюутнуудаас гадна ахлах сургуулийн сурагчид ч хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг. Ар гэр нь төлбөрийн боломжтой ч зарим оюутан хичээлийнхээ хажуугаар цагийн ажил давхар хийж, хуримтлал үүсгэдэг. Аялах, гадаад хэлний сургалтад хамрагдахад хуримтлуулсан мөнгөө зарцуулдаг юм билээ. Нийгэм нь өрсөлдөөнтэй учир зөвхөн сурлагын дүнгээр ажилд саадгүй орж чадахгүй. Тиймээс хичээл, цагийн ажлын хажуугаар буяны үйлсэд заавал оролцдог.

Бакалаврын зэргээ Монголд хамгаалах нь оновчтой гэдэгтэй санал нийлэх үү?

-Ямар мэргэжил сонгохоос шалтгаална. Жишээлбэл, эмч, хуульч зэрэг мэргэжил сонгох бол эх орондоо сурсан нь дээр. Солонгост анагаахын чиглэлээр гадаад оюутан бараг элсүүлдэггүй. Их сургуульд орлоо гэхэд дадлагаа энэ улсад, солонгос багшийн удирдлагад хийх боломжгүй гэх мэт олон бэрхшээлтэй. Хуульч ч ялгаагүй. Манай орны үндсэн хууль, ард түмний онцлог, улс төрийн тогтолцоо бусад орныхоос өөр. Эдгээрийг эх орондоо сурч, бакалаврын зэргээ Монголд хамгаалаад, өөр улсад мэргэжил дээшлүүлэх нь зөв болов уу. Манай улсын их, дээд сургуулиудын төлбөр бусад орныхоос хямд учраас бага өртгөөр өндөр боловсрол эзэмших боломжтой.