Г.Уртнасан: Өөрөө төрчихөөд эмнэлэгт байхдаа ч хүүхэд эх барьж явлаа

Монгол Улсад гавьяат цолтон хэд байдгийг мэдэхгүй. Харин Гавьяат цол хүртсэн эх баригч гарын арван хуруунд багтдаг юм билээ. Тоотой хэдэн Гавьяат эх баригчийн нэг Галбадрахын Уртнасанг “Хүмүүс” буландаа урилаа. Тэрбээр сар шинийн босгон дээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн юм.

Говь-Алтай аймгийн төвд төрж, өссөн, 12 хүүхэдтэй айлын ууган охин тэрбээр “Би уг нь эх баригч хүн. 15 настайдаа Хүн эмнэлгийн техникумд элсэж, 1969 онд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ажиллах томилолт өвөртөлснөөс хойш 40 гаруй жил эх баригч хэмээх энгүй сайхан нэрийг зүүж, 8528 хүүхдийн хүйн ээж болсон.

Энэ хүүхдүүдийнхээ буянаар төр, түмнийхээ хишгийг хүртэж, энэ хүндтэй шагналыг зүүгээд сууж байна. Харин шагнал гардуулахад намайг “Сувилагч” гэж дуудна билээ. Овог, нэрийг минь дуудахад урагшаа ухасхийснээ, сувилагч гэхээр нь зогтусдаг юм билээ. Би гавьяаны амралтад сууснаасаа хойш хэсэгхэн хугацаанд хувийн эмнэлэгт сувилагчаар ажилласан юм. Тэгээд л ингэж хэлэв бололтой. Би уг нь эх баригчаараа л үлдмээр байна” гэсээр яриагаа эхлэв.

-Дэлгэр сайхан шинэлэв үү, та?

-Ярих юмгүй сайхан шинэллээ. Олон хоногийн амралт таарсныг ч хэлэх үү, сар шинэ хуучраагүй л явна. Эх барьж авсан хүүхдүүд, тэдний ээж, аавууд намайг шагнал авсныг дуулаад утсаар ярьж, мессеж бичин баяр хүргээд, хэд хоног ёстой “од” боллоо.

-Хүйн ээжээ хүндлэх, золгох уламжлал хөдөөнийхөнд илүү хадгалагдаж үлджээ.

-Тийм шүү. Намайг ажиллаж байхад хөдөөнийхөн хүүхдийнхээ угаалга найранд авсан ээжийг нь заавал аваачдаг байлаа. Тэгэхэд нь би хүүхдэдээ бэлэгтэй очно. Буцаагаад нөгөө айл надад өвчүү өгнө. Цагаан сараар ч өвчүүтэй ирж золгоно. 

Бэлэг сэлтдээ биш, ёс уламжлал нь сайхан санагддаг юм. Одоо тэгэхээ больсон байх. Гэхдээ ямар ч байсан хүүхдийнхээ авсан ээжтэй мэндтэй устай явдаг хүн олон. Хотынхон бол хэн, хэнийхээ нэрийг ч мэдэлгүй өнгөрдөг бололтой юм билээ. Олон хүн төрж байгаа болохоор арга ч үгүй биз.

-Та 19 настайдаа эх баригч болсон юм байна. Тэр жаахан охин хүн төрүүлж, хүүхэд эх барьж авах ажилд дадах гэж хэсэгтээ л сандарсан болов уу?

-1969 оны долдугаар сард Хүн эмнэлгийн техникум төгссөн 16, Анагаах ухааны дээд сургууль төгссөн дөрвөн залуу “ЗиЛ130” машины тэвшин дээр суугаад нутаг руугаа гарч байлаа. Тэр үед ачааны машин нийслэлээс Говь-Алтайд 3-4 хоног явж хүрдэг байв. Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга Сосорбарам биднийг хүлээж авч, сумдад явуулахыг нь явуулж, аймгийн төвд үлдээхийг нь үлдээсэн. 

Гэр минь аймгийн төвд болохоор намайг аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажиллуулахаар болов. Юу ч мэдэхгүй, хүн төрөхөд дэргэдээс нь ч олигтой хараагүй шахам байж л төгсөж очоод шууд бие даан хүн төрүүлж байлаа. 1969 оны долдугаар сарын 10-нд анхныхаа жижүүрт гарч, тэр өдрөө Хонгор гэдэг эмэгтэйг төрүүлэн, хөөрхөн охин эх барьж авсан. Хоёр дахь удаагаа буюу долдугаар сарын 13-нд жижүүрт гарахдаа Нансалмаа гэдэг эмэгтэйг төрүүлж, эх барьсан хүүдээ Батмагнай гэдэг нэр өгч билээ.

Айлын хүүхдэд нэр өгсөн гэхээр овоо хурдан “архаг” эх баригч болсон байгаа биз. Наадмаар хаширууд амраад, над мэтийн шинэ төгсөгч жижүүрт гарсан хэрэг. Хүн төрөх гээд ирэхэд жижүүр эх баригч гээд сууж байгаа юм чинь төрүүлэхээс яах билээ. Миний азаар тэр өдрүүдэд төрсөн ээжүүд сайхан амаржсан. Залуу байхад хийморьтой ч, зоригтой ч байж. Тэгж байгаад л дадлагажиж, хашир туршлагатай эх баригч болж байгаа юм даа.

-Дадлага хийхдээ хүн төрөхийг дэргэдээс нь харж байгаагүй хэрэг үү?

-Үгүй чишш. Хотын төрөх эмнэлгийнхэн чинь оюутнуудыг бузар амьтад харсан мэт байдаг шүү дээ. Бид хэр чадлаараа цагаан нөмрөг, малгайгаа өмсөөд, өмнө, хойно нь бөнжигнөөд байхад хүн төрүүлэхдээ дэргэдээ зогсоох бүү хэл, ойртуулах ч үгүй. 

Хааяа жижүүрт гаргахдаа шалаа л угаалгана. Харин манай сургуулийн Дэмид гэдэг буриад багш биднийг маникан дээр маш сайн ажиллуулж, яг хүн төрүүлж байгаа мэтээр зааж сургасан нь ажил дээр гарахад их тус болсон.

-Та дандаа хөдөө, тэр тусмаа сумд олон жил ажилласан юм билээ. Сумд ажиллахад жинхэнэ ачаалал үүрч, ажил хийж сурдаг гэдэг дээ?

-1970 оны долдугаар сард ханийнхаа нутаг Хөхморьт сум руу шилжсэн. Тэнд 13 жил шахам ажиллаж, 2000 гаруй хүүхэд эх барьсан. Сумын ганц эх баригч учраас тэр нутгийн нэгэн үеийнхнийг бүгдийг нь эх барьсан байдаг юм. Намайг очиход Хөхморьт сум бага эмчийн салбартай, нэг бага эмч, гурван сувилагчтай байснаа 1971 онд их эмчийн салбартай болсон. Сумын эх баригч, бага эмчид ёстой хийхгүй юм байхгүй дээ. Хүнээ төрүүлнэ. Дуудлагад явна. Осол гэмтэл гарвал очно. Сум орны ажилд оролцоно.

Хөхморьт сум Говь-Алтай аймгийн хойд зах, Монгол элсний урд үзүүрт байдаг. Их элсэнд хүч гаргаж явдаг учраас сумынхан бүгдээрээ бөгтөр. Гаднаас ирсэн машин сумын зах руу ороод элсэнд сууна. Элсэнд мотоцикл унаж сураагүй хүн ч хэр барагтай явахгүй. Бид дуудлагад голдуу морь, тэмээгээр явна. Хааяа тракторын толгой олдвол дээд нь тэр. 

Өдрийн од шиг ховор, тун онцгой тохиолдолд нэгдлийн дарга машинаа өгнө. Өвөл тэмээгээр элсэн манхан дундуур явах тун амаргүй. Хөлдсөн элс цөмрөхөд тэмээ бүдэрчихэв үү гэлтэй хөл тээр доошоо шигдчихнэ. Тэгэхэд угаас аймгийн төвд өссөн, морь, тэмээ унахдаа муу би гэдэг хүн толгой дээгүүр нь годройтох шахна. 

Их элстэй газар өвөл их хүйтэн байдаг юм билээ. Хөлдүү элс доороос хайраад, жавар ихтэй. Зун нөгөө их элс чинь доороос жигнээд, дээрээс нар шараад, байж суух аргагүй. Тийм газар арав гаруй жил ажиллахдаа эх барих ажлаа муугүй хийсэн.

Хөдөөгийн эмэгтэйчүүд хэр барагтай ирж үзүүлэхгүй, болж өгвөл эмнэлэгт очихгүй, гэртээ төрчих санаатай. Ажил төрөл, үр хүүхэд гээд татаж чангаах зүйл их болохоор тэгдэг байсан биз. Тиймээс хэний эхнэр хэзээ төрөхийг сумын эх баригч бага эмч толгой дараалан мэдэж, хянаж, төрүүлэх үүрэг хүлээдэг байлаа.

Хөдөөнийхөн суманд ирж, төрөх өдрөө хүлээж олон хонохоор байх газар олддоггүй, эмнэлэгт хэвтүүлэх ор хүрэлцдэггүй тул 1977-1978 оны үед сумдын эмнэлгийн дэргэд эхчүүдийн амрах байр байгуулсан юм. Эхчүүдийг төрөх дөхөхөөр нь авчирч, амрах байранд байрлуулаад, төрөхөд нь эмнэлгийн үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэх зорилготой. 

Ийм газар байхад л мал хуй, сүү сааль гэж цааргалаад ирэхгүй. Тэгэхээр нь аргаа бараад тэдний эхнэрийг төдөн сарын төдөнд очиж авчирна гэж улаан, цэнхэр туг зоон тэмдэглэж байгаад авчирдаг байлаа. Өөрт байгаа бүртгэлээ харж байгаад яваад очиход зарим нь өнөө маргаашгүй төрөх нь тулчихсан, зарим нь бүр өвдөөд эхэлчихсэн байж байна. Нэгэнт төрөх гэж байгаа хүнийг авч явж, замд төрүүлэлтэй биш. Тэгээд л гэрт нь төрүүлнэ.

Төрөхгүй удвал тэндээ хонож өнжинө. Төрөх дуудлагад эмч барагтай бол явахгүй, эх баригч л явна шүү дээ. Шөнө, орой, хэзээ л бол хэзээ дуудсан цагт нь очиж, хүнээ төрүүлнэ.

Би 1970-1977 онд зургаан хүүхэд төрүүлсэн. Олон жаахан хүүхэдтэй, өвгөн маань ХААДС-д суралцаж байх үеийг одоо эргээд бодоход би яаж тэгж ажиллаж чадаа вэ гэмээр санагддаг. Жил дараалан төрөхдөө төрөхийн өмнө 45, төрсний дараа 45 хоногоос илүү амарч үзээгүй. Өөрөө төрчихөөд эмнэлэгт байхдаа ч хүн төрүүлж явлаа. Намайг амарч байх хооронд сумын эмнэлгийнхэн хүнээ төрүүлнэ. Заримдаа би дуудагдаж очно. Сайн их эмч бол өөрөө хүнээ төрүүлчихнэ. Муухан эмч бол аль болох хол байж, эх баригчаар л ажлыг нь хийлгэхийг боддог юм.

-Ганц, ганц насны зөрүүтэй зургаан хүүхэдтэй, багыг нь сар гарантай байхад л ажилдаа ордог байсан гэхээр төсөөлөхөд ч бэрх санагдаж байна.

-Хүүхдүүд маань цэцэрлэг, яслиар хүн болсон. Өвгөн сургуульдаа явчихсан үед шөнө дуудлага ирэхээр нөгөө хэдийгээ унтаагаар нь орхиод явдаг сан. Том охин босож явж зүүдэлдэг болохоор гэрийнхээ хаалгыг гаднаас нь уячихна. Хөдөө сумд тэр үед тохилог дулаан байр, гэрэл цахилгаан бүү хэл нүүрс ч олддоггүй байлаа. 

Өвлийн хүйтэнд аргалын гал зогсонгуут л гэр хүйт оргичихно. Хүн төрүүлнэ гэдэг тогтсон цаг нартай биш, төртөл нь хэдэн ч цаг хүлээж мэднэ. Тэр хооронд хүүхдүүд маань сэрнэ, уйлалдана, даарна, хажуугийнхаа айл руу орно, юм юм болно шүү дээ. Нэг нь сэрээд ээжийгээ хайгаад уйлахаар бусад нь сэрчихдэг байхгүй юу. 

Төрөх гэж байгаа эмэгтэйг би сахиж, ар гэрийнхэн нь манайхыг эргэнэ. Холын дуудлагад явахдаа хөхнөөс гараагүй багыгаа аваад явна. Томыгоо овоо өсөхөөр нь гэрээ дотроосоо түгжээд, дүү нараа сайн хараарай гэж захиж орхиод явдаг болсон. Хүнээ төрүүлчихээд буцаад ирэхэд нөгөө хэд маань нам унтаад, хаалгаа тайлж өгөхгүй гадаа хонуулах шахсан удаа ч цөөнгүй. Иймэрхүү байдлаар Хөхморьт сумд арав гаруй жил ажилласан.

-Буцаад аймгийн эмнэлэгтээ ирсэн юм уу?

-1982 онд өвгөн маань ХААДС-ийг эчнээгээр төгсөөд, аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт мэргэжилтнээр томилогдож, манайх аймгийн төв рүү шилжсэн. Аймгийн төвд ажиллахад бас ч гэж учиртай. Дээрээ жижүүр эмчтэй, дороо нярайн сувилагчтай, гурван ээлжтэй. Зун амраад явчих боломжтой.

Ер нь л сумд ажиллахаас хамаагүй хөнгөн. Гэхдээ одоогийнх шиг биш. Эх баригчид өөрсдөө хүнээ төрүүлнэ, хярзан урагдвал оёдол тавина, эхэс гардана. Бүгдийг өөрсдөө хийдэг байлаа. 2005 онд тэтгэвэртээ гартлаа л тэгж ажилласан. Одоо бол эх баригч тийм ажил хийхээ больсон гэнэ билээ. Сумд хүн төрүүлэхээ ч байсан. Одооны хүмүүс бүх зүйлд нарийн мэргэшээд, баруун нүд, зүүн нүдний эмч гэж тусдаа байх шахам болсон юм байх.

-Хүүхдийнхээ часхийн уйлахыг сонсоход ээжийн сэтгэлд нар мандах шиг болдог. Эх баригч хүн ч бас ээж, үрийг эсэн мэнд хоёр яс салгаж, ертөнцөд ирж буй шинэ хүний дууг сонсоход тийм мэдрэмж төрдөг болов уу?

-Эхийг амар амгалан, сайхан төрүүлээд, “Танайх хүү, охинтой боллоо” гэж хэлэх хамгийн сайхан. Хүмүүст энэ үгийг хэлчихээд тэдний яаж баярлахыг харж зогсох мөн ч сайхан шүү дээ.

-Эх баригч нар загнадаг, алгаддаг гэсэн яриа ээжүүдийн дунд мэр сэр сонсогддог. Та хэр ааштай эх баригч байв?

-Намайг ч нэг их ааштай гэж ярьдаггүй байсан байх. Айл гэр болоод, анхны хүүхдээ өлгийдөх гэж байгаа баяр баясгалантай улс ч ирнэ. Хүчинд автаад жирэмсэн болчихсон, нөхөр нь зодож дарамталдаг, сэтгэл санаа нь тогтворгүй, айдас, түгшүүртэй хүн ч ирнэ. Төрүүлэх гэж байгаа хугацаандаа тэдэнтэй аль болох ая эвээр, эелдэг зөөлөн, ээж шиг нь, эгч шиг нь харилцахыг хичээдэг байлаа.

Хүний сэтгэл зүй, ааш авир гэдэг янз янз. Зарим ээж өвдөлтөндөө болоод өшиглөнө, хазна, орилж, уйлна, дүлж өгөхгүй. Тэднийг аргадна, аргадаад болохгүй бол зандарна, гуйна, янз бүр болно. Зарим эх баригч гуяных нь дотор тал руу алгадаад авч харагддаг л юм. Аргаа бараад л тэгж байгаа хэрэг. 

Уйлж, орилоод дүлж өгөхгүй байгаа хүнийг эхлээд аргадаж байснаа сүүлдээ аргаа бараад “Хүүхэд бүтээж аллаа. Дүлээч чи” гээд ширүүхэн хэлэхэд л нөгөө хүнд загнасан болж сонсогддог байх. Хүүхэд бүтчих гээд байхад бид бас айж, сандарна шүү дээ. Эх баригч гэдэг эх, хүүхэд хоёрын, ихэр бол гурав, дөрвөн хүний амь сахидаг, асар хариуцлагатай ажил.

-Энэ олон жил ажиллаж, ийм олон хүүхэд эх барьж авахад санаанаас гарамгүй, сэтгэлд тод үлдсэн явдал цөөнгүй тохиолдсон байж таарна даа?

-Элдэв л юм болж байсан. Сүүлийн үед аавуудыг төрөх өрөөнд оруулдаг болсноос хойш инээдэмтэй явдал олон гарсан. Эхнэрийг нь төрүүлэх гээд ноцолдож байхад ард пид хийгээд унаад өгнө. Эхнэрийг нь төрүүлэх үү, нөхрийг нь сэргээх үү гэмээр явдал надад тохиолдож л байлаа.

Сумд ажиллаж байхдаа тун хүнд байдалтай байсан ээжийг аварсан минь санаанд орж байна. Хамгийн алслагдсан нутаг Цоохорнуур бригадаас дуудлага ирлээ. Очтол хүүхэд нь буруу байрлалтай, нэг хөл нь цухуйгаад, дотроо эндчихсэн, ээж нь цус алдаад, туйлдчихсан, тун хэцүү дүр зураг намайг угтав. 

Тэр айлынхан ч эсэн мэнд хоёр яс салахаасаа өнгөрлөө гэж үзээд бүх хамаатан саднаа цуглуулчихсан, гомдлын мөр л гэж сум руу дуудлага өгсөн бололтой сууцгаана. Хэчнээн халширмаар хэцүү байсан ч ямар зугталтай биш. Унинаас нь хөнжил унжуулж, гэр дэх хүмүүсээс тусгаарлаж байгаад л амьд, үхсэн хоёрыг салгаж, ээжийг нь аварсан даа.

Бас 13 настай хүүхэд төрүүлж байлаа. 1971 оны хавар шүү дээ. Тэднийхээс дуудлага ирэхэд нэгдлийн дарга “УАЗ-469” машинаа өгч, эмч “Очоод аваад ир. Гэрт нь төрүүлж яавч болохгүй шүү” гэж захиад явууллаа. Хүүхэд болохоор онцгой анхаарал хандуулж буй нь тэр. 

Очтол нөгөө айл охиноо илүү гэрийнхээ баруун хатавчинд араг түшүүлээд суулгачихсан, ойр хавийнх нь эмгэд, самгад цуглачихсан байна. Охин ч хариугүй төрөх болчихсон, авч явах арга алга. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр ээжээс нь орны даавуу авч газар дэвсэж байгаад тэнд нь төрүүлсэн. Тэр жаахан амьтан азаар нэг их айлгалгүй амаржиж, сайхан хүү төрүүлэхэд мөн их баярлаж билээ. Одоо тэр хүү 50 дөхсөн эр нутагтаа амьдарч байгаа.

-13-тай хүүхэд жирэмсэн гэдгийг мэдэж, хянаж байсан юм уу?

-Төрөх дөхтөл нь мэдээгүй. Тэднийхээс дуудлага ирэхэд би очиж ээжийг нь үзчихээд охиныг огт анзаарсангүй. Тэр охин нөмгөн дээлтэй яваад байсан юм. Тавдугаар ангийн хүүхдийг хэн жирэмсэн гэж санах вэ дээ. Тэднийхээс ирэхэд манай дүү “Манай ангийн хүүхдийг үзчихээд ирэв үү. Манай ангийнхан түүнийг жирэмсэн гэж ярьсан. Үнэн байна уу” гэж хэрэгт дурлаад, би мэдэж байлаа. Тэгээд тэднийг дуудлага өгөөгүй байхад нь зорьж очин үзэж, хяналтад авсан. 

Тийм нялх амьтан хүчинд автаж л жирэмсэн болоо байлгүй. Тэгэхэд ямар одоогийнх шиг үр хөндүүлж, зулбуулах арга байсан биш. Ээж, аав нь ч аягүй бол том болсон хойно нь л мэдээ биз. Хүүхдээ хүмүүсээс нуугаад буйдхан нутаглаж байсан, хөөрхий.

Хийхийн ихийг хийж, үзэхийн ихийг үзсэн буурал “Сумд ажиллаж байхдаа аймгийн хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарч, ажил мэргэжлийн уралдаанд гурван удаа түрүүлсэн. Социалист уралдаан дүгнэхэд VII, VIII таван жилийн гавшгайч болсон. Монголын хүн ам хоёр сая болоход хоёр сая дахь иргэний чацуутныг эх барьж авсан гэсэн том диплом бий. 2005 онд Алтангадас, тэтгэвэрт гарсны дараа 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн. Тэгээд энэ жил Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо. Ийм эрхэм хүндтэй сайхан цолыг хүртэх сайхан юм аа. Ид ажиллаж, хөдөлмөрлөж явахдаа энэ цолоор дуудуулсан бол ямар сайхан байх байсан бол гэсэн бодол төрж сууна” гэснийг дурдалгүй өнгөрөмгүй санагдав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)