Г.СОДБАЯР: “Бардам туулай” болмоор байна

Залуу уран бүтээлч Г.Содбаярыг “Шинэ танил”-даа урилаа.

-Таныг жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлсөн бэ?

-Сурагч байхдаа “Уран жиргээ” наадамд шүлэг, өгүүллэг уншиж оролцдог байлаа. Өгүүллэг унших бүртээ хошин, эмгэнэлт гээд гол баатарт хувирахыг хичээнэ. Тэгж явсаар энэ мэргэжилд татагдсан байх.

-Гэр бүлийнхэн дунд тань урлагийн хүн бий юү?

-Урлагийн мэргэжилтэй хүн байхгүй. Гэхдээ ах, эгч нар минь шүлэг сайхан уншдаг, бичих гэж оролддог, урлагт элэгтэй байсан. Өвөөгийн талынхан бэлэн цэцэн үгтэй, алиа марзан хүмүүс байсан гэлцдэг. Тэднээс жаахан “юм” удамшаа юм болов уу.

-Хэн багшийн шавь бэ?

-Би СУИС-ийг 2017 онд М.Ариунжолоо багшийн удирдлагад төгссөн.

-Уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг уралдаан, наадамд хэр оролцож байв?

-Оюутан байхдаа “To be or not to be” шоу, “3.27” оюутны наадам, “Сэтгэлээс төрөх үгийн ур” уран уншлагын улсын уралдаанд амжилттай оролцсон. Сургуулиа төгсөөд “Гэгээн Муза” академи, УДЭТ-аас хамтран зохион байгуулсан хоёр хүний жүжгийн, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны нэрэмжит шилдэг дүрийн уралдаанд оролцсон.

-УДЭТ-ын босгыг хэрхэн давав?

-“To be or not to be”-гийн сүүлчийн шатанд “Ээ дээ, энэ хүүхнүүд үү” киноны зохиол болох Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Итгэж болно” жүжгийн Доржийн дүрд тоглож, УДЭТ-ын тайзан дээр анх гарч байлаа. Уг шоунд түрүүлж, тайзнаас адис авснаасаа хойш л энэ их айлын босгыг давахаар тэмүүлсэн. 2018 онд УДЭТ-ын дэргэдэх студи ангид элсэлт авахад нь шалгуулж тэнцээд орж байлаа.

-Театрт шалгуулж тэнцсэн залуу жүжигчид ахмад уран бүтээлчдэд шар хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоодог уламжлал бий. Хадаг барьж амжсан уу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж манай студи ангийн багш. Би шар хадгаа жүжигчин С.Болд-Эрдэнэ ахад барьсан. Г.Аюурзанын “Хойт насны болзоо” жүжигт ажиллах үедээ хоёр багшаасаа их зүйл сурсан.

-Анх ямар дүрээр тайзан дээр гарч байв?

-Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн бандийн дүрд анх тоглосон. Тайзан дээр олон гардаггүй л дээ. Гэхдээ сэтгэлд их өег санагддаг юм.

-Эзэмшсэн мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?

-2015 онд оюутан цэрэгт явахдаа нэг өдөр асгартлаа уйлсан. Тэгэхэд “Өөрөө өөртэйгөө тэмцэхүйц дүрд тоглож ертөнцөөс тасарч үзэх сэн” гэж хүсэж байлаа. Тэр үеэс л орсон байх.

-Театрын уран санд багтдаг атал сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз?

-Би түүхэн жүжигт их дуртай. Боломж олдвол С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжгийн хан хүүгийн дүрд тоглох сон. Бас С.Михалковын “Бардам туулай” жүжгийн туулай болмоор байна.

-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?

-Мэргэжлийнхээ сайхныг, бас хүний мөн чанарыг мэдэрдэг.

-Найруулагч нарт загнуулах үе бишгүй байх. Халширч байв уу?

-Хэцүү санагдаж, халширсан үе зөндөө. Гэхдээ том, гол дүр авч ажиллаад, ард нь гарч байгаа уран бүтээлчдийг хараад “Миний загнуулах юу ч биш” гэж бодож урам, зориг ордог.

-Дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирж байна уу?

-Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц 2: Байтаг богд” уран сайхны, МҮОНТ-ийн “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд тоглосноос хойш санал цөөнгүй ирж байна. Зав, боломжоо тохируулаад ажиллана даа.

-Жүжгийн олон төрлийг сонирхон судалж буй байх. Хоёр хүний жүжигт тоглохыг тань харсан. Нэг хүний жүжиг тоглох талаар бодож байв уу?

-Уг нь өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд хоёр хүний жүжгээрээ оролцох хүсэлтэй байсан ч амжсангүй. Яваандаа нэг хүний жүжигт тоглох хүсэл ч бий.

-Уран бүтээлч хүний хувьд баримталдаг зарчим тань юу вэ?

-Боловсролтой, мэдлэгтэй байж, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг чухалчилдаг.

-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?

-Хүндэлдэг уран бүтээлч олон бий.

-Хэрэв жүжигчин болоогүй бол гэж бодож байсан уу?

-Адуучин болох байсан. Морин дэл дээр салхи татуулан давхих сайхан шүү дээ.

-Үргэлжлүүлэн сурах, эсвэл мэргэжлээ хөрвүүлэх бодол бий юү?

-Болж өгвөл найруулагч, зохиолч мэргэжлээр сурах хүсэлтэй. Ойрын хоёр жилийн төлөвлөгөөндөө гадагшаа сургуульд явах тухай багтаасан.

-Таны хамгийн том мөрөөдөл, зорилго юу вэ?

-Л.Ванган, С.Гэндэн, Д.Намдаг, Э.Оюун, Г.Доржсамбуу нарын алдартны уран бүтээлийг уншиж, судалдаг. Би жүжигчин, зохиолч, найруулагч гэсэн гурван мэргэжлийн эзэн болохоор зорьж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)