Г.Отгонхүү Эльбрусийн оргилоос мөнгөн медаль шүүрлээ

Европ тивийн ноён оргил, далайн түвшнээс дээш 5642 метрийн өндөрт оршдог Эльбруст зохион байгуулдгаараа онцлог уулын гүйлтийн олон улсын тэмцээн таван өдөр үргэлжлэн, өчигдөр дуусахад Доржсүрэнхорын Отгонхүү мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд 2017 онд түрүүлж, өнгөрсөн жил хүрэл авсан түүнтэй цахим хуудсаар нь холбогдон, цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Уралдааны аль хэсэг хамгийн хүнд байв?

-Баярлалаа. “Европ тивд үүнээс дээш гүйх газар үгүй” гэдэг уриатай “Red fox Elbrus race” уралдаанд гурван цаг, нэг минут, 32 секундийн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ. 11 дэх удаагийн уралдаанд нийт 20 орны 400, миний хурд сорьсон skyrace төрөлд мөн тооны улсын 168 тамирчин оролцсон. Таван хоног үргэлжилсэн тэмцээний бүх л өдөр адармаатай, хүнд зам тууллаа. Цас ихтэй, хүйтэн байсан болохоор бүр ч амаргүй байв. Ялангуяа, сүүлчийн өдрийн туулсан 300 метр зам тэсвэр тэвчээр, шандас гээд бүх л зүйлийг минь шалгалаа.

-Түрүүлсэн ОХУ-ын Сергей Шимановскийгоос та юугаараа дутуу байв?

-Би түүнээс найман минут гаруй хугацаагаар хоцорч, барианд орсон. Мэдээж туршлага, хурд, бэлтгэлээр орос тамирчнаас нэг их дутахгүй. Надтай түүнээс гадна Беларусь, Казахстаны гүйгч хүчтэй өрсөлдлөө. Хэдийгээр хошой аварга болох зорилгодоо хүрч чадаагүй ч тус тэмцээний иж бүрэн медальтай болсондоо баяртай байна.

-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

-Би өнгөрсөн сарын 13-нд Эльбруст очиж, бэлтгэлээ хийсэн. Тэгэхдээ гүйлт, цанын бэлтгэлээ тус бүр 10 хоног базаасан нь их үр дүнтэй байлаа.

-Бэлтгэлийнхээ үеэр Та Эльбрус оргилоос цанаар бууж, Монголдоо анхдагч болсон. Тэгэх санаа хэрхэн төрөв?

-Өмнө нь тэмцээнд оролцож байхдаа Эльбрус оргилоос тамирчид цанаар буухыг зөндөө үзсэн. Тухайн үед “Би чадах болов уу” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Өмнө нь монгол хүн ямар нэгэн оргилоос цанаар бууж байгаагүй юм билээ. Эргэлзээд суувал зорилгодоо хэзээ ч хүрэхгүй. Тиймээс бэлтгэлийнхээ үеэр Эльбрусийн оройгоос бэлд нь цанаар бууж, олон мөрөөдлийнхөө нэгийг нь биелүүлсэн юм.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Энэ сарын 15-19-нд болох спорт авиралтын УАШТ, зургадугаар сарын 10-14-нд болох өндөр уулын гүйлтийн УАШТ-д өрсөлдөнө.

-Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Бямба гарагт (энэ сарын 11-нд) очно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)