Г.Одонтуяа: Элдэв брэндэд гар татдаггүй мөртлөө эрүүл мэндээсээ мөнгө харамладаг хүмүүсийг ойлгодоггүй

Гончигийн Одонтуяа эмчийг хамт олон нь “Шударга, санаачилгатай, залуу үеийнхэнд харамгүй зөвлөдөг, халамжтай, мэдлэг, чадвартай” гэж дүгнэсэн бол миний хувьд тэрбээр элдэв шуналгүй, ихэд энгийн нэгэн санагдсан. ХСҮТ-д тасралтгүй 39 жил ажиллахдаа Туяа эмчилгээний тасгийг 20-иод жил тэргүүлсэн тэрбээр өдгөө зөвлөх эмч. 40 жил гэдэг хүний амьдралын ч, байгууллагын ч хувьд их хугацаа. Тэгэхээр Г.Одонтуяа эмч бол Хавдрын эмнэлгийн түүхэн товчооны нэг хэсэг нь гарцаагүй мөн.

1979 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөн Г.Одонтуяаг Дорноговь аймаг дахь Анагаахын дунд сургуульд багшлуулахаар томилжээ. Бага эмч, сувилагч бэлтгэх үйлсэд нэг жил зүтгэж, 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл ХСҮТ-д “аргамжаатай” байгаа түүнд цол, тэмдэг нь хараахан “ирээгүй” болохоос биш, жинхэнэ гавьяат эмч гэж хүмүүс ярьдаг юм билээ. Монголчуудын эрүүл мэндийн манаач болсон ийм нэгэн хүнтэй Олон улсын эмч нарын өдрийн босгон дээр ярилцсанаа хүргэе.

Энэ ташрамд, эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, сувилагч хэн бүхэнд баярын мэнд хүргэж, иргэдийнхээ төлөө сэтгэлтэй, санаачилгатай, шантралгүй, цуцалтгүй зүтгэхийг ерөөсөн Г.Одонтуяа эмчийн мэндчилгээг уламжилъя, болгооно уу.

-Зарим хүний хувьд сонирхолгүй, магадгүй уйтгартай байж мэдэх ч Монголын анагаах ухааны түүхэнд гарсан том шинэчлэлийн үеийн тухай асуултаар ярилцлагынхаа шанг татъя. ХСҮТ Цацраг туяа эмнэлэг нэртэй байхдаа хэдэн эмчтэй байв, өдгөө хэд болж, үйл ажиллагаа нь өргөжсөн бэ?

-1962 онд Цацраг туяа эмнэлэг байгуулагдсан түүхтэй. ЗХУ, Унгарт бэлтгэгдсэн Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо зэрэг мундаг эмч ажиллаж байсан тус эмнэлэгт би 1980 оны намар Эрүүл мэндийн яамны томилолтоор очиход ерөнхий эмчээр эрдэмтэй, чадалтай мэс засалч Н.Нямдаваа багш минь байлаа. 

Би анх лабораторийн эмчээр ажилд орсон. ЗХУ-ын тусламжаар 1982 онд эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, нэрийг нь Хавдар судлалын төв болгон өөрчилсөн түүхтэй. Хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би багтаж байв. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, өрөө тасалгаа гээд иж бүрэн сайхан эмнэлэгт ажиллах боловсон хүчнээ улс бодлогоор бэлтгэсэн. 

Тухайн үед амбулаторийн даргаар ажиллаж байсан би олгох курсийг нь дүүргээд хавдар судлаач (хавдрын туяаны эмч буюу онкорадиологи) мэргэжлийн эмч боллоо. Ингээд 1985 оноос туяа эмчилгээний эмчээр ажиллаж эхэлсэн. Эл мэргэжлийн дөрвөн эмчтэй байсан тухайн үед Чимэд эмч тасгийн эрхлэгч байв. Мөн Норсмаа эмч ажиллаж байсан, туяа эмчилгээгээр Монголдоо анхны дэд эрдэмтэн болсон хүн шүү дээ. 

Удалгүй эмнэлэг маань туяа эмчилгээний бие даасан тасагтай болж, Нямдаваа захирал надад санал тавьснаар тусламж, үйлчилгээний нарийн мэргэжил олгох курст сурсан. Энд нэг зүйл онцлоход, онкорадиологи бол маш нарийн мэргэжил. Монгол Улс маань бүс нутагтаа энэ чиглэлийн мэргэжилтнүүдээрээ өндөр үнэлэгддэг.

Цацраг туяа эмнэлэг Мэс заслын, Эмэгтэйчүүдийн тасаг, хоёр өрөө бүхий амбулатори, 40-өөд эмчтэй, лаборатори нь Найрамдалын районы эмнэлгийн хаяанд байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсон хүчин, техник, технологи, эмчилгээ, үйлчилгээгээ байнга тэлж, зузаатгасаар ирсэн ХСҮТ өнөөдөр 17 тасагтай, 120-иод эмчтэй болжээ.

-Хавдрыг цацраг туяагаар эмчилдэг болсон нь хүн төрөлхтний том дэвшил. Гэхдээ тоног төхөөрөмжийн эвдрэл зэрэг янз бүрийн шалтгаанаар цацраг туяа алдагдвал асар их эрсдэлтэй нь ойлгомжтой. Та эл мэргэжлийг эзэмшихдээ энэ талаас нь бодож үзсэн үү?

-Аюулгүй, эрсдэлгүй зүйл гэж үгүй шүү дээ. Гагцхүү стандартын дагуу, аюулгүй ажиллагааны горимоо баримтлаад явбал болно. Нөгөө талаас, энэ мэргэжил маш сонирхолтой. Олон талын суурь мэдлэг, чадвартай байхыг шаарддаг. 

Юуны түрүүнд хавдрын эмч байх шаардлагатай. Хоёрдугаарт, дүрс оношилгооны талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой. Мөн маш сайн сэтгэлзүйч байх нь зүйн хэрэг. Хорт хавдар туссан хүмүүс стрессдэх, айж бухимдах зэргээр сэтгэл зүй нь маш эмзэг, тогтворгүй болдог.

-Эмчийн мэргэжил сонгохдоо та аав, ээжтэйгээ зөвлөсөн үү, эсвэл өөрийн хүслээр л явсан уу?

-Би багаасаа л л эмч болохыг хүсдэг байсан. Ер нь 1970-аад оны сурагчид эмч, багшийн мэргэжлийг гоё гэдэг байлаа шүү дээ. Миний дүү бас эмч болно л гэнэ. Нэг насны зөрүүтэй, цэцэрлэгээс эхлээд дунд, дээд сургууль төгстөлөө хамтдаа явсан биднийг бүр ихэр гэж боддог байсан.

Бага байхад аав минь бөөрний дутагдлаар нас барсан юм. Магадгүй энэ нь ч биднийг тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байж мэднэ. Ингээд дүү бид хоёр нэг мэргэжил дээр “өрсөлдөх” боллоо. Ээж минь дүүг эмч, намайг хуульч бол гэж зөвлөсөн. Дүү намайгаа бодвол аядуу дөлгөөн, “аятайхан” зөөлөн байхгүй юу. 

Тэгээд 10 дугаар ангиа ганц л сайн дүнтэй төгссөн би Анагаах ухааны дээд сургуулийн хуваарь авчихлаа. Тэр үед улаан шугамаар тасалдаг, хатуу үе байсан шүү дээ. Хуваарийнхаа талаар ээжээс тас нуучихсан. Химийн хичээлийн буюу суурь шалгалт өгөх өдөр дүүтэйгээ нэг танхимд орж таардаг юм. Нөгөөх маань намайг янзгүй хараад байна. 

Шалгалтын дүн танилцуулахад би нэлээд өндөр оноо авчээ. Дүү ч сайн байсан. Дараа нь орос хэл, физикийн шалгалтдаа хоёулаа тэнцсэн. Ингэж ёстой л дурлаж, тэмүүлж байж төрсөн хоёр эмчтэй байлаа, манайх. Хүүхдийн мэс заслын эмч байсан дүү минь 12 жилийн өмнө харамсалтайгаар нас барсан. Тэр үед ханиад, томуу, хатгалга маш их байв. Тэгээд л вирусийн халдвар авч, бурхан болсон.

-Таныг хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар анх дуугарсан, тусгай өрөө тасалгаатай болоход санаачилгатай ажилласан гэж сонссон.

-Дүүгээ хүндэтгээд, түүний хийгээгүйг гүйцээх, нөгөө талаар Монголд хүүхдийн хавдрын талаар төдийлөн ярьдаггүй байсан үед төрийн бус байгууллагуудаас хандив аваад, хүүхдийн хавдрын тусламж, үйлчилгээг хөгжүүлэхээр ХСҮТ дотроо тусгай өрөө гаргаж, тохижуулсан, 1998 онд. 

Үүнд хувь хүн, албан байгууллага, компани гээд түмэн олны хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шингэсэн юм шүү. Энэ бол миний 40 жилийн ажлын хамгийн дурсгалтай, бахархалтай үеүдийн нэг. МҮОНТ-ээс өрнүүлсэн аяны хүрээнд цугларсан хандивын мөнгөөр эмнэлгийн шилдэг төслийг санхүүжүүлэх болсон юм. Манай эмнэлгийн багийнхны төсөл шалгарснаар эл ажлыг хийж, гүйцэтгэсэн. Хүүхдийн эрчимт эмчилгээний, мөн асран хамгаалагчтайгаа хэвтэх, сургалтын болон тоглоомын өрөөнүүд байгуулсан даа.

Хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар зайлшгүй дуугарч, анхаарах болсон өөр нэг шалтгаан бий. Олон жилийн өмнө манай тасагт хэвтэн, эмчлүүлж байсан 13 настай охин “18 нас хүрэх юм сан” гэдэг шүлэг бичжээ. “Хэрэв би хөрөнгө мөнгөтэй, бизнесмэн болбол хавдартай хүүхдүүдэд туслах сан байгуулна. Сангийнхаа тэргүүнээр Одонтуяа эмчийгээ ажиллуулна” гэхчлэн сэтгэл өвдмөөр зүйл бичсэн байв. 

Түүнийг нь би хүнээр дамжуулаад Б.Ангирмаад илгээж, ая зохиогоод, дуу болгож өгөхийг хүслээ. Ингэж “Хүмүүс ээ, надад нас хайрла” дуу төрж, дуучин Сэрчмаа дуулсан юм. Охины эмчилгээнд хандив цуглуулахаар Ганхүү, Өөжгий гээд олон уран бүтээлч оролцсон тоглолт болсон. Түүний нэрэмжит сан байгуулж, хорт хавдартай хүүхдүүдэд туслах олон тоглолт зохион байгуулсан даа. Үүний үр дүнд олон хүүхдийн эмчилгээний зардал босгож, гурав, дөрвийг нь БНСУ-д эмчлүүлэхээр явуулж байлаа.

-Эмч хүн сэтгэл зүйгээ залах ёстой гэдэг ч өөрийн мэдэлгүй нулимс унагадаг тохиолдол бий. Ялангуяа хавдрын эмч нар энэ тал дээр маш хэцүү санагддаг. Та хэзээ хамгийн их сэмэрч, шаналсан бэ?

-Ер нь байнга шахам л сэмэрдэг. Тэр дундаа хавдартай хүүхдүүдийн төлөө сэтгэл үргэлж зовиурладаг. Гэртээ хариад ч тайван байж чадахгүй “Өглөө очиход тэр маань амьд байх болов уу” гэсэн шаналгаатай. Өглөө тасагтаа ороод л энэ талаар асууна. Сайн мэдээ сонсоод сэтгэл жаахан уужирна. Муу мэдээ...

Г.Одонтуяа эмчийн хоолой зангирлаа. Нүд нь норжээ. Давагдашгүй хүчин зүйл үнэхээр хэцүү. Нүдэн дээр минь хүүхэд дордоод байхаар сэтгэлд нэг юм тээглэчихдэг. Яг л бөглөчихсөн юм шиг...

Надаар эмчлүүлж байсан бас нэг хөөрхөн охины дүрийг би одоо ч санадаг. Бие нь нэлээд дордсон хэрнээ л “Есдүгээр сарын 1-нд хичээлдээ явна” гээд л баярлаж, догдлоод, ээж нь дүрэмт хувцсыг нь бэлдэж, өрөөнд нь авчирч, өлгөсөн байв. Маргааш өглөө нь иртэл охин өнгөрчихсөн байлаа. Ээж нь уйлаад, үнэхээр гаслантай.

Эмчийн залгисан нулимс нь хоолойд нь тээглээд, хэсэг зуурт дуугарч ч чадахгүй болов. “Би богинохон наслахаа мэднэ. Гэхдээ бурхны оронд очоод илүү гоё байна” гэж ярьдаг байсан тэр нэгэн охин өдгөө тэнгэрт сайхан амьдарч байгаа биз ээ. Тийм ч учраас өнөөдөр эмч нь түүний тухай ийнхүү хоолой зангируулан ярьсан буй за. Эмч, өвчтөний хооронд хэлж, тодорхойлох аргагүй нэг хэлхээс үүсдэг. Магадгүй тэр нь сэтгэлийн утасны зангилаас биз. Тэр зангилаасын үзүүрт баяр ч, гуниг ч бий.

ХСҮТ-ийн алтан гартай эмч нарын ачаар хорт хавдрыг ялан дийлсэн олон хүн бий. Тэдний нэг нь Батхүү. 13 настайдаа тархины хавдартай болж, “тулалдаж” ялсан баатар хүү өнөөдөр СУИС-ийн оюутан, удахгүй төгсөх юм байна. Түүнийг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахад тусалсан хүмүүст Г.Одонтуяа эмч үргэлж талархаж явдаг талаараа ярив. Энэ мэт сайхан тохиолдол цөөнгүй бий хэмээн ярьсан эмчийн сэтгэл нь уужрав бололтой, санаа алдав.

Тэрбээр “Хавдрыг эрт үед нь илрүүлбэл эдгэрдэг өвчин. Тиймээс өөрсдөдөө жаахан анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаач ээ. Ялангуяа хүүхдээ анхаарч, анзаарч, ажиглаж байгаарай, аав, ээж нар аа. Хөл, гар нь хөхөрсөн бол “Өө, уначихсан, зүгээр” гэж, эсвэл Гэмтлийн эмнэлгээр явж, зарим нь бүр бариач илээчид очиж, хугацаа алдаад, хожуу үед нь ХСҮТ-д ирдэг харамсалтай тохиолдол олон” гэснийг иргэд тунгаан бодоосой. Мөн ураг тээж байгаа эхчүүд эмнэлгийн хяналтад орохгүй явж байгаад төрдөг “танхай” байдлаас үүдэлтэй төрөлхийн хавдрын тохиолдол ч илрэх болжээ.

-Та хэзээ хамгийн их бухимдаж, бүр хашхирмаар болж байсан бэ?

-Ганц би гэлтгүй манай хамт олныг бухимдуулж, бачууруулсан нэг зүйл бий. Монголчууд ч андахгүй дээ. Эмнэлгийн өргөтгөлийн барилгыг гацааж, хийгээгүй ажлын төлөө мөнгө хулгайлаад явчихсан “Суурь” компанийнхан хүний өвчин, зовлонгоор даажигнасан нүгэлтэй. 

Тэдний балаг өнөөдрийг хүртэл хэдэн жил үргэлжилж байна. Хэрэв ажил ном ёсоороо явсан бол гурав, дөрвөн жилийн өмнө шугаман хурдасгуур хэмээх өндөр технологийн төхөөрөмжөө ажиллуулж эхлээд, өчнөөн хүний амь аварч, амьдралынх нь чанарыг дээшлүүлж, тусламж үйлчилгээ хүргэх боломжтой байсан. Өчнөөн хүний эрүүл мэндээр дэнчин тавьж, ашиг олсон хүмүүсийг үргэлж муу энерги дагана шүү дээ.

Байдал хэдийгээр ийм болсон ч хамт олны маань зүтгэлээр өдгөө шугаман хурдасгуур буюу фотон цацрагийн төхөөрөмжөө угсарч (өдгөө гамма цацрагаар шардаг), суурилуулж байна. Энэ бол хорт хавдрын туяа эмчилгээний үед өвчтөний эрүүл эсэд гэмтэл учруулахгүй, цаашлаад эмнэлгийн ажилтнуудад ч сөрөг нөлөөгүй технологи. 

Угсраад л болчих эд биш л дээ. Олон улсын байгууллагаас хэмжилт хийгээд, горимоороо ажиллаж байгаа, эсэхийг мэргэжлийн хяналтынхан шалгаж, зөвшөөрөл олгоно гэх мэтээр шат дамжлагаар явна. Наадмаас өмнө ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй.

-Эл төхөөрөмжийг “эх барьж” авахаар хэн бүхнээс илүү догдолж байгаа хүн бол Та шүү дээ.

-Энэ технологийг Монголдоо оруулж, олон хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хүсэж, мөрөөдөж, зорилгоо болгон ирсэн хүмүүсийн нэг учраас би эхлүүлсэн ажлынхаа үр дүнг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол миний амьдралын бас нэгэн бахархал байх болно.

-Та ажлын талбарт болон эрдмийн танхимд олон шавь бэлтгэсэн эмч. Тэдний дундаас салбартаа тэргүүлэгч хэчнээн хүн байна вэ?

-Гурван дэд эрдэмтэн шавиараа бахархана. Манай тасгийн эрхлэгч Минжмаа Германд докторын зэрэг хамгаалсан. Навчаа, Уранчимэг хоёр минь байна. Мөн өдгөө багшилж буй Баярмаа эмч миний шавь. Хийгээгүй, амжаагүй, чадаагүйг минь хийх баг байгаад сэтгэл хангалуун явдаг. Манайх маш чадамжтай, шижигнэсэн 10 мэргэжилтэнтэй, улсын хэмжээнд ганц тасаг.

-Амьдралд, ялангуяа эмч болсноороо хамгийн их бахархаж, баярласан үе тань хэзээ вэ?

-Баярлаж, талархсан, урмын үг сонсох бүртээ баярладаг. Нэг өдөр таксинд суух гэж байтал эмэгтэй хүн гүйж ирээд, үргэлж талархаж явдгаа хэллээ. Би таньдаггүй ээ. Тэгтэл ээжийг нь би эмчилсэн юм байна. Түүнээс хойш ээж нь 20 орчим жил амьдарсан гэж хэлсэн. 

10, 20 жил өнгөрсөн ч надад талархсаар явдаг хүмүүсийн нэг нь тэр шүү дээ. Үүнийг эмч болсны бахархал гэж бодож байна. Бас их баярласан үе гэвэл, хэдэн жилийн өмнө шилдэг эмчийн “Алтан чагнуур”-ын эзэн болсон. Гавьяатын дайтай шагнал гэж бэлгэшээдэг юм.

Энд онцлоход, манай хамт олон асар их ачааллыг даван туулсаар ирсэн нь удирдлагатай шууд холбоотой гэж боддог. Энэ эмнэлэг 60-аад жилийн түүхэндээ ердөө таван хүний удирдлага дор зангидагдан явж ирсэн нь нэг бахархал шүү. Нэг жилийн дотор дөрөв, таван даргын нүүр үзэж, донсолсон эмнэлэг бий. Удирдлага чадвартай, тогтвортой, бас мэргэжлийнх байна гэдэг баг хамт олны ажлын бүтээлд маш их үүрэгтэй.

-Таныг нэг хүн Гавьяат эмч гэж ярьж байсан. Ерөөлөөр болог. Одоо таныг хувь хүн талаасаа ямар хүн болохыг “дүгнэе”. Та мэргэжилдээ мундаг шигээ сайн ээж байв уу?

-Би хоёр хүүтэй. Сайхан өсөж, сайн явцгааж байгаад нь баярладаг. Гэхдээ би сайн ээж байсан гэсэн үг биш л дээ. Эрх биш хоол, хувцсаар нь дутаагүй байх. Залуу нас минь харьцангуй тайван, сайхан нийгмийн үед өнгөрсөн болоод тэр үү, үр хүүхдээ бараг зөнгөөр нь явуулдаг байж дээ, бидний үеийнхэн. 

Өглөө хам хум цайг нь уулгаад, цүнхийг нь үүрүүлээд сургууль руу “хөөгөөд” явуулчихна. Нөхөр минь ч, би ч ажил гэсээр оройтно. Заримдаа би жижүүртэй хононо. Хоолыг нь идүүлээд, цоожлоод үлдээх үе өчнөөн тохиолддог байлаа. Бусдын жишгээр ингэж л амьдарч ирсэн.

-Нэгэн настай эмч цахим хуудсандаа “Бидний үед чин хүсэлтэй, хичээл зүтгэлтэй нь эмч болдог байлаа. Өнөөдөр эмч болох шалгуур мөнгөөр хэмжигддэг болжээ. Бидний хойч үеийг ямар хүн эмчлэх бол гэж бодохоор айдас төрдөг” гэсэн байна лээ.

-Эмч бол цаг үргэлж сурч, боловсрох шаардлагатай, хүний амь, эрүүл мэндтэй харьцдаг онцгой мэргэжил. Залхуу хүн эмч болохгүй. Сүүлийн найман жилийн хугацаанд би хэд хэдэн их, дээд сургуульд цагийн багш хийсэн. Оюутнуудын сурах эрмэлзэл, идэвх зүтгэл үнэхээр чамлалттай болжээ. 

Юмыг хэт хялбарчилж, “илдэг”, техник, хэрэгсэлд дулдуйддаг, уншихгүй, идэвхгүй, залхуу байгаа нь харамсалтай. Ерөөсөө л үнэлгээ авахын тулд сураад байх шиг, зарим нь. Үнэлгээ гол биш шүү дээ. Нийгэм маань нэлэнхүйдээ иймэрхүү дүр зурагтай болчихсон ч юм уу, бүү мэд. 

Монголд 97 их, дээд сургууль байна. Хүн амтайгаа харьцуулахад данхайсан тоо. Тэдний нэлээд хувь нь боловсрол, мэргэжил олгодог сургууль гэхээсээ бизнесийн байгууллага болсон.

-Эмч хүнд хамгийн чухал нь юу юм бэ?

-Мэдлэг, ур чадвар, туршлага чухал нь мэдээж. Гэхдээ сэтгэлгүй бол эмч болсон гэж бүрэн дүүрэн хэлэхгүй. Хамгийн гол нь сэтгэл, ёс зүй. Үүнээс гадна харилцаа хандлага талдаа анхаарах ёстой. Энэ нь заримдаа эмч нараас үл шалтгаалах нь бий. Ачааллаас болоод эмч, үйлчлүүлэгчдийн дунд үл ойлголцол үүсдэгийг үгүйсгэхгүй.

-Өнөөдөр нийгэм маш их бухимдалтай байна. Харсан зүг бүрт л болохгүй бүтэхгүй зүйл байх юм. Ажлын орчинд хүртэл хэн нэгний хойрго, дүйнгэ байдлаас болж уурлаж, орилох асуудал гардаг. Үүн дээр цахим орчны бухимдал нэмэгдээд заримдаа гал авалцах хэмжээнд стрессдэж байна, бид. Та ер нь стрессийг хэрхэн “гөвдөг” вэ?

-Би сөрөг мэдээллээс аль болох л хол байхыг хүсдэг. Залуучууддаа ч ингэж захидаг. Улаанбаатарын даац хэтрээд, мөн төлөвлөлтгүй хотын байдлаас үүдэлтэй бухимдал газар сайгүй. Тиймээс болж өгвөл ажилтайгаа ойр амьдарвал зүгээр. 

Нөгөөтээгүүр, цахим орчны хар мэдээллийг бүү унш. Би сонсохыг ч хүсдэггүй. Сүүлийн үед зурагт үзэхэд ч хэцүү, бухимдалтай болчихож. Түүний оронд юм уншсан нь дээр. Эсвэл бусдад тустай зүйл хий л дээ.

-Нээрэн, та есөн сая төгрөгийн хандив босгож, эмнэлэгтээ хэрэгтэй багаж, төхөөрөмж, эд зүйл авч өгч байгаа гэсэн үү. Хандивлагчийг татаж чадна гэдэг чинь их зүтгэл, том үйлс, бас санаачилгын илэрхийлэл болов уу. Нүүрний буян ч нөлөөлдөг байх?

-Санаачилга үнэхээр багаддаггүй юм. Миний найзын дүү бүсгүй есөн сая төгрөг хандивласан. Ер нь том бизнес хийж, их мөнгө олдог хүмүүс хааяа олон түмэнд буян болох ёстой гэсэн үүднээс тэрбээр жил бүр тодорхой хэмжээний хандив өргөдөг юм. Миний оролцоо гэвэл, нөхцөл байдлаа зөв ухуулан таниулж, ойлгуулахаас хэтрэхгүй. 

Нөгөө талаасаа ийм ажил сэтгэлийг минь сэргээдэг учраас би үргэлж таашаалтай байдаг. Энэ удаагийн хандивын мөнгөөр Яаралтай тусламжийн болон Элэг, цөсний тасагтаа хэрэгцээтэй багаж, төхөөрөмж зэргийг авсан. Маргааш (өнөөдөр буюу энэ сарын 28) гардуулж өгнө.

Хандивлагч Бадмаа маань “Би ийм зүйл хийлээ” гэж өөрийгөө мандуулж, хэвлэл мэдээллээр цацаж, ёслолд оролцдоггүй “хачин”, даруухан хүн. Сониноор дамжуулаад түүнд хамт олныхоо өмнөөс ахин дахин талархлаа илэрхийлье.

Ер нь манай зарим хүн амьдрахын мөн чанарыг ойлгохгүй байх шиг. Уг нь эрүүл байх, бусдад дэм, тус болох нь л мөн чанарын асуудал шүү дээ. Гэтэл гялайж гялтайсан эд зүйл энд тэндээсээ “унжуулж”, элдэв брэнд “нөмөрдөг” хэрнээ эрүүл мэнддээ гар татаад байдаг. Жилд 500 мянган төгрөгөөр эрүүл мэндийн багц үзлэгт хамрагд гэвэл бараг “үхнэ”. 

Үнэ төлбөргүй үзлэгт хамрагд гэхээр ирэхгүй. Ийм гаж сэтгэлгээтэй байж болохгүй. Үүнд манай эрүүл мэндийн даатгалын буруу тогтолцоо бас нөлөөлдөг. Үүнээс гадна монголчууд найрлаж, баярлаж, идэж, ууж, дэмий зүйлд мөнгө үрж ханахгүй юм. Тэр мөнгөөрөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулаач ээ. 

Байгууллагын удирдлага тэмдэглэлт өдөр, баяраар ажилтнуудаа архи, хоолоор дайлж байхаар нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ажлынх нь цагийг зохицуулбал том хөрөнгө оруулалт болно шүү дээ. Үүнээс гадна манайхан эмнэлэгт хандахгүй бусдын “аманд орж” явсаар өвчнөө даамжруулдгийг ерөөсөө ойлгодоггүй. Сарын тэмдэг нь хэт их ирсэн нэгнийгээ “Цэвэршиж байгаа юм. Ургацгаас болж тэгдэг” гэхчлэн мэдэмхийрч эмнэлгээс “зугтаалгаж” байгаа хүнийг шулуухан хэлэхэд хорлогч юм.

“Ингээд ухаад бодоод байхаар бухимдаад, дэмий юм. Тиймээс сүүлийн үед “өнгөцхөн” харахыг хичээдэг болсон” хэмээн хошигносон Г.Одонтуяа эмч “Аз жаргал бол эрүүл мэнд шүү” гэж ахин дахин “үглэж”, иргэдэд үүнийг дамжуулж өгөхийг “үүрэгдсэнээр” бидний ярилцлага өндөрлөлөө.

Түүний хэлж, егөөдсөнөөр бид банканд очиж, зээлийнхээ хугацааг сунгахаа мартдаггүй мөртлөө эмнэлэгт үзүүлэхээр товлосон цагаа мартчихдаг, тэнэг зангаа засахгүй бол горьгүй. Олон улсын эмч нарын өдөр үүнийг танд сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)