Г.Мандахнаран: Олимпын медалийг даагаа нэхээд авч болно, аавыгаа алдах хамгийн хэцүү юм билээ

“Токио-2020” олимпын эрх олгох тэмцээн энэ жилээс шил шилээ даран эхэлнэ. Дэлхийн шилдгүүд Токиог зорих “тийзээ захиалах”-ын төлөө бэлтгэлээ улам чамбайруулж байгаа нь мэдээж.

2020 оны олимпоос медаль хүртэх, түрүүлэх магадлалтай монгол бөхчүүдийн нэг нь яах аргагүй Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран. 33 настай түүнийг Риогийн олимпод хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсаныг монгол түмэн одоо ч мартаагүй.

Иргэний нисэхийн ерөнхий газар, “Алдар” спорт хорооны бөх Г.Мандахнаран ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай, Азийн наадмын аварга, УАШТ-ий долоон түрүүтэй. Дутуугаа гүйцээн, дундуураа дүүргэхээр зүтгэж буй түүнтэй ярилцлаа.

-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү, та.

-Сайхаан. Юуны өмнө “Өнөөдөр” сонины уншигчдад сар шинийн мэнд хүргэе. Энэ жил Цагаан сар тэмцээн, хамтарсан бэлтгэлтэй давхацсангүй, аятайхан таарлаа (инээв). Гэр бүлийнхэнтэйгээ сайхан шинэллээ.

-Энэ жил жүдочид “Их дуулга”-д оролцоод Францад шинэлсэн. Олон улсын тэмцээнд барилдаад гадаадад шинэлсэн тохиолдол танд бий юү?

-Байлгүй яах вэ. Лав 2005, 2006 онд насанд хүрэгчдийн УАШТ шинийн гурванд эхэлж билээ. Тэгэхэд бэлтгэлээ байрлаж хийгээд өрсөлдсөн юм. 2008, 2009 онд Ясыр Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнд зодоглохдоо битүүний өдөр жингээ хасаад зогсож байлаа.

-Бэлтгэл, тэмцээн гэсээр тамирчдад зав хомс гэдэг. Цагаан сарын бэлтгэлээ хангалцан, ханьдаа тусалж амжив уу?

-Ёстой тэгж чадаагүй. И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д оролцоод Цагаан сараас хоёрхон хоногийн өмнө Монголд ирсэн. Битүүнд л ханьдаа жаахан тусалж, дэм боллоо. Би гурван хүүхэдтэй. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авахаас авхуулаад гэрийн ажил мундахгүй. 

Ер нь би Цагаан сар гэлтгүй бусад үед ч гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй юм. Тэр бүхэнд хань минь хамаг ачааг нуруундаа үүрч, арыг минь даадаг. Гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь гачлантай. Хань минь намайг аль болох ойлгохыг хичээдэгт баярладаг. 

Өчигдөр (уржигдар) л гэхэд “Чиний минь зорилго манай гэр бүлийн зорилго юм шүү. Ар гэртээ санаа зоволгүй, бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулаарай. Хань нь байгаа юм чинь юунд ч битгий санаа зов” гэж надад урам өгсөн.

-Г.Мандахнарангийн харьяалагддаг байгууллагын цалин, тэмцээний шагнал амьдралд тань хангалттай хүрдэг үү?

-Ер нь боломжийн шүү. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, уураг витамин авахаас эхлээд зардал их. Үүний сацуу гурван хүүхэд өсгөх амаргүй юм байна. Тэр бүхнийг эхнэр, бид хоёр ДАШТ-д гаргасан амжилт, Гавьяат цолны урамшуулал, хаьяалагддаг байгууллагын цалингаар болгодог.

-Олонх тамирчин баяр, наадмын үеэр ч бэлтгэлээ хийдэг юм билээ. Та Цагаан сарын үеэр бэлтгэлээ түр завсарласан уу?

-Өө, бараг тэгээгүй. Цагаан сарын эхний хоёр өдөр аав, ээж, ах дүүс, хамаатан садан, багш нартаа золгосон. Шинийн гуравнаас бэлтгэлдээ эргэж орлоо.

-“Алтан гран при”-д барилдахынхаа өмнө та жин буурч, 70 кг-д өрсөлдөх болсон. Жиндээ хэр дасаж байна вэ?

-Бага дэлхийн аварга гэгддэг тэмцээнд өрсөлдөхдөө гурван жилийн өмнө авсан хүрэл медалийнхаа өнгийг хувирган, үзүүрлэлээ. Би өнгөрсөн жил 74 кг-д барилдаж байсан. Хамгийн том зорилго минь олимпод түрүүлэх, медаль хүртэх. Тиймээс олимпын жин болох 70 кг-д барилдаж байна. 

Олимпын эрх авах эхний дайралт минь есдүгээр сард Казахстанд болох ДАШТ. Токиогийн олимп эхлэхэд жил хагасын хугацаа үлдлээ. Өдөр өдрөөр ойртсоор нэг л мэдэхэд хаяанд ирчихсэн байна. Тиймээс бэлтгэлээ өдөр бүр чин сэтгэлээсээ хийж, формоо хадгалах нь чухал.

-Формоо удаан, тогтвортой хадгалахад бэлтгэл, хөдөлмөр чухал. Олон жил дэлхийн хэмжээнд жигд өрсөлдөж яваа таны нууц юу бол?

-Хичээллэх, амжилт гаргахад хүнд спортын нэг нь чөлөөт бөх. Ер нь эл спортоор өндөр амжилтад хүрэхэд их хэцүү. Олон жил жигд амжилт гарган, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж яваа миний нууц ч бас бэлтгэл. Ер нь формоо өндөр зэрэглэлд авч, барилдаанаа мэдэрчихсэн байхад хэр баргийн бөхөд ялагдах магадлал бага. 

Ажиллах чадвараараа өрсөлдөгчөө илүүрхэж, цуцааж барилддаг нь миний давуу тал. Цуцахаар нь дархан мэхээ хийдэг онцлогтой. Үнэнийг хэлэхэд хоёрхон дархан мэхтэй. Мэдээж бусад мэхийг мэднэ. Өрсөлдөгчийнхөө барилдаанд тохируулж мэх хийдэг.

-Г.Мандахнаранг олон дархан мэхтэй гэж спортын хүрээнийхэн ярилцдаг. Танаас өөр хүн ингэж хэлсэн бол итгэхгүй байх.

-Өнөөг хүртэл өөрийн болгож чадахгүй яваа мэх олон бий. Энэ нь чөлөөт бөхийн спорт хэр хэцүүгийн илрэл болов уу. Ер нь хүнээс гарах боломжтой бүх хөдөлгөөний 95 хувийг өөрийн болгож байж эл спортоор амжилт гаргадаг юм билээ. Би багаасаа чөлөөт бөхийн спортод хорхойсон, Ж.Зоригоо багшаар заалгаж байлаа. 

Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Эл спорттой амьдралаа холбоод 20 жил болчихож. Үндэсний шигшээ багийнхаа хамгийн ахмад бөхчүүдийн нэг нь, би. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд чамлахааргүй амжилт гарган, Төрийнхөө хайр хишгээр Гавьяат тамирчин боллоо. Би мундагтаа ийм амжилтад хүрээгүй юм шүү. 

Энэ бүхэн анхны багш Ж.Зоригоо, “Алдар”-ын Хосоо (Ц.Хосбаяр), Цогоо (Ц.Цогтбаяр) дасгалжуулагч, гэр бүлийнхэн, монгол түмний минь л гавьяа, дэмжлэгийнх нь ач.

-Та зодог тайлахгүй, Токиогийн олимп хүртэл барилдахаа илэрхийлэхдээ

“Ард түмнийхээ хүсэлтээр дөрвөн жил зүтгэнэ

Ачит аавынхаа нэрээр дөрвөн жил зодоглoно

Алдрай үрсийнхээ төлөө дөрвөн жил хөдөлмөрлөнө

Агуу Монголынхоо төлөө дөрвөн жил энэ биеийг дахин зориулна аа.

Алдаа бүхэн ард хоцорч Монгол ялна”

хэмээн цахим хуудастаа нийтэлсэн. Ер нь яруу найраг хэр сонирхдог вэ?

-Багаасаа яруу найраг сонирхсон, ном унших дуртай. Уран зохиолын хичээлд хэчнээн дуртай байсан гэж санана. Нутгийнхаа яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн шүлгэнд их дуртай. Хөөрхий минь Цагаан сарын шинийн нэгэнд бурхан болчихлоо. Риогийн олимпын дараа түүнтэй уулзахад намайг урмаар их тэтгэж, ухааруулсан. Бурхны оронд амгалан нойрсох болтугай.

-Дээрх мөртүүдээс өөр шүлэг зохиож, оролдож байв уу?

-Ганц нэг оролдсон юм бий. Гэхдээ огт дуусгаж байгаагүй. Багаасаа номын мөр хөөгөөгүй, тэс өөр салбарт хүч сорьж яваа болохоор амаргүй юм билээ. О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай”-д хачин их дуртай. Унаж, босож явах үед энэ шүлэг намайг тайвшруулдаг. Би өөрөө ч уруудаж, өгсөн, магтуулж, хэмлүүлсэн ч тэнгэр шиг байхыг хичээдэг.

-Риогийн олимпын дараа “Тэнгэр шиг бай” танд их хань болсон болов уу. Хүрэл медалийн төлөө Наврузовтой хийсэн барилдааныхаа алдаа, оноог хэрхэн дүгнэв?

-Уг нь олимпоос медаль хүртэх, түрүүлэх итгэл дүүрэн Бразилд очсон юм. Даанч жижиг ч юм шиг, том ч юм шиг алдааны улмаас зөвхөн Г.Мандахнаран бус, Монгол Улс медальгүй хоцорсон. Тэр барилдаанд маш их харамсдаг. 

Зургаан минут барилдчихаад зургаахан секунд хүлээцтэй байгаагүй нь миний буруу. Саяхан ОХУ-д болсон олон улсын сургалтад тэр барилдааныг жишээ татан, цагийн төгсгөлд тийм алдаа гаргаж болохгүйг захиж байна лээ. Миний алдааг монгол бөхчүүд битгий давтаасай.

-Та чөлөөт бөхийн дүрмийг сайтар судалсан байх. Тэр барилдаанд шүүлтийн булхай орсон тал бий юү?

-Энэ барилдааны шүүлтийн талаар их судалсан. Яалт ч үгүй шүүгчийн буруу юм билээ. Барилдаан дууссаны дараа торгож, ялагдуулах дүрмийн заалт хаана ч байхгүй. Наврузов бид хоёрын барилдаанаас өмнө шүүгчид түүнийг ялуулахаар тохиролцчихсон байсан юм билээ. 

Өө хайж байсан тэдэнд боломж олгосон нь миний алдаа. Наврузовыг ялуулах шалтгаан олон бий. Узбекистанчууд Риогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд медаль хүртэх сүүлчийн боломж нь тэр байсан. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар узбекистан хүн ажилладаг.

Орос, Америк зэрэг нөлөө бүхий орны тамирчин над шиг үйлдэл гаргасан бол хэзээ ч тэгж ялагдахгүй. Нөлөөгүй улсын тамирчин нь миний буруу биш байлтай. Ядуу орны зовлонг мэдэрч сууна.

-Зорилгодоо хүрлээ, Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүдийн 36 жил тасарсан амжилтыг үргэлжүүллээ гэх баяр алга эргүүлэхийн төдийд харууслаар солигдох мөчид юу бодогдов?

-Үнэхээр хэцүү байсан. Яг тийм гээд төсөөлөөд хэлэхэд одоо ч бэрх байна. Улсынхаа чөлөөт бөхийнхнөөс медаль хүртэх сүүлчийн боломж нь би байсан. Хүн баярлаж, гомдохдоо өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэл байдаг даа. Би ч бас тэгчихсэн. 

Зарим хүн “Хаашдаа баараггүй болчихсон ялалт байсан. Хэдхэн секунд сэтгэл хөдлөлөө барьчихгүй” гэж шүүмжилдэг. Би сэтгэл хөдлөл ихтэй. Тэрийгээ ил гаргачихдаг. Үнэндээ би онгирч, сагсуурсандаа, өрсөлдөгчөө бассандаа тэгж баярлаагүй. 

Өөрийн мэдэлгүй тийм үйлдэл гаргачихсан юм. Би Риогийн олимпоос медаль хүртэх хувьгүй байсан юм болов уу. Үүнд хэн нэгнийг буруутгах бус, алдааг өөрөөсөө хайдаг.

-Г.Мандахнаран Спортын олон улсын арбитрын шүүхэд хандсан. Ямар нэгэн тоймтой хариу гарсан уу?

-Гараагүй ээ. Үнэнийг хэлэхэд миний барилдааны асуудлыг шийдвэрлэх байгууллага олдохгүй, арга мухардаад сууж байна. Монголын үндэсний олимпын хороогоор дамжуулан Олон улсын олимпын хороо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-нд өргөдөл, хүсэлт зөндөө гаргасан.

Тэд надад тоймтой хариу өгөөгүй. UWW Монголын чөлөөт бөхийн холбоонд хариу өгсөн байх. Манай холбооныхон тэдэнд “Уучлаарай. Манай дасгалжуулагчийн буруу” гэсэн утга бүхий захидал илгээсэн юм билээ. Тэр бол миний ялагдлыг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй хэрэг.

-“Рио-2016”-д Наврузовын барилдааныг шүүсэн гурван шүүгч хөөгдсөн. Энэ уг нь баримт шүү дээ.

-Уг нь тийм. Чөлөөт бөхийн дүрэм их сонин. Хэн нэгнийг ялсанд тооцон, гарыг нь өргөсөн л бол хэзээ ч цуцалдаггүй. Буруу шүүсэн нь тогтоогдсон ч тэгэх боломжгүй юм билээ.

-Эргэлзээтэй шүүлтийн улмаас олимпын медалийн үзүүрээс атгаад алдлаа гэж харамссан, цөөнгүй хүн шүүмжлэх танд амаргүй байсан нь мэдээж. Хамгийн хэцүү нь юу байв?

-Олимпын өмнө аав минь бурхан болсон юм. “Рио-2016”-гаас ирэхэд юу юунаас илүү аавын минь нөмөр, түшиг их үгүйлэгдсэн. Онгоцны буудлаас буухад өөрийн эрхгүй уйлчихсан. Гэхдээ би нулимсаа юу гэж бусдад харуулах вэ. Би эхээс хоёулаа, эмэгтэй дүүтэй. Аав залуудаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Айлын том болохоор багаасаа хар ажилд нухлагдан, бие дааж өссөн. Тэр бүхэн өнөөгийн амжилтад их нөлөөлдөг. Аав ёстой тэнгэр шиг хүн байж билээ. ДАШТ-ээс хошой медаль хүртэн, Гавьяат тамирчин болж аавыгаа бага ч болтугай баярлуулсан болохоор сэтгэлд өег байдаг. 

Хэрвээ олимпын дараах хүнд үед сэтгэлээр унаад бурхан болчихсон бол ямар байх вэ. Би өөрийгөө буруутгана. Одоо эргээд бодох нь ээ харин ч тийм хүнд үеийг туулуулаагүйдээ баярладаг. Олимпын медалийг даагаа нэхээд авч болно, аавыгаа алдах хамгийн хэцүү юм билээ.

-Үргэлжлүүлэн барилдах, бүхнийг шинээр эхлэх эрч хүч, урмыг юунаас авсан бэ?

-Зөвхөн өөрийнхөө бус, улсынхаа, гэр бүлийнхээ төлөө дутуугаа гүйцээхийг хүссэн. Үнэхээр барилдаж чадахгүй, өрсөлдөгчөө дийлэхгүй болчихсон бол өөр хэрэг.

Баянаа аваргын хэлсэнчлэн бөхийн үнэнд гүйцэгдсэн бол зодог тайлах байсан. Юмыг дутуу үлдээгээд яах вэ. Яагаад би дундуураа дүүргэж, олимпын медальтан болж чадахгүй гэж. Надад тэгэх нөөц, боломж бий.

-Үндэсний шигшээ багаас өөрийн хүсэлтээр гарсан гэсэн. Яагаад тийм шийдвэр гаргав?

-Улсын аварга болсон мөртлөө орон тоогүйн улмаас шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй яваа олон тамирчин бий. Тиймээс залуу тамирчдад боломж олгохын тулд тэгж шийдсэн.

Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хороо, Л.Бямбасүрэн даргатай Иргэний нисэхийн ерөнхий газар, Д.Дугаррагчаа захиралтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олон, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшдаа, Гавьяат эмч Ч.Насанбат, гэр бүлийнхэндээ болон монгол түмэндээ баярлаж явдаг.

-Амьдарч байсан байшингаа тохижуулж, цэцэрлэг байгуулах санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Гэр бүлд тулгардаг олон бэрхшээлийн нэг нь хүүхэд харах. Хүүхэд харах хүнгүй, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас ажил хийх боломжгүй байгаа олон эцэг, эх бий. Эхнэр бид хоёрт ч бас тулгардаг бэрхшээл л дээ. Тиймээс ханьтайгаа ярилцаж байгаад цэцэрлэг байгуулахаар шийдсэн юм. 

Барьсан хоёр давхар байшингаа тохижуулж, цэцэрлэг болгоод урд нь гэр барьж амьдарсан. Бусдад туслах сэтгэл байхад болдог л юм билээ. Би тэмцээн, бэлтгэл гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Тэр хэрээр хамаг ажлыг эхнэр нугалдаг байлаа. Монгол эрс тэс уур амьсгалтай. Хүйтний улиралд хэчнээн хүйтэрдэг билээ. 

Тэр хэрээр бага насны хүүхэд өвчлөх, ханиад хүрэх эрсдэлтэй. Олон жаахан хүүхэд харж, боловсрол эзэмшүүлэх хариуцлага өндөртэй ажил. Эрсдэлийг нь харгалзан, нөгөө талаар амжилтдаа анхаарлаа бүрэн хандуулахын тулд “Мандахнаран” нэртэй цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа.

-Танайх Төв аймгийн Зуунмод хотод амьдардаг юм билээ. Тэндээс бэлтгэлдээ явдаг уу?

-Тэгдэг. Бэлтгэлээ энд өглөө, орой хийчихээд харьдаг.

-Нийслэл хотод амьдрах хүсэлтэй хүн олон. Танд Улаанбаатарт амьдрах бодол бий юү?

-Байхгүй ээ. Гурван хүүхдэд минь эрүүл орчин, цэвэр агаар чухал. Тэднийгээ эрүүл байлгахын тулд Төв аймагт амьдардаг. Нийслэлд амьдрах юм сан, бэлтгэлдээ ойроос явъя гэж боддоггүй ээ. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, хөдөө орон нутагт амьдрахыг залуусдаа уриалъя. Тэгвэл улсынхаа хөгжилд бага ч атугай хувь нэмэр оруулах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)