Г.Мандахнарангийн хариуг И.Наврузовоос авав

Сүүлийн гуравхан секундэд сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүйгээс болж баараггүй өвөртөлсөн олимпын хүрэл медалиа алдсан Г.Мандахнарангийн Узбекистаны бөх И.Наврузовтой хийсэн барилдааныг тойрсон дуулиан одоо ч намжаагүй. Тэгвэл түүнтэй адил “Алдар”-т харьяалагдан, ах дүү хоёр Гавьяат (Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр)-ын удирдлагад бэлтгэл хийдэг, залуу бөх Б.Бямбадорж ОХУ-д болсон олон улсын тэмцээнд үзүүрлэхдээ И.Наврузовыг ялж, хариуг нь авлаа.

Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний 70 кг-д зодоглосон тэрбээр өмнөх тойргуудад эзэн орны А.Аввакумовыг 8:3, Казахстаны Айден Тажигалыг 4:3, хагас шигшээд олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт, Узбекистаны И.Наврузовыг 12:10-аар ялав. Улмаар аваргын төлөө барилдаанд Буриадын Е.Жербаевт 8:2-оор дийлдэн, үзүүрллээ.

Өнөө жил “Mongolia open”-оос мөнгөн медаль хүртсэн буриад эр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Сослан Рамоновыг 8:0-ээр ялж, шуугиулсан юм. Дмитрий Коркиний 90 насны ойд зориулсан 11 дэх удаагийн тэмцээнд манай бөхчүүд түрүүлээгүй ч амжилтын арвин “ургац” хураан, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Б.Бямбадоржоос гадна 61 кг-д оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, 65 кг-д өсвөрийн Азийн аварга Т.Тулга, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д Азийн АШТ-ий таван медальтай, үндэсний бөхийн улсын харцага Н.Золбоо нар үзүүрлэн, 79 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Сонирхуулахад, тэмцээнд түрүүлсэн бөхийг 7000, мөнгө, хүрэл медалийн эздийг 5000, 3000 ам.доллараар шагнажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)