Г.К.Жуковт мэдээ хүргэсэн ХӨНГӨН ХУЯГТЫН БУУДАГЧ

Л.ГАНБАЯР
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа

Миний аав, ахмад дайчин, хурандаа Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэйн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Аавынхаа амьд ахуй цагт хийж бүтээсэн ажил, туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай дурсамжийг Та бүхэнтэй хуваалцаж байна.

ДАЙНЫ ҮЕИЙН ЦЭРЭГ

“ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын дурдатгал бодол” номын I ботид “Баянцагааны тулалдаанд хоёрдугаар танкийн бригад, долдугаар моторжуулсан хуягт бригад, Монголын наймдугаар хуягт дивизион, тэдэнтэй харилцан ажилласан артиллерийн болон агаарын хүчний ангиуд гол үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн дурдсан байдаг. Мөн “Улаан армийн ангиудаас туршлага, хатуужилд суралцаж, дэмжлэг хүлээсэн Монголын цэрэг сайн тулалдаж байсны дотор, ялангуяа хуягт дивизионыхон Баянцагааны нуруунд онцсайн байлдсан” гэж Г.К.Жуков И.В.Сталинд ярьж байсан тухай үүнд өгүүлжээ. Ингэж үнэлэгдсэн хүмүүс бол наймдугаар хуягт дивизионы нэр бүхий хүмүүс байсан юм. “Бид 104 хоног хувцсаа тайлалгүй, эх орныхоо дархан хилийг харийн дайснаас өмгөөлөн хамгаалах үүргээ нэр төртэй бие лүүлэхийн төлөө ингэж тэмцэж явцгаасан билээ” гэж тэдний ярьсныг тэмдэглэн үлдээжээ. Тэгвэл тэр хүмүүсийн нэг нь 1938 онд цэргийн албанд татагдаж, Дорнод аймгийн Матадын наймдугаар морьт дивизийн наймдугаар хуягт дивизионд 1938-1943 он хүртэл буюу таван жил (тухайн үед цэргийн алба ийм хугацаатай байсан) алба хаасан Л.Лувсанпэрэнлэй байсан юм.

Тэрбээр ХХ зууны эхэн үед буюу 1919 оны намар хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошууны Дүдлийн багт, одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Шаравын Царам гэдэг газарт ард, халх Лхамсүрэнгийн зургаа дахь хүү болон мэндэлжээ. 19 нас хүртэл эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжин, 1930-аад оны үед Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүртэл бусдыг даган жин тээж, аав, ээж, ар гэртээ тус дэм болж байгаад ийн цэргийн албанд татагдсан нь түүний амьдралд сонирхолтой, дурсамжтай түүхийг үлдээсэн байна. Цэргийн алба хаах хугацаандаа бага даргын курст суун, хөнгөн хуягтын буудагч (наводчик) болжээ. Улмаар цэргийн эрдэмд шамдан суралцан (жагсаалын дарга болсон), Халхын голын дайнд хөнгөн хуягтын буудагчийн үүрэг гүйцэтгэн оролцсон юм.

Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойд зориулж бичсэн “Халхын голын байлдаанд оролцсон Матадын наймдугаар хуягт дивизион” хэмээх дурдатгалд ахмад дайчин Л.Лувсанпэрэнлэй ийн бижээ. “Бүх цэргийн жанжны тушаалаар харийн түрэмгийлэгчдээс эх орноо авран хамгаалахаар Матадын наймдугаар дивизийн наймдугаар хуягт дивизион бүх анги нэгтгэлийн хамтаар Халхын голын дайнд явав. 1939 оны долдугаар сарын 2-ны орой нам, эвлэлийн (МАХН, МХЗЭ) үүрүүдийн хээрийн хурлаар Намын товчооны дарга Л.Базаррагчаа, Эвлэлийн товчооны дарга Балган (Ахмадын зөвлөлд ажиллаж байсан) нар бүх дайчдыг нам, эвлэлд элсүүлэхэд би МХЗЭ-д элссэн юм.

Маргааш нь буюу долдугаар сарын 3-ны өглөө эрт дивизионы дарга Шагдарсүрэн, сумангийн дарга, ахмад Лувсанчүлтэм, улс төрийн орлогч, ахмад Намхай-Очир, нэгдүгээр сумангийн дарга, ахмад Санжаа, салааны дарга Ядамсүрэн, штабын даргыг Дорж орлож, дивизионы зөвлөх Сидоров нарын удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр Баянцагааны баруун жигүүрт Зөвлөлтийн ангиудтай хамт байрлаж, эхний дайралтаа хийхэд бэлтгэв.

Энэ тулалдаанд Зөвлөлтийн танкийн арваннэгдүгээр болон долдугаар моторжуулсан хуягт бригадын хамтаар Баянцагааны нурууны баруун талаас, хуягт тус бүр өөр хоорондоо 15-20 метрийн зай барин, ангийн даргаас улаан дарцгаар өгсөн командын дагуу цөм нэгэн зэрэг их буу, пулемётаар үргэлжлүүлэн гал нээв.

Дайснууд бидний эсрэг их буу, пулемётаар тасралтгүй галлаж байлаа. Машины урд хажууд их бууны сум дэлбэ рэх, пулемётын сум хуягт руу онох чих дүлий рэм их чимээ гарч, хуягтын будаг зогсоо зайгүй унаж байв. Энэ үед дайсны 10 гаруй мянган явган ба морин цэрэг, асар олон их буу, хүнд, хөнгөн пулемётын ангиудтай тулалдсан юм.

Тулалдааны эцэст манай гурван хөнгөн хуягт, таван хүнд хуягт бүгд бүрэн бүтэн, хүмүүс эсэн мэнд, харин Зөвлөлтийн ангийн 5-6 хуягт дайсны сумд өртөв. Шархдагсдад эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ. Дайснууд нэлээд олон тооны амьд хүч, зэвсэг техникээ алдаж, ихээхэн хохирол амссан байлаа.

18.00 цагийн үед дивизионы дарга Шагдарсүрэн “Одоо давшилтад дахин орно. Бидний хойноос Зөвлөлтийн ангиуд ирнэ” гэж мэдэгдэв. Бид доош уруудан Халхын гол хүрч, гол талаас нь ширүүн дайралт хийх тушаал авлаа. Ингээд дохио өгөхөд манай наймдугаар хуягт дивизионыхон дайралтад орж, гал нээв.

Чанх баруун тийш нь харуулж, байрлуулсан 24 их буугаа дайснууд бидний зүг эргүүлэх хооронд нь манайхан бараг ихэнхийг нь устгаж амжлаа. Ингээд дайсны дундаас буцах команд өгөхөд манай хуягтууд галаа зогсоолгүй, дайралтад орох үеийн хөдөлгөөнд тохируулан үргэлжлүүлж галлав. Тэгтэл нэг тэрэг маань дайсны сумд өртөн, жолооч Довдон, наводчик Гүрбазар нар нас барж, сумангийн дарга, ахмад Лувсанчүлтэмийн баруун хөлийн булчин их бууны сумд задарч, газар элэглэн мөлхлөө. Би явдал дундаа баруун хаалгаараа Лувсанчүлтэм даргыг шүүрэн авч, дайсны галын шугамаас гарч ирмэгцээ эмнэлгийн тусламж үзүүлэв.

Манай найман хуягтаас гурав нь гэмтэж, 7-8 хүн амь үрэгдсэн байлаа. Үүнд сумангийн улс төрийн орлогч хөлдөө, дивизионы зөвлөх, хошууч Сидоров толгой, хүзүүгээрээ шархадсан тул Зөвлөлтийн түргэн тусламж ирж, эмчилгээ хийв. Маш халуун өдөр хоёр удаагийн дайрал тад орсон тул бидний ам их цангаж байлаа. Үдэш болох гэж байхад ангийн дарга Шагдарсүрэн “Одоо гурав дахь дайралтад орно” гэж хэлэв. Гэвч сум, хэрэгсэл хангалтгүй, дээд тал нь зургаа, доод тал нь 2-3 дайз сумтай үлдсэн тул эндээ хонохоор шийдлээ. Хоёр тал их буугаар тасралтгүй буудалцсаар байв. 23.00 цагийн орчимд ард талаас ангийн төлөөлөгч Дордог, Намын товчооны дарга Л.Базаррагчаа (миний ах), аж ахуйн дарга, ахмад Содном нар биднийг олж ирэн, хоол унд залгуулсан юм.

Тэндээ үүр цайлгаад, өглөө нь Баянцагаанд япончуудын байрлаж байсан газруудыг харахад дүүрэн машин техник, зэвсгийн сэг, утаа манан, хүний цогцсоор дүүрсэн байлаа. Японы үлдсэн ангиуд бүгд тэр шөнөдөө ухарч, Халхын голыг гатлан гарчээ.

Бид Халхын голын хиймэл гүүрээр гарч, өөрийн ангидаа очин, хуягтаа өнгөлөн далдалж байтал ангийн дарга Шагдарсүрэн ирлээ. Дайсны байрлалыг тагнаж мэдэхээр машинтайгаа Халхын голын урдаас өгсөж явтал нэг их намаг руу ороод шаварт суучихав. Дарга “Машинаа сайн өнгөлөн далдлаад байж бай. Эргэж авна” гэж хэлээд явган буцлаа. Жолооч Чулуунбат бид хоёр хуягтаа маш сайн өнгөлөн далдлаад, тэнд машин, зэвсгээ манаж хоёр хонов. Хоёр дахь хоногийн үдээс хойш машины чимээ ойртон, хэсэг хугацаа өнгөрсний дараа бургасны сиймхийгээр Аж ахуйн дарга Содном, Намын товчооны дарга Базаррагчаа нар ирж, хуягтыг татаж гаргаад анги дээрээ эргэж ирсэн юм. Дөн гөж машинаа өнгөлөн далдалж байтал дайсны онгоцнууд агаараас дайрч, бид тал тал тийш бут үсрэн, таран байрлалаа. Үүний дараа нэгдүгээр сумангийн жолооч Данзан бөмбөгт оногдон амь үрэгдэж, хуягт нь шатсан байв. Энэ бол Халхын голын элсэн манханд болсон бодит явдал.

Долдугаар сарын 5-ны үед дивизионы зөвлөх Сидоров миний хөнгөн хуягтаар явж, Баянцагааны нуруунд очин, байлдааны явц, дайсны тухай мэдээг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт өглөө. Би тэр үед анх маршал Г.К.Жуковыг харсан юм. Ангидаа эргэж ирсний дараа дивизийн дарга, хурандаа Нянтайсүрэн зөвлөхийн хамт манай дивизион дээр ирж, хүнд, хөнгөн нийлсэн 7-8 хуягтыг авч, элсэн манхны цаана, баруун хойшоо харсан, мод хад ихтэй өндөрлөгийн баруун талыг эзлэх гэж дайсантай маш ширүүн тулалдаан хийж байж бид эзлэн авсан юм.

Дараа нь дайснууд тун удалгүй буулт хийж, тэднийг бид бүслэн, 500 орчим япон цэргийг олзолж, зэвсгийг нь хураан, дивиз рүү хүргүүлж байв. Энэ нь Ремизовын өндөрлөг байсан болов уу, би сайн санахгүй байна, биш ч байж мэднэ.

Дайсан өөр газарт хүчээ хуримтлуулж байна гэсэн мэдээ авсан тул манайх зарим хэсгээ хориглолтын байдалд шилжүүллээ. Үлдсэн нь Хэрээ уул хэмээх газар луу морьт болон хуяг тын ангиудын хамт Хайлаастын голыг гатлан, ширүүн бороон дундуур шөнөжин явж, хүрэх газартаа очив.

Хэрээ уулын тулалдаанд Дамдинжав даргатай их бууны, Бадарч даргатай 22 дугаар морьт хороо үлэмж хохирол хүлээсэн боловч дайснууд ч маш их амьд хүч, зэр зэвсэг, техникээ алдан, ухарсан юм. Энэ дайнд цуг оролцож, байлдсан нөхөр Ванчигийн Даваасүрэн Архангайн Тариатад, Баатарын Галбадрах Улаанбаатар хотод амьдарч буй бөгөөд эдгээр нэр дурдсан хүн баатарлагаар тулалдаж, үүргээ нэр төртэй биелүүлсэн юм”. Ахмад дайчин Л.Лувсанпэрэнлэйн Халхын голын дайнд оролцож явснаа тэмдэглэн үлдээсэн түүх энэ. Тэрбээр 1938 онд цэрэгт очихдоо бичиг үсэгт тайлаг даагүй байсан ч бага даргын курст хэрхэн ор сон, жагсаалын дарга байхдаа хоолоо ээлжээр манаж хонодог байсан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, цэргийн нэрт жанжин, маршал Г.К.Жуковт мэдээ хүргэж өгсөн, төрсөн ах Л.Базаррагчаа нь Намын товчооны дарга байсан тухай зэрэг олон сонирхолтой үйл явдлыг бидэнд ярьж байсан нь саяхан мэт тод санагдаж байна. Мөн 1980-аад онд НАХЯ-ны эмнэ лэгт БНМАУ-ын Гарамгай баатар, хурандаа Лодонгийн Дандартай цуг нэг тасагт хэвтэн, эмчлүүлж байсан гэдэг.

ЭНХ ЦАГИЙН ДАРГА

Цэргийн албанаас 1943 онд халагдаж, төрсөн нутагтаа МХЗЭ-ийн үүрийн дарга, Цэцэрлэг сумд МАХН-ын хороонд лектор (ухуулагч)-оор 1948 он хүртэл, Архангай аймаг дахь Дотоод яамны харьяа хэлтэст төлөөлөгчөөр 1948-1956 он хүртэл ажиллажээ. 1956-1959 онд Намын дээд сургуульд суралцаж төгсөн, 1959 оноос Цагдан сэргийлэх ерөнхий газарт төлөөлөгч, мөрдөн байцаагчаар ажилласан байна. 1962 онд ЗХУ-ын (одоогийн ОХУ) нийслэл Москва хот дахь ДЯЯ-ны дээд сургуульд элсэн орж, суралцан амжилттай төгссөн бөгөөд 1966-1989 он хүртэл 23 жил НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа хорих ангиуд (колони)-д дарга хийжээ. Энэ хугацаандаа улс эх орондоо үнэнчээр зүтгэхийн үлгэр дуурайл болон олон ажил санаачлан хэрэгжүүлж, хүмүүжигч, хоригдлуудыг сурган хүмүүжүүлж, бусдын хүндлэлийг хүлээсэн хурандаа болсон юм. Түүнийг 1966 онд Хүүхдийн хорих ангийн (тухайн үеийн нэршлээр) захирлаар томилогдон ирэхэд гадуураа ямар ч хашаагүй, гахайн аж ахуйн зориулалттай байранд хүмүүжигч хүүхдүүд нь амьдарч байжээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хичээл сургалт болон уулзалтын байр, авто бааз, захиргаа, халуун ус, гал тогоо, талхны цех, биеийн тамирын талбай, хашаатай болгосон байна. Мөн алба хаагчид нь найман километр газраас ажилдаа мориор ирж, очдог байсныг нэгдсэн унаагаар үйлчлүүлж эхэлжээ.

Хүмүүжигч хүүхдүүдэд ерөнхий боловсрол эзэмшүүлээд зогсохгүй наймдугаар анги төгссөн боловсролын гэрчилгээ олгодог болгосон төдийгүй Улаанбаатар хотоос Улсын багшийн их сургууль, Багшийн техникум төгссөн мэргэжлийн багш нарыг урьж, цэргийн алба хаагчийн орон тоон дээр ажиллуулах санаачилгаа ажил хэрэг болгожээ.

Социалист нийгмийн хатуу чанд шаардлагаар хоригдол, хүмүүжигч хүүхдүүд алаг хувцас өмсдөг байсныг өөрчилж, мэргэжлийн сургалтын төвд сурган, мэргэжил эзэмшүүлж эхэлсэн нь олон хүнийг амьдралын зөв замд нь оруулахад нь тусалсан гэдэг.

Насанд хүрэгчдийн хорих ангиудад хүмүүжигчдийг ч ялтан, хоригдол гэж хандалгүй, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэн, дахин алдахгүй, эрх чөлөөт амьдралд бардам явах боломжийг нээж өгсөн гэж хэлж болно.

1970-1974, 1980-1989 онд Төв аймгийн Баян сум дахь Мааньтын чанга дэглэмтэй хорих ангийн даргаар хоёр удаа томилогджээ. Энэ үедээ шохойн чулууны олборлолт, шатаах зуухны тоог нэмж, технологийг нь сайжруулснаар Дарханы Силикат тоосгоны, Улаанбаатар хотын Хөнгөн бетоны үйлдвэр, Байшин үйлдвэрлэх комбинат, Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын СОТ-1, СОТ-2 үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон аж. Улсын төлөвлөгөө, нормыг байнга давуулан биелүүлж, өндөр хүчдлийн шугам татан, төвийн цахилгаан шугамтай холбох зэргээр ажиллах нөхцөл бололцоогоо эрс сайж руулж, тус хорих анги төдийгүй Баян сумын иргэд 24 цаг цахилгаанаар хангагдсан байна. Тухайн үед Мааньт дахь хорих анги (1980-1989) 1000 шахам хоригдол, хүмүүжигчтэй байсан ба тэндхийн байр, сургалтын төв, талхны цех, цахилгааны шугам, соёлын төв, зочид буудал, ажилчдын орон сууц, биеийн тамирын талбай зэргийг барьж, дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлэсэн нь одоогийнхоор иж бүрэн хотхон гэгдэхүйц бүтээн байгуулалт болж чаджээ.

НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын “Хүмүүжүүлэгч” сонины 1988 оны арваннэгдүгээр сарын 14-ний 46 (1530) дугаарт “Үнэн” сонины тусгай сурвалжлагч Л.Батсүхийн, “Би сэтгэлээсээ итгэсэн юм шүү” гарчигтай ярилцлага нийтлэгдэж байв. Үүнд бичсэнээр “Хүнээ л бодож ажил амжуулна шүү дээ. Хэдийгээр эрх нь түр хугацаагаар хязгаарлагдсан ч цаана нь социалист нийгмийн хүн аж төрж, амьдарч байгаа шүү гэдгийг огтхон ч мартаж болдоггүй юм. Манай хамт олны эрхэмлэдэг зүйл энэ шүү” гээд тэртээг зааж, “Шандын худгийн орд газар гэдэг чинь тэр шүү дээ, шохойн чулууны их баялагтай. Анх 1979 онд жилд 100 000 тн-ыг бэлтгэж байхад 100 жилийн нөөцтэй гэж тогтоосон. Одоо бол зуу, зуугаар нь бэлтгэж байна шүү дээ. Энэ жилд гэхэд л 106 тонн чулуу “буулгаж” ачуулжээ” хэмээн түүний ярьсныг тэмдэглэн үлдээжээ.

“Эднийх 4000 гаруй малтай, туслах аж ахуй эрчимтэй хөгжүүлж буй газар. Сүү, мах, цагаан идээ, хүнсний хангамжийн хувьд хүний гар хардаггүй. Малын үүлдэр угсааг сайжруулах хэтийн чиглэлтэй арга хэмжээ авчээ. Адуундаа Хэнтийгээс азарга авчирч тавин, казахын цагаан толгойт бух, ”Ангар” үүлдрийн ухна, Сүхбаатарын Эрдэнэцагаанаас үзэмчин хуц хүртэл авчрав. Энэ бүхэн хүний ахуй хангамж, ая тухыг сайжруулахын төлөө л авсан арга хэмжээ” гэж сурвалжлагч Л.Батсүх бичсэн байна.

Мөн 1979-1980 онд Баянзүрх дэх хорих ангийн даргаар ажиллаж байхдаа Монголд анх удаа 1000 тоннын багтаамжтай, Хүрэлтогоотын хоёр мөсөн зоорийг бариулж, Улсын комисст “онцсайн” дүнтэйгээр хүлээлгэн өгсөн гэдэг.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот (одоогийн Мандал сум) дахь хорих ангийн даргаар 1974-1979 онд ажиллахдаа модны үртсээр мебель бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр санаачилга гарган, ЗХУ-ын Буриад Улсаас туршлага судлан туршиж байсан зэрэг олон ажлыг санаачлан гүйцэтгэжээ. Тухайн үедээ БНМАУ-ын Гавьяат хуульчид тодорхойлогдон, НАХЯ-ны Сайдын зөвлөл (коллеги) дэмжин, МАХН-ын Төв Хороо гоор хэлэлцэхэд УТТ-ны нэгэн гишүүн “Шоронгийн даргад Гавьяат өгөөд байхдаа яадаг юм” гэснээр шагналаас хасагдсан гэдэг.

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ХУРАНДАА

Багаасаа өлсөж, цангахын зовлонг биеэр мэдэрч, туулсан учир алдаа эндэгдэл гаргаж, нийгмээс тусгаарлагдсан хоригдол, ялтан хүмүүст хүний ёсоор хандаж, эцэг шиг нь харьцаж, зөв замд нь оруулах талаар их зүйл санаачилж хийсэн хүн бол Л.Лувсанпэрэнлэй хурандаа.

Түүний тухай олон нийтлэл бичсэн байдгаас үр хүүхдүүд, ач, зээ нарт нь хадгалагдан үлд сэн заримаас нь эш татъя.

1981 онд зохиолч, сэтгүүлч Ж.Пүрэвийн “Үнэн” сонинд бичиж нийтлүүлсэн “Буурал аав” найруулалд хурандаа Л.Лувсанпэрэнлэй “Юм бүхэн үндэс ёроолоороо хувьсан, өөр болжээ. Урьдын цагт олон хүүхэдтэй хүн яаж хорвоог гэтлэх билээ гэдэг байсан бол одоо тийм хүн буян жаргалаа эдлэн үр, ач нарынхаа сайн сайхныг харж суух болжээ. Яван явсаар хүнийг хөдөлмөр л жаргалд аваачдаг юм. Мал маллах, жин тээх, түлээ мод бэлтгэх, хар бор ажил л миний гарыг ганзаганд хүргэж билээ“ хэмээн өгүүлсэн байдаг.

Мөн нэгэн цагт хорих ангид ял эдэлж байсан А.Мөнхбат гэдэг хүн 2008 онд “Шар мэдээ” сонинд ярихдаа “Энэ хүн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс эх орондоо хувь нэмэр оруулах, хоригдлуудыг хөдөлмөрөөр нь засаж хүмүүжүүлэхийн төлөө ажилладаг байлаа. Монголын засан хүмүүжүүлэх ангийг удирдах Лувсанпэрэнлэй хурандаа шиг хүн дахиж төрөхгүй. Тэр бол хуулийг сахиж биелүүлдэг, ялтан хүнийг ямар цагт нь шийтгэж, ямар цагт нь хайрлах вэ гэдгийг мэддэг, агуу хүн байсан... Одоо цагт сав л хийвэл хүний эрх гэж ярьдаг болж. Харин ч дал, наяад онд хүний эрхийг жинхэнэ хамгаалдаг газар нь засан хүмүүжүүлэх байгууллага байсан юм шүү” гэж дурссан нь бий.

Ахмад дайчин, хурандаа Л.Лувсанпэрэнлэй 1943 онд нэг нутгийн “Буурал” хэмээх Шаравын охин Лхамсүрэнтэй ханилж, таван хүүхэдтэй болж, 36 жил сайхан амьдарчээ.

Улсад нийт 51 жил ажиллан, 1989 онд 70 насандаа цэргийн байнгын тэтгэвэрт гарч, насан эцэслэтлээ улс эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, 1990 оны арванхоёрдугаар сарын 29-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Түүний 18 наснаасаа 70 хүртлээ хөдөлмөрлөж, эх орноо хамгаалан тулалдаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэн, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрх нь хасагдсан олон эрчүүдийг өөрийн хүүхэд мэт хайрлаж халамжлан, зөв замд оруулсан нь үг яриагаараа биш, үйл хөдлөлөөр үлгэрлэхийн жишээ болон үлдэж, үр хүүхдүүд ач, зээ нарт нь ааваараа, өвөг эцгээрээ бахар хах сэтгэлийг төрүүлж, хүн болж төрсний утга учрыг ойлгуулан, жинхэнэ үлгэр дуурайл болон дурсагдаж байдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)