Г.ИРЭЭДҮЙ: Мөнгө амжилтын хэмжүүр биш ч сэтгэл хангалуун амьдрах нөхцөл болох нь бий

“Meborny” академийг үүсгэн байгуулагч Г.Ирээдүйтэй ярилцлаа. Тэрбээр таван жилийн өмнө 18 настайдаа нэг тэрбум төгрөгийн орлоготой болсон хэмээгдэн олны анхаарлыг татаж байжээ. Өдгөө мэдээллийн технологийн салбарт өөрийн мэддэг, чаддаг бүхнээ бусадтай хуваалцан, залуучуудад олон улсын тавцанд ажиллах нөхцөл бүрдүүлэхийг зорьж явна.

-Технологийн салбараас төрсөн тэрбумтан гэж өөрийг тань хэлэх юм. Ямар мэргэжил эзэмшсэн, юу хийдэг вэ?

-Би ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийг мэдээллийн инженер мэргэжлээр төгссөн. Өдгөө “Meborny” академийг байгуулж, залууст интернэт орчинд хэрхэн ажиллах талаар болон компьютерын мэдлэг олгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд хэрхэн танигдан, орлого ашгаа нэмэгдүүлэх боломжийг нь зааж өгдөг гэсэн үг.

-Академи байгуулахаасаа өмнө юу хийдэг байсан бэ?

-Монголчууд интернэттэй “танилцан”, хүн бүр цахим талбарт гарч, янз бүрийн зүйл хийж эхлэх үед би ч бас өөрийгөө бусдад таниулах сан, онцгой зүйл хийх сэн гэж бодсон. Компьютертэй ч болж эд ангийг нь задалж, угсарч, чадах чинээгээрээ ойлгосон. Нэг байрныхан, зарим албан байгууллагын компьютерын вирусийг устган, форматалж мөнгө олж эхэлсэн. Блог хөтлөн, юм бичдэг ч байлаа. 2010 оны үед монголчууд фэйсбүүк хэрэглэж эхлэхэд англи хэлнээс богино хэмжээний бичлэг, кино зэргийг сонгон, фэйсбүүктээ хадмал орчуулгатай байршуулдаг болсон. Шог зураг, зар сурталчилгаа, хэлц үг, онигоо гээд хүн сонирхож, уншиж болох бүхнийг оруулдаг байлаа. Цөөнгүй хүнд танигдан, телевизийн ток шоунд ч оролцсон. Ер нь 13, 14 настайгаасаа л мэдээллийн технологийн асар том зах зээлээс мөнгө олж, өөрийгөө хөгжүүлээд явах бүрэн боломжтой гэдгийг ойлгосон.

-Фэйсбүүк, пэйж хуудсаа идэвхтэй хөтөлж, орлого олдог хүн цөөнгүй. Та тэднээс юугаараа ялгаатай бол. Олон улсад ажилладаг гэсэн. Яг ямар ажил хийдэг вэ?

-Мэдээллийн технологийн салбарт ажиллахад ирээдүй баталгаатай биш. Тухайлбал, технологи маш хурдан шинэчлэгдэн, хүмүүс асар богино хугацаанд шинэ зүйл нэвтрүүлж, үр дүн нь илэрч байдаг. Тухайн үед бүгдийг чаддаг мэт боловч дараагийн үеийнхний чадвар, технологийн хурдыг гүйцэхгүй байх талтай. Тиймээс байнгын орлого олох, илүү далайцтай ажил хийхийг хүссэн.

-Ямар ажил хийж эхэлсэн хэрэг вэ?

-Би гуравдугаар ангиасаа англи хэл сурч эхэлсэн тул өөрийн хэмжээнд, интернэт орчинд ажиллах түвшний хэлний мэдлэгтэй байсан. Гэсэн ч бичлэг, богино хэмжээний кино, онигоо оруулж, компьютер форматлахад олигтой ахицгүй санагдан, нухацтай бодсоны эцэст англи хэлээ сайжруулах, ахисан түвшинд ажиллах шаардлага үүссэн. Хэлээ ч “нухлаа”, өөр юу хийж болох вэ хэмээн интернэт ухаж, өнждөг болов. Тэгээд 2013 оноос өөрийгөө олон улсын компаниудад танилцуулахыг хичээн маш олон компани руу анкетаа явууллаа. 35-40 компанид хандсаны эцэст бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн компанид глобал сошиал медиа менежерийн албан тушаалд томилогдсон юм. Эл компанид би Монголоос ганцаараа ажилладаг, дээрээсээ есдүгээрт эрэмблэгдсэн менежер нь болсон. Бид юу хийдэг вэ гэвэл, Зүүн өмнөд Азийн зах зээлийн судалгаа хийдэг. Баг болж ажиллан, иргэд хавар, намрын улиралд ямар өнгөтэй, ямар материалаар хийсэн хувцас өмсөх хандлагатайг судална. Мөн гар утас, компьютер, цахилгаан барааны эрэлтийн чиг хандлагыг тодорхойлно. Спорт хувцас, үнэт эдлэл, автомашин, тавилга, үл хөдлөх хөрөнгө зэрэг хүмүүсийн хэрэглээг төрөл тус бүрээр салган, зах зээлийнх нь шинжилгээг тасралтгүй хийн, захиалагчдад мэдээлэл, өгөгдөл бэлтгэж өгдөг. Том брэндүүд зар сурталчилгаагаа сошиал медиагаар хийх үү, зурагтаар нэвтрүүлэх үү, эсвэл ном, каталоги хэлбэрээр гаргах уу гэдгийг нь сонгоход тусалдаг. Ийм ажлын хөлс нь чамлахааргүй.

-Монголоос ганцаараа ажилладаг гэлээ. Таниас өөр монгол хүн ажиллах боломжтой юу. Олон  улсад ажиллан, цалин орлого их олохын тулд ямар ур чадвар шаардлагатай бол?

-Би дэлхийн олон орны компаниуд руу өөрийнхөө танилцуулгыг явуулж, судалж байгаад хэн ч хийх боломжтой, 34 ажлын байр олсон. Тухайн хүн хаана амьдардаг, ямар мэргэжилтэйгээс нь үл хамаарч, англи хэл, компьютерын зохих мэдлэгтэй байх шаардлагатай байсан. Тэгээд “Онлайнаар мөнгө олох боломж байна, сонирхсон хүн холбоо барина уу. Сарын 100 ам.долларын хөлстэй” хэмээн 2014 оны наймдугаар сард фэйсбүүктээ зар оруулсан. Өмнө нь зурагт, сонин зэрэг мэдээллийн хэрэгслээр цөөнгүй хүнд танигдсан байсан тул намайг сонирхох, итгэх хүмүүс олдсон. 17 хүн, 100 ам.доллар төлж 1700 “ногоон” дансанд хийхэд эхлээд сандрах, гайхах зэрэгцсэн. Тэгээд ийм чадвар эзэмш, тийшээ, ингэж анкетаа явуулах хэрэгтэй. Энэ цагуудад, ийм ажил гүйцэтгэх учиртай гэдгийг нь тодорхойлж, бүртгүүлсэн хүмүүстэйгээ ажиллаж эхэлсэн. Анхны сургалтаас цөөнгүй хүн орлого олох боломжоо нээсэн юм. Би ч урамшин 2014 ондоо багтаан “Me¬borny” академийг үүсгэн байгуулсан. (Meborny гэдэг нь бид уйдаад байна, юу хийх вэ гэсэн утгатай, зохиомол үг) Хичээлийн агуулгаа боловсруулж, хураангуйлж, 20 цагийн видео хичээл болгосон. 2015 онд ШУТИС-ийг төгсөх дипломын ажлаа сургалтын төвийнхөө элсэгчдэд зориулсан хичээлийн хөтөлбөр, заах арга зүй сэдвээр хамгаалсан. 20 цагийн видео боловч их, дээд сургуулийн хоёр улирлын хичээлтэй дүйцэхүйц мэдээлэл агуулсан, сайн ажил болсон хэмээгдэн, одоо ч ШУТИС-ийн номын санд хадгалагдаж буй.

-Таны яриаг сонсоход онлайнаар мөнгө, орлого олох амархан ч юм шиг санагдаж байна. Яг ямар ур чадвартай байх ёстой вэ?

-Урлаг, уран зохиол, физик зэрэг шинжлэх ухаантай харьцуулахад мэдээллийн технологийн салбар хүнээс тийм ч их ур ухаан шаардахгүй. Компьютер бүрэн ажиллуулж, тухайн өгөгдсөн даалгавар, ажлыг ойлгон, гүйцэтгэх хэмжээний гадаад хэлний мэдлэг байхад өөрөө суралцаад, дэвжээд явах давуу талтай. Бэрхшээх зүйлгүй л гэж хэлэх гээд байна.

-Англи, Америкаас их сургуульд ирж суралцаач гэсэн урилга авч байсан гэсэн. Японы NHK телевизээр өөрийнхөө тухай өгүүлэх богино хэмжээний кинонд тоглохоор боллоо гэж фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байсан. Энэ талаараа тодруулаач.

-Англи, АНУ-ын гурван ч их сургуулийн шалгуурыг ханган, тэнцсэн. Гэхдээ энд эхлүүлсэн ажил, зорьсон зорилго бий тул сурахыг чухалчилаагүй. Ойрын таван жилд буюу 30 нас хүрэхээсээ өмнө явахыг үгүйсгэхгүй. Ер нь би 30 насыг уулын оргилтой зүйрлэдэг. Тэр оргилд хүрэхээс өмнө мэдэж, чадвал зохих бүхнээ сурч, амжуулчихсан байвал зүгээр болов уу.

NHK телевизийн богино хэмжээний нэвтрүүлгийнхэн намайг “Linked In” хуудаснаас олсон юм билээ. Олон улсын тавцанд ажилладаг, монгол залуу гэдэг утгаараа танигджээ. Тэгээд есдүгээр сард зураг авахаар тохиролцсон байсан ч коронавирус гарч хойшилсон. Асуултуудаа явуулсан байна лээ. “Монголоос өөр оронд амьдрахаар бол аль улсыг сонгох вэ. Цаашдын зорилго тань юу вэ” гэх мэт асуулт байсан.

-Амжилт гэж юу вэ. 18 настайдаа нэг тэрбум төгрөг буюу 500 000 гаруй ам.доллортой байсан та амжилттай яваа хүн мөн үү.

-Амжилтыг би мөнгөөр илэрхийлэх дургүй. Тэгээд ч тэрбум төгрөг зарим хүнд их, заримд нь бага хэмжээтэй санагдана. Их орлого олдог хүн бүрийг амжилттай, аз жаргалтай нэгэн гэх нь ч учир дутагдалтай. Харин хэнд ч, юунд ч баригдахгүйгээр амарч зугаалах, бодож, бясалгах цаг хугацаа, санхүүгийн хараат бус байдлыг мөнгө олгодог. Хүн өнөөдрийн ажлаа ягштал хийчихвэл маргаашдаа санаа зовохгүйгээр унтаж чадна шүү дээ. Сэтгэл ханамж, юунд ч үл санаа зовох, өөрийн дураар байхыг аз жаргал, амжилт гэж ойлгодог.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Багадаа ямар хүүхэд байв. Хичээлээ давтаад гэрээсээ гардаггүй байсан гэж сонссон.

-13, 14 нас хүртлээ бусад хүүхдийн л адил дэггүй, хичээл номдоо анхаардаггүй нэгэн байсан. Хоёрдугаар ангид ороод удаагүй байхдаа хичээлээ ганц хоёр өдөр таслаад, багшаасаа айгаад бүр нэг сар гаруй сургуульдаа яваагүй. Тэгээд аав, ээждээ мэдэгдэхгүйг хичээн оройд номоо уншаад, даалгавараа хийгээд суудаг байв. Сар гаруйн дараа багш ээж рүү утасдан, “Хүүхдээ хааашаа шилжүүлсэн юм бэ” гэж асууснаар, би баригдан, өөр сургуульд гуравдугаар ангид орсон юм. Нэг анги алгассан, хичээлээ тасалж дэггүйтсэн болоод ч тэр үү өөрийгөө дайчилж, сууж сурсан байх. 14 нас хүрээд цаашид юу хийхэв гэж маш их бодсон. Алдартай, онцгой л нэгэн болох юм шүү гэж бодохын хажуугаар Ерөнхийлөгч, тогооч болно ч гэж мөрөөдөж байв. Техникт авьяастай, сониуч тул юутай ч халаасны мөнгөө олохыг зорьсон. Тэгээд 14-тэйгөөсөө хойш л компьютертой найзлан, мөнгө олохоор улайрч байж. Гэрээсээ гарч найзуудтайгаа тоглон, кино ший үзэж явсан нь цөөхөн дөө. Шилжилтийн насандаа хүүхдүүд гэгэлзэж, гадуур тэнэдэг байсан бол би аль хэдийн төлөвшчихсөн байсан юм уу даа. Үүнээс ч шалтгаалсан уу, 18-тайдаа аав болсон юм. Өдгөө чөлөөт цагаараа авто, мото спортоор хичээллэн, фото зураг авах дуртай. Сайн автомашин, мотоцикл зарим талаар эр хүний чимэг шүү.

-Залуугаараа аав болжээ. Онцгой байх сан, олонд танигдах сан гэж яарч явсан таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Хүмүүс хэдэн ч насандаа амьдрал зохиож болно. Зарим нь эрт, зарим нь оройтох нь бий. Гэхдээ ийм үр дагавартай, энэ нь давуу, эсвэл сул тал бий болгосон гэж хэлэх хэцүү. Залуудаа хүүхэдтэй болсноор хайрлаж дурлах нэгэн зүйлээ арай эрт олсон л юм байна. Зорилгоо илүү тодорхой болгон, хүүгээ сайн хүн болгох юм шүү гэж боддог. Өндөр мэдлэг боловсролтой, нэг “зөв” хүн олон хүний амьдралыг өөрчлөх, тэдэнд туслах боломжтойг ойлгодог учраас хүүхдийнхээ хүмүүжил, ирээдүйд нухацтай ханддаг. Гэхдээ цаг наргүй ажилладаг, ажил дээрээ хонон, өнжин байж, компьютерын дэлгэцээс салдаггүй байсан тул эхнэр, хүүхдэдээ цаг зав зарцуулж чадахгүй байсан үе олон.

-Улс эх орондоо хийж бүтээх, хүнд тус дэм болох сон гэж бодож явдаг зүйл тань юу вэ?

-Эх орондоо хайртай хүн хог хаядаггүй, байгаль дэлхийгээ бохирдуулдаггүй байх хэрэгтэй гэдэг үгийг сонсоод инээд хүрдэг. Энэ нь аав, ээжийгээ хүндэлж, асарч энэр гэж байгаа юм шиг ойлгомжтой, мэдээжийн санагддаг. Иймхэн юмыг бид ярьж, бие биедээ заах нь утгагүй мэт.

Манай академи 2014 оноос хойш 4000 гаруй хүн сургажээ. Улирал бүр элсэлт авдаг. Нэг суралцагчийн ард 4-5 хүн бий гэвэл 20 000 хүний амьдралд эерэгээр нөлөөлсөн гэсэн үг. Төгсөгчид маань бүгд шахам гадаадын компанид ажиллан Монголд валют оруулж ирж байна. Би том компани удирдан, олон мянган хүн цалинжуулдаггүй ч, 5-6 хүн ажиллуулж, тэдний амьдралд ч дэм болдог. Мөн энд суралцаж төгссөн, одоо ч сурч буй хүмүүсийн ажлын амжилт, амьдралынх нь өөрчлөлт баяр бахдалыг минь төрүүлдэг. Үүнээс гадна академиа анх байгуулахдаа нэг удаа л төлбөр төлөөд, насан туршдаа суралц гэсэн уриа гаргасан юм. Өдгөө манайд шинээр зааж буй, дахин боловсруулж, сайжруулсан бүх хичээлийг бүх суралцагч байнга үзэх боломжтой гэсэн үг. Цаашид урлаг, түүх зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөр боловсруулахыг зорьж байна. Бас хүмүүс их зүйл сураасай, өөрийгөө дайчлаасай, тэгш бус гараанаас амьдрал нь эхэлсэн ч өөрөө хичээн, сайхан амьдралд хүрээсэй гэж боддог. Улс орон болон ойр тойрныхоо тусын тулд миний хийх ажил бол мэддэг, чаддаг зүйлсээ бусадтай хуваалцах, хүмүүсийн сайхан амьдрах боломжийг нь хамтдаа нээх, олж хөгжүүлэх юм.

Ташрамд дурдахад, би Мөнгө угаахтай болон Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт орлогынхоо эх үүсвэрийг нотолж, цэвэр мөнгө олдог, эсэхээ шалгуулж, зөрчилгүй гарсан хүн шүү. (Инээв)