Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ аль нэг нам, эвсэл, бүлэгт үйлчлэхгүй

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөв. 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар оролцсон уг зөвлөгөөний сүүлийн өдрийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэгчлэн 2020 он гэхэд Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж, хөгжил дэвшлийн шинэ замд тууштай орно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний тулд бид Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөөх эрх зүй, нийгмийн цоо шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс төрийн удирдах ажилтан бүр энэ зорилгын төлөө үлгэрлэж, үүнд хошуучлан дэмжиж, монгол хүн, Монгол Улсынхаа төлөө сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх шаардлагатай болжээ” гээд таван зүйлийг онцоллоо.

Нэгдүгээрт, “Үндсэн хуулийн 3.1-т “Төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, эрх мэдлээ төлөөллөөрөө дамжуулж эдэлнэ” гэж заасан. Үүнийг дөрвөн жил тутам болдог сонгуулиар биш, сумын Засаг даргаас авхуулаад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөө хүртэл өдөр тутам мөрддөг байх ёстой. Бидний нэн тэргүүнд эрхэмлэх ёстой зүйл бол ард түмний хүсэл зориг. 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь энэ жилийн үндсэн зорилго” гээд нутаг дэвсгэртээ зохион байгуулсан ажлаа улирал тутам тайлагнах ёстойг анхааруулав.

Хоёрдугаарт нь, УИХ, гишүүдийн сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж буйгаа тэмдэглээд, парламентын албан ёсны цахим хуудас болох www.parliament.mn, www.forum.parliament. mn-ийг байнга ашиглахыг сануулав.

Мөн “Төрийн мэдээлэл” цахим сэтгүүлийн аппликэйшнийг гар утсандаа суулгахыг даалгаад, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс шаардлагатай бүх хуулийг татан авч, харж болно. Сая Македон улс Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталсан өдрөөсөө мөрдсөн. Манайх ч “Төрийн мэдээлэл”-ийн цахим хэлбэр нь цаасаар хэвлэгдсэнтэй адил хүчин төгөлдөр байхаар хуульчилж болно. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сумын Засаг дарга нохой алахаас өөр ажилгүй боллоо” хэмээн шүүмжилсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг ихээхэн хязгаарласан. Уг хуулийг баталснаас хойш 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулах гэж оролдсон ч үзэл баримтлал, үзэл санаа, зорилгыг нь гажуудуулж, тогтворгүй болгосон гэж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийсэн шинжилгээгээр дүгнэсэн. Үүнд үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд ирэх намрын чуулганаар батлахаар төлөвлөж байна. Мөн дөрөвдүгээр сард малчдынхаа төлөөллийг оролцуулан Бэлчээрийн тухай хуулийн төслийн хүрээнд зөвлөлдөх санал асуулга явуулна.

Дөрөвдүгээрт, төвлөрлийг сааруулах чиглэлд бүх шатны Засаг дарга нартай хамтран ажиллахыг зорьж буйгаа хэлээд, бие даан шийдвэр гаргах байдлыг хангах, төлөөлүүлэн гүйцэтгэх, төсвийн төвлөрлийг бүрэн сааруулах гэсэн гурван хэлбэрээр үүнийг хэрэгжүүлнэ гэв. Тиймээс ч УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй. Тус ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байгаа.

Эцэст нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээ хэллээ. Ингэхдээ “Аль нэг нам, эвсэл, бүлэгт үйлчлэхгүй, зөвхөн ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, хөгжлийн төлөөх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэв.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)