Г.Занданшатар: Эрдэнэбатын сонгогдох эрхэнд халдсан бусармаг үйлдлээ зогсоохыг шүүгчдээс шаардаж байна

МЭДЭГДЭЛ

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын парламентын тэргүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын Их Хурлын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон байна. Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ талаар огт дуугараагүй, шүүх засаглалын зарчмаа хамгаалаагүй атлаа хуульд заасан бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, түүний дотор нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байгааг эрс буруушааж байна.

Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг зөрчиж байна. Сэлэнгэ аймгийн 13-р тойргийн иргэдийн сонгох, Монгол Улсын иргэн Ж.Эрдэнэбатын сонгогдох эрх болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан энэ бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг холбогдох шүүхийн байгууллага, шүүгчдээс шаардаж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмний эрхийг хулгайлж, хуульд халдах аливаа оролдлоготой хатуу тэмцэх болно гэдгээ мэдэгдье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)