Г.ЗАНДАНШАТАР: Цагаан сараас өмнө тэтгэврийн зээл тэглэх ажлыг дуусгана

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнтэй УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр уулзлаа. “Эрдэнэс Монгол” ХХК-иас “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх бөгөөд энэ ажлыг Цагаан сараас өмнө дуусгах боломжтойг УИХ-ын дарга онцолсон. Уг уулзалтын үеэр ажлын хэсгийнхний илэрхийлсэн байр суурийг хүргэе.

Т.Мөнхбаяр (“Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал): -Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордын өмнөх эзэмшигчид болох “Жи Пи Эф” ХХК-ийнхан хуулийн байгууллагад хандсан. Гэвч бид ярилцаж, ойлголцоод байна. Тэд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзлаа. Мөн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзан, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Улмаар Салхитын алт, мөнгөний ордод нэмэлт ТЭЗҮ хийлээ. Үүгээр тус орд (татвар орсон дүнгээр) 569 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайг тодорхойлоод байна. Энэ нь тухайн ордын гуравны нэг хэсэгт л хийсэн тооцоолол. Эрэл, хайгуулаа үргэлжлүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Б.Лхагвасүрэн (Монголбанкны ерөнхийлөгч): -Уг хууль гарсантай холбоотойгоор банкуудын хэвийн үйл ажиллагааг хангахыг зорьж байна. Үүний хүрээнд хууль эрх зүйн ямар өөрчлөлт оруулах шаардлагатай, хүүгийн зөрүү нь ирээдүйд асуудал үүсгэх эрсдэлтэй, эсэхийг тооцоолж, судлан, нэгдсэн шийдэлд хүрсэн. Тэтгэврийн зээлийг арилжааны банкууд 10 хувийн хүүтэйгээр иргэдэд олгож байсан бол “Эрдэнэс Монгол” компаниас гаргасан бондыг бид зургаан хувийн хүүтэй худалдаж авна. Тэгэхээр аль аль талдаа хохиролгүй.

Цаашид тэтгэврийн зээлийг гурван сар хүртэлх хугацаагаар урьдчилж, шимтгэлгүй авч болно гэх саналыг Монголбанкнаас дэвшүүлж байгаа. Гэхдээ үүнийг банкны бүтээгдэхүүн байлгах, эсэхийг шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийг хязгаарлалттай олгохоор зохицуулж болно гэж бид үзэж байгаа.

Р.Мөнхтуяа (ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч): -Бондын нөхцөл, батлан даалтын гэрээ нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашигт нийцэх ёстой гэж үзэж байлаа. Өнөөдрийн байдлаар манай банкны 540 салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигч бий. Аливаа гэрээ хэлэлцээрт тэдний эрх ашгийг тусгаж, хамгаалах нь бидний үүрэг. Уг шийдвэрийг харилцан ашигтай байлгахаар санаачилгатай ажиллаж байгаа. Нийт ахмадын 62 орчим хувь нь ХААН банкнаас тэтгэврээ авдаг. Ирэх сард тэтгэврийг нь хэвийн олгоно. Зээл тэглэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Цагаан сарын өмнө дуусгахад санал нэгдээд буй.

Г.Дөлгөөн (Төрийн банкны гүйцэтгэх захирал): -Төрийн банкнаас тэтгэврийн зээлтэй 160 гаруй мянган иргэний зээлийг тэглэхэд 180 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Тэтгэврийн зээл тэглэх ажлын хэсгийнхэнтэй хуулийн хүрээнд хамтарч, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа.

П.Ганхүү (“Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал): -Манайх стратегийн үр ашигтай ордуудыг эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөж өгөх үүрэгтэй, 100 хувь төрийн өмчит компани. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас баталгаа гаргасан учраас “Эрдэнэс” бонд арилжих гэж байна. Банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн.

Г.Занданшатар (УИХ-ын дарга): -Тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг гүйцэтгэж буй ажлын хэсгийн гишүүд, ахлагчид, холбогдох байгууллагын төлөөлөлд талархаж байна. Тэтгэвэр авч байгаа 418 мянган хүнтэй холбоотой уг хуулийн төслийг анх удаа гүйцэтгэж байгаа ч үр дүнтэй ажиллалаа. Банкууд, хадгаламж эзэмшигчид, тэтгэврийн насныхны эрх ашигт нийцүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой нүсэр ажил байв. Бонд гаргахад бэлэн болсон учраас Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэх ажлыг дуусгах боломж бүрдсэн. Аль аль талдаа хохиролгүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан арилжааны банкуудын төлөөлөлд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)