Г.Занданшатар: Хамгийн муугаар тооцоход инфляцын түвшин нэг хувиар өсөж болзошгүй

-Тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг Засгийн газар өнөөдөр хэлэлцэнэ-

Тэтгэвэр барьцаалсан зээлийг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэг удаа тэглэхээр ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга уламжилсан. Тэгвэл үүнийг Засгийн газрын түвшинд судалж, баримт бичгийн төсөл боловсруулах ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахлан ажиллахаар болжээ. Тэрбээр “ҮАБЗ зөвлөмж гаргаснаар зээлийг шууд тэглэхгүй. Байгалийн баялаг ашиглахтай холбоотой шийдвэрийг УИХ гаргах учраас манай ажлын хэсэг ажиллаад, төслөө өргөн барина. Улмаар УИХ тодорхой шийдвэр гаргана гэсэн үг. Нэгдүгээр сарын тэтгэврийг олгочихсон. Өөрөөр хэлбэл, арилжааны банк зээл, зээлийн хүүг бодоод авчихсан гэсэн үг. Хэрэв энэ сарын 1-нээс зээлийг тэглэнэ гэж УИХ шийдвэрлэвэл буцаан олгох ёстой болно. Ямартай ч бид төслөө яаралтай боловсруулж өгнө” хэмээн тайлбарласан юм. Юутай ч Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эл шийдвэрийг хэлэлцэх гэнэ. Ингэхдээ яамд, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн яамны саналыг тусгайлан сонсох юм байна.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэл мэдээллийн зарим байгууллагынханд дээрх асуудлын хүрээнд тайлбар өгсөн байна. Тодруулбал, “Юуны түрүүнд хууль, эрх зүйн талаасаа ҮАБЗ ийм шийдвэр гаргах эрхтэй юү гэдгийг тодруулж байна. ҮАБЗ-ийн тухай хуулийн 4.1-т нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ҮАБЗ холбогдох байгууллагуудад зөвлөмж, үүрэг даалгавар өгөхөөр тусгасан байдаг. ҮАБЗ-ийн эл шийдвэр нь сонгуулийн буюу улс төрийн зорилгогүй. Ерөнхийлөгч ямар нэгэн ашиг сонирхлын улмаас энэ шийдвэрийг гаргаагүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Ерөнхийлөгчийг банк эзэмшдэг, улмаар өөртөө ашигтай шийдвэр гаргасан гэсэн яриа бий. 

Гэтэл энэ шийдвэр нь банкуудад харин ч ашиггүй. Тэгээд ч Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт банк эзэмшдэг гэх мэдээлэл байхгүй. Энэ мэт яриа нь уг шийдвэрийг харлуулах гэсэн зорилготой гэж бодож байна. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой шийдэл болгож, ҮАБЗ зөвлөмж гаргасан. Үүгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө амь оруулж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Мөн байгалийн баялгийг ашиглах нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга, тэгш хүртээхэд чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох зарчмыг тусгасан. Зээлийг тэглэснээр эдийн засагт гарах гарах эерэг, сөрөг үр дагаврыг Макро эдийн засгийн шинжээчдийн ажлын хэсэг судалсан. Улмаар тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж тэд үзсэн. Ингэснээр Төвбанкны гадаад валютын албан нөөц нэмэгдэх юм.

Ойрын хугацаанд манай улсад тулгамдаж байгаа асуудлын нэг нь гадаад өр, төлбөр. Тэгвэл Салхитын ордоос олборлосон мөнгөө Төвбанканд тушааснаар нөөц нь нэмэгдэнэ. Уг ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл гаргасан. Нөөц нь нэмэгдэх боломжтой. Одоогийн нөөцөөр тус ордоос 2.4 их наяд төгрөг буюу тэрбум орчим ам.долларын борлуулалт хийхээр байна. Энэ хэмжээгээр валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас татварын өмнөх цэвэр ашиг нь 1.1 их наяд орчим төгрөгт хүрэхээр байгаа. Цэвэр ашгаараа бонд гаргана. Зургаан хувийн хүүтэй гаргах бондод Хөгжлийн банк баталгаа гаргаад, арилжааны банкуудад байгаа 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хаана. Гүйлгээнд бэлэн мөнгө гаргаад, мөнгө хэвлэх юм шиг ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ буюу Төвбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Мэдээж зарим тооцоог Төвбанк хийсэн. Хамгийн муугаар тооцоход инфляцын түвшин нэг хувиар өсөж болзошгүй. Ирэх (энэ) долоо хоногт УИХ энэ талаар хэлэлцэнэ. Өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулж, адилтгаж бодохыг үгүйсгэхгүй. Мөнгө хэвлэхгүйг дахин хэлье. Үндэсний үйлдвэрлэлд ч өгөөжтэй байна. Ахмадууд ихэвчлэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авдаг шүү дээ” гэв.

Үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал хэдий хэмжээний санхүүжилт төвлөрүүлэх вэ гэдэг тодорхой тооцоо, судалгаа гарсан. Хууль, эрх зүйн талаас ч маргаан байхгүй. Харин өмчлөлтэй холбоотой бага зэргийн маргаан бий. Гэхдээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин ямар гарцаар, яаж хийх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийдсэний дараа УИХ эцэслэнэ. Одоо ажлын хэсэг төслөө бэлэн болгоогүй байхад би үүнээс илүү юм ярихгүй” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)