Г.ЗАНДАНШАТАР: УИХ 100 чухал зорилт дэвшүүлнэ

-Анхдугаар чуулганыг хаав-

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан, үнэмлэхүй олонх бүхий Мон-голын парламент 100 чухал зорилт дэвшүүлж. Анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга “Энэ чуулганыг нээхдээ таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын гишүүдээс бүрдсэн таван хороо байгуулахаар шийдвэрлэж, зохион байгуулалтад орж, бэлэн болоод байна. Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага УИХ шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой. Парламент бол Монгол төрийн нүүр царай. Бидний үйл ажиллагаа түмний нүдэн дээр ил байдаг. Тиймээс хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэж, хэдхэн хоногийн өмнө төр, түмэндээ өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, үнэнч шударга, сахилга хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь нэн чухал юм. Ингэж байж бид төрд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээнэ. Улстөржилт, талцал хуваагдал, ёс зүйгүй байдал, хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, хууль зөрчих үзэгдэл энэ удаагийн парламентад байж таарахгүй” гээд ээлжит бус чуулган удахгүй зарлан хуралдуулахаа мэдэгдэв. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, төсвийг тодотгох аж. Иймд завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсохыг санууллаа.

ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ШИНЭЭР БАЙГУУЛАВ

Энэ өдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын болон Үйлдвэржилтийн бодлогын гэсэн байнгын хороо шинээр байгуулав. Эдгээр нь манай парламентын түүхэнд өмнө нь байгуулагдаж байгаагүй байнгын хороо юм. Өмнө нь Ёс зүйн дэд хороо л байгуулж байв. Энэ удаа ч тус дэд хорооны бүрэлдэхүүнийг батлаад байсан юм. Хуулийн төслийг нь гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар санаачлан боловсруулж, өчигдөр өглөө өргөн мэдүүлсэн бөгөөд тэр даруй Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуульчилсан. Санаачлагч гишүүдийн хувьд зарим байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн, олон чиглэлийг хамарч байгаа нь хууль, тогтоомжийн чанар, УИХ-ын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд бэрхшээл үүснэ гэж үзжээ. Ингэснээр Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн болон Эдийн засгийн гэсэн хороод дээр өмнө дурдсан гурав нэмэгдэн, нийт 11 байнгын хороо ажиллах нь. Байнгын хороод нэмэгдсэнээр төсөв, зардал нэмэгдэхгүйг УИХ-ын дарга хэлсэн. Байнгын хороо нэмэгдсэн тул харьяалах гишүүдийн тоог цөөлж, 11-15 хүнтэй байхаар өөрчлөв. Өмнө нь нэг байнгын хороо 15-19 гишүүнтэй байсан юм. Ингэснээр УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурав хүртэл байнгын хороонд харьяалагдаж болох бөгөөд бүх бүрэлдэхүүнийг нь дахин шинэчлэв. Мөн байнгын хороодын дарга нарыг сонгосон юм.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим асуудлыг хариуцах чиг үүрэгтэй байгуулж, гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, зөрчил гаргасан бол хариуцлага ногдуулах, урьдчилан сэргийлэх, энэ талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэх аж. Мөн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудлуудаас гадна ер нь төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, батлуулах чиг үүрэгтэй ажиллах юм байна.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салгаж Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж буй. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, мэдээллийнх нь нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах нь тус байнгын хорооны чиг үүрэг. Мөн иргэний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх юм.

ХУУЧИН ГИШҮҮД ДАРГА БОЛЛОО

Мөн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган хариуцуулсан байна. Ингэхдээ хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль, эрх зүйн орчин, холбогдох дэд бүтцийг сайжруулах, экспортын зах зээл болон түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог бодлогын оновчтой зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, холбогдох дэд бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр, технологийн паркууд байгуулах зэрэг асуудал тус байнгын хороонд хамаарна.

1. Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ

2. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.ГАНБААТАР

3. Төсвийн байнгын хорооны дарга Б.ЖАВХЛАН

4. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.БАТТӨМӨР

5. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.ЭНХ-АМГАЛАН

6. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.ОЮУНЧИМЭГ

7. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.УЧРАЛ

9. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.БОЛОРЧУЛУУН

10. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ

11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)