Г.Занданшатар: Монголын засаглал илүү шударга, хариуцлагатай, нээлттэй болох бодлого тууштай хэрэгжинэ


Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж өнгөрсөн “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцсон байна. Энэ үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг ашиглан төрийн байгууллагын ажил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хөндлөнгийн судалгааны байгууллагаар үнэлүүлж гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа санаачилгуудын хүрээнд гарсан амжилт, авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхтэй түншлэл, хамтын оролцооны талаар танилцууллаа.

Мөн Нээлттэй засгийн түншлэлийн гүйцэтгэх захирал Санжай Прадхантай уулзаж, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Ноён Санжай Прадхан Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлж байгааг тэмдэглэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Албан тушаал, авлигаас ангид иргэддээ үйлчилдэг засаглалыг бий болгох нь энэ түншлэлийн зорилго. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн шуугиан нийгэмд ихээхэн бухимдал түрүүлж байна. “Нээлттэй засгийн түншлэл” хөтөлбөр хэрэгжсэнээр ийм төсөл, хөтөлбөр, гэрээ зэрэг бүх зүйл нээлттэй болно. Иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ. Төрийн байгууллага нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болж иргэддээ үйлчилдэг болно. Энэ зорилгоор иргэн төвтэй мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба төслийг хэрэгжүүлж байна. Монголын засаглал илүү шударга, илүү хариуцлагатай илүү нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ.

Дашрамд, “Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс санаачлан 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элсээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)