Г.Занданшатар: Мод бол таны ургуулж байгаа бас нэг “амьдрал” юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр бүх нийтээр мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.  

УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга Б.Дэмбэрэл нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Энэ үеэо Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий даяараа мод тарихыг буянтай ажил гэж үздэг. Мод бол амьдрал гэж үздэг юм байна. Хамгийн чухал нь тарьсан модоо эргэж тойрч, арчлахаа мартахгүй байх хэрэгтэй байна. Энэ бол таны ургуулж байгаа бас нэг “амьдрал”. Тарьсан модны 97 хувь нь ургаж байгаа гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна. Яг өнөөдөр өөрсдийн модоо шалгаж үзээрэй. Мод тарих үйлсдээ бүгдээрээ нэгдэцгээе. Жилд нэг ирдэг биш өдөр бүр ирж модоо арчилдаг байгаасай хэмээн уриалж байна” гэлээ.

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриатай энэ удаагийн мод тарих үндэсний өдөрт УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Фантастик” продакшн, “Эрдэнэс-Таван Толгой” компани зэрэг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)