Г.ЗАНДАНШАТАР: Долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоол баталснаар 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлууллаа. Чуулганыг завсарлуулж үг хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн хугацаандаа эхэлсэн хаврын чуулган коронавирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхийн 200 орчим оронд тархаж, дөрвөн сая гаруй хүнийг халдварлуулсан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна” гээд парламентын гишүүдийн санаачилгаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хууль, Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоол баталснаа онцлов.

Ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, нэгдсэн болон байнгын хороо 71, түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль, тогтоомж хэлэлцэн баталжээ. Харин өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус чуулганыг 11 удаа хуралдуулж, нийт 1400 шахам хууль, тогтоомж баталсан аж. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд гишүүд хуралдаанд дунджаар 66 хувийн ирцтэй оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг УИХ-ын дарга тэмдэглэв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Засгийн газрын, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын болон Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэргийг баталсныг онцолсон. Улмаар “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Энэ удаагийн УИХ баталсан хууль, тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа” хэмээсэн юм.

“Отгон” чуулганаар амжиж баталсан баримт бичгээс дурдвал, Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан юм. Уг нь эл тогтоолын хүрээнд ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгохоор заасан. Улмаар Засгийн газраас ч тогтоол гаргаж, малчин өрхийн 2019 оны мал тооллогын А дансанд үндэслэн дээрх урамшууллыг олгохоор тооцож, нийт 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин УИХ-ын 32 дугаар тогтоолд зөвхөн “малчин өрх” гэж заасан учраас мал бүхий 60 гаруй мянган “этгээд” эл урамшууллын гадна үлдэхээр байжээ. Тиймээс тус тогтоолд “мал бүхий этгээд”-ийг нэмж, өөрчилсөн нь энэ. Ингэснээр нийт 203 мянга гаруй малчин өрх, мал бүхий этгээд хамрагдаж, ноолуурын урамшуулал авахаар болж буй юм.

Мөн энэ өдөр Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2014 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгов. Уг тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн байна гэж Цэц үзсэнийг УИХ хүлээн зөвшөөрснөөр 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгож байгаа юм.

Түүнчлэн Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон баталлаа. Үүнийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд энэ нь 2005 онд батлагдсан, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт аж. Одоогоор уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж буй юм байна. Иймд уг төслийг санаачилжээ. Монгол Улс ийнхүү соёрхон баталж, конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, түүнийг төлөөлөх байгууллага бий болгох, хэрэгжилтийн талаар ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлагагүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)