Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн 2015 оноос хойш хууль хяналтын байгууллагын үүд сахиж явна. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг давхар хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан, тендер авч авсан зэрэг цөөнгүй хэрэгт нэр холбогдсон. Жишээ нь, гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хамаарал бүхий хүнийхээ “Говь Повер” компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгтээ шүүхээс ял сонссон удаатай. 

Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд анхан шатны шүүхээс Г.Дэнзэнг гэм буруутай тооцон 3.6 жил хорих ял оноож, төрийн алба хаших эрхийг нь гурван жилээр хасаж байсан. Гэвч Г.Дэнзэн давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан юм. Прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Дэнзэн өөрийгөө гэм буруугүй гэж үзэн прокурорт хандан, цагаатгуулах хүсэлтээ гаргасан байна. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнд холбогдох гэм буруугийн хэргийг өнөөдөр шүүн хэлэлцэхээр байв. Өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр арваннэгдүгээр сарын 9-н хүртэл хойшиллоо.

Д.МЯГМАРЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)