Г.Ганчимэг: Бүтээлээрээ хүмүүст эерэг мэдрэмж түгээхийг хүсдэг

Залуу зураач Г.Ганчимэг “Аниргүй” бие даасан үзэсгэлэнгээ “Мими” арт галерейд дэлгэжээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та бие даасан “Аниргүй” үзэсгэлэнгээ дэлгээд хэд хоножээ. Энэ удаа ямар онцлогтой бүтээлүүд дэлгэв?

-“Аниргүй” миний бие даасан хоёр дахь үзэсгэлэн. Анхны үзэсгэлэнгээ 2017 онд “Урьхан” нэртэйгээр “Шангри-Ла” худалдааны төв дэх үзэсгэлэнгийн танхимд гаргасан. Намайг илүү сайн илэрхийлэх болоод сүүлийн үед туурвисан бүтээлүүдээ энэ удаа олон нийтэд тайлагнаж байна. 20 орчим зургаа энд байрлуулсан.

-Яагаад бүтээлүүддээ цэцэгс түлхүү дүрсэлдэг юм бэ. Олон бүтээлээс тань цэцэг олж харлаа.

-Цэцэг дагнаж зурдаггүй ээ. Энэ төрлийн сэдэвтэй хэд хэдэн зураг байгаагаа энд дэлгэсэн нь тэгж харагдуулжээ. Гэхдээ сонирхолтой, үзэсгэлэнтэй цэцэг зурах гоё шүү дээ. Цаашдаа төрөл бүрийн сэдвээр, аль болох сонирхолтой бүтээл зурахыг хичээж байгаа.

-Та зургууддаа цэнхэр өнгө түлхүү ашигласан байна билээ. Яагаад энэ өнгөнд илүү дурладаг юм бол?

-Заавал цэнхэрээр л зурна гээд сонгодоггүй. Нэг л мэдэхэд энэ өнгийг ашиглачихсан байдаг юм. Нөгөөтээгүүр, цэнхэр бол их тайван өнгө шүү дээ. Бас орон зай, эрх чөлөө, агаар бэлгэддэг. Тэр онцлог чанарт нь татагддаг байж магадгүй. Гэхдээ уран бүтээлчдийн түлхүү ашигладаг өнгө жил ирэх тутам, туршлагажих тусам өөрчлөгддөг. Хэдэн жилийн дараа ямар өнгөөр “тоглох”-оо би өөрөө ч мэдэхгүй л байна.

-Тэгвэл ашиглах дургүй өнгө бий юү?

-Дургүй өнгө гэж байхгүй. Гол нь өнгүүдийн зохицлыг олж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ яагаад ч юм бараан өнгөнөөс “зугтдаг”.

-Та уран зургийн ямар төрлөөр голчлон бүтээлээ туурвиж байгаа вэ?

-Залуу уран бүтээлч болохоор өөрийн арга барил, онцлогийг олохын тулд янз бүрээр зурж, туршдаг. Дотоод ертөнцөө бүрэн илэрхийлэх арга барилыг эрэлхийлж явна. Нас ахиж, ур чадвар нэмэгдэхийн хэрээр бүтээлийн санаа, сэдэв, төрөл улам л баялаг болох байх. Одоо бол модерн чиглэлээр түлхүү зурдаг.

-Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?

-Би 2014 Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Я.Эрдэнэчимэг, М.Ганзул багшийн шавь.

-Багаасаа зурах дуртай байв уу?

-Хүүхэд байхаасаа дурласан зүйл минь зурах. Хоббигоо мэргэжил болгосон юм. Хүн дуртай зүйлээ хийхдээ хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ.

-Гэр бүлийнхэн дунд нь зураач, эсвэл гарын уртай хүн байгаа юу?

-Зураач мэргэжилтэй хүн байхгүй. Гэхдээ миний өвөө, аав сайхан зурдаг. Үнэхээр чадварлаг. Тэднийгээ дуурайсан юм болов уу гэж олзуурхдаг шүү.

-Та ямар зан чанартай хүн бэ. Уран бүтээлчийн зан авир бүтээлд нь тусдаг болов уу?

-Би их тайван хүн. Байгаа байдал, араншин бүтээлд тусах нь бий. Залуу хүн болохоор юу л бол юу зурж үзэх хүсэлтэй.

-Зургийн санаа, зохиомжоо хэрхэн олдог вэ?

-Санаа, сэдвийг хаанаас ч олж болно. Унтахаар хэвтэж байх үед гэнэт санаанд орно. Гудамжаар явж байгаад сонирхолтой сэдэв олно. Тэр дор нь тэмдэглэж авахгүй бол сарничихдаг. Санаагаа олчихоод, янз бүрээр зурж зохиомжоо гаргадаг юм.

-Гаргасан зохиомж зотон дээр буухдаа сэтгэлд хүрэхгүй тохиолдол байдаг уу?

-Тийм тохиолдол байдаг. Тэгсэн үед жаахан өөрчилж үзнэ. Болохгүй бол хэсэг хугацаанд хойш тавьчихаад, дараа нь дахин “нухдаг”.

-Огт зурахгүй гэж боддог сэдэв бий юү?

-Бүтээлээрээ хүмүүст аль болох эерэг мэдрэмж төрүүлж, түгээхийг хүсдэг. Тиймээс хүнд сэдэвтэй, амьдралын бараан талыг харуулсан зураг зурах дургүй.

-Сонирхолтой ном, уянгалаг дуу гэхчлэн бусад төрлийн уран бүтээлээс сэдэвлэн зурж байв уу?

-Кино үзээд төрсөн мэдрэмжээ буулган, зохиомжилсон. Гэхдээ зотон дээр буулгаж амжаагүй байна. Бас нэг дууны үгээс сэдэвлэн зохиомж гаргасан. Мөн л бүтээл болгож амжаагүй.

-Зурж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Үгээр тайлбарлаж чадахгүй юм. Яагаад ч юм бүх зүйлээс тусгаарлагдаж, яг л өөрийнхөөрөө байгаа мэт санагддаг. Маш их эрх чөлөө мэдэрдэг.

-Та зургаа ямар нөхцөлд зурдаг вэ. Зарим зураач анир чимээгүй орчинд зурдаг юм билээ. Зургийн зохиомжоо гаргахын тулд доороо холхиж анхаарлаа төвлөрүүлдэг зураач ч бий.

-Ямар ч нөхцөлд зурж чаддаг байх ёстой гэж боддог. Гэхдээ би эмх цэгцтэй, тайван, гэрэлтэй орчинд, хөгжим сонсонгоо зурах дуртай. Хөгжим, зураг хоёр ямар гайхалтай хосолдог гээч. Ялангуяа сонгодог хөгжим.

-Хөгжмийн хэмнэл зургийн зохиомж, өнгөнд нөлөөлдөг байх нь ээ?

-Мэдээж нөлөөлдөг. Хөгжимгүйгээр зурж чадах, эсэхээ ч төсөөлөхгүй байна. Сонгодог хөгжим их баялаг өгүүлэмжтэй болохоор ч тэр үү, уран бүтээлдээ гүн автахад тусладаг, хөглөдөг. Бас шинэ, бүтээлч санаа ч төрүүлдэг.

-Зураач бүрт эхэлчихсэн хэрнээ дуусгаж чаддаггүй, эсвэл маш удаан хугацаанд зурсан бүтээл байдаг. Танд бий юү. Хэр хурдан гартай вэ?

-Би ер нь их хурдан гартай. Хурдан зураад дуусгадаг. “Аниргүй” үзэсгэлэнд дэлгэсэн хамгийн том бүтээлээ долоо хоногийн дотор л зурчихсан. Сонирхолтой нь, бүрэн зурж дууссан, үгүйг зураг өөрөө “хэлчихдэг”. Зураач зургаа мэдэрдэг гэх юм уу даа.

-Зураач нар бүтээлдээ нэр өгөх гэж их удаан боддог юм билээ. Бүтээлийг бүрэн илэрхийлэх, оносон нэр олох хэцүү байх.

-Тийм шүү. Их боддог. Бүтээлийнхээс гадна үзэсгэлэнгийн нэр өгөх ч хэцүү. Гэхдээ их сонин. Зарим үед зурж дуусчихаад нэр оноодог. Гэтэл зарим тохиолдолд гэнэтхэн л сонирхолтой нэр, өгүүлбэр санаанд ордог. Тэр нэрэнд тохируулж зурах үе ч бий.

-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ олонд хүргэхээр төлөвлөсөн бэ?

-Яг төдийд, өдийд гэж төлөвлөөгүй. Ямартай ч уран бүтээлээ тасралтгүй хийж байгаа болохоор нэг их удалгүй гаргана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)