Г.Ганбат: Би эсрэг дүрд дурладаг

УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатыг “Шинэ танил” онцолж байна. Тэрбээр СУИС-ийг 2016 онд Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ц.Батнайрамдал нарын удирдлагад хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Тэр ондоо УДЭТ-ын босгыг давснаасаа хойш У.Шекспирын “Ромео, Жульетта” сонгодог, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн, Л.Толстойн “Адууны түүх” эмгэнэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” уянгын жүжигт тогложээ.

-Яагаад энэ мэргэжлийг эзэмшихээр дурласан юм бэ. Таны өвөө Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн. Өвөөгийн тань нөлөө байсан уу?

-Яг үнэнээ хэлэхэд эмч болно гэж боддог байлаа. Дунд сургуульд байхдаа хими, биологийн хичээлдээ илүү шамдаж сурсан. Төгсөхийн өмнөхөн өвөө “Урлагийн замналыг минь үргэлжлүүлбэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Багадаа дуулж, бүжиглэдэг байсан болохоор тэгсэн биз. Тэр жил СУИС-д хөгжимт театрын жүжигчний ангид элсэлт авах болсныг, анги даах багш нь Н.Наранбаатар гэдгийг өвөө надад дуулгаж, бэлдэж эхэлсэн. 

Ингээд шалгуулж, нийт шалгуулсан хүүхдүүдээс долдугаарт жагсаж, элссэн дээ. Оюутан байхдаа мэргэжилдээ улам дурлаж, нэгэнт эзэмшиж л байгаа юм чинь оройд нь хүрнэ, УДЭТ-т орно гэх зорилго өөртөө тавьсан юм. Нэгдүгээр дамжаанаасаа УДЭТ-ын жүжгүүдэд оролцож, олны хэсэгт тоглож эхэлсэн. Өөрийгөө тэр хамт олонд таниулах, тэднээс суралцах гэж тэр шүү дээ. Төгсөөд шалгуулж, тэнцээд, гурав дахь жилдээ ажиллаж байна.

-Театрын жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин өөрөө тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх өөр. Ямар санагдаж байна вэ?

-Төсөөлснөөс хэцүү байснаа нуухгүй ээ. Ажлын ачаалал ихтэй. Өөрийгөө голж, сэтгэлээр унаж, уйлж ч байлаа. Ёстой л шинэхэн жүжигчний шандсыг шалгаж байгаа мэт л. Ахмад, үе тэнгийн жүжигчдээсээ суралцаад, өдөр өдрөөр ахихыг хичээж явна.

-УДЭТ-т ороод удаагүй ч шинээр тавьсан бүх л жүжигт тоглочихов уу даа?

-2016 оноос өмнө тавьсан жүжгүүдэд дүр нөхөж тоглож байгаа. Түүнээс хойших, “Оддын өвчин” жүжгээс бусад уран бүтээлд тоглосон.

-Театрын урын санд багтдаг атал сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз?

-Оюутан байхдаа “Гамлет”-ыг дурлаж уншдаг, энэ жүжгийн монологиор ч шалгалтаа өгч байв. Би эсрэг дүрд дурладаг. Өөрийгөө эвдэж, өөрөөр харуулж болох дүрүүдэд тоглохыг хүсдэг юм.

-УДЭТ-т шалгуулж тэнцсэн залуу жүжигчин бүр ахмад уран бүтээлчид шар хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоодог бичигдээгүй уламжлал бий. Та хэнд хадаг барив. Багш тань зөвлөгөө, сургамж харамгүй өгдөг байх даа?

-Жүжигчин М.Түвшинхүүд хадаг барьсан. Н.Наранбаатар, М.Түвшинхүү багш нараасаа мэргэжлийн уран чадвараас гадна биеэ хэрхэн авч явахыг хүртэл сурч байна.

-Нэгэнт театрын хүн болчихсон юм чинь жүжгийн олон төрлийг сонирхон судалж буй байх. Нэг хүний жүжиг тоглох талаар бодож байв уу?

-Ийм төрлийн уран бүтээлтэй болохыг хүсдэг. Энэ онд зохион байгуулах моно жүжгийн уралдаанд оролцоно гэсэн бодолтой. Залуу уран бүтээлч өөрийгөө янз бүрээр сорьж, улам туршлагажих ёстой гэж боддог. Одоогоор нэг хүний жүжгийн талаар судалж, тохирох зохиолоо хайж байна.

-Сүүлийн жилүүдэд олон залуу уран бүтээлч мэргэжлээ дээшлүүлэхээр хилийн дээс алхлаа. Танд үргэлжлүүлэн сурах, мэргэжлээ хөрвүүлэх бодол бий юү?

-Тийм бодол бий. Гэхдээ эхлээд эндээ биеэ бэлдэж, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах нь зөв байх.

-Дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирж байна уу. Хэчнээн кинонд тоглож амжив?

-Театрын ажлын ачаалал их болохоор киноны санал ирсэн ч тэр бүр тоглож амждаггүй. МҮОНТ-ийн “Сэтгэл мэднэ” хоёр ангит, “Хавар”, олон ангит, “Go” студийн “Шуугиан таригч”, “ТҮЦ-ийн охид” уран сайхны кинонд дүр бүтээсэн. Өнгөрсөн намар найруулагч Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл” кинонд тоглолоо. Хүмүүс ам сайтай байгаад баярладаг.

-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Эзэмшсэн мэргэжил тань танд ямар зөв дадлуудыг суулгасан бэ?

-Хүний дотоод мөн чанарыг олж харахыг хичээдэг болсон. Яг л театрын жүжгийн үг бүр далд утга, дүр бүхэн онцлогтой байдаг шиг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)