Г.БОЛДБААТАР: Найзын минь зорилго биелж, морьд нь сайхан давхивал илүү хүсэх юм алга

Улсын наадмаас айраг, түрүү хүртэнэ гэдэг уяач бүхний мөрөөдөл, хүссэн бүхэн зулайд нь гардаггүй оргил. Тэгвэл өнөө жил төрийн наадмаас орон нутгийн нэгэн уяач нэг бус, бүр гурван айраг хүртсэнийг уншигч та анзаарсан уу. Ийм амжилтыг жирийн нэгэн уяач байтугай Монголдоо алдаршиж, төрд хөдөлмөрөө үнэлүүлж, морь уях авьяасаараа шагшигдсан манлайнууд ч гаргахад бэрх. 

Давтахад бэрх эл амжилтын эзэн бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Нямын Баттөмөр. Энэ жил түүний сартай хонгор азарга аман хүзүүдэн, хүрэн хязаалан нь айргийн гуравт, хар морь нь дөрөвт хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Н.Баттөмөрийн морьдын уяа сойлгыг нутгийнх нь уяач, багийнх нь найз, аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулдаг. Хоёр найз 2015 оноос хамт морь уяж, амжилтын төлөө зүтгэж байгаа юм. Улсын наадамд анхны амжилтаа гаргахдаа гурван айраг хүртэн, монгол түмнээ баярлуулсан Г.Болдбаатартай ярилцлаа.

Түүнтэй энэ сарын 13-нд уулзахад “Хань минь багш мэргэжилтэй, Японд сурдаг. Хоёр хүү өвөө, эмээтэйгээ байдаг. Морьдынхоо уяа сойлгыг тааруулж, наадамд уралдуулаад сүүлийн хэдэн сар гэртээ ирээгүй юм. Өчигдөр иртэл цахилгаан тасалчихаж. Хэдэн сар эзэнгүй байсан болохоор аргагүй биз. Уяач хүний амьдрал нэг иймэрхүү л байдаг даа. Хурдан хүлгийнхээ эрхэд явсаар хувийн амьдрал нэлээд орхигддог гэмтэй. Н.Баттөмөр бид хоёр морьдоо Хүй долоон худагт сойж байгаа. Одоо гялс буцахгүй бол горьгүй нь. Морьдын уяа сойлго хэцүүдлээ” гэсээр ярилцлагаа эхэлсэн юм.

-Уяа эвлэг, морь хурдан сайхан наадав уу, та. Сүүлийн жилүүдэд улсын наадмаас том цолтой, эсвэл Улаанбаатар хот тойрсон уяачдын морьд ихэвчлэн айраг, түрүү хүртэх болсон. Гурван айраг хүртэнэ гэх төсөөлөл танд байв уу?

-Энэ жил морьдоо тод манлай уяач Д.Онон ахын “Түмэн эх” галтай ойр уяж байна. Хавар Төв аймгийн Цээл сумд ногоонд гаргаж, Налайхын Буурлын даваанд уяа сойлгыг нь тааруулсан. Наадмын өмнө Хүй долоон худагт төвхнөлөө. Энэ жил 30-аад морь уясан ч шилж байгаад шүдлэнгээс бусад насанд 10-аадыг нь сойсон. Гурван айраг хүртэн, соёолон үрээгээ 10, хоёр даагаа 20 гаргаж давхиуллаа. Хонгор азарга, хар морь хоёроо лавхан айрагдах болов уу гэж гадарлаж байсан юм. Азаргаа битүү байхад нь өнгөрсөн жил улсын наадамд сойход нэлээд өнгөлж яваад суусан. Дараа нь Булган аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдсэн юм.

Тус наадамд хар морь минь түрүүлсэн. Бүсийн наадмаас түрүү, айраг хүртсэнээсээ хойш морьдынхоо уяа сойлгыг улам чамбайруулж, ямар нэг алдаа гаргахгүйг хичээлээ. Наадмын өглөө Н.Баттөмөр найздаа “Хонгор азарга маань айрагдчих байх. Найз нь уяандаа итгэлтэй байна” гэсэн. Тод манлай уяач О.Батбилэг найзын минь халзан азарга түрүүлж, хүлэг маань аман хүзүүдлээ. Үнэнийг хэлэхэд хүрэн хязаалангаа айрагдана гэж төсөөлөөгүй. Н.Баттөмөр бид хоёр хязаалангийн уралдааныг утсаар үзэн, дурандаж суусан юм. Үрээ маань гараанаас гарснаасаа хойш цээжинд давхисаар гуравт орлоо. Улсын наадмын анхны айргаа хүртэхдээ үнэхээр их баярласан.

Хонгор азарга, хар морь хоёр айрагдахад өмнөхөөсөө харьцангүй тайван байсаан. Бидэнд тод манлай уяач Д.Онон ах, түүний хүү О.Батбилэг найз маань их тусалж, дэмждэг. Тэдэнд их баярладаг. Морь уяхаас гадна эр хүн байхын утга учир, ноён нуруу түвшин явахын ухааныг Д.Онон ахаас үлгэрлэж явна.

-Бүгд Н.Баттөмөр та хоёрын унаган хүлэг үү?

-Хүрэн үрээ унаган хүлэг маань. Эх, эцгийг нь худалдаж авсан.

-Өмнөх жилүүдийн улсын наадамд морьд нь хэр давхив?

-Улсын наадамд 2016 онд морь анх уяхдаа соёолон үрээгээ 11-т давхиулсан. Дараа нь Говь-Алтайд болсон бүсийн наадамд есөд оруулав. 2017 онд улсын наадмын өмнө халзан морь минь их хурдан байсан ч морины комиссынхон хасчихсан. Уяа сойлго нь их сайхан таарсан, айрагдахаар байсан юм шүү, уг нь. Өнгөрсөн жил улсын наадамд гурван морь сойход хонгор азарга 12, хүрэн үрээ 16, хонгор соёолон 20-д давхисан.

-Эцэг мал болоод ч тэр үү азарганы уяаг тааруулах хамгийн хэцүү гэж уяачид ярьдаг. Залуу уяачдад арга, туршлагаасаа хуваалцана уу?

-Азарганы уяаг тааруулах тун шаггүй шүү. Юуны түрүүнд ороог нь эрт гаргах чухал. Гүүнүүдээ эрт бэлдэн, дөрвөн сарын эхээр хураалгах хэрэгтэй. Ороог нь эрт гаргасан хүлэг тамир сайтай байдаг. Хонгор азаргыг өвөл бараг тэжээгээгүй, сайн эдэлсэн. Хавар ногоонд 10-аад хоног гүйлгээд барилаа. Тавдугаар сарын 20 гэхэд манай морьдын уяа жигдэрчихсэн.

-Орон нутгаас төрийн наадмыг зорьж ирэх уяачид жилээс жилд цөөрөөд байна уу гэж анзаарагддаг. Энэ нь “Том уяачдын морь түрүүлэх байлгүй. Эсвэл монгол морьдтой уралдсан эрлийзүүд нь өнгөлөх байх” гэсэн бодол зарим уяачид төрдөг болсонтой холбоотой болов уу.

-Том наадамд морио уралдуулахын тулд тэр хэмжээнд хөдөлмөрлөж, сэтгэх хэрэгтэй. Зунжингаа айраг эргүүлж явчихаад наадмын өмнө морио уяад л уралдуулбал давхихгүй нь ойлгомжтой. Цэвэр монгол хүлэг эрлийз морьтой эн тэнцүү уралдах боломжтой.

-Н.Баттөмөр та хоёр 2015 оноос хойш хамтарч морь уясан юм билээ. Нэг голын хөвөөнд өссөн хоёр найз хүлгийн тоосонд хийморио сэргээх болсон дурсамжаасаа хуваалцана уу.

-Бид хоёр нэг сумд төрсөн, нэг анги төгссөн. Багаасаа нэг голын хөвөөнд тоглож, нөхөрлөж өссөн юм. Хамтарч морь уях болсон маань ийм түүхтэй. Би эхээс наймуулаа. Аав минь эмч хүн байсан, тэтгэвэрт гарсныхаа дараа морь тууштай уясан. Гарынх нь үзүүрт дэм болдог гол хүн нь би байлаа. Аав морио орон нутагтаа л сойно. Хөтөлж очоод уралдуулна. Өвөө минь Балжинням гэдэг хүн байсан юм билээ. Тэмээгээр жин тээдэг, туувар туудаг, хөдөлмөрч хүн байсан гэдэг. Хурдан удмын адуутай. Нэг жил манай сумын наадмын их насанд айрагдсан таван морь манай удмын хүлэг байсан гэнэ лээ. Аавынхаа морь уях эрдэм, ухааныг нь өвлөж, үргэлжлүүлж яваагаараа бахархдаг.

Би аавдаа дэм болж, морь уясаар 22 насандаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Эрдэм номын мөр хөөе гээд л. Мотоцикл ч унаж үзээгүй хүн хотод ирж билээ. Бууцагаанд байхдаа хаашаа ч мориор л явна. Хэдэн зуун км-т орших газарт ч хөтөлгөө морьтой цогиулдаг байлаа. Хоёр, гурав хоногийн дотор ажлаа амжуулчихаад ирнэ. Тийм болохоор техник унах шаардлага надад байгаагүй. Амьдрал ямар санаснаар болох биш. Сурах зорилготой нийслэлд ирсэн ч бие өвдөн, Бээжинд дөрвөн жил гаруй эмчлүүлсэн. Хэдэн адуугаа эмчилгээнийхээ зардал олохын тулд зарчихав. Өвчнөө эдгээн, тэнхрээд Монголдоо ирсний дараа ганц нэг морь цугуулах болсон. Тэгж явахад Н.Баттөмөр надад санал тавьсан юм. Тухайн үед найз минь нэлээд хэдэн жил морь уясан ч айраг, түрүү хүртээгүй байлаа.

Тэгээд л 2015 оноос найзтайгаа хамтарч морь уяж байна. Нэгнийхээ занг андахгүй, их сайн ойлгодог. Бид хоёр морь анх уяхдаа л зорилгоо “Улсын наадмаас айраг, түрүү хүртэнэ, шилдгүүдтэй өрсөлдөнө” гэж тодорхойлсон. Тэгэхийн тулд юу юунаас илүү тийм хэмжээний амжилт гаргах морь хэрэгтэй байлаа. Зорилгодоо хүрэх хоёр сонголт байв. Нэг нь морьдынхоо цусыг сэлбэн, эрлийзжүүлээд илүүрхэх. Нөгөө нь нэгэнт тодорсон, танигдсан хурдан хүлэг худалдаж авах. Гэтэл тэгэх санхүүгийн бололцоо бид хоёрт байгаагүй. Тэгээд ганцхан боломж үлдсэн нь бусдаас илүү, тууштай хөдөлмөрлөх. Зорилгодоо хүрэхийн тулд өмнө нь уяж байгаагүй битүү морьд цуглуулсан. Энэ жил улсын наадамд айрагдсан хар морь, хонгор азарга хоёрыг хүртэл битүү хүлэг байхад нь худалдаж авсан юм.

Манай адуу Дорнод аймгийн Хөлөнбуйрт бий. Нэг жил тэнд адуугаа ногоонд гаргачихаад, зүүн аймгуудаар 3000 гаруй км явав. Сайн морь хайж ганцаараа яваа нь тэр. Хээрээр хонохдоо хоноод морьтой давхисан юм. Тэгж явахад 27 морь миний нүдэнд өртсөн. Тэдгээрээс шилж байгаад хар морио авсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын унага л даа. Тэжээл идэж үзээгүй, шар үстэй морь байж билээ. Авчирсан жилээ Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд дан уяагаар сойход 340 гаруй их насны мориноос тасархай түрүүлсэн. Тэгэхэд их баярлаж, урамшиж билээ.

-Таны бодлоор хурдан хүлгийн хамгийн чухал шинж юу вэ. Морийг минь шинжээд өгөөч гээд хөтлөөд ирвэл хамгийн түрүүнд юуг нь харах вэ?

-Хамгийн чухал нь удам. Ялангуяа эхийнх нь удам чухал. Миний гүүн дээр бух харайсан ч хурдан хүлэг гарна гэдэг чинь оргүй үг биш. Дээхнэ үед бахимхан, бяртай, араас нь зугуухан нэхдэг морь хурдалдаг байсан. Өнөө цагт гараанаас цээжинд давхидаг, хөлийн огцом хурдтай морь хурдлах болсон. Ер нь уянгуут давхидаг морь ховор. Давхих магадлалтай морийг уйгагүй уях чухал юм шиг байна лээ. Дөрвөн жил гар салгалгүй уяж буй хэдэн үрээ надад бий. Сунгаанд уралдуулчихаад л ганц ч наадамд сойгоогүй. Уяа нь сайн таараагүй, зүдэргээтэй байхад нь уралдуулаад яах вэ гээд гамнадаг юм.

-Өнөө цагт морь уяна гэдэг хурдан хүлэгтэйгээс гадна бэлтэй хүний ажил болж. Та хоёр хэрхэн зохицуулдаг вэ?

-Өвлийн улиралд цөөндөө эр, эм нийлсэн 80-аад хүлэг тэжээдэг. Морьдын тэжээл, туслах уяач, унаач хүүхдийн цалингаас авхуулаад санхүүтэй холбоотой бүх асуудлыг найз минь хариуцдаг. Би яах вэ, морио л уяна. Юм юмыг аль болох өөрсдөө болгохыг хичээдэг. Дээхнэ үед улсын наадам болохоос нэг юм уу, хоёр сарын өмнө адуунаасаа барьж аваад уяж болдог байсан. Одоо тэгдэг үе ард хоцорч, бүтэн жилийн хөдөлмөр шаардана. Тэгэхгүй л бол улсын наадамд амжилт гаргахгүй. Би л гэхэд жилд ганцхан сар амардаг.

Бусад үед морьдынхоо уяа сойлгыг тааруулаад түмэн завгүй явдаг. Арванхоёрдугаар сар гаргаад уях морьдоо барьж, тэжээнэ. Тэгж явсаар таван сарын эхээр ногоонд гаргана. Улсын болон энд, тэндхийн наадам, даншиг, ой гэж явсаар найман сар гаргаад морьдоо тавина. Есдүгээр сард хадлан, тэжээл бэлтгэнэ. Дараа сард нь гол хөлдөх үед морьдоо усанд зогсоон, ханаж, хатгана. Тэгж явсаар арваннэгдүгээр сард амрах сөхөө жаахан гардаг.

-Одоогоор улсаас гадна аймаг, бүсийн хэчнээн түрүү, айраг хүртээд байгаа вэ?

-Хоёр жилийн дотор улс, бүсийн наадмаас зургаан айраг, түрүү хүртээд байна. Аймаг, сум болон бусад жижиг наадмын 30 гаруй айраг, түрүүтэй. Би өнгөрсөн жил аймгийн алдарт уяач цол хүртэн, улсын шилдэг уяач болсон.

-Эдгээр айраг, түрүү тань Н.Баттөмөрийн нэр дээр бүртгэлтэй. Хамаг хар бор ажлыг нь хийн, уяа сойлгыг нь тааруулчихаад алдар гавьяа нь өөр хүний нэр дээр бүртгэгдэх ямар байдаг бол?

-Найзын минь зорилго биелж, морьд нь сайхан давхивал илүү хүсэх юм алга. Хүмүүсийн харах өнцөг өөр байх. Зүгээр сууж байгаад түрүү, айраг хүртээд байна гэж Н.Баттөмөрийг андуу бодох учиргүй. Асар их хөрөнгө, мөнгө зарцуулж, 10 гаруй айлын амьдралыг нуруундаа үүрч, зохицуулж яваа найзын минь хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. Улсын цол авах байтугай гавьяатай хүн. Моринд үнэхээр хорхойтой, хайртай.

-Ийм бодолтой байгаад тань олзуурхаж байна. Өнөө цагт хүмүүс алдар, нэр, гавьяа шагналын төлөө улайрах болсон шүү дээ.

-Бид улсын цол хүртье гэж ер шунадаггүй. Хүүхэд, морь хоёр эсэн мэнд уралдан, адууныхаа захад исгэрч явах чинь л эр хүний жаргал шүү дээ.

-Жилийн жилд хурдан морьдыг эрлийз, монгол гэж ялгахад хүндрэл гардаг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт сэрвээний өндрийг нь хэмжиж, үүлдэрлэг байдлыг нь нүдэн баримжаагаар хардаг нь дэндүү болхи арга. Үүнээс болж том биетэй монгол морьтой уяачид эрлийз гэсэн шалтгаанаар хасуулж, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирч байна. Энэ талаар та ямар бодолтой вэ?

-Энэ асуудал жилийн жилд уяачдыг бухимдуулдаг, талцуулдаг. Хамгийн зөв гаргалгаа нь сэрвээнийх нь өндрийг хэмжих. Үүлдэрлэг байдлыг нь харна гэдэг үзэмжийн асуудал. Хэн нэгэн хувийн эрх ашгийн улмаас монгол морийг эрлийз гээд хасвал яах вэ. Цэвэр монгол мориор улсын наадмаас айраг хүртэж болохыг би өөрийн биеэр мэдэрлээ.

-Удахгүй болох “Их хурд” уралдаанд улсын наадамд айрагдсан морьдоо сойх уу?

-Одоохондоо тодорхой шийдээгүй явна. Н.Баттөмөртэй ярилцаж, “Их хурд”-ыг зохион байгуулагчид эрлийз, монгол морийг хэрхэн ялгахыг харзнаж байгаад шийднэ. Үүлдэрлэг байдал харна гэвэл цэвэр монгол морьтой бидэнд эрсдэлтэй. Цус сэлбэсэн морьдыг дийлэхгүй шүү дээ. Түүний оронд Баянхонгорт болох Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн ойд уралдуулсан нь дээр болов уу. Улсын наадамд цээжинд уралдсан морьд их ядардаг. Хэр сэргэхийг нь бас харгалзана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)