Г.Байгальмаа: Хохирсон иргэдийн сэтгэлийг цаг хугацаа л тайвшруулж ирсэн

Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төвийн захирал Т.Баярмаа энэ удаа уншигч-сурвалжлагчаар ажиллав. Тэрбээр “Эрх зүйн соёл” ТББ-ын судлаач, өмгөөллийн “Веритас партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Г.Байгальмаатай ярилцлаа.

Тус ТББ нь хууль бусаар цагдан хоригдоод цагаатгагдсан иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн боломжийн талаар судалгаа хийгээд буй юм.

-Гэм буруугүй нь тогтоогдсон иргэний хохиролтой холбоотой асуудал санаа зовоох түвшинд хүрчихээд байна уу?

-Дээд шүүхээс гаргасан тайлангаас харвал жил ирэх тусам эрүүгийн хэрэгт цагдан хорих нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь мөрдөгч нарт амар. Хэргийг аль болох богино хугацаанд шалгаж дуусгах зорилгоор цагдан хорих сонирхол ихтэй байдагтай холбоотой. Нөгөө талаас цагдан хорих шийдвэрийг прокурорын саналын дагуу шүүгчийн захирамжаар гаргадаг. 

Уг шийдвэрийг гаргахын тулд “цагдан хорионы хурал” гэж хийдэг юм. Прокурор “Ийм хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд нь оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн нотлох баримт байна. Гүйцэтгэх ажиллагааны нууц учраас өмгөөлөгч, хохирогчид мэдэгдэх боломжгүй” гээд, шүүгчтэй хурлын өмнө уулзаад, нотлох баримтаа танилцуулдаг. 

Хохирогчийн өмгөөлөгч нотлох баримттай танилцах боломжгүй учраас шүүгч үндэслэлтэй шийдвэр гаргаасай гэж найдаад л хоцордог. Гүйцэтгэх ажиллагааны нууц гэдэг үндэслэлээр өмгөөлөгчид танилцуулахгүйгээр цагдан хорьж байна. Ийм байдалд хүргэж байгаа хуулийн заалтыг нь эргэж харах ёстой.

Гэтэл цагдан хорих нь нэмэгдэж байгаа ч цагаатгагдаж буй нь маш цөөхөн. Шүүхийн цахим сангаас түүвэрлэхэд анхан шатны шүүхээс 2013 онд 6169 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 12, 2014 онд 6375 хэргээс 72, 2015 онд 6752 хэргээс найм, 2016 онд 5762 хэргээс зургаа, 2017 онд 8836 хэргээс тавыг нь цагаатгаж шийдвэрлэсэн байна. 

Шийдвэрлэсэн хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байхад цагаатгасан нь буурч байгаа биз. Үүнийг нэг талаас шүүх шударга ажиллаж байна гэж харж болно. Гэтэл зарим тохиолдолд тийм биш байхыг үгүйсгэхгүй.

-Хууль бусаар цагдан хоригдсон болон хэрэгт шалгагдсан иргэд ямар байдлаар хохирдог вэ?

-Тийм хүмүүс сэтгэл санаагаараа бус, бүхий л амьдралаараа, ганцаараа бус, гэр бүлээрээ хохирдог. Насан туршдаа гомдол тээж явдаг. Шүүхийн практикаас харахад нэхэмжлэл гаргасан иргэд хохирлоо дараах байдлаар тодорхойлж байна. 

Үүнд цагдан хоригдох хугацаанд аваагүй цалин хөлс, олох байсан орлого, эрүүл мэндийн болон сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн хохирол, өмгөөлөгчийн болон замын зардал багтдаг. Мөн цагдан хоригдох хугацаанд тухайн хүн гэр бүл салах, ажлаас халагдах, сургуулиас хасагдах, нийгэмд эзлэх байр суурь нь унах, нэр төр нь гутах, өвчин тусах, өр зээлд унах гээд олон асуудал дагалддаг. 

Ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх гээд үндсэн эрхүүд нь зөрчигддөг гээд олон талаас нь ярьж болно л доо.

-Цагаатгагдсан иргэн хохирлоо төрөөс нэхэмжилж чаддаг уу?

-Хууль бусаар цагдан хоригдоод, цагаатгагдсан иргэн хохирлоо нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бий. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд хэрэг бүртгэгч прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас цагдан хоригдсоны хохирол барагдуулах, нөхөн төлбөр гаргуулах тухай зохицуулалт оруулснаас гадна Иргэний хуульд “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор шүүгчийн буруутай, эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан. 

Гэхдээ хохирлоо нэхэмжилж, шүүхэд хандаж байгаа нь хангалтгүй. Бид судалгааныхаа хүрээнд 15 иргэнтэй биечлэн уулзахад гурав нь л хохирлоо арилгуулахаар шүүхэд хандах сонирхолтой байсан.

Зочин Г.БАЙГАЛЬМАА
“Эрх зүйн соёл” ТББ-ын судлаач,өмгөөллийн “Веритас партнерс” ХХН-ийн өмгөөлөгч

-Шалтгаан нь юу юм бол?

-Тэр хүмүүс шүүх, цагдаагийн байгууллагатай орооцолдох ямар ч хүсэлгүйгээр үл барам айдас, түгшүүртэй, халширчихсан байдаг юм билээ. Өөрийг нь хууль бусаар цагдан хорьсон, түүний эсрэг ажилласан хуулийн байгууллагад итгэдэггүй. Арай гэж хэрэгсэхгүй болгосон хэргийг нь сэргээгээд, дахин яллачих вий гэсэн айдас байгаа учраас хохирлоо барагдуулах гэж бараг л ханддаггүй.

-Эд хөрөнгийн хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж буй гэдэгт найдаж байна. Тэгвэл нэр төр, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлж, барагдуулж байна вэ?

-Нэр төр, сэтгэл санааны хувьд хохирсон гэж үзэж байгаа бол иргэн түүнийгээ нотлохыг шүүх шаарддаг. Энэ нь хамгийн тулгамдаж буй асуудал. Хилс хэрэгт холбогдоод маш их гомдсон хүн хохирлоо гаргуулах гээд шүүх дээр очиход нь “Та яг яаж хохирсон юм бэ. Тэрийгээ нотол” гэж байгаа нь тавлаж буйгаас өөрцгүй. 

Иргэний хуульд үүнийг “хохирол” гээд тодорхойлчихсон. Тиймээс хохирол арилгуулахын тулд нотлох баримт шаарддаг. Гэтэл сэтгэл санааны хохирлыг яаж нотлох юм бэ. Хэчнээн шөнө уйлж, нойргүй хоносноо тэдэнд яаж батлах юм бэ. Маш цөөн хүн сэтгэлзүйчид ханддаг. Сэтгэлзүйчээс зөвлөгөө авсны төлбөр гэж хэдэн төгрөг гаргуулж л болох юм.

Гэтэл манайд одоогоор хохирсон иргэдийн сэтгэлийг цаг хугацаа л тайвшруулж байна. Мөн хууль бусаар цагдан хоригдсоны эдийн хохирлыг тооцох нэгдсэн аргачлал байхгүй.

-Эдийн хохирлыг тооцох аргачлалд нь хүртэл асуудал байна гэж санасангүй. Энэ талаар тодруулахгүй юү?

-Шүүхийн практикаас харахад эдийн хохирол буюу аваагүй цалин, хөлсийг тооцохдоо гурван янзын аргачлал ашиглаж байгаа юм. Тэдгээр аргачлалын алийг нь ашиглаж байгаагаас хамааран шүүхээс харьцангуй өөр өөр шийдвэр гаргадаг. 

Тухайлбал, шүүхийн шийдвэрүүдээс харахад, хууль бусаар цагдан хоригдсоны нэг хоногийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлж боддог. Хоёрдугаарт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын дундаж хоног буюу 21.5-д хуваан, цагдан хоригдсон хоногоор үржүүлэн тооцох арга бий.

Гуравдугаарт, дундаж цалин, хөлсийг тооцож, цагдан хоригдсон хоногт үржүүлэн гаргадаг. Нэгдсэн аргачлал байхгүй учраас шүүгч аль нэгийг нь ашиглан, өөрийн итгэл үнэмшлээр ашиглан шийдвэрлэж байна. Ингэхэд хохирлын хэмжээ харилцан адилгүй гардаг. Тухайлбал, цагдан хоригдсон этгээдэд торгох ял ногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасаж тооцдог. 

Өөрөөр хэлбэл, нэг өдөр хоригдмооргүй байгаа бол одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгөөр торгуулж болох аргачлалыг баримталдаг. Харин хоёрдугаар аргачлал буюу Дээд шүүхээс зөвлөмж болгосны дагуу тооцоход маш бага мөнгө гардаг. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг нэг сарын ажлын өдөрт хуваагаад өдөрт ногдох мөнгийг нь тооцож байгаа юм.

Энд шударга ёсны тухай яригдана аа даа. Заавал дагах албагүй Дээд шүүхийн зөвлөмжөөр бус, хуулиар зохицуулж, тодорхой, бодитой болгох ёстой.

Уншигч-сурвалжлагч Т.БАЯРМАА
Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төвийн захирал

-Шүүхэд хандсан хүмүүс хохирлоо арилгуулж чадаж байна уу?

-Ер нь бол хохирлыг бүхэлд нь арилгуулж чадахгүй байгаа. Эдийн бус хохирлын тухайд маш цөөн тохиолдолд шүүгч “Энэ хүн яах аргагүй хохирсон юм байна” гэсэн итгэл үнэмшил, хүн чанараараа бага хэмжээний хохирол төлүүлэхээр шийдвэрлэдэг. 

Тухайлбал, хулгайн гэмт хэрэгт яллагдаж, хууль бусаар цагдан хоригдсон нэгэн иргэний сэтгэл санааны болон нэр төр гутаагдсаны хохиролд тус бүр зургаан сая төгрөг нэхэмжилснийг Баянзүрх дүүргийн шүүхээс нэр төр гутаагдсаны хохиролд хоёр, сэтгэл санааныхад нэг сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх жишээтэй. Сэтгэл санааны хохиролд ихэнхдээ нэг сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг юм билээ.

Гэтэл сэтгэл санаагаараа хохирсон гээд 10 сая төгрөг нэхэмжилсэн хүнд нэг сая төгрөгийн шийдвэр гаргаж байгаа нь ямар үндэслэлтэй вэ гээд харахаар хуулийн ямар тодорхой заалт баримталсан нь бас л ойлгомжгүй. Шүүгчийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байх ёстой шүү дээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн нарийн зохицуулалтгүй учраас шүүгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос аргагүйд хүрч байна. Энэ тохиолдолд шүүгчийг буруутгах хэцүү. Хууль нь тодорхой зохицуулалтгүй учраас иргэн хохирлоо гаргуулж чаддаггүй.

-Энэ асуудлыг яаж шийдэх талаар таны санал юу вэ?

-Манайд “эдийн бус хохирол” гэж тодорхойлоод байгаа зүйлийг олон улсад үнэлээд, нөхөн төлбөр маягаар олгодог. Хохирол, нөхөн төлбөр хоёрт утга, агуулгын ялгаа бий. Хохирлыг заавал үнэлж, яаж хохирсныг нь тодорхойлох, нотлох шаардлагатай. Харин нөхөн төлбөр нь таны хохирсныг хүлээн зөвшөөрч, сэтгэл санаа, эд материалын хувьд хуучинд нь оруулж чадахгүй ч тодорхой хэмжээний төлбөр олгох тухай ойлголт юм. 

Японд сэтгэл санаагаараа хохирсон иргэнд олгох нөхөн төлбөрийн дээд, доод хэмжээг нь нэг өдөрт 1000-12 500 иенээр тооцож олгодог. Мэдээж тухайн хүнд яг ямар хохирол учирсан бэ гэдгийг тал талаас нь харж, үнэлдэг. Англид сэтгэл санааны хохирлын үнэлгээ хийдэг мэргэжилтэн байдаг бөгөөд ялын хүнд, хөнгөн, яллах үйл ажиллагаа, мөрдөн байцаалт хэрхэн явагдсан, хохирогч өөр бусад гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг харгалзан хохирлыг тооцдог. 

Энэ талаар бид ч анх дуугарч байгаа юм биш л дээ. Үүнийг биднээс өмнө судалсан хүмүүс бий. Хамгийн гол нь ийм асуудал байгааг олон нийтэд хүргэх, эрх бүхий хүмүүст ойлгуулах ажил дутмаг байна. Үндсэндээ ийм байдалдаа дасчихаж. Тиймээс л өдий болтол шийдэгдсэнгүй. “Таныг цагаатгалаа, холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болголоо” гэхээс илүү багахан ч болов нөхөн төлбөр олгох нь төр буруугаа хүлээж, гомдсон сэтгэлийг нь тайлах сэжим болдог. 

Тодорхой хэлбэл, Иргэний хуульд хохирлыг үнэлдэг, тодорхойлдог, хэмждэг зохицуулалт тусгах ёстой. Аргачлалыг нь л баталчихвал энэ асуудлыг шийдчихнэ. Өөрөөр хэлбэл, иргэд, өмгөөлөгч, шүүгч гээд хэн нь ч ийм хэцүү байдалд орохгүй. Хууль тогтоогчид үүнд санаачилгатай ажиллах ёстой.

-Гэхдээ ийм хууль батлахгүй байх сонирхол байгаа юм биш биз?

-Тийм сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хохирлыг нөхөн төлдөг болчихвол төрд тодорхой хэмжээгээр санхүүгийн дарамт учирч мэдэх юм.

-Шүүх тухайн хүнийг цагаатгалаа гэсэн шийдвэр гаргаад орхих нь хангалтгүй. Тэр хүний хохирсон нэр төрийг сэргээх арга хэмжээ бас авах ёстой гэж бодож байна. Цагаатгагдсан хүмүүсээс албан ёсоор уучлал гуйдаг байх боломж байгаа юу. Энэ нь шүүхийнхэнд амаргүй байх нь ойлгомжтой. Магадгүй цагаатгах шийдвэр гаргахаа болих нөхцөл байдал руу ч түлхэж болох юм. 

Үүгээр угаасаа унаад байгаа шүүх засаглалын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж ч үзэх байх. Олон нийтийн харилцааны мэргэжилтний хувьд энэ нь харин ч шүүхийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа иргэнийхээ нэр хүндэд халдчихаад, эргээд тогтолцооныхоо нэр төрийг хамгаалахын тулд шударга бус байдал гаргаж байгаа нь сөрөг ойлголтыг улам л гүнзгийрүүлдэг.

Мөн ийм байдалд орохгүйн тулд илүү шударга ажиллах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх сайн талтай. Мөн тухайн иргэн нэр төрөө сэргээлгэхдээ тодорхой үнэлгээ хэлдэг ч энэ нь тогтооход төвөгтэй болохоор ихэвчлэн хэрэгсэхгүй болдог юм байна. Тиймээс хэлмэгдсэн хүмүүс насан туршийн гомдолтой үлдэж байгаа гэж Таны ярианаас ойлголоо.

-МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш Д.Баярсайхан сүүлд хэлэлцүүлсэн илтгэлдээ “Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байна” хэмээн онцолсон. Бидний судалгаа үүнд шууд чиглээгүй ч манайд давах болон хяналтын шатанд шийдэгдсэн хэргийн тоо их байгаа нь шүүхийн ачааллыг нэмэгдүүлж буй хэрэг. 

Нөгөө талаас шүүх системээ хамгаалсан шийдвэр хэзээ ч гаргадаггүй гэж хэлж чадахгүй. Нэг иргэнийг хүн амины хэрэгт сэжиглээд, анхан болон давах шатны шүүхээс түүнийг цагаатгасан. Гэтэл Дээд шүүх “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байна. Цагаатгах үндэслэлгүй” гээд анхан шатны шүүхэд уг хэргийг буцаажээ. Дээд шүүх хэрэгт шууд чиглэл өгөөд, ийм ажиллагаа хийгээд ир гэж байгаагаас ялгаагүй.

Энэ нь шүүхийн хараат бус байдалд ч нөлөөлөх талтай. Прокурор яг үүнийх нь дагуу ажиллаж, анхан шатны шүүх эхэнд гаргаснаасаа эсрэг шийдвэр гаргах талтай. Өөрөөр хэлбэл, хэрэг буцааж, өөр тийш хазайлгадаг процедур манайд байгаа учраас аль нэг тал хохирч байгаа. Тэр хүн одоо болтол өөрийгөө гэм буруугүй гэж үздэг.

Тэгсэн атлаа зургаан жилийн ял сонссон, өчнөөн сая төгрөгийн хохирол ногдуулсан. Гадаадын зарим улсад хэргийг буцаах тухай ойлголт байдаггүй. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг ийм хугацаанд хангалттай нотлох үүрэгтэй, тэр хугацаанд нотолж чадаагүй л бол түүнийг гэм буруугүй гэж үздэг.

Харин манайд “Ийм ажиллагаа дутуу байна. Гүйцээгээд ир” гээд явуулаад байдаг. Албан хаагчид ажлаа хийж чадаагүйн төлөө шүүгдэгч маш ихээр хохирдог.

Тэмдэглэсэн Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)