Г.Ариунбуян: Автомашинуудад тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг ЦУЦАЛСАН

УОК-ын даргын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар танилцуулж байна. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: УОК, Засгийн газрын шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаа асуудлаар шат шатанд хяналт шалгалт хийж байгаа. 

"Энх саран" сувилал УОК-ын анхаарлын төвд байдаг. Ковид 19 гарч байх үед тусгаарлах байр сонгохдоо нисэх буудлаас ойр, байгалийн таатай орчинд байдаг зэргийг нь харгалзаж тус сувиллыг сонгосон. Гэвч олон санал шүүмжлэл гарсан. Холбогдох газруудаас хяналт хийж байсан. Арваннэгдүгээр сарын 10-нд УОК-оос тус сувиллыг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. 

Өнөөдөр тус сувилалд байсан 81 хүнийг нийслэл рүү зөөвөрлөж байна. Тусгаарлалтад байсан иргэдийг "Кентавр" зочид буудалд, үйлчилгээнд ажилласан хүмүүсийг "Сүнжин гранд" зочид буудалд байрлуулахаар болоод байна. Тэнд байсан хүмүүсийн тусгаарлалтын 21 хоногийн хугацаа арваннэгдүгээр сарын 14-нд дууссан боловч тус сувиллаас халдвар голомтлон тархсан байж болзошгүй учраас үйл ажиллагааг нь бүрэн зогсооно. 

Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр хүнээс шинжилгээ авахад эерэг гарсан. Шинжилгээний хариуг PCR оношлуураар эцэслэнэ.  

Мөн өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагын автомашинд тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг цуцалсан. Цөөн тоогоор хэвлэсэн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх зүйлс гарсан. Иймд өнөөдрөөс хойш тухайн байгууллагын иргэд ажлын үнэмлэхээрээ зорчино” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)