Г.АМАРХҮҮ: Гол, нуур ширгэж, хатах бүрт шувуудын амьдрах орчин хумигдах аюултай

Нийгмийн болж бүтэхгүй, бараан мэдээллээс ангид, сошиал ертөнцийн “амьтны хүрээлэн” гэмээр хоёр бүлгэм фэйсбүүкт байдаг юм. Нэр нь Монголын шувуу ажиглагчдын клуб, Mongolian bird conservation cen¬ter. Судлаач, мэргэжилтнүүдээс эхлээд жирийн иргэд ч энэ бүлгэмд байх агаад хаана, ямар, шинэ, содон шувуу харснаа бусадтайгаа хуваалцаж, мэдээлэл солилцдог юм билээ. Монгол орны шувуудын талаар “амттай” баримт, мэдээлэл, зураг нийтэлж, сонирхол нэгтнүүдийнхээ хорхойг хүргэдэг идэвхтэй гишүүдийн нэг нь Г.Амархүү. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, нүүдэллэдэг газар нутаг нь хумигдсан хар, цагаан, цэн тогорууг Чух нуурын ойролцоо нэг доор идээшилж байхад нь гэрэл зурагт “аргамжиж” чадсан түүнтэй ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би “Монголын шувуу хамгаалах төв”-д судлаачаар ажилладаг. Сүүлийн 12 жил шувуу судлалаар дагнаж байна.

-Сүүлийн үеийн судалгааны сонин сайхнаасаа хуваалцана уу. “Ковид-19” цар тахал та бүхний ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Шувуу бол хил хязгааргүй амьтан. Хаа холын халуун оронд очиж өвөлжчихөөд, Монголд ирж зусах жишээтэй. Манайх бол үржлийн нэг нутаг нь юм. Тэгэхээр шувуу хамгааллын (ялан -гуяа ховор) асуудал бол зөвхөн нэг улсад хамааралтай зүйл биш. Өөрөөр хэлбэл, олон орны хамтын хүч, хамтарсан судалгаа, арга хэмжээ чухал. Тэр утгаараа шувуу судлал хил хязгааргүй. Бид сүүлийн гурван жил өмнөд хөршийн Бээжингийн их сургууль тэргүүтэй судалгааны байгууллагуудтай хамтран ховор зүйлийн тогорууг судалж байгаа. Коронавирусийн улмаас энэ ажил зогссон. Хятад гэлтгүй гадаадын бусад орны судлаачид ч бидэнтэй хамтран ажилладаг. Өнөө жил нэг нь ч ирээгүй. Манайхан бие даан ажиллаж байна. Гэхдээ байнга харилцаа холбоотой байдаг.

-Шувуу судлаач гэдэг Монголд харьцангуй бага танигдсан, эрэлттэй бус мэргэжил. Та энэ мэргэжлийн юунд нь дурласан бэ?

-Би ХААИС-ийн Экологи, байгаль хамгааллын ангийг төгссөн. Оюутан байхдаа идлэг шонхрын “Хиймэл үүр” төсөлд оролцсон нь энэ чиглэлээр ажиллах эхлэлийг тавьсан юм. Энэ үеэс л шувуу таньдаг, мэддэг болж, түүндээ урамшин, хорхойсож, өдий хүртэл ажиллаж байна.

Ер нь судалгаанд оролцсон оюутнууд л энэ мэргэжлийг сонгох нь түгээмэл. Манай төвийн судалгаанд идэвхтэй оролцдог, ажилладаг оюутнууд бий. Бээжинд магистрт сурдаг, МУБИС-ийн оюутнууд яг одоо ажиллаж байна. Тэд яг л бидний замналаар шувууны судалгаанд идэвхтэй оролцож, тэр ажлаараа бакалавр, магистрын зэргээ хамгаалж, судлаач болох эхлэлээ тавих байх.

Судлаачаас гадна ажиглагч гэж бий. Өөрөөр хэлбэл, “цэвэр” хоббигоороо шувуу сонирхдог, танддаг, гэрэл зургийг нь авдаг хүмүүс. Ажиглагч заавал мэргэжлийн судлаач байх албагүй. Ийм сонирхолтой хүн дэлхий дахинд олширсон. Ялангуяа АНУ, Европын орнуудад өчнөөн. Монголд ч ийм хоббитой хүний тоо эрс нэмэгдсэн. 20-иодхон хоногийн өмнө гэхэд л Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт нэгэн шинэ зүйлийн тогоруу бүртгэгдлээ. Энэ шувууны зургийг Э.Идэрбат хэмээх залуу авсан. Энэ хүн мэргэжлийн биологич, судлаач биш ч шувуу ажиглах, зураг авах хоббитой. Гэх мэтчилэн сонирхлоороо, сайн дураараа шувуу ажиглаж, шинжлэх ухаанд, тэр дундаа тухайн нэг бодгалийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бий.

-Энэ жил судлаачдын хувьд олз омог арвин байх шиг. Шинэ төрөл, зүйлийн жигүүртэн Монголд ирсэн, бүртгэгдсэн талаарх мэдээлэл байсхийгээд л дуулдах боллоо. Байгаль, цаг уур нөлөөлөөд байна уу?

-Хоёр талтай л даа. Нэгдүгээрт, дэлхийн дулаарал шувуудын тархалтад нөлөөлж байж болох. Нөгөөтээгүүр, шувуу сонирхдог, ажигладаг, гэрэл зураг авдаг хүний тоо олширсонтой холбоотой байж ч мэднэ. Энэ жил Монгол оронд шинэ зүйлийн гурван шувуу бүртгэгдсэн. Тодруулбал, barnacle goose, chestnut thrush (монгол нэр оноогоогүй), black-necked crane буюу хар хүзүүт тогоруу манай оронд ирсэн.

-Зөвхөн нэг зүйлийг харах, судлах зорилготой тусгай сонирхлын аялал сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй. Тэгвэл Монголд шувуу ажиглахаар ирсэн хүн хаана очвол, ямар чиглэлээр аялбал тохиромжтой бол?

-Гадаадынхан сонин, содон шувуу харна гэхээсээ илүү тодорхой чиглэл, зорилготой ирдэг. Шувууныхаа зүйл, тоо толгойг чухалчилдаг нэгэн байхад зөвхөн ажиглах, гэрэл зураг авах зорилгоор ирдэг нь ч бий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн зорилготой хүмүүс ирж байна.

Манай оронд бүртгэлтэй 510 гаруй зүйлийн жигүүртнээс гадаадынхны сонирхлыг хамгийн их татдаг нь Зүүн Азийн эндемик (зөвхөн тухайн бүс нутагт л байдаг) шувууд. Монголын эндемик шувуу үгүй ч зонхилох популяц нь манай оронд байдаг зүйлүүд бий.

-Гэр бүлээрээ агаарт гарах ташрамд хүүхдүүддээ шувууд үзүүлье гэвэл хотод ойр, хамгийн боломжтой газар юу вэ?

-Өчнөөн шүү дээ. Сонгино уул байна. Үрэл ургадаг учраас жимсээр хооллодог шувууд тэнд олноороо өвөлждөг. Хавар нүүдлийн үеэр тус бүсийг олон шувуу дайран өнгөрнө. Хотоос 120-иодхон км зайтай Төв аймгийн Гүн галуутайг бас санал болгоно. Нүүдлийн усны шувуу олноор нутагладаг, дайрч өнгөрдөг юм. Санзай, Богд уул, Гачууртад ойн шувууд харах боломжтой. Шувуу сонирхогч, гэрэл зурагчид Сонгино руу л байнга “шогшдог”. Тэнд гоё, ховор өчнөөн шувуу харах магадлалтай учраас тэр л дээ.

-Гурван зүйлийн ховор тогорууг гэрэл зурагт хэрхэн эв найрамдалтайгаар буулгасан талаараа хуваалцаач?

-Манай төв Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нууранд судалгааны кэмптэй. Тэнд эргийн шувууны судалгаа, мониторинг хийдэг.

Өнгөрсөн хавар тэр хавиар нэлээд гандуу байснаа тавдугаар сард бороо хур элбэгшээд, сайхан болсон. Тэр үед хар, цагаан хоёр тогоруу Чух нууранд ирсэн юм. Тэнд цагаан тогоруу ирсэн анхны тохиолдол нь байв. Цагаан тогоруу олон улсад маш ховор зүйл. 3500-4000 орчим тоо толгой үлдсэн гэдэг. Хар тогоруу манай оронд үрждэггүй, зөвхөн залуу шувууд нь зусдаг, эмзэг ангилалд багтдаг юм. Цэн тогоруу бас л ховор, 4500 орчим тоо толгой үлдсэн. Энэ гурван зүйлийн тогорууг нэг доор идээшилж байхад зургийг нь авч амжсан. Миний хувьд ховор аз, завшаан байлаа. Үүний дараа Чух нууранд 12 цагаан тогоруу ирсэн.

-Амьтны, тэр дундаа шувууны зураг авахын онцлог юу вэ. Ямар ур чадвар шаарддаг бол?

-Амьтны зураг авна гэдэг экстрим спортоос ялгаагүй. Амьд бодгаль учраас байнга хөдөлнө. Тэр бүрт нь дагана, ажиглана. Хурд, авхаалж шаардана. Аппаратны “бяд” бас чухал.

-Төчнөөн шувуунд бөгж, дамжуулагч зүүлээ гэсэн мэдээ байнга дуулддаг. Ер нь ингэж бөгжлөхөд хэр хүндрэлтэй вэ. Мөн судалгааны эл арга хэр үр дүнтэй байдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Мөрөөрөө явж байсан амьтныг барьж аваад, биед нь ямар нэг төхөөрөмж зүүнэ гэдэг мэдээж амаргүй. Тухайн амьтныг зовоож байгаагаас ялгаагүй шүү дээ. Хамгийн гол нь ердөө 4000 тоо толгой үлдсэн цагаан тогорууг устахаас сэргийлж, хамгаалахын тулд л ийм арга хэмжээ авна шүү дээ. Аливаа шувууг хамгаалахын тулд тухайн бодгалийн талаар ул суурьтай судалгаатай байх ёстой. Үүний тулд ямар ямар газарт нутагладаг, хаана өвөлждөг, үрждэг, дайран өнгөрдөг цэгүүдийг нь тогтоох ёстой. Ингэж байж тухайн жигүүртний аюулгүй өсөж үржиж, нутагладаг амьдрах орчныг хамгаалж, экосистемийг нь хадгалан үлдэж чадна. Зөвхөн үржлийн газрыг хамгаалаад байтал амардаг газраа өндөр хүчдэлийн шугамд цохиулаад, эсвэл хордоод үхчихвэл яах вэ. Хууль бус ангийн золиос болохыг ч үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэлийг тодорхойлж, хариу арга хэмжээ авахын тулд шувуудыг бөгжилж, дамжуулагч зүүдэг юм.

-Байгаль, цаг уурын өөрчлөлт шувуудын амьдралд хэрхэн нөлөөлж, тэр нь та бүхний судалгаагаар яаж илэрч байгаа бол?

-Бэлчээрийн доройтол Монголд гаарсан. Бэлчээр доройтоогүй газар бараг алга. Тэр болгонд үлийн цагаан оготныг буруушаах хандлага давамгайлдаг. Гэтэл бодит байдалд тэр амьтан талхлагдсан бэлчээрт амьдардаг онцлогтой. Бэлчээр доройтоход хүргэдэг өөр олон хүчин зүйл бий. Цэн тогоруу бол Монголд үрждэг, ховор шувуу. Энэ зүйлийн тогорууны амьдрах орчин нь зэгстэй намаг. Гэтэл зэгс, намаг бүхий орчинд нь малчид жилийн дөрвөн улиралд нутаглаж, мал нь тэр хавийн зэгсийг юу ч үгүй идээд, талхалсан тохиолдол олон. Дээрээс нь уул уурхайн нөлөө бас бий.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байх Баян нуур гэхэд 10 жилийн өмнө ямар сайхан байсан гэж бодно. Битүү зэгстэй. Шувууд олноороо цугладаг. Гэтэл хоёр жилийн өмнө энэ нуур ширгэчихсэн. Одоо ямар ч зэгсгүй. Үүнээс болоод тэнд үүрлэдэг байсан хоёр цэн тогоруу дайжсан. Тарь нуур сүүлийн 15 жил усгүй болсон. Энэ нуурыг тэтгэдэг байсан Улзын гол тасарч, нуурт хүрэхээ байснаас усны шувуудын бас нэг нутаг доройтлоо. Хатсан, хагархай газар болсон. Энэ мэтчилэн олон хүчин зүйлийн хавсарсан нөлөөгөөр цөөнгүй гол, нуур ширгэж, хатаж буй. Тэр болгонд шувуудын амьдрах орчин хязгаарлагдаж байна.

-Загасны дайсан хэмээн жил болгон адлуулж, иргэдийг талцуулж, маргалдуулдаг шувуу бол хар галуу. Мэргэжлийн судлаач хүний хувьд та энэ шувууны талаар юу хэлэх вэ?

-Хар галууны шинжлэх ухааны нэршил нь тураг гогой. Сүүлийн үед хүмүүс энэ зүйлийн шувуу хэт олширсон гэж ярих боллоо. Хэзээнээсээ л элбэг байсан шүү дээ. Аль 1950, 1960-аад оны үед герман, оросын судлаачдын хамтарсан экспедицийнхэн үүнийг тогтоочихсон юм. Одоо энэ шувуу хүмүүсийн анхааралд яагаад өртөөд байна вэ гэхээр мэдээлэл нээлттэй болсонтой, загасчлагч олширсонтой холбоотой. 1950-иад оны үед Буйр нуурт хар хөшиг татсан мэт олон тураг гогой нутагладаг байсан гэдэг.

Гөрөөчин амьтны тоо толгой ангууч амьтныхаас ямагт илүү байдаг гэсэн биологийн хууль бий. Цагаан зээр байгаа газарт түүгээр хооллодог чоно байх нь зүйн хэрэг. Тухайн нутаг цагаан зээргүй бол чоно байхгүй. Үүний нэгэн адил загастай газар тураг гогой байна. Загас байхгүй бол тураг гогой үгүй. Хар галууны баас замагт ургамлын ургалтыг дэмждэг. Харин энэ ургамал нь загас амьдрах, түрс, жараахайгаа хамгаалах таатай орчин нь болдог. Цаашлаад загасны популяц, насжилтад нөлөөлдөг. Энэ чиглэлийн судалгаа хүртэл бий. Экосистем энэ мэтчилэн өөрийгөө зохицуулж, тэнцвэржүүлдэг. Үүнд хүмүүс саад болох хэрэггүй.

-Хүмүүст танил боловч нууцлаг амьдралтай, онцлог зан төрхтэй нэг жигүүртнийг онцлооч.

-Нөмрөг тас төсөөлөлд шууд бууж байна. Нөмрөг тас махчин хэдий ч хэзээ ч амьтан барьдаггүй, ангуучилдаггүй. Үлийн цагаан оготно ч авлаж чадахгүй. Зохилдлогоо нь тийм л дээ. Маш том биетэй, хүчирхэг хошуутай. Сарвуу нь зөвхөн алхахад л зориулагдсан. Амьтан базаж, барьж чадахгүй. Гэтэл манай малчид энэ шувуунд жигтэйхэн дайсагнадаг. Хурга, ишиг шүүрдэг гээд ам муутай. Малчдын зарим нь нөмрөг тасыг буудаж хөнөөх нь ч бий. Яасан бэ гэхээр “Мал шүүрээд байна” гэдэг юм.

Хэдэн мянган км зам туулж ирсэн, хүч тамиргүй болсон хээрийн бүргэд зэрэг махчин шувууд хавар мал төллөх үеэр нялх хурга, ишиг шүүрдэг. Харин нөмрөг тас тэднээс биеэр том учраас олзыг нь зовлонгүй дээрэмдчихдэг. Ингээд үхсэн малын сэг, зэмээр хооллож буй нөмрөг тасыг харсан малчид түүнийг буруутгадаг юм. Эндээс буруу ойлголт бий болж байгаа. Нөмрөг тас бол зөвхөн үхсэн амьтны сэг зэмээр хооллодог, гэм хоргүй шувуу. Экосистемд цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг амьтан. Цэвэр усны индикатор болдог тултай ижил гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)