Г.АКИМ: Үгийн эрэлд хатдаггүй орчуулагч гэж байхгүй

“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай.

Энэ удаагийн зочин бол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким.

-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла.

-1942 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт Тэмээт гэдэг газар төрсөн. 1961 онд Улсын багшийн дээд сургуульд элссэн. 1962 онд Түндэвийн Дулмаатай гэр бүл болсон. 1966 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын анги төгссөн. 1966-1969 онд УБДС-д орос хэлний найруулга зүй, орчуулгын онол, Орос, Зөвлөлтийн утга зохиолын багш, 1969-1990 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн орчуулагч, ахлах редактор, 1990-1991 онд МОНЦАМЭ-гийн сонин, сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, 1991- 1999 онд “Ил товчоо” сонины ерөнхий эрхлэгчээр ажилласан. 2000-2005 онд “Соёл эрдэм” дээд сургуулийн гүйцэтгэх захирал, тэнхимийн эрхлэгч, 2005-2011 онд Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, 2011 онд Хятадын Баруун хойт үндэстний их сургуульд зочин профессороор ажиллалаа. Одоо тэтгэвэртээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Б.Ринчений нэрэмжит шагналтан, Монголын орчуулгын эвлэлийн болон Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналтай. ЮНЕСКО-гийн соёрхолтой, АНУ-ын Сан-Францискод төвтэй Дэлхийн соёл, урлагийн академийн байнгын гишүүн. Уг академийн утга зохиолын доктор, профессор.

-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!

-Чингисийн тухай бичсэн ном, өгүүлэл гэвэл “Чингисийн оюун билгийн соёрхол оршвой” (Монголд анх удаа), “Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал”, “Чингис богдын ертөнцийг үзэх үзлийг өгүүлэхүй” (Монголд анх удаа), “Чингис хааны тэнгэрт хальсан нутгаар” (замын тэмдэглэл), “Монголын нууц товчооны “шар нохой” юу өгүүлнэ вэ” (илтгэл). “Их Монгол Улсын урлаг” (өгүүлэл) “Sunny Mongolia today” сэтгүүл, “Чингисийн замаар”, “Эргэсэн хасын утга буюу Эзэн Чингисийн сүлд”, “Чингисийн билиг” (англи, монгол хэлээр), “Чингисийн замаар” (замын тэмдэглэл) байна. Чингис хааны тухай орчуулсан ном гэвэл Л.Гумилёв, А.Куркчийн “Хар домог”, Жеймс Чемберсийн “Чингис хаан”, Рашид-ад-Диний “Шашдирын чуулган I, II”.

Бичсэн толь бичиг бол Монгол өвөрмөц хэлцийн толь, Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь, Монгол-орос, орос-монгол өвөрмөц хэлцийн толь, Цэцэн билгийн сувд эрих (англи-монгол, монгол-англи зүйр цэцэн үгийн толь), Бурхны шашны монгол-англи, англи-монгол толь.

Бичсэн, орчуулсан ном гэвэл “Туульс хайлдаг уулс”, “Тэнгэрийн нохой”, “Авралын орон Эргүнэ гун үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү”, “Хэлмэгдсэн заяа”, “Егүүтгэгдсэн заяа”, А.Рупений “Хорьдугаар зууны монголчууд”, Э.Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр”, А.Франсын “Ундаассан тэнгэрс” болон бусад.

Гадаад хэлээр гарсан ном өгүүллээс дурдвал, “Эмтрээ нь үгүй эрдэнэ” өгүүлэл (Японд япон хэлээр, Өвөр Монголд монгол бичгээр), “Тэнгэрийн нохой” ном англи, хятад хэлээр, хоёр өөр хүний (Яао Каочин, Бөхөө нарын) орчуулгаар Бээжин, Хөх хотод хэвлэгдсэн. “Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” (англи), “Авралын орон Эргүнэ гун үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү” (англи), “Эргэсэн хасын нууц буюу Эзэн Чингисийн сүлдний учиг” (англи), “Чингисийн билиг” (англи, монгол), “Атилла хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр” (монгол, англи, унгар) ном гадаад хэлээр хэвлэгдсэн. Өвөр Монголд Монгол өвөрмөц хэлцийн толь, “Цаазын тавцан”, “Тэнгэрийн нохой”, “Зуун жилийн ганцаардал”, “Орчуулгын санг уудлахад” зэрэг 20 гаруй ном, өгүүлэл монгол бичгээр гарсан. Ер бичиж, орчуулсан ном нийтдээ 70 гаруй болно.

-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.

-Анатоль Франс гэж Францын зохиолчийн “Ундаассан бурхад” (сүүлд нэрийг нь “Ундаассан тэнгэрс” болгон өөрчилж, дахин хэвлэжээ) ном юм даа. Нобелийн шагналт тэр номыг дэндүү бөх зүрхтэй барьжээ. Г.Амар багш маань л номын сангаасаа тэр номыг над авчирч өгсөн юм. Ном орчуулах гэж хорхойсон, Уран зохиолын номын редакцаар эргэлддэг намайг өрөвдсөнийх байх л даа. Тэгээд өөрөө “проба” гээч буюу сорилго авч, Содномдаржаа дарга дээрээ дагуулж ороод “Чадах юм байна” гэсэн нь сэтгэлд тодхон байна. Чухамхүү намайг уран зохиолын орчуулга руу хөтлөн оруулсан хүн бол Г.Амар багш. Энд үүнийг дурдахад сэтгэл бүлээ оргиж байна аа. Би бөх зүрхтэй гэж хэлсэн дээ. Багш миний орчуулгыг төдий л засаагүй, бараг тэр хэвээр нь явуулсан байсан. “Акимын орчуулгад итгэдэг” гэж багш нэг ярилцлагадаа айлдсан, иймээс л гар хүрээгүй юм болов уу даа. Гэвч 2009 онд байх аа, эргэн үзэж, алдаж эндсэнээ өөрөө шүүгээд, дахин хэвлүүлсэн. Алдсан юм зөндөө. Тэр бүхнийг тоочих аргагүй.

-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Орчуулгын ийм их өвтэй улс манайхаас өөр бий, эсэхийг би мэдэхгүй. Өнөөгийн орчуулгын онол гэдэг нь XX зууны 20-иод оноос л эхтэй юм шүү. Тэгвэл Монголын 40 орчим гүүш 1742 онд “Мэргэд гарахын орон нэрт дагиг оршвой” толь бичгийг зохиохдоо “Барамид”-ын аймагт нь төвөдөөс монгол хэл рүү орчуулах 20 орчим онолын зарчмыг тогтоосон гээд л бодчих. Ялангуяа нангиадаас буюу манжаас орчуулсан уран зохиол ямар тансаг яруу байдгийг хүмүүс мэдэх байх аа. Гэтэл өнөөгийн орчуулга дөрвөлжин мөөртэй үхэр тэргээр яваа юм шиг л найруулгатай байна.

-Ер нь орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?

-Орчуулагч гэж орчуулагчийг л хэлэх байлгүй. Хөрвүүлэгч гэж нэг хэлний аялгуунаас нөгөө аялгуунд нь буулгахыг хэлэх болсон юм уу даа. Дуун хөрвүүлэгч гэж манай дээр үеийн орчуулгын салбарт орчуулагч хүнийг л хэлж байсан бололтой юм. Одоо бол хүндэтгэлийн үг болж дээ. Би бол ердөө л орчуулагч.

-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?

-Над судлах зав байдаггүй ээ. Ер нь өөрийн мэдэх хүний, өөрийн мэдэх юмыг л орчуулна шүү дээ.

-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширсон нь юутай холбоотой вэ?

-Аль аль хэлээ мэддэггүйтэй л холбоотой буй заа.

-Та бусдын эх зохиол, орчуулга хоёрыг тулган үзэж байв уу. Яруу найрагч, дипломатч Дамдины Бямбаа дээр үед надад нэг эмгэнэлт-инээдэмт хууч хөөрч билээ. Тэр нь Энэтхэгийн нэг орчуулагчтай холбоотой. Тэр хүн Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг эх хэлэндээ буулгасан юм санж. Д.Бямбаа найрагч баярлажээ. Тэгээд цээжээрээ мэдэх шүлгээ мөнөөх орчуулгатай тулган үзээд “Их Д.Нацагдоржийг энэ хүн алжээ” гэж дуу алдсан гэнэ. Д.Бямбаа хэд хэдэн гадаад хэл доторлох болсон одтой сэхээтэн, оюунлаг гэгээнтний ёсоор мөнөөх орчуулгыг (үнэндээ бол оршуулгыг) эргүүлэн монгол хэлнээ буулгаваас:

Хойд талдаа Хэнтий, Хангай, Соён гэдэг гурван том уултай

Дундаа Хэрлэн, Онон, Туул гэдэг гурван том голтой

Өмнө талдаа Мэнин, Шарга, Номин гэдэг гурван том далайтай,

Энэ бол Монгол. Би түүндээ хайртай гэсэн гүтгэлэг болжээ.

Яг үүнчлэн монгол уран зохиолыг харь хэлэнд орчуулахад яагаад алдас гарч, сангас асгарч, зулбадас болдог юм бол?

-Ганцхан жишээ дурдъя. Зөвлөлтийн орчуулагч Ломакина гэгч Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг орос руу орчуулахдаа

Уулын жавар орно хэмээн

Унаган туурай нударга тавилаа гэдгийн унаган туурай нударга гэдгийг нь “манжет в виде копыт” гээд тавьчихсаныг л хэлье. Монгол зан заншлын онцлог, уг найраглалын уянга энэ тэр бууж уу?

-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.

-Мартжээ. В.Маяковскийн “Нэг үгийг олоход мянган үгийн хүдэр шүүнэ” гэснийг л хэлчихье. Ер үгийн эрэлд хатдаггүй орчуулагч гэж байхгүй дээ.

-Эрсэн үгээ эс олоод цөхрөхдөө “буудсан” нь оносон удаа бий юү?

-Би хэзээ ч “бууддаггүй”.

-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?

-Утгачилсан орчуулга. Чөлөөтэй хийвэл тэнээд явчихна. Үгчилбэл явцуураад, хүнд ойлгогдохгүй. Уншигчдадаа оньсого таалгаж хэрхэвч болохгүй.

-Зарим хүн чөлөөт орчуулгыг өргөмжлөх дуртай. Герман Гётегийн нэлээд шүлгийг билиг танхай М.Ю.Лермонтов чөлөөтэйхөн орчуулсан нь орос яруу найраг болчихсон гэдэг. Да багш А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг чөлөөтэй орчуулсан нь монгол үлгэр болчихсон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг өөр хэлээр дахин бүтээж буй хэрэг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас аль нь монгол зохиол болсон бэ?

-А.Гриний “Аранзал дарвуулт хөлөг” гэдэг зургаахан хэвлэлийн хуудас тууж. Үүнийг гурван жил орчуулж билээ.

-Орчуулах нь хийсвэрлэх урлаг уу. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу. Сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?

-Орчуулга гэдэг бодит урлаг.

-Орчуулах явцад үгийн байтугай өгүүлбэрийн дэс дараа солих шаардлага гардаг уу?

-Энэ тухай би “Орчуулгын санг уудлахад” гэдэг номдоо тодорхой өгүүлсэн. Хувиргалын зарчим гэж юм бий. Орчуулга гэдэг бол хувиргал, орчуулгын онол гэдэг хувиргалын онол. Яг энэ хувиргалын тухай “Мэргэд гарахын орон”-д “Урд хойт үгийг солиулбаас...” гээд л өгүүлчихсэн байдаг. Чингэхлээр 300 гаруй жилийн өмнө манай орчуулагчид энэ онолыг мэддэг л байж.

-Орчуулгын үйлсэд оноо, алдааны аль нь дийлдэг бол. Орчуулсан зохиолыг тань хэвлэхдээ хуудасны дугаарт солиг гаргах, үг, өгүүлбэрийг буруу бичих алдас гардаг уу. Миний хувьд өөрийнхөө тархи руу биш, хэвлэн нийтэлсэн бархны (хэвлэлийн газар) эзэн өөд хутга шидмээр санагддаг.

Нэг үгийг минь буруу бичсэнээс

Нэг шүдийг минь булга цохисон нь дээр!

Нэг бадгийг минь гээснээс

Нэг нүдийг минь сохолсон дээр гэж нэг дүүд хэлсэн минь хатуу үг биш шүү. Таны бүтээлийг тэр мэт зэмдэглэсэн үү?

-Алдаж болно гэж үзэх юм бол орчуулга хийхийн хэрэг огт байхгүй. Би өөрөө орчуулгаа шууд бичдэг тул тийм алдаа гардаггүй дээ.

-“Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Г.Амар гүүш анхааруулсан. Энэ тухайд таны бодол?

-Үгчилбэл олиг солиг юм болдог ч байна. Гэтэл бас шүлэг болдог нь ч бий. Цаад шүлгээсээ болно. Да багшийн орчуулгын жишээнээс тод харагддаг даа. “Алтан загасны үлгэр”-ийг утгачилсан. “Далбаа”-г үгчилсэн боловч шүлэг болсон.

-Хүүрнэл зохиол доторх шүлгийг өөрөө орчуулдаг уу. Яруу найрагчаар орчуулуулдаг уу?

-Би хүнээр хэзээ ч орчуулуулдаггүй. Өөрөө нэг муу юм дөнгөдөг. Муу байж болно л доо.

-Орчуулгыг өөрийн уншигчдадаа ойлгомжтой буулгахын учир харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу?

-Гаднын сэтгэлгээг тэр хэвээр нь буулгах ёстой байх аа. Монголчилж арай боломгүй. Гаднын сэтгэлгээг монголчууд ойлгохгүй гэдэг нь уншигчдаа дэндүү бассан хэрэг. Хүн төрөлхтөн ер адил сэтгэдэг юм шүү дээ. Тэгдэггүй бол бие биеэ хэзээ ч ойлгохгүй сэн.

-Та бусадтай оюуны хүч хавсран орчуулга хийсэн үү. Жишээ нь, Олдой миний бие 2017 оноос хэл шинжлэлийн эрдэмтэн, (нэр томьёоны мэргэжилтэн) хатагтай Ч.Алтанзагастай хамтарч дэлхийн ёгт үлгэрийн гурван хааны нэг И.А.Крыловын бүх ёгт үлгэрийг орчуулж дуусгасан. Дээр үеийн МУИС дүүргэсэн сэхээтний жишгээр орос хэл гадарлах болсон миний хөрвүүлсэн И.А.Крыловын цөөн ёгт үлгэрийг 1960-аад оны “Залуучуудын үнэн”, “Лениний зам” сонин, “Тоншуул” сэтгүүл хэвлэсэн. Эсэг бусаг хайчилбар нь надад байна. 1964 оны улс төрийн шуурганд уруудсанаар ёгт үлгэр хэвлэгдэхээ больсон. Гэвч тэмээний бэлчээрт чадан ядан, (онон гүтгэн) орчуулсан үлгэр 70 орчим болжээ.

1978 онд БНМАУ-ын Гэгээрлийн яамны хэвлэлийн хэлтэс (дарга нь Ц.Дэмбэрэл, захиалагч нь Ц.Сандаг) надад захиалга өгснөөр И.А.Крыловын “Ёгт үлгэрүүд” ном хэвлэлд шилжсэн билээ. Гэтэл 1979 онд буюу их ёгт үлгэрчийн 210 жилийн ойгоор Улсын хэвлэлийн хорооноос уншигчдадаа хүргэхэд бараг бэлэн болсон номыг “Дээд газар”-аас хорьж, өрсөн тугалган эхийг хайлсан. Энэ юунаас болоо вэ гэвэл, уг номд өмнөтгөл өргөж ихэд магтсан редактор маань “Гайт Галсан Оросын их зохиолчийн нэрээр өөрийн өмхий санаагаа хавчуулан манай сайхан цаг үеийг гутааж, хайрт жолоодогчдыг маань ч маажсан байна” гэж матаас өргөсөн юм билээ, хөөрхий. Тэр цагийн дээдэс тиймэрхүү байсан юм чинь. Тэгээд номын, тэр дундаа Оросын зохиолчийн номын төлөвлөгөө тасалсан хэрэгт унах шахсан Ц.Сандаг (миний багш) сайн, муу хэдэн хуучин орчуулга санд мэнд цуглуулаад “Бурхины арьсны өрөнд зурамны арьс тушаав” гэгчийн үлгэр болсон гэдэг. Орос Крылов, өөлд Галсан хоёр дөрөө нийлэн давхих ерөөлгүй болсон түүх ийм.

Гэтэл урьдын өнгөцхөн танил Ч.Алтанзагас эрдэмтэн, орчуулагч Туркийн суут зохиолч Азиз Несиний алиа шог өгүүллэгийн нэлээд том тайланг над авчрав. Ч.Алтанзагас уйтгар тайлах номоо монхор Галсанд авчирсан нь сонин. Утгын эндүүрэлгүй, үгийн тусгалын андууралгүй сайн орчуулга байв. Харин хошин шогийн хужир давс, хачир ховс нэмэхээ би мэдэлгүй яах вэ. Тэгээд л өчүүхэн завгүй ч хэвлүүхэн авьяастай өөлд өвгөн, орос хэлд ус цас эрдэмтэн хоёр дутуу дутуугаа нөхсөний буянаар орос Крылов монгол үлгэрч болсон. Яг үүнчлэн, эсвэл өөр учир шалтгаанаар өөрөө чадах атлаа өөр бусадтай эрдэм, авьяас, эв хүчээ хавсран бүтээсэн орчуулга бий юү?

-Үгүй, өөрийн юм өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв.

-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?

-Болно. Гэхдээ өмнөхөөс нь сайн байх ёстой. Муудуулсан бол гэмт хэрэг, амьтны шившиг. Э.Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр”-ыг англи хэлнээс орчуулсан. Урьд нь орос хэлээс хийсэн хоёр орчуулга буй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав “Таны орчуулга уянгатай болсон байна билээ” гэж над нэг хэлсэн.

-“Эхлээд (орчлонд Т.Г) үг л байсан. Үг ертөнцийн эзэнд байсан бөгөөд үг өөрөө ертөнцийн эзэн байв. Түүнгүйгээр бүтсэн юм нэгээхэн ч үгүй” гэж “Библи” сударт номлосныг эш татагсад олон. Өөрөөр хэлбэл, үг үржиж ертөнц болдог. Үгийг хүмүүний ертөнц зохиодог жамтай. Аль ч улсад зохих эрдэм шинжилгээний байгууллага байдаг. Түүнийг нэр томьёоны сэц гэдэг дээ. Орчуулгын хэрэгцээ, оночийн шаардлагаас та эх хэлнийхээ үгсийн санд шинэ үг оруулсан уу. Орчуулгын шулуухан хэрэгцээ, оночийн тулган шаардлага зохиолч, дуун хөрвүүлэгчээс шинэ үг нэхдэг. Хэрвээ дээд тэнгэрийн орноо тэргүүлэх гүүшээр эрт дуудагдаагүй сэн бол Ж.Цэвээн, Б.Ринчений хойчийг залгахуйц орчуулагч болох байсан эрдэмтэн, дуун хөрвүүлэгч Ч.Догсүрэн “Фааран” романыг эсперанто хэлнээс мөн ч яруу сайхан орчуулсан даа. Тэнд Ч.Догсүрэнгийн зохиосон шинэ үг зөндөө. Чоно нохойн эрлийзийг чоно+нохой=чонохой гэсэн нь эх хэлээ, хэлнийхээ зүй тогтлыг мэддэг эрдэмтний чансаа л даа. Нэг үгэнд хоёр но зохисгүй. Тэгээд л нэг но нь гээгдэхэд чонохой болчихож байгаа юм. Энэ бол арч+уур=алчуур жишээн дээрх хоёр р-ийн нэг нь нөгөөгөө идээд, алчуур болсон лугаа жам нэг ажгуу. Трапец гэдэг дүрсийг их, дээд сургуулийн багш нар тэр чигээр нь тотьчлоод “Энэ бол шинжлэх ухааны, өөрөөр нэрлэх боломжгүй нэр томьёо” гэж ихэмсэглэдэг. Гэтэл Ч.Догсүрэн гүүш “цац суварга” гэсэнд тэр дөрвөлжин оройтой суварга нүдэнд харагдаад байгаа юм даа. Тэр мэтээр таны зохион дэлгэрүүлсэн шинэ үг бий юү?

-Ч.Догсүрэн багшийн “Чонохой” номыг молхи би ариутгасан ухаантай. Ариутгах гэж дээ. Ямар үгийг билээ дээ “сэг зэм” болгосон санагдана. Өөр гар хүрэх юм даанч байгаагүй. Үгээ чингэж нягт сонгодог, өгүүлбэрээ Ри багшийн хэлснээр “бүдүүн өвс багтахааргүй” найруулдаг хүн байсан даа. Молхи би тэр их хүмүүний чигчий хуруунд ч үл хүрэхийн учир ямар шинэ үг зохиох вэ.

-Та орчуулж буй зохиолоосоо зарим өгүүлбэр, тэр ч байтугай зарим хэсгийг гээсэн удаа бий юү. Гээсэн бол яагаад?

-Гээсэн бол анзааргагүй, анхааргагүйгээс л болсон байх. Санаатай орхино гэж юу байх вэ. Тийм хилэнцээс хол байя даа.

-Зарим өгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийдэг үү. Яагаад?

-Тайлбар зүүлт хийдэг ээ. Уншигчдынхаа оюуны хирцийг уудам болгох гэж.

-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?

-Хэр зэрэг орчуулснаас л болно доо.

-Харийн сонгодог бүтээл орчуулагдсаны буянаар өөр үндэстний утга зохиолын хөгжилд нөлөөлдөг явдал бий. Ч.Чимэд, Б.Энхбиш хоёр “Евгений Онегин”-ыг орчуулсны дараа Р.Чойномын “Хүн” роман гарсан. Б.Ринчен Галийдасын “Үүлэн зардас” найраглалыг гайхамшигтай яруу сайхан орчуулсан нь манай шүлэгчдэд жинхэнэ уран найрагч болоход нөлөөлсөн дөө. Таны орчуулгын нөлөө юу вэ?

-Ээ, буруу хойшоо, молхи миний нөлөө гэж юу л байгаа аж.

-Дээд мэргэжилтэн үнэмлэхтэй атлаа дунд ангийн, дунд сурлагатны ч мэдлэггүй, тэгсэн атлаа дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг орчуулах биш, оршуулдаг нөхдийг эрдэмтэн, орчуулагч Б.Ринчен “сэглэгсэд”, “орчуулагчинцарууд” гэх мэтээр дуудах төдийгүй нэр заан шүүмжилж, алдааг нь илчилдэг, дахин цаас цоохорлохоо больтол нь, эсвэл хэрсүү суутал нь хэлж өгдөг байв. Ганц жишээ дурдахад, Б.Энэбиш орчуулж, Г.Жамсранжав нягтлан зассан гэх Э.Войничийн “Соно” гэдэг гайхамшигт романы орчуулгыг үзээд “Чадал, амт шимт, халуун амь нь эрлэгт оджээ” гэж бичсэн. Энэ нь Ф.Энгельсийн үгийг эшилсэн оночит дүгнэлт байлаа. Хазгай, назгай орчуулгыг ийнхүү хайр найргүй ташуурдахын зэрэгцээ авьяас билигтэй залуу орчуулагчдад аятай магтаалаа ч харамладаггүй байв. Б.Ринчен “Залуу орчуулагч нараас Ч.Чимэд, Ц.Хасбаатар хоёр цаашдаа монгол бичгийнхээ хэлний баялгийг шаргуу эзэмшвээс орчуулгын хуримд

Дээгүүр сууж

Дээж амссан

Хөл махтай

Хөхүүр айрагтай болох хүмүүс дээ хэмээн магтаж билээ. Б.Ринчен шиг, дор хаяж А.Шархүү, Р.Гүрбазар, Д.Дашдаваа шиг орчуулгын алдаа оноог хэлдэг, залдаг, бурууг нь булдаг, түлдэг судлаач, шүүмжлэгчтэй болохын тулд төр юу хийх ёстой вэ?

-Ри багш шиг онолч, орчуулагч дахин төрөх нь юу л бол. Манай А.Шархүү Аристотелийн “Туурвил зүй”-г гайхалтай орчуулсан. Бас орчуулгын онолч шүү. Харин Р.Гүрбазар маань, би мэднэ дээ. Д.Дашдаваа ч тэр. Хөөрхийс дөө.

-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?

-Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал” романы минь орчуулгыг Баабар маань л нэг үнэлсэн. “Аким гуайн орчуулгаар уг номыг ойлгосон” гэж. Бас Ри багшийнхаа шагналыг хүртсэн, бурхан минь. Орчуулгын талаар сонин сайхан ном бүтээхээр чөмгөө дундалж яваа бөгөөд тэмээ бололгүй өтөлсөөр байгаа өөлд өвгөнд талархсанаа өгүүлье. Буяны цагаан үйлс нь арвидан, бүтээл нь мөнх цагийн хөсөгт дайгдах болтугай.