Гүүр нурсны улмаас 500 гаруй иргэн усанд боогджээ

Увс аймагт энэ сарын 13-ны 21.00 цагт орж эхэлсэн аадар 14,15-нд үргэлжлэн, үер буужээ. Үүний улмаас тус аймагт гурван гүүр нурж, Улаангом сумд цахилгаан тасран, VII, IX, XII багийн айлууд усанд автсан байна. Түргэн гол үерлэж, Шургадагийн сайрын 54 метр бетон гүүр, Бага түргэний 186 метр төмөр бетон гүүрийн тулгуурын бэхэлгээ эвдэрч, дамжих хавтан нь нурсан тул Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаасан юм. Түүнчлэн Сагил сумд уржигдар зургаан метр урт, төмөр бетон гүүр нурсан байна. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Улаангомоос хойд чиглэлд зорчих гурван гүүр нурж, авто зам сэтэрч, Алтай Таван богдод аялж явсан 500 гаруй иргэн Сагил, Түргэн сумд усанд боогдсон. ОХУ аас ирэх шатахуун, хүнсний барааг нэвтрүүлэх боломжгүй болсон тул хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоолоо. Энэ сарын 17-20-нд аадар бороо дахин орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлсэн учир өнөө, маргаашдаа гарам яаралтай гаргаж, усанд боогдсон иргэд, жирэмсэн болон хүнд өвчтэй хүмүүсийг татан авахаар ажиллаж байна” гэв. Мөн Баян-Өлгий аймгаас 82 км-т орших Буратын гүүр нурсан тул зорчих хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлажээ.

Ташрамд дурдахад, энэ сарын 19 хүртэл ихэнх нутгаар аадар бороо орох тул үер, усны аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав. Тодруулбал, өнөөдөр баруун болон говийн аймгийн зарим, төв болон зүүн аймгийн ихэнх, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)